2024/05/14

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монголбанк ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгохоор шийдвэрлэлээ.

  2. Чухал ашигт малтмалын зах зээлийг Австралийн Сангийн сайд "зууны боломж" гэж тодорхойлов.

  3. BHP Group-ийн нэгдэн нийлэх ээлжит саналд Anglo American компани татгалзсан хариу өглөө.

Эртэдсэн үү, эсвэл…

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэхээр шийдвэрлэв.

Жил гаруйн хугацаанд бодлогын хүүгээ 13 хувьд хадгалсны эцэст өнгөрсөн III сард анх удаа бууруулаад байсан Төв банк ийнхүү ирэх VI сард болох ээлжит хурлаа хүлээлгүйгээр уг шийдвэрийг гаргахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг Мөнгөний бодлогын хорооноос тайлбарлав.

  • IV сарын статистикаар улсын инфляц 6.4 хувьтай гарч, сүүлийн гурван жилийн доод түвшиндээ очиж саараад байна. Богино хугацааны төлөвийг харвал инфляц тогтворжихоор харагдаж байна.

  • Эдийн засгийн өсөлт хэдий өндөр хувьтай гарсан ч уул уурхайн бус салбарын өсөлт, бизнесийн зээл хангалттай бус байна. Тиймээс эдийн засгийг идэвхжүүлж, дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих шаардлагатай.

 

Уг шийдвэр нь инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нь нийцэж буйг Төв банк мэдэгдэлдээ мөн онцолжээ.

Холбооны нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ хэзээнээс бууруулах нь тодорхойгүй, бүр бууруулах эсэх нь ч эргэлзээтэй болоод байгаа тул Монгол Улсын Төв банк бусад хөгжиж буй орнуудын жишгээр тус банкны шийдвэрийг харзнаж, хүүгээ бууруулахад төдийлөн яарахгүй гэсэн таамаг оны эхэнд байлаа.

Хэдий бодлогын хүүгийн зөрүүтэй байдлаас төгрөгийн ханшид үзүүлэх дарамт бий ч экспортын өсөлт импортын өсөлтөөс давсан, ГВАН 6-7 сарын хэрэгцээг хангахуйц хэвээр буюу богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад хангалттай нөөцтэй гэж үзсэн тул энэ шийдвэрийг гаргасныг Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр бидэнтэй ярилцахдаа онцолсон юм.

ХАА-н салбарын агшилтын нөлөө

Түүнчлэн Монголбанк эдийн засгийн өсөлтийн богино хугацааны төсөөллөө шинэчилж, өмнөх төсөөлөл 3.8 хувиас 3.6 хувь болгон яльгүй бууруулжээ. 2023 оны 6 хувийн өсөлт ийнхүү огцом саарахад хөдөө аж ахуйн салбар бараг дангаараа нөлөөлөхөөр байгаа аж. Тодруулбал энэ оны зуднаар малын хорогдол өндөр түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад үргэлжлүүлэн нөлөөлнө гэж үзжээ.

Тэгвэл Дэлхийн банк сүүлийн тайландаа Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлт 4.8 хувь, Азийн Хөгжлийн Банк 4.1 хувь, ОУВС бүр огцом ахиулж 6.5 хувьд хүрнэ гэж тус тус төсөөлөл гаргаад буй. Олон улсын байгууллагуудын төсөөлөл ийнхүү Монголбанкныхаас зөрж байгаа нь хөдөө аж ахуйн салбарт үүссэн нөхцөл байдлыг төсөөлөлдөө хараахан тусгаагүй байгаатай холбоотой байж магадгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлав.

Эрэлт талаасаа харвал манай эдийн засаг тун энгийн. Уул уурхай, түүнийг дагасан тээвэр сэргэхэд үйлчилгээний салбар нь дагаад сэргэчихдэг. Гэхдээ уналт, өсөлтийн мөчлөг нь их богино хугацаанд үргэлжилдэг. Учир нь эдийн засгийн бүтэц нь эмзэг. Бид зөвхөн эрэлт талын төсвийн болон мөнгөний бодлоготойгоо зууралдаад байдаг. Эдийн засаг өөрөө эрүүл, чадавхтай, "шок" шингээдэг, инновацлаг байж мөнгөний бодлого ном журмаараа ажиллах учиртай. Хөдөлмөрийн зах зээл, эрчим хүчний үнэ чөлөөлөлт, ТӨҮГ-уудын шинэчлэлт, төрийн санхүүгийн менежмент зэрэгт зөв хөрөнгө оруулалт хийж байж эдийн засаг, хувийн хэвшил үр ашигтай ажилладаг.

Үүнээс гадна цалин тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг эргэн нэмэгдүүлэх эрсдэлтэй ч нөлөө нь хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулснаа Монголбанк мөн мэдэгдэлдээ дурдсан байна.

Дашрамд дурдахад, ОУВС өнгөрсөн IV сард гаргасан тайландаа сонгууль угтсан цалингийн өсөлт, мөнгө тараалт нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны сүүлээр өсөхөд нөлөөлөх ч нөгөө талдаа гадаад валютын орох урсгал өндөр, импортын бараа бүтээгдэхүүний эзлэх жин буурч буй тул ирэх онд зорилтот түвшиндээ эргэн орно гэсэн төсөөлөл гаргаж байсан юм.

Биржийн арилжааны рекорд

МХБ-ээр арилжаалсан нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард шинэ дээд түвшиндээ хүрч, нийт нүүрсний экспортын 62 хувь нь биржээр дамжсаныг БНХАУ-ын зөвлөх үйлчилгээний Fenwei фирм мэдээллээ. Тэр дундаа ган үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрсний экспортын хэмжээ өмнөх сараасаа гурав дахин өсөж, 4.2 сая тонн хүрсэн байна.

Биржийн цахим арилжааны хувьд арилжааны идэвх дөрөвдүгээр сарын дунд үеэс харьцангуй эргэн сэргэснийг SXCoal мэдээлж байв. Харин Монголын коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын дотоодын нүүрстэй харьцуулахад төдийлөн өсөөгүй байгаа аж. Монголын түүхий нүүрсний спот үнэ дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт тогтвортой, тонн тутам нь 1350-1380 юань орчим байсан бол угаасан нүүрсний үнэ тонн тутамдаа 1520-1530 юань хүрчээ.

Зууны боломж

Австрали улсын төсөв чухал ашигт малтмалын салбарт илүү их дэмжлэг үзүүлэхэд чиглэхийг тус улсын Сангийн сайд Жим Чалмерс мэдэгдэж, чухал ашигт малтмалын зах зээлийг "зууны боломж" гэж тодорхойлсон байна.

Тэрбээр "Чухал ашигт малтмал нь дэлхийн болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байгаа ч бид хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл бүрдүүлсэн эсэхээ баталгаажуулах хэрэгтэй” гэж Bloomberg-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ.

iPhone-д ChatGPT

Apple компани хиймэл оюунт функцийг бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэх өргөн хүрээний ажлынхаа нэг хэсэг болгож iPhone гар утсанд OpenAI компанийн технологийг ашигладаг болохоор гэрээ байгуулахад ойртсоныг ойрын эх сурвалж мэдээлжээ.

Одоогоор Apple болон OpenAI компаниуд iPhone-ийн дараагийн үеийн үйлдлийн систем болох iOS 18-д ChatGPT-ийн функцийг ашиглах тухай гэрээний нөхцөлүүдийг эцэслэж байгаа аж. Apple-ийн хувьд ирэх сард iPhone-ийн хиймэл оюуны шинэ функцүүдийг танилцуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн онд тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук ChatGPT-ийг хувийн хэрэгцээндээ ашигладаг ч "засах ёстой олон асуудал байгаа" хэмээн ярьж байв. Мөн хиймэл оюуны шинэ функцүүдийг "ихээхэн бодож төлөвлөсний үндсэн дээр" Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэхээр байгааг хэлж байсан юм.

Онцлох чарт

АНУ болон Европын Холбооны орнууд шинэ үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэлд 81 тэрбум ам.доллар төвлөрүүлэхээр болов. Энэ нь дэлхийн Засгийн газруудын Intel, TSMC зэрэг компаниудад олгохоор төлөвлөсөн 380 тэрбум гаруй ам.долларын дөнгөж эхний шатны санхүүжилт болж байна.

Хятад улс энэ гол салбарт хурдацтай өсөж байгаа нь барууны орнуудын анхаарлын төвд ороод буй. Түүнчлэн чипийн хомсдол нь эдийн засгийн тогтвортой байдал төдийгүй аюулгүй байдалд онц нөлөөтэй болох нь цар тахлын үед тодорхой болсон билээ.

Харин АНУ-ын хувьд чип үйлдвэрлэгчдэд 39 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж, БНХАУ-ын өсөлтийг сөрөхөөс гадна тус салбарт тэргүүлдэг Тайвань, БНСУ-ыг гүйцэхээр зорьж байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

ГЕГ: Ханги боомтод олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төслийн хүрээнд тавдугаар сарын 10-наас эхлэн олон төрөлт чингэлэг тээврийн терминалаар нүүрс экспортолж эхэлжээ. Эхний өдөр 50 тээврийн хэрэгслээр нийт 5.9 мянган тонн нүүрс гаргасан байна. Ханги Эко Логистик компанийн тус төсөл бүрэн хэрэгжсэнээр төмөр зам, автомашин, дүүжин тээвэр зэрэг таван гарцаар экспорт хийх боломж бүрдэх юм.

Хүннү Эйр компани Улаанбаатар-Чиндао-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болсныг Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр онцоллоо. Туршилтын нислэгийг энэ зургаадугаар сараас хийж эхлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Tesla компанийн үйлдвэрийн өргөтгөх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал - Грюнхайде, ХБНГУ

Liesa Johannssen/Bloomberg