- Business newsletter
- Posts
- 2024/05/13
2024/05/13
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Нөлөөтэй, тогтвортой, байр сууриа бат эзэлсэн ам.долларын ноёрхлыг энэ дугаарт тайлбарлалаа.
В.Путин гэнэтийн халаа сэлгээ хийж, батлан хамгаалахын сайдаараа эдийн засагч Андре́й Белоу́совыг томилов.
LVMH олимпын бамбар болон медалиудыг хадгалах хайрцгийг тусгайлан урласан байна.
Долларын ноёрхлын цаана
Нөлөөтэй, тогтвортой, дэлхийн эдийн засагт байр сууриа бат эзэлсэн зэрэг нь долларыг тодорхойлох давуу тал хэдий ч үүнийг дагасан эрсдэл бас бий.
АНУ-ын доллар нь дэлхийн хэмжээний валютад хамгийн дөхөх мөнгөн тэмдэгт юм. Мөн олон улсын гүйлгээнд ашиглагдаж буй байдлаар ямар ч валют доллартой эн зэрэгцэхгүй. АНУ-тай найрсаг, дайсагнасан харилцаатай байхаас үл хамааран дэлхийн улс орнууд долларыг үндсэн гадаад валютаар нөөцөлж байдаг билээ.
ДОЛЛАР НОЁЛЖ БАЙНА. ЯАГААД?
Нөлөөтэй
АНУ-ын нүсэр эдийн засаг нь дэлхийд хэмжээгээрээ 2, 3 болон 4 дүгээрт орох эдийн засгууд болох БНХАУ, Япон, Герман улсуудын эдийн засгийг нийлүүлсэнтэй бараг тэнцүү. Энэ нь ам.долларын давамгайлалд нөлөөлж буй нэг хүчин зүйл юм. Мөн дэлхийд хамгийн том, хөрвөх чадвар хамгийн өндөртэй хөрөнгийн зах зээл нь Америкийн эдийн засгийн бяр тэнхээг нэмэгдүүлж байдаг. Бусад улсын зах зээлийг хол илүүрхдэг энэ зах зээлд дэлхийн хамгийн чинээлэг, хөгжлийн хамгийн өндөр түвшинд гарсан олон компани хамаарч байна.
АНУ-ын бондын зах зээл ч бусдыг араасаа дагуулахгүй бөгөөд тус улсын Засгийн газрын бондын зах зээл л гэхэд $27 их наяд хүрч тэлээд буй. Компаниуд санхүүжилт босгох шаардлагатай болсон үедээ АНУ-ын зах зээлийг сонгож, бонд гаргах, хувьцаагаа борлуулах, зээл авах нь хамгийн түгээмэл.
Тогтвортой
АНУ-ын мөнгөн тэмдэгтүүд “Бурханд бид итгэнэ” гэсэн бичээстэй хэвлэгддэг ч үнэн хэрэгтээ хүмүүсийн долларт итгэх итгэлийн тулгуур багана нь Америкийн институтуудын хүч нөлөө юм. Хууль дээдлэх ёс бэхжиж, эрх мэдлийн хяналт-тэнцлийн зарчмыг хангасан байдаг нь улс төрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглахаас сэргийлдэг бөгөөд сонгууль чөлөөт, шударга зарчмаар явагдсаар ирсэн түүхтэй.
Бусад улсуудын төв банктай харьцуулахад Холбооны нөөцийн банк нь хараат бус байдлаа удаан хугацаанд тогтвортой хадгалж ирсэн. АНУ санхүүгийн хувьд тогтвортой бөгөөд өрөө төлж чадахгүйгээс дефолт зарлаж, гипер инфляцад өртөн эдийн засгаа элгээр нь хэвтүүлж байгаагүй цөөн хэдэн орны нэг юм. Тийм учраас доллар үнэ цэнээ хадгалж, зах зээлийн нөхцөл байдал хяналтаас гарсан нөхцөлд ч хамгийн аюулгүй сонголтуудын нэг болдог байна.
Байр сууриа бат эзэлсэн
Статусаа хадгалах хүчийг доллар чанга атгажээ. Хямрал нүүрлэх, эдийн засгийн давамгайлал нэгээс нөгөөд шилжих, эсвэл зүгээр л он цагийн уртын нөлөөгөөр дэлхийн гадаад валютын нөөцийг голчлон бүрдүүлдэг валют солигдсоор ирсэн юм.
1890-аад оны эхээр АНУ Их Британийг гүйцэж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болоход Британийн стерлингийн хүч бөхөж эхэлсэн. Гэхдээ үүнээс хойш хагас зууны дараа буюу дэлхийн хоёр ч дайн, Британид бүрэн хэмжээний санхүүгийн хямрал болж өнгөрсний дараа л ам.доллар эцэст нь фунт стерлингийг сэнтийнээс нь буулгасан юм.
Харин өнөөдөр гол валют өөрчлөгдөхөд тулгарах саадууд улам өндөр болжээ. Яагаад гэвэл дэлхийн улс орнууд санхүү эдийн засгийн хувьд өөр хоорондоо маш нягт холбогдож, долларт тулгуурлан инженерчлэгдсэн гэхэд болно. Иймд долларыг орлуулахад зөвхөн эдийн засгийн болон бусад их хямралаар тогтохгүй олон улсын санхүүгийн гүйлгээний тогтолцоог үндэс сууриар нь өөрчлөх шаардлага гарч магадгүй юм.
ДОЛЛАР ХҮЧТЭЙ БАЙХ НЬ ХЭНД АШИГТАЙ, ХЭНД АШИГГҮЙ ВЭ?
Энэ нь дэлхийн санхүүгийн тогтолцооны дэг журамд та хаана байрлаж байгаагаас хамаарна.
АНУ-д
АНУ-ын Засгийн газар өндөр хүү төлөхгүйгээр нүсэр хэмжээний зээл авч болох том давуу талтай. Одоогоор тус улсын нийт өр 34 их наяд ам.доллар байгаа нь 27 их наяд ам.доллароор хэмжигдэх ДНБ-ээс нь давах дүн. Мөн ам.долларт итгэх итгэл, эрэлт зэрэг нь АНУ-ын зээлдэгчид орон сууцны, автомашины, компанийн зээлд харьцангуй бага хүү төлөх боломж олгодог. Эдгээр нь эдийн засгийн хүрээнд ч, санхүүгийн хүрээнд ч ам.долларын давамгайллыг улам бэхжүүлж өгдөг. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хаа нэгтээ асуудал нүүрлэлээ гэхэд санхүүгийн сүлжээний гол зангилаа тул ам.доллар АНУ-ын эдийн засгийг хамгаалах нь түгээмэл.
Бусад орнуудад
АНУ-ын гаргасан шийдвэрүүдээс хамаарч дэлхийн улс орнуудын эдийн засгийн хувь тавилан уруудах уу, өөдлөх үү гэдэг нь шийдэгдэж байдаг. Тэдгээр шийдвэрүүд нь ихэвчлэн Америкт бас ашигтай байна.
Жишээлбэл Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэр нь жирийн Америкчуудын төлөх түрээс, хүнсний үнийн хөөргөдлийг тогтоон барих нөлөөтэй. Гэтэл нөгөө талдаа энэ нь ам.долларын бусад валюттай харьцах ханшийг чангаруулна. Иймд аливаа улс мөнгөн тэмдэгтээ долларын эсрэг сулрахаас сэргийлэх гэж байгаа бол бодлогын хүүгээ Холбооны нөөцийн банкныхтай уялдуулж өсгөх хэрэгтэй болно. Эсрэгээрээ тухайн орны эдийн засагт инфляцыг хазаарлах арга хэмжээ авах шаардлагагүй бол яах вэ? Энэ тохиолдолд АНУ-ын бодлогыг дагах дарамтад автан бодлогын хүүгээ өсгөж, улмаар эдийн засгийн өсөлтөө сааруулах магадлалтай.
Нөгөөтээгүүр АНУ-ын бодлогыг сөрж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа сулруулах өөр зам байгаа ч энэ нь инфляцыг хөөргөдөх зэрэг эрсдэлүүдэд хүргэж болно. Мөн тухайн орны Засгийн газар, иргэдийн доллароор илэрхийлэгдсэн өр төлбөрийг дотоодын мөнгөн тэмдэгтээр төлж барагдуулахад илүү өртөгтэй болох эрсдэлтэй юм. Энэ нь олон улс оронд, тэр дундаа хөгжиж буй орнуудад маш том асуудал юм. Хэрэв өр төлбөр хяналтаас гарвал санхүүгийн хямрал ч нүүрлэж болно.
Мөн АНУ долларыг гадаад бодлогын хэрэгсэл болгон ашиглах үе бий. Олон улсын тэргүүлэх мөнгөн тэмдэгтийг гаргагч улс болохынхоо хувьд АНУ нь дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудыг дотооддоо төвлөрүүлж, худалдаа, санхүүгийн үндсэн сүлжээний хяналтыг атгаж байдаг. Ингэснээр доллар нь АНУ-ын хувьд хувь хүн, аж ахуй нэгж, тэр ч байтугай улс орныг дэлхийн санхүүгийн системээс тусгаарлах онцгой зэвсэг болсон байна.
Тухайлбал Хойд Солонгос, Иран, ОХУ зэрэг орнуудад эдийн засгийн хориг арга хэмжээ нэрийн дор ийм төрлийн шийтгэлийг ногдуулж байсан. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараа АНУ болон ЕХ Оросын 7 банкийг төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хассан юм. Түүнчлэн АНУ-аас ОХУ-ын хөрөнгийг царцааж, төв банкных нь долларын арилжаа хийх боломжийг тасалдуулж, тус улсын хамгийн алдартай, чинээлэг иргэдийнх нь олон улсын санхүүгийн системд оролцох эрхийг хаасан юм. Санхүүгийн хориг арга хэмжээний эхний шатны дараа рублийн доллартой харьцах ханш тэр даруй 30 хувиар унасан ч яваандаа рубль тодорхой хэмжээнд сэргэж, Орос улс хэдий дайны үеийн эдийн засагтай ч цалингаа нэмэгдүүлж, хориг арга хэмжээг үл харгалзан эдийн засгийнхаа идэвхийг хадгалж чадсан билээ.
ТЭГВЭЛ ДОЛЛАРЫН НОЁРХОЛД ЭРСДЭЛ УЧИРСАН УУ?
Шуудхан хэлэхэд үгүй. АНУ эдийн засгийн хориг арга хэмжээг дайсагнасан улс орнуудыг шийтгэх хэрэгсэл болгон ашиглах болсон нь долларын ноёрхолд таагүй хандах орнуудын тоог тэлж байна. Харин АНУ улс төрийн хувьд хуваагдмал байгаа нь л долларын нөлөөг цаашид сулруулж болох л юм. Гэхдээ “хэлэхэд амархан ч хийхэд хэцүү”-ийн үлгэрээр долларын нөлөөгүй дэлхийг бий болгох талаар их яригдаж байгаа ч ойрын хугацаанд долларын сэнтийг булаах өрсөлдөгч үнэхээр алга. Гэхдээ нэгэн цагт дэлхийн санхүүгийн тулгуур багана гэж тооцогддог байсан Флоренцын флорин, Голландын гулдер нь өдгөө түүхийн шар хуудаст л үлдсэнийг мартаж болохгүй.
Бараг 90 хувиар суларчээ
Тавдугаар сарын 10-ны байдлаар төгрөг ам.долларын албан ханш 3381 нэгжид мөрдөгдөж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 орчим, оны эхнээс 0.9 хувиар чангарсан үзүүлэлт. Сүүлийн жил хагасын турш ам.долларын эсрэг ийнхүү тогтвортой чангарахад ГВАН нэмэгдэж, урсгал данс олон жилийн эцэст анх удаа ашигтай гарсан нь ихээхэн нөлөөлжээ. Харин урт хугацаандаа төгрөгийн ам.доллартой харьцах ханш 5 жилийн өмнөхөөс 28.1 хувиар, 2014 оны мөн үетэй харьцуулахад 88.12 хувиар суларсан байна.
Хүргэлтийн хүндрэл
Монгол Улс энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, 2 сая гаруй тонн төмрийн хүдэр, мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаас 30 мянган тонныг энэ онд биржээр арилжихаар төлөвлөөд байгаа. Биржээр арилжаалсан бүтээгдэхүүнийг 30 хоногийн дотор худалдан авагч талд хүргэж өгөх гэрээтэй ч тээвэрлэлтийн нөхцөл байдал, гаалийн бичиг баримт бүрдүүлэлт зэргээс шалтгаалан заасан хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлж амжихгүй тохиолдол гарсаар байгаа аж.
Тиймээс биржийн арилжааг улам өргөжүүлэхийн тулд логистикийн асуудлыг шийдэж, бүтээгдэхүүн хадгалах агуулахуудыг хилийн боомтод илүү ойртуулах шаардлагатайг Эрдэнэс Монгол нэгдэл онцолсон байна.
LVMH ба Парисын олимп
Тансаг зах зээлд тэргүүлэгч, Францын LVMH групп Парисын олимпын зохион байгуулалтад хамтран ажиллаж, олимпын бамбар болон медалиудыг хадгалах хайрцгийг тусгайлан урласан байна. Өнгөрсөн долоо хоногт Парисын олимпын бамбар Грекээс уг тусгай хайрцагт тээвэрлэгдэн Францын Марсель хотод хүргэгдсэн байна. Ингэснээр бамбарыг Франц улс даяар буухиалан дамжуулах 11 долоо хоногийн аялал эхэлжээ.
Мөн LVMH-ийн эзэшмдэг Sephora компани буухиа дамжин өнгөрөх 46 цэгт, нэрийн дэлгүүрүүд дээрээ тусгай хөтөлбөр бэлдсэн байна. Энэ үеэр үйлчлүүлэгчид гоо сайхны бүтээгдэхүүнээр зогсохгүй Олимпын наадам үзэх тасалбарыг ч хожих боломжтой аж.
Банкнуудын жаргалын орон
Бондын арилжаа эрчимжиж, андеррайтерын үйлчилгээний орлого нь хоёр дахин нэмэгдсэний нөлөөгөөр Goldman Sachs-ийн Япон дахь салбарын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсөж 251 сая ам.долларт хүрлээ. Мөн орлого нь 14 жилийн дээд цэгтээ хүрч, Япон дахь томоохон хөрөнгө оруулалтын банкнуудыг ашиг, орлогоороо тэргүүлсэн байна.
Японы төв банк мөнгөний бодлогодоо түүхэн өөрчлөлт оруулж, 7 их наяд ам.долларын бондын зах зээлд цочроо өгснөөр арилжаанд оролцогчдод ашиг олох таатай нөхцөл бүрдсэн юм. Тухайлбал Германы Deutsche Bank-ийн Япон дахь салбарын үнэт цаасны бизнесийн орлого нь 43 хувиар, 17.2 тэрбум иенд хүрсэн нь тус банкны сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн Английн Barclays банкны брокерын үйлчилгээ нь мөн түүхэн ашигтай ажиллажээ.
Онцлох чарт
Хятад улс хүчирхэг үйлдвэрүүддээ дэндүү хямд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа тул үүнийгээ зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн гомдол мэдүүлэх улсуудын тоо нэмэгдсээр байна. Сүүлд ЕХ-ны тэргүүн Урсула фон дер Ляйен БНХАУ-ын Ерөнхийлөгчийн Ши Жиньпинтэй айлчлалын үеэр нь уулзахдаа дээрх асуудлыг мөн хөнджээ.
Гэхдээ үүнээс хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын эдийн засгийн төлөвлөлтийн агентлагаас “хэт үйлдвэрлэл”-тэй нь холбоотой бусад орнуудын мэдэгдлийг үгүйсгэж, үйлдвэрлэгчид нь татаас авдагтаа бус харин үр ашигтай ажилладаг тулдаа Хятадын цахилгаан автомашинууд, нарны хавтангууд хямд үнэтэй байгаа хэмээн зөвтгөж байв.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Их Британи “Duty Free” худалдааг зогсоосноос хойш жуулчид Европын Холбооны хотуудыг зорих болжээ
Grand View: Дэлхийн тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын зах зээл ирэх 6 жилд 7.9 хувиар тэлэх төлөвтэй
Услаг жилүүд айсуй: Үерийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар хот 10 онооноос дунджаар 3.2 оноо авчээ
Эцэст нь товчхон
ЗТХЯ: Агаарын тээврээр 2024 оны эхний дөрвөн сард 550.7 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар өссөн дүн болжээ. Харин олон улсын чиглэлд зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар, орон нутгийнх 10.2 хувиар тус тус өссөн байна. Олон улсад Сөүл, Бээжин, Станбулын чиглэлд хамгийн олон хүн зорчсон бол орон нутагт Оюутолгой болон Ховдын чиглэлд зорчих хөдөлгөөн идэвхтэй байжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Хайлуулах зуухнаас урсан гарч буй ган - Запорожье, Украин
Julia Kravchenko/Bloomberg