2024/05/10

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Цаашид давтамж нь улам нэмэгдэх магадлалтай үерийн гамшгийн эрсдэл, хор хохирлыг бууруулахад шаардлагатай арга хэмжээний талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Арбитрын маргааны зардлын улмаас Entrée Resources-ийн I улирлын алдагдал $1.1 сая болж өссөн байна.

  3. Монгол Улсын он гарсаар импортолсон нийт автомашины тоо өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин өсжээ

Бид үерт бэлэн үү?

Монгол Улсад нүүрлэх байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр дахин өссөнийг НҮБ-ын судалгаа харуулж байна. Тэгэхээр өнгөрсөн зун УБ хотод тохиосон үерийн гамшиг ойрын жилүүдэд илүү хүчтэй, хор хохиролтойгоор эргэн ирэх магадлал өндөр гэсэн үг. Муугаар бодоход энэ зун дахин үерлэвэл Монгол Улс одоогийн нөөц бололцоогоо ашиглан эрсдэлийг бууруулж, хариу арга хэмжээ авахад хэр бэлэн байна вэ?

Дээд хохирол $400 сая

2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс учрах хохирлыг боломжит суурь хувилбараар (RCP 4.5) тооцоолж үзвэл бага болон дундаас доогуур орлоготой орнуудын ДНБ-ий алдагдал хөгжингүй орнуудынхаас 3.6 дахин их байх төлөвтэйг S&P Global 2022 оны тайландаа дурдаж байв.

ҮСХ-ны мэдээллээр 2023 онд Монгол улсад аюулт үзэгдэл, ослын улмаас 52.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан нь өмнөх оноос 56.8 хувиар өссөн дүн болжээ.

Тэгвэл Монгол Улсад үер усны гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо жилд дунджаар 92, мөн эдийн засагт учрах хохирол жилд дунджаар 24 сая ам.доллар болохыг Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс (CAREC) 2022 онд манай улсын эрсдэлийг үнэлэхдээ тооцоолжээ. Түүнчлэн 100 жилд нэг тохиох хэмжээний хүчтэй үерийн гамшгаас учрах хохирол ойролцоогоор 400 сая ам.доллар байхаар байна.

Туул голын усны түвшин өнгөрсөн онд 311 см хүрсэн нь 1966 оны үерээс хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болсон билээ. 1960-аад оны үед Улаанбаатар хотын хүн ам 200 мянга орчим байсан бол өдгөө 1.6 саяд хүрээд байгааг дурдах хэрэгтэй.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээллээс харвал өнгөрсөн оны үерийн гамшгийн нөлөөлөлд Улаанбаатар хотын 288.7 мянган иргэн өртсөнөөс 183.8 мянга нь гэр хорооллын оршин суугчид байжээ.

Услаг жилүүд эхэлжээ

Туул голын сав газар, Улаанбаатар хот орчимд “услаг” жилүүд буюу 10-20 жил үргэлжлэх магадлалтай хур тунадас ихтэй мөчлөг эхэлж байгааг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана онцолсон юм. Тиймээс энэ зун өнгөрсөн жилийнх шиг, эсвэл түүнээс ч их хэмжээний үерийн гамшиг тохиолдох магадлалтай гэж судлаачид үзэж байгаа аж.

Энэ өвөл Нидерланд улсаас ирж ажилласан үерийн экспертүүд Улаанбаатар хотын дүүрэг болгонд эрсдэлийн үнэлгээ хийхэд нийт 10 онооноос дунджаар 3.2 оноо авсан буюу өндөр эрсдэлтэй, үерийн хамгаалалтын барилга байгууламжууд хангалтгүй гэж үнэлэгджээ.

Үерийн хамгаалалтын шинэ барилга байгууламжийн төлөвлөлт одоохондоо харагдахгүй байгаа ч одоо байгаа хамгаалалтуудыг засаж сайжруулах, эрсдэлтэй байршлуудад баригдсан обьектуудыг буулгах замаар үерийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтойг Б.Аюурзана мөн өгүүлж байлаа.

Хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажил бол Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлийн үнэлгээ, хохирлын үнэлгээ хийх шаардлагатай. Энэ үнэлгээнд үндэслэж байж аль хэсэгт ямар хөрөнгө оруулалт хийхээ шийдэх хэрэгтэй. Хохирлын үнэлгээгүйгээр хөрөнгө оруулалт хийвэл тэр нь үр ашиггүй хөрөнгө оруулалт болно гэж харж байна.

Мөн бид уур амьсгалын өөрчлөлт гэж яриад байгаа боловч үүнд нийцсэн арга хэмжээг бодлого, эрх зүй болон инженерчлэлийн хувьд огт авч хэрэгжүүлэхгүй байгаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд түшиглэсэн шийдлүүд нэвтрүүлэх, илүү ногоон орчинг бий болгох, шингээх технологиуд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч дасан зохицох хэрэгтэй.

Entrée-ийн алдагдал өсөв

“Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компаниар дамжуулан Оюутолгой төсөлд олборлолтын лиценз эзэмшдэг Entrée Resources компани 2024 оны эхний улиралд 1.1 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээснээ тайлагналаа. Өнгөрсөн оны эхний улирлын 0.9 сая ам.долларын алдагдал нь ийнхүү 20 гаруй хувиар өссөн нь Оюу Толгой ХХК-тай хийж буй яриа хэлэлцээ, арбитрын маргааны зардалтай холбоотой болохыг дурдсан байна.

Мөн тус компанийн одоогийн эн тэргүүний зорилт нь Монгол дахь охин компанийнх нь эзэмшдэг "Шивээ толгой" болон "Жавхлант" уурхайн лицензүүдийг Оюу Толгой ХХК-д шилжүүлж өгөх ажлыг дуусгавар болгох явдал гэдгийг онцолжээ.

Автомашины импорт нэмэгдсээр

Нийслэл хотод нь 720 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй Монгол Улсын он гарсаар импортолсон нийт автомашины тоо өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин өсжээ. 44 мянга гаруй суудлын автомашин импортолсноос 95 хувь орчмыг нь Япон улсаас оруулж ирсэн бол БНХАУ, БНСУ, АНУ-аас оруулж ирсэн автомашины тоо тус бүр 1,000-аас доогуур байна. Түүнчлэн Япон улсаас импортолсон автомашинуудын ердөө 5-6 хувийг шинэ автомашин эзэлж байгааг салбарын компаниуд мэдээлж байв.

Тэгвэл 2023 онд Япон Улсын автомашины экспорт 110.1 тэрбум ам.доллар хүрч, зах зээлдээ тэргүүлснийг TradeImeX мэдээлсэн байна. Мөн өмнөх онтой харьцуулахад суудлын автомашины экспорт нь 20 хувиар өсөж, 5.27 сая хүрчээ.

$10-ын цүнхээр дэлхийг…

Японы жижиглэн худалдааны Uniqlo компани өргөн хэрэглээ болоод буй нэг мөрөвчтэй цүнхнийхээ эрэлтийг өндөр хэвээр хадгалахын тулд шинэ өнгө, материал, захиалгын хатгамал, чимэглэлтэйгээр худалдаанд гаргаж байна.

“Мянганыхны Birkin”, “банш цүнх”, “Мэри Поппинс цүнх” гэх мэт хочтой болоод буй нуман хэлбэртэй, авсаархан цүнх анх 2020 онд худалдаанд гарсан аж. Харин 2022 онд нэгэн эмэгтэйн TikTok бичлэгийн дараа борлуулалт нь цойлж, бүр нийлүүлэлтийн хомсдол үүсжээ.

Олон улсад Uniqlo-ийн энэ цүнхний энгийн загвар 1500 иен буюу одоогийн ханшаар 10 хүрэхгүй ам.доллароор зарагдаж байгаа аж. Харин АНУ-д 19.90 ам.долларын үнэтэй байна.

“Моданд орсон гэх нь миний бодлоор тохиромжтой үг биш. Цүнх маань хэсэг хүчээ аваад алга болчихдог тренд төдий биш, харин хүмүүсийн урт удаан хугацаанд эдлэх зүйл нь болохоор байгаа” хэмээн Uniqlo компанийн Олон улсын худалдаа хариуцсан захирал Каноко Такэнокучи ярьж байлаа.

Онцлох чарт

BHP компанийн Anglo American-д тавьсан санал нь 39 тэрбум ам.долларын үнийн дүнтэй гэж байгаа ч үнэндээ нөхцөл байдал нэлээд төвөгтэй аж. BHP-ийн зүгээс Anglo-г Өмнөд Африкт эзэмшдэг хоёр гол бизнесээ эхлээд тусад нь гаргах нөхцөл тавьсан нь нийт мөнгөн дүнгийн багагүй хэсгийг эзлэх тул BHP-ийн бодит саналын дүн нэлээн доогуур гэж ойлгож болно.

Энэ ажил амжилттай болбол Anglo-ийн хувьцаа эзэмшигчид тэрхүү хоёр бизнесийг салангид байдлаар эзэмшээд зогсохгүй өдгөө 25 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй BHP-ийн хувьцаанаас ч эзэмшиж эхлэх юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

ИНЕГ: Монгол, БНСУ хооронд нислэгийн шинэ чиглэл нээж, Муан-Улаанбаатар-Муан чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн байна. Шинэ чиглэлийн анхны нислэгийг БНСУ-ын Jin Air агаарын тээврийн компани хийсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх юм байна.

СЕХ: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлээд байснаас найман иргэний мөрийн хөтөлбөрийг хуульд нийцээгүй үндэслэлээр буцаасан байна. Иргэд мөрийн хөтөлбөрөө хуулийн шаардлагад нийцүүлээд энэ сарын 14-ний дотор дахин хүргүүлэх боломжтой.

Өнөөдрийн онцлох зураг

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог-Ёлын хоёр жилийн дараа анх удаа хийсэн хэвлэлийн хурлыг зурагтаар үзэж буй хоёр эр - Сөүл, БНСУ

SeongJoon Cho/Bloomberg