- Мөнгөний Урсгал
- Posts
- 2024/05/09
2024/05/09
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Инфляц IV сард 6.4 хувьтай гарч, сүүлийн гурван жилийн доод түвшиндээ очлоо.
Хөрөнгө оруулагчид АНУ-ын ЗГ бонд руу эргэн хошуурч, хүртэх ашиг нь огцом нэмэгдсэний шалтгаан болон цаашдын төлөвийг энэ дугаарт онцоллоо.
Alibaba цахим худалдааны бизнесээ Монголд тэлж, дотоодын компанитай хамтран шинэ платформ нээжээ.

Инфляц цар тахлын үеийн түвшинд
Монгол Улсын инфляц IV сард 6.4 хувьтай гарч, 2021 оны тавдугаар сараас хойших хамгийн бага түвшиндээ хүрчээ. Жилийн өмнө 11.3 хувьтай байсан инфляц ийнхүү цар тахлын үедээ эргэн очиход бензин түлшнээс бусад импортын бараа бүтээгдэхүүний үнэ 34.8 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.8 хувиар буурсан нь тус тус нөлөөлсөн байна.
Нэг минутад $2 сая
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах гэж яарахгүй байгаа энэ үед Уолл Стритэд томоохон өөрчлөлт гарч, хөрөнгө оруулагчид тогтмол орлогын хэрэгслүүд рүү дахин хошуурах болжээ.
Орлого эргэн иржээ
Бараг бүтэн үе солигдох хугацааны дараа анх удаа тогтмол орлогын хэрэгслүүд нэр шигээ “тогтмол”, бас “орлоготой” байж чадаж байна. Энэ нь зарим талаараа ердөө л АНУ-ын бодлогын хүү хоёр жилийн дотор 0 хувиас 5 хувь давж өссөний үр дагавар юм.
Гэхдээ Холбооны нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ бууруулах уу, тийм бол яг хэзээ вэ гэдэгт Уолл Стрит тэр чигтээ анхаарал хандуулж буй энэ үед нэг чухал баримт анзаарагдахгүй өнгөрөх магадлалтай. Бараг 20 жилийн турш хэт зөөлөн мөнгөний бодлогод “барьцаалагдаад” байсан АНУ-ын ЗГ-ын бондууд одоо л эдийн засагт уламжлалт үүргээ гүйцэтгэж эхэлж байна.
Тоонууд ихийг өгүүлнэ. Өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид АНУ-ын ЗГ-ын бондын жилийн хүүгээс 900 тэрбум ам.долларыг халаасалсан нь өмнөх 10 жилийн дунджаас даруй хоёр дахин илүү дүн болжээ. Өдгөө ЗГ-ын бүх бондууд 4 хувь ба түүнээс дээш өгөөжтэй байгаа үед дээрх дүн өсөх нь тодорхой юм. 2020 оны дунд үед ямар ч бонд ийм түвшний өгөөжгүй байлаа.

Хүү өндөр байгаа тул хөрөнгө оруулагчид өгөөжийн аливаа огцом өсөлтөөс илүү сайн хамгаалагдсан гэж болно. Онолын хувьд өгөөжийн түвшин ирэх онд 0.75-аас дээш нэгж хувиар өсөж байж л хөрөнгө оруулагчид ЗГ-ын бондоос алдагдал хүлээж эхлэхээр байна.
Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд ЗГ-ын бондуудын аюулгүйн маржин ерөнхийдөө байхгүй болчхоод байсныг дурдах хэрэгтэй.
“Холбооны нөөцийн банк дахь найзуудын маань тусламжтайгаар тогтмол орлогын хэрэгслүүдийн орлого нь эргэн иржээ. Харин тогтмол орлогын хөрөнгө оруулагчид өндөр өгөөжийн үр шимийг хүртэж байна. Сайхан л зүйл” хэмээн Guggenheim Partners-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Анн Уолш онцолж байв.
Money, Money, Money
Хоёрдугаар сард АНУ-ын Конгрессын Төсвийн хорооноос энэ онд хувь хүмүүст олгогдох хүүгийн төлбөр, ногдол ашгийн нийт дүн 327 тэрбум ам.долларт (2010 оны дунд үеэс хоёр дахин их) хүрч өсөөд зогсохгүй ирэх 10 жилийн хугацаанд жил бүр өссөөр байна гэсэн төсөөлөл гаргажээ. Зөвхөн гуравдугаар сард тус улсын Сангийн яам ЗГ-ын бонд эзэмшигчдэд 89 тэрбум ам.долларын хүүгийн төлбөр олгосон байна. Өөрөөр хэлбэл ойролцоогоор нэг минутад 2 сая ам.доллар төлжээ.

Мэдээж алдагдал хүлээлгэх ёсгүй, хувьцааг бодвол хэлбэлзэл бага, ямагт инфляцаас давсан тогтмол түвшний өгөөж хүртээдэгт АНУ-ын ЗГ-ын бондыг эзэмшихийн утга учир оршдог. Инфляцын гаарсан өсөлтөөс үүдэлтэй ханшийн огцом уналт, түүнтэй тэмцэхээр эрчимтэй өсгөсөн бодлогын хүүгийн нөлөөллөөр ЗГ-ын бонд “аваад барих” хэрэгсэл болж, эрэлт нь дахин нэмэгдсэн гэдэг тайлбарыг нэмж хачирлах шаардлагагүй.
Монголын хөрөнгө оруулагчдад ямар боломж байна?
Дотоод зах зээлд ам.долларын бүтээгдэхүүн байгаа хэдий ч хөрвөх чадваргүй буюу хөрөнгө оруулсан бол тухайн бондын хугацаа дуусахыг хүлээхээс өөр аргагүй байдаг сул талтай. Энэ асуудлыг шийдэхээс гадна ам.долларын хадгаламжаас харьцангуй өндөр өгөөжтэй байх бүтээгдэхүүн нь АНУ-ын ЗГ-ын бондууд юм. Өнгөрсөн онд Монголын хөрөнгө оруулагчдад ЗГ-ын 3, 6, 12 сарын хугацаатай бондуудыг авах боломжийг Ти Ди Би Секьюритис ҮЦК анх удаа олгоод байгаа юм.

Манай компани анх дотоод зах зээлд АНУ-ын Засгийн газрын бондыг харилцагч, хөрөнгө оруулагч нартаа санал болгосноос хойш есөн сар өнгөрч, харилцагчид маань долларын өгөөжийг хүртээд явж байна. Энэ бүтээгдэхүүний хамгийн том давуу тал нь хөрөнгө оруулах хэмжээ заавал их байх албагүй буюу 1,000 доллароор ч худалдан авалт хийх боломжтой байдаг. Мөн хугацааны хувьд нэг сар ч байж болно.
2023 оны сүүлээр энэ онд АНУ-ын Төв банкнаас бодлогын хүүгээ багадаа гурван удаа бууруулна гэсэн таамаглал байсан бол одоогоор энэ онд хүүгээ бууруулах магадлал буураад байна. Энэ байдал тус бондын өгөөжийг өндөр хэвээр байх нөхцөлийг бүрдүүллээ. Дотоод зах зээлд ам.долларын хадгаламжийн хүү 3 хувь байгаа энэ нөхцөлд манай компаниас санал болгож буй АНУ-н ЗГ-ын бондын өгөөж харьцангуй өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд тооцогдоно.
Alibaba Монголд тэлнэ
БНХАУ-д худалдан авагчдын идэвх сул байгаатай холбоотойгоор Alibaba групп цахим худалдааны бизнесээ олон улсад тэлж, худалдан авагчдын шинэ бааз суурь бүрдүүлэхийг зорьж байна Тэгвэл сүүлд тус компанийн бөөний худалдааны нэгж 1688.com Монголын Intelmind компанитай хамтарч шинэ платформ нээж байгаагаа мэдээлжээ. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр нээгдсэн Shoppyhub платформоор дамжуулан хятад үйлдвэрлэгчдийн олон сая нэр төрлийн бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчид, бизнесүүдэд хүрнэ гэдгийг Intelmind компани онцолсон байна.
Хаусны зах зээл
Улаанбаатар хотод I улирлын эцсийн байдлаар хаусны дундаж үнэ м.кв нь 4.9 орчим сая төгрөг байгаа нь өмнөх улирлаас 1.67 хувь, өмнөх оны мөн үеэс 1.41 хувиар өссөн дүн болж байна. Иргэд хэт төвлөрөл, бохирдлоос зайлсхийж, хотын захад амины орон сууцтай болох сонирхол нь нэмэгдсэнтэй зэрэгцэн сүүлийн 10 жилд хаусны нэг м.кв талбайн дундаж үнэ 85.6 хувиар өсжээ.
Тэнхлэг зууч ХХК-ийн мэдээлснээр УБ хотод одоогоор 3,915 айлын 105 хаусын төсөл идэвхтэй захиалга авч байгаа бол 41 төсөл түр зогсжээ. Нийт төслүүдийн 50.2 хувийг Single House, 32.3 хувийг Town House төрлийн орон сууц бүрдүүлж байгаа аж.
Чухал ашигт малтмалд $373 сая
Австрали улс ирэх арван жилийн хугацаанд чухал ашигт малтмалын хайгуул хийж, нөөц тогтооход 566 сая австрали доллар буюу 373 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Тус улс дэвшилтэт технологийн үйлдвэрлэл, ногоон эрчим хүчний шилжилтэд өндөр ач холбогдолтой лити, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлэхээр зорьж буй.
Мөн АНУ ба холбоотон орнууд нарны зайн хураагуур, цахилгаан автомашин, лити-ион цэнэг хураагуурын үйлдвэрлэлд БНХАУ-ын нийлүүлэлтээс хамааралтай байдлаа бууруулахын тулд Австралийн ашигт малтмалын нөөцийг ашиглах өндөр сонирхолтой байгаа нь нөлөөлжээ.
24 хүн тутмын 1 нь саятан
Нью-Йорк хотоос ихээхэн хөрөнгө урсан гарч байгаа гэж яригддаг ч тус хотын оршин суугчид дэлхийн бусад метрополис хотуудынхаас чинээлэг хэвээр байгааг шинэхэн судалгаа харууллаа.
Өдгөө тус хотод 350 мянга гаруй саятан байгаа нь дэлхийн аль ч хотоос өндөр үзүүлэлт юм. Мөн арван жилийн өмнөхтэй харьцуулахад саятнуудынх нь тоо 48 хувиар өссөнийг Henley & Partners компаниас гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтаас харж болохоор байна.

Өөрөөр хэлбэл Нью-Йоркийн 8.26 сая оршин суугчийн 24 хүн тутмын нэг нь 7 оронтой тоогоор хэмжигдэх хөрөнгөтэй байгаа юм.
Жагсаалтын хоёрдугаарт Сан Хосе, Сан Франциско, Пало Алто зэрэг хотуудыг багтаасан Калифорни мужийн Bay Area бичигдсэн бол гуравдугаарт саятнуудынх нь тоо өнгөрсөн арван жилд 5 хувиар буурч одоо 298 мянга болсон Токио хот оржээ.

Онцлох чарт
БНСУ-ын HD Hyundai Marine Solution компани IPO хийж 547 сая ам.долларыг дотоодын хөрөнгийн захаасаа татан төвлөрүүлсэн нь тус улсад 2022 оноос хойших хамгийн их хөрөнгө татсан анхдагч зах зээлийн арилжаа болсон байна. Усан онгоцны засвар, үйлчилгээ үзүүлдэг тус компанийн захиалгын дүн зорилтоо 200 дахин давсан төдийгүй нэгж хувьцааны ханш нь 45 хувиар өсжээ.
АНУ, БНХАУ-ын харилцан хориг арга хэмжээ хурцдаж байгаа нь Өмнөд Солонгосын усан онгоц үйлдвэрлэлийн салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татах шалтгаан болж байна гэж Billionfold-ийн шинжээч дүгнэжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна
“Google” $499-ын гар утсаа шинэчилж, таблетын үнээ хямдруулав
“Apple” хиймэл оюунд суурилсан “iPad Pro”, “iPad Air”-ийн шинэ хувилбараа танилцуулав
“Uniqlo”-ийн 10 ам.долларын үнэтэй цүнх алдартай дизайнерын цүнхнүүдийг эрэлтээрээ давж байна
Эцэст нь товчхон
БХБЯ: ЗГ-ын хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн ипотекийн зээлээр орон сууцны санхүүжилтийг хэрэгжүүлж ирсэн бол энэ удаад Төрийн орон сууцны корпорацын захиалгаар орон сууц барьж, тухайн байрыг зээлэх хэлбэрээр шинэ орон сууцжуулалтын боломжийг оруулж ирж буйг Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэв.
Өнөөдрийн онцлох зураг
Toyota-ийн санхүүгийн тайланг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр компанийн Гүйцэтгэх захирал Кожи Сато бусад захирлуудын хамт

Kiyoshi Ota/Bloomberg
