- Business newsletter
- Posts
- 2024/05/08
2024/05/08
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Монгол Улсын газрын тосны худалдааны гол тоон үзүүлэлтүүд болон ОХУ-ын газрын тосны орлогыг энэ дугаарт онцоллоо.
Goldman Sachs: Зэсийн үнэ оны эцэс гэхэд $12 мянга хүрнэ
Сонгуулиар нам, эвслийг сонгох болон нэр дэвшигчдийг сонгох хуудас хоёр тусдаа байхаар шийдвэрлэжээ.
Газрын тосны асуудлууд
Гадаад худалдааны статистикаас харвал Монгол Улс оны эхний дөрвөн сард $3.4 тэрбумын бараа бүтээгдэхүүн импортолсноос $738.2 саяыг нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн авахад зарцуулжээ. Тодруулбал 299.2 мянган тонн шатахуун авсан нь өмнөх оны мөн үеэс 38.4 хувиар, 533.9 мянган тонн дизель түлш авсан нь 35.1 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсон байна.
Харин тайланд хугацаанд 1.4 сая баррель боловсруулаагүй газрын тосыг 113.3 сая ам.доллароор экспортолсон нь нийт экспортын үнийн дүнгийн 2.3 хувийг бүрдүүлжээ. Манай улсын газрын тосны экспорт сүүлийн жил орчмын хугацаанд харьцангуй нэмэгдэж, өнгөрсөн онд экспортолсон түүхий газрын тосны үнийн дүн импортолсон газрын тосны бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцсэн нь урьд байгаагүй үзүүлэлт байв.
Хэдий тийм боловч газрын тос олборлолт сүүлийн жилүүдэд буурсаар 2023 онд 600 мянга орчим тонн болсон бөгөөд голлох олборлолт хийгдэж буй Тамсаг, Тосон-Уулын ордын нөөц багасаж, жилийн олборлолтын хэмжээ 400 мянган тонн болох төлөвтэйг УИХ-ын чуулганы үеэр хөндөж байлаа.
Тэгвэл Энэтхэгийн ЗГ-ын нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилттэй газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн ДЦС зэрэг багц ажлуудыг Энэтхэгийн компаниуд гүйцэтгэж байгаа бол газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж буй юм.
Хоригт “дасан зохицжээ”
Өнгөрсөн оны намар ОХУ шатахууны экспортоо хориглох гэнэтийн шийдвэр гаргаж, түүнд нь Монгол ч өртсөнөөр дотоодод түлш, шатахууны ноцтой хомсдол үүсэж байв. Ямартаа ч түүнээс хойш ОХУ-тай хийсэн яриа хэлэлцээ, мөн урд хөршөөс худалдан авалтаа нэмэгдүүлсний дүнд шатахууны хангамж тогтворжоод байна.
Оны эхний дөрвөн сард Монгол Улс ОХУ-аас 924.8 сая ам.долларын бараа импортолсноос дийлэнх хувийг нь газрын тосны бүтээгдэхүүн бүрдүүлсэн нь дамжиггүй юм. Тэгвэл В.Путины Украинд эхлүүлсэн дайны санхүүжилтийг таслан зогсоох зорилготой олон улсын хоригоос үл хамааран ОХУ-ын газрын тосноос олсон орлого өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.
Өнгөрсөн сард тус улсын төсөвт газрын тосны татварын орлогоос нэг их наяд гаруй рубль буюу 11.5 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ. Өнгөрсөн оны мөн үед ойролцоогоор 497 тэрбум рубль төвлөрүүлж байсныг ОХУ-ын Сангийн яамны тайлан харуулж байна. Мөн ОХУ-ын газрын тос, байгалийн хийн дөрөвдүгээр сарын нийт орлого өмнөх оны мөн үеэс 90 хувиар өсөж, 1.23 их наяд рубль хүрсэн байна.
Bloomberg-ийн эдийн засагчдын үзсэнээр ОХУ хоригоос үл хамааран ихээхэн орлого олсны цаана дараах шалтгаанууд бий аж.
Дэлхий дахины өндөр эрэлт, хумигдмал нийлүүлэлт, геополитикийн эрсдэлүүд газрын тосны үнийг дэмжсэн хэвээр байна.
ОХУ-ын шинээр бий болгосон экспортын дэд бүтэц нь тээвэрлэгч компаниуд, даатгалын үйлчилгээ үзүүлэгчид, хориг тавиагүй худалдан авагчдыг хангаж байна.
ОХУ экспортлогч компаниудын мөнгөний урсгалд хараа хяналтаа нэмэгдүүлсэн
Дөрөвдүгээр сард ОХУ-ын ЗГ газрын тосны орлогод татвар ногдуулахдаа “Urals” төрлийн газрын тосны баррель тутмын үнийг 70.34 ам.доллароор тооцож ногдуулсан нь төсвийн орлогод ихээхэн дэм болжээ. Ийнхүү ОХУ-ын газрын тосны салбар нь тус улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, батлан хамгаалахын зарцуулалтыг нэмэгдүүлэхэд нь гол нөлөө үзүүлж байна.
Гол тоонууд
Монгол Улсын төлбөрийн тэнцэл гуравдугаар сарын эцсийн байдлаар 373 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 дахин өссөнийг Монголбанк мэдээлэв. Харин валютын ханшид нөлөөтэй урсгал дансны тэнцэл 281.3 сая ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 919.55 сая ам.долларын алдагдалтай гарч, аль аль нь өмнөх оноосоо нэмэгджээ.
Sponsored
Долларын Cashback
Дэлхийн 100 улс руу долларын шилжүүлэг хийгээд 40 хүртэлх ам.долларын буцаан олголт авах боломжтой Худалдаа, хөгжлийн банкны “Долларын Cashback” урамшуулал дуусахад цөөхөн хоног үлджээ.
Яаж авах вэ?: Онлайнаар болон салбар дээр очиж хийсэн шилжүүлэгт хамаарна. Мөн ХХБ-ны харилцагч биш байсан ч өөрт ойрхон салбар дээр очиж шилжүүлгээ хийж болно. Дашрамд дурдахад, тус банк шинэ харилцагчдадаа Britto карт бэлэглэж байгаа аж.
Хэзээ орох вэ?: Буцаан олголт нь шилжүүлэг хийсэн сарын 15 болон 30-ны өдөр орно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу
Хангалттай түвшинд
Монгол Улс оны эхнээс тавдугаар сарын 6 хүртэлх хугацаанд 24.7 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн дүн болж байна. Мөн энэ хугацаанд Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлснийг МХБ мэдээлсэн юм. Энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, хоёр сая гаруй тонн төмрийн хүдэр арилжаалахаар тооцоолж байгаа аж.
Биржийн цахим арилжааны идэвх гуравдугаар сарын эцсээс дөрөвдүгээр сарын эхэн үе хүртэл тааруу байсан ч дөрөвдүгээр сарын дунд үеэс харьцангуй сэргэснийг SXCoal мэдээлсэн. Мөн Монголын коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын дотоодын нүүрстэй харьцуулахад төдийлөн өсөөгүй байгаа аж.
Ноолуурын экспорт
Монгол Улс жилд дунджаар 10 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг ч энэ онд зудын нөхцөл байдлаас шалтгаалан 8,000 орчим тонн ноолуур бэлтгэнэ гэсэн тооцоотой байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Гадаад худалдааны статистикаас харвал оны эхний дөрвөн сард 0.09 мянган тонн угаасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 42.3 хувиар, 2022 оны мөн үеэс бараг хоёр дахин буурсан үзүүлэлт болжээ. Харин үнийн хувьд энэ онд ноолуурын үнэ ялангуяа төвийн аймгуудад өнгөрсөн жилийн дунджаас 5-10 мянган төгрөгөөр өндөр байгаа аж.
Vinfast-ийн өсөлт хэзээ вэ?
Өнгөрсөн онд сүр дуулиантай IPO хийж байсан Вьетнамын авто үйлдвэрлэгч Vinfast компанийн хувьцааны ханш он гарсаар 65 хувиар унаад байна. Вьетнамын хамгийн чинээлэг эрхмийн хөрөнгө оруулалттай тус компани 2024 онд нийлүүлэх цахилгаан автомашины тоогоо гурав дахин нэмж 100 мянгад хүргэхээр зорьж буй ч эхний улиралд төлөвлөгөөнийхөө 10 хувьд нь ч хүрч чадаагүйг санхүүгийн тайлан нь харууллаа. Тодруулбал тус компани нэгдүгээр улиралд ердөө 9,000 ширхэг цахилгаан автомашин нийлүүлжээ.
Vinfast Индонез, Энэтхэгт шинэ үйлдвэрээ барьж, олон улсад үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөндөө хүрэхэд ихээхэн санхүүжилт татах шаардлага үүсэж байна гэж шинжээчид үзэж буй. "Vinfast олон улсад бизнесээ эрчимтэй тэлэхээр зорьж буй энэ үед хэтэрхий амбицлаг зорилтоосоо болж зах зээлийн сорилтуудтай нүүр тулсаар байх төлөвтэй" хэмээн Bloomberg Intelligence-ийн шинжээч Кен Фунг өгүүлжээ.
Оны эцэст $12,000
Нийлүүлэлтийн хэт хумигдмал байдал үргэлжлэх тул зэсийн үнэ энэ оны эцэс гэхэд тонн нь 12 мянган ам.доллар болж өснө гэж Goldman Sachs өмнөх төсөөллөө ахиуллаа. Уг мэдэгдлийн дараа зэсийн үнэ хоёр дахь өдрөө өсөж, тонн нь 10 мянга 65 ам.доллар хүрээд байна. Тус банк энэ онд зэсийн эрэлт нь нийлүүлэлтээсээ 454 мянган тонноор давна гэж тооцоолжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд зэсийн үнийн өсөлтөөс ашиг хүртэхийн тулд нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр тус улсын зэсийн экспорт сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Тус улс цэвэршүүлсэн зэсийн гол импортлогч орон хэвээр байгаа ч ашигтай тохиолдолд бага хэмжээгээр зэс экспортолдог байна.
Онцлох чарт
Тогтмол орлогын хэрэгслүүд үнэхээр л тогтмол байж чадаж байна. АНУ-ын бодлогын хүү хоёрхон жилийн дотор 0 хувиас 5 хувь давж өссөн болохоор гайхах зүйлгүй. Гэхдээ Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах уу, тийм бол хэзээ вэ гэдэгт Уолл Стрит тэр чигтээ анхаарал хандуулж буй энэ үед нэг чухал баримт анзаарагдахгүй өнгөрөх магадлалтай. Бондын хөрөнгө оруулагчид бараг 20 жилийн турш хэт зөөлөн мөнгөний бодлого дор “зовсны” эцэст АНУ-ын ЗГ-ын бондууд одоо л эдийн засагт уламжлалт үүргээ гүйцэтгэж эхэлж байна.
Өнгөрсөн онд бонд эзэмшигчид АНУ-ын ЗГ-ын бондын жилийн хүүгээс 900 тэрбум ам.долларыг халаасалсан нь өмнөх 10 жилийн дунджаас даруй хоёр дахин илүү дүн болжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ши Жиньпин Францын Ерөнхийлөгчид хандан “Шинэ хүйтэн дайн“-аас сэргийлэхэд БНХАУ-д дэмжлэг үзүүлэхийг уриалав
Монголд 3 төсөлтэй "Asian Battery Minerals" компани Австралийн Хөрөнгийн биржид бүртгүүлнэ
Эцэст нь товчхон
СЕХ: Сонгуулиар нам, эвслийг сонгох болон нэр дэвшигчдийг сонгох хуудас хоёр тусдаа байхаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл сонгогчид санал өгөхдөө хоёр саналын хуудас бөглөх аж. Мөн нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав орчим минут байхаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.
ЗТХЯ: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэж эхэлжээ. Тус компани гуравдугаар сард МХБ-ээр 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжсан байна.
Өнөөдрийн онцлох зураг
Баглаа цэцэг хэлбэртэй толгойн гоёл зүүсэн жүжигчин Зендая Met Gala 2024 наадмын үеэр - Нью-Йорк
Angela Weiss/AFP/Getty Images