2024/05/07

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монголд чухал ашигт малтмалын гурван төсөл эзэмшдэг Asian Battery Minerals компанийн төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар энэ дугаарт онцлов.

  2. Робуста сортын кофены үнэ 1979 оноос хойших дээд түвшиндээ хүрч өсөөд байна.

  3. Ши Жиньпин Францын Ерөнхийлөгчид хандан “шинэ хүйтэн дайн“-аас сэргийлэхэд БНХАУ-д дэмжлэг үзүүлэхийг уриалав.

“Ирээдүйн” металлуудын боломж

Чухал ашигт малтмалууд шинэ цагийн газрын тос болж, нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэх болоод төрөлжүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэг ихээр шаардахыг бид саяхан хөндсөн. Тэгвэл Монголд эдийн засгийн томоохон үр ашигтай байх потенциалтай чухал ашигт малтмалын гурван төслийг эзэмшдэг нэгэн компанийн үйл ажиллагааг энэ дугаарт танилцуулахаар бэлтгэлээ.

Австралийн биржид гарна

Монгол Улсад никель, лити, зэс зэрэг чухал ашигт малтмалын хайгуул хийдэг Asian Battery Minerals компани Австралийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир Proactive Investors-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлжээ. Ингэхдээ Их Британид төвтэй Doriemus компанитай урвуу нэгдэл (RTO) хийх байдлаар тус биржид бүртгүүлэх аж. Урвуу нэгдэл гэдэг нь хувийн компани IPO хийлгүйгээр олон нийтэд нээлттэй болох үйл явц бөгөөд нээлттэй компанийн хувьцааг хаалттай компани худалдаж авах замаар хэрэгждэг.

Урвуу

Asian Battery Minerals компанийн хувьд 2023 онд BHP Xplor-ийн хурдасгуур хөтөлбөрт сонгогдож, “Oval” буюу "Ямбат" төслийн хайгуулд шаардлагатай техник, санхүүжилтийн тусламж хүлээн аваад байгаа юм. Компанийн өдгөө 100 хувь эзэмшиж буй төслүүдийг танилцуулбал:

Хөх таг: Дундговь аймгийн нутаг дахь уг графитийн орд нь 12.3 хувийн агууламж бүхий нийт 12.2 сая тонн эрдсийн нөөцтэйг одоогоор тогтоожээ. Компани лицензийн талбайн багахан хэсэгт өрөмдлөг хийсэн тул боломжит нөөцийн хэмжээ одоогийнхоосоо хэд дахин их байх магадлалтай аж.

Oval буюу Ямбат: Говь-Алтай аймаг дахь никель-зэсийн “Ямбат” төслийн талбайд компани тандалтын өрөмдлөгийн эхний шатыг 2023 оны тавдугаар сард дуусгасан байна. 200 метр хүртэл гүнтэй өрөмдөхөд бүх цооногоос эрдэсжилт илэрснийг мэдээлжээ.

Цагаан дэрс: Дундговь аймагт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замтай ойрхон орших литийн уг төслөөс 4-6 хувийн агуулга бүхий литийн оксидын баяжмал гарган авах потенциалтай гэж үзжээ. Компани 2024 оны эхний хагаст багтаан анхны өрөмдлөгөө эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Аварга зах зээлийн дэргэд

Монголд цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг эдгээр чухал ашигт малтмалын хайгуул хангалттай хийгдээгүй бөгөөд чухал ашигт малтмалын зах зээлд чухал тоглогч болох бүх потенциал манай улсад бийг компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир онцолж байлаа. “Цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээл, мөн цэнэг хураагуур болон цэнэг хураагуурын материалын үнэ цэнийн сүлжээний бүхий л үе шатанд ноёрхдог БНХАУ-тай ойрхон оршдог нь Монгол Улсад олон боломж бий болгож байна” хэмээн Global Business Reports-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хятадын цэнэг хураагуур үйлдвэрлэгчид дэлхий даяар нэгж батарейн нийлүүлэлтийн 80 хувийг хангахын зэрэгцээ үүнийг дэмжих олборлолт, боловсруулалтын сүлжээг дотооддоо улам тэлж байна. Тус улсад дэлхийн литийн боловсруулалтын талаас илүү хувь, графитын 70 хувь, никелийн 30 гаруй хувь ногдож байгааг Олон улсын Эрчим хүчний агентлаг мэдээлжээ.

Хөрөнгийн захад

Сүү ХК компанийн засаглалын үнэлгээгээр авбал зохих нийт оноогоо бүтэн авч “Засаглал хэвийн” буюу “Эрсдэлгүй” байсныг тайлагналаа. 2023 оны үйл ажиллагаандаа тус компани өмнөх онтой адил 72 оноо авсан байна. “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг үнэлэх аргачлалын дагуу авбал зохих нийт онооны 90 хувь болон түүнээс дээш байвал “Засаглал хэвийн” гэж үздэг.

Орхон дахин нэгдүгээрт

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлж, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг удаалсан байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг тус үнэлгээнд аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлжээ.

Орхон аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 2012-2020 онд есөн жил дараалан тэргүүлж байсан бол 2021, 2022 онд Дорноговь аймаг уг жагсаалтын эхэнд бичигдэж байв.

Харин Дундговь, Завхан, Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараар сүүл мушгилаа. Эдгээр аймгууд жижиг, дунд үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлж, орон нутгийн хөгжлийн бодлогоо урт хугацаанд тодорхойлох шаардлагатайг судалгааг гаргасан байгууллага онцолжээ.

Баффет юу хэлэв?

“Капиталистуудын Вудсток наадам” гэгддэг Berkshire Hathaway компанийн хувьцаа эзэмшигчдийн уулзалт Бямба гарагт уламжлал ёсоор домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын төрсөн Омаха хотод боллоо. Дэлхийн хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх захирлуудын чих тавин сонсдог илтгэлийнхээ үеэр тэрбээр Энэтхэгт “асар их боломж” байгааг онцолж, компани ирээдүйн менежментийн төлөвлөгөөндөө багтаасныг дурджээ. "Тус улсад хөрөнгө оруулалтын судлагдаагүй, хараанд өртөөгүй талбаруудыг Berkshire олох боломжтой” хэмээсэн байна.

Үүнээс гадна Баффет саяхан Apple-д эзэмшдэг хувьцаагаа бууруулснаа мэдэгдээд байсан ч уулзалтын үеэр тус компанид магтаалын үгсээ харамгүй хайрлажээ. Тэрбээр iPhone магадгүй бүх цаг үеийн хамгийн агуу бүтээгдэхүүнүүдийн нэг болохыг, мөн Apple-ийн хувьцааг American Express, Coca-Cola-ийнхаас ч илүү гэж боддогоо илэрхийлсэн байна. Нэгдүгээр улирлын төгсгөлд Berkshire Hathaway Apple компанид 135.4 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшиж байгаагаа тайлагнасан нь оны төгсгөлд 174.3 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад нэлээд буурсан дүн юм.

Япончуудын толгойны өвчин

Япон улсад хүүхдийн тоо дахин шинэ доод түвшиндээ хүрснээр Азидаа хоёрдугаарт бичигдэх тус улсын эдийн засагт тулгамдсан хүн ам зүйн асуудал аюулын түвшинд хүрснийг сануулж байна.

Дөрөвдүгээр сарын нэгний байдлаар 14 ба түүнээс доош насны хүүхдийн нийт тоо 43 дахь жилдээ дараалан буурч, 14.01 сая орчим болсныг тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам мэдээлсэн байна. Харин хүүхдүүдийн нийт хүн амьд эзлэх хувь 11.3 хувь болж буурсан нь бүх цаг үеийн доод үзүүлэлт болжээ. Япон улсын хүн ам 2010-аад оноос хойш тогтмол буурснаар хөдөлмөрийн насны иргэдийн асар их хомсдолд ороод байгаа юм.

Онцлох чарт

Эспрессо болон найруулдаг кофены гол түүхий эд робуста сортын кофены нийлүүлэлтийн хомсдол хурцдаж, үнэ нь 45 жилийн дээд цэгтээ хүрчээ. IV дүгээр сард робуста кофены бөөний үнэ 17 хувиар өсөж 1979 оноос хойших дээд түвшинд хүрээд байгааг Олон улсын кофены байгууллага мэдээлсэн байна.

Тус сортын кофены нийлүүлэлтээр тэргүүлэгч Вьетнам улсад хэт халалт, ган гачиг үргэлжилснээр тариалалтын гарц оны эхний хоёр улиралд тааруу байсан бөгөөд 2024 оны ургац хураалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

ЦХХХЯ: E-Mongolia системийн хиймэл оюунд суурилсан шинэчилсэн хувилбарын нээлт өнөөдөр болно. Зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог болохыг мэдээлжээ.

НЗДТГ: Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвлөжээ. 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий 7 барилгыг энэ онд ашиглалтад оруулах аж.

Өнөөдрийн онцлох зураг

Чиргүүл дээр ачсан хөвөнгийн боодлууд - Техас муж, АНУ

Rory Doyle/Bloomberg