2024/05/06

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Технологийн салбараас таны анхааралдаа авах хэрэгтэй эрхмүүдийг энэ дугаарт танилцууллаа.

  2. Ажлаас халшрах хам шинж - Энэ бол Сингапурын амжилтын төлөөс.

  3. АмЧам Монгол: Баялгийн сангийн хуулийг даган гарсан өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээрүүд эхнээсээ цуцлагдахад хүргэж байна.

Анхааралдаа авах хүмүүс

Технологийн салбарт доорх нэрс тийм ч танил биш. Гэхдээ эдгээр эрхмүүд технологийн ирээдүйг тодорхойлоход таны төсөөлснөөс ч том үүрэг гүйцэтгэх магадлалтай. Тухайлбал саяхан болтол боломжгүй мэт байсан зүйлсийг хийдэг хиймэл оюуны стартапын үүсгэн байгуулагч, цахим худалдааны эринд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний конгломератыг босгож буй менежер ч тэдний дунд бий. Дараагийн аварга тренд юу байхыг хэн ч таамаглаж чадахгүй ч энэхүү жагсаалтад багтсан эрхмүүд түүнийг бүтээхэд оролцох боломж маш өндөр юм.

Ахлувалиа нь Amazon-ийн агрегаторуудын “мини” зах зээлд гол тоглогч болон гарч ирсэн нэгэн юм. Агрегаторууд гэдэг нь цахим худалдааны брэндүүдийг худалдаж авч, нэгтгэх замаар өргөн хэрэглээний барааны конгломерат үүсгэх зорилготой компаниудыг хэлдэг. Цар тахлын үед цахим худалдаа хүчээ авснаар уг бизнес стратеги сонирхолд нэлээн өртөж, 100 гаруй компани нийт 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Гэхдээ бодлогын хүү өсөж, цахим худалдааны өсөлт саарснаар тус зах зээлийн тэсрэлт намжсан байна.

Гэхдээ Razor Group-ийг үүсгэн байгуулагч Ахлувалиа бууж өгөөгүй. Гуравдугаар сард Razor Бостонд төвтэй Perch-ийг худалдаж авсан нь түүний хувьд томоохон ялалт болжээ. Энэ нь компанийн дөрөв дэх худалдан авалт болохын зэрэгцээ өнөөг хүртэл хийсэн хамгийн том дүнтэй хэлцэл нь болсон байна. Өдгөө Ахлувалиа хэлцлийн өөр бай хайж, тус салбарын ирээдүйг шинээр тодорхойлохоор зорьж буй. Өнөөдөр хүртэл тэсэж үлдсэн “өчигдрийн” брэндүүдийг дуурайх нь ирээдүй биш, харин өрсөлдөгчдөөсөө өрсөж хэрэглэгчийн эрэлтийг шинэ бүтээгдэхүүнээр хангаж чаддаг шаламгай компаниудыг бүтээх нь ирээдүй болохыг тэрбээр хэлж байна.

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Бернар Арногийн хувийн хөрөнгө оруулалтын фирмийн санхүүжилттэй Razor нь гэрийн тэжээвэр амьтны хэрэгсэл, тоглоом, нярайн бүтээгдэхүүн, спорт бараа зэрэг 40 мянга гаруй бүтээгдэхүүн борлуулдаг.

Фонтенот, Лиу нарын байгуулсан “стартапын байр” HF0 нь энтрепренеруудыг “амьдралынх нь хамгийн бүтээмжтэй 12 долоо хоногоор хангаж өгнө” гэж амладаг. Энгийнээр тайлбарлавал 10 өөр компанийн үүсгэн байгуулагчид Сан-Францискогийн хуучны харш дахь зочид буудалд гурван сарын турш хамт амьдардаг аж. Тэд өдөрт гурван удаа зоог барихаар цуглаж, бусад үед нь компаниа томруулахаас өөр юу ч боддоггүй гэж болно. Уг бизнесийн гол санаа гэвэл хүний оюун санаа, бие махбодын бүх хэрэгцээг арилгаж, зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх орон зай үлдээх явдал болохыг Фонтенот хэлж байна.

2020 онд анх эхэлсэн HF0 буюу Hacker Fellowship Zero нь өдгөө найм дахь ээлжийн үйлчлүүлэгчдээ хүлээн авч буй бөгөөд төгсөгчдийн сүлжээ нь Сан-Францискод хэдийн нэр хүндтэй болж, демо өдөрлөгт нь топ компаниудын хөрөнгө оруулагчид ирдэг болсон байна. Жилийн гурван хөтөлбөртэй бөгөөд одоогийн ээлжийнх нь 10 багийн 4-т нь 1 тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй стартап үүсгэн байгуулсан эрхмүүд бий.

Y Combinator тэргүүтэй нэр хүндтэй хурдасгуур компаниудын нэгэн адил HF0 тэдгээр стартапууддаа хувь эзэмшдэг. Одоогийн байдлаар тэр нь 3% байгаа аж.

Хиймэл оюуны чиглэлийн стартапууд борооны дараах мөөг шиг олширч буй энэ цаг үед хэдхэн үг бичээд дүрслэл сайтай видео бичлэгтэй болох боломжийг хүн бүрт санал болгодог программын тусламжтайгаар Гуо компаниа онцгойруулж байна. Тэрбээр Pika компанийг 2023 оны дөрөвдүгээр сард байгуулжээ. Стэнфордын их сургуульд суралцах хугацаандаа хийсэн ажлаас нь энэ бүхэн эхлэлтэй бөгөөд Гуо контент бүтээхэд хиймэл оюун ашиглах чиглэлд төвлөрч судалгаа хийсэн байна. Богино кино бүтээх гэж аргаа барсан үе ч түүнд бий аж. (Тэрбээр бичлэг хийж, тэр бичлэгээ анимейшн болгон хувиргах алгоритм бүтээсэн).

Гуо улмаар бизнестээ төвлөрөх зорилгоор Стэнфордыг орхиж, хамтрагч Ченлинг Мений хамтаар видео бүтээдэг анхны AI программыг өнгөрсөн онд гаргажээ. Энэхүү программыг ашигласнаар хэрэглэгчид түлхүүр үгнүүд оруулж, богино бичлэг үүсгэх боломжтой. Түлхүүр үгний оронд гэрэл зураг болон өөр бусад бичлэг ч ашиглах боломжтой аж.

Одоогийн байдлаар текстээс видео бүтээх үйлчилгээ санал болгож буй цөөн хэдэн компанийн нэг нь Pika бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нь OpenAI компанийн Sora тодорч мэдэхээр байна. Гэхдээ Sora-г хэзээ нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Pika-ийн хувьд $55 саяын санхүүжилт татаад буй.

Нэгдүгээр сард Amazon-ийн логистикийн нүсэр хэлтсийн удирдлагыг хүлээн авсан 37 настай Удит Манган нь маш ажилсаг, нарийн ширийн зүйлд хэт анхаардаг ясны инженер нэгэн юм. Түүний удирдлагад 1.1 сая ажилтан бий бөгөөд тэдний дийлэнхийг Amazon дээр зарагддаг барааг хадгалж, тээвэрлэлтэд гаргадаг агуулахын ажилтнууд бүрдүүлдэг. Энэ нь түүнийг зөвхөн компаниар тогтохгүй бүхэн бүтэн логистикийн салбарын хамгийн нөлөө бүхий удирдлагуудын нэг болгож байгаа юм.

Энэтхэгт өсөж, АНУ-д ирээд Техасын их сургуулийг төгссөн тэрбээр 2008 онд анх Amazon-д нэгджээ. Компанийн агуулахын сүлжээг өргөтгөж, автоматжуулах нь түүний анхны ажил байлаа. Агуулахын ажил төлөвлөгөөндөө хэрхэн нийцэж байгааг зураглаж, бараа тээвэрлэхэд хэдэн автомашин шаардлагатайг тооцоолдог программын зохион бүтээгчийн патент Маданы нэр дээр байдаг.

2015 оноос тэрбээр захиалга худалдан авагчийн гэрийн үүдэнд хүргэгдэх үе шат буюу эцсийн хүргэлтийн хэсэгт төвлөрөн ажиллажээ. Тэрбээр гэрээт жолоочийн Flex программ хөгжүүлж, хүргэлтийн компаниудын сүлжээ бий болгох ажлыг удирдаж, Amazon-ийн UPS, US Postal Service-ээс хамааралтай байдлыг бууруулахад дэм болсон байна. Amazon компани Rivian-аас хүргэлтийн 100 мянган цахилгаан автомашин худалдан авах хэлцэл хийхэд Маданы гарын үсэг захиалгын хуудас дээр нь байлаа.

Райзерын хувьд ажлын мэйл дэх сонин жигтэй зүйлсийг илрүүлэхээр анх алгоритмд анхаарч эхэлснээс хойш таван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Мэйл илгээгч гэнэт л яаралтай нэхэмжлэл явуулж, шавдуулаад байна уу? Шинэ хүмүүстэй холбогдож, эсвэл жирийн үед ашигладаггүй үг хэллэг анзаарагдаж байна уу? Эдгээрийн аль нь ч таныг хуурч хортой линк даруулах, мөнгийг буруу данс руу илгээх гэсэн оролдлогын илрэл байж мэднэ. Ийм оролдлогыг илрүүлсэн систем нь кибер аюулгүй байдлын хүчирхэг хэрэгслийн суурь болох боломжтой юм.

Хакеруудын хувьд цэлийтэл нь нээсэн төв хаалга бол мэйл гэдгийг Райзер сануулж байна.

Тэрбээр дээр дурдсан шийдлийг санал болгохоор Abnormal Security компанийг 2018 онд хамтран үүсгэн байгуулжээ. Тус стартап харилцагчдадаа “гол хаалгаа” хамгаалахад нь тусалж, өнгөрсөн онд 100 сая гаруй ам.долларын тогтвортой орлого авчрах гэрээнүүдийг байгуулсан. (Компани одоо Microsoft Teams, Slack болон Zoom гэх мэт “хажуу хаалга”-нуудыг ч хамгаалдаг болсон). Abnormal-ийн 2,000 гаруй харилцагчийн дунд Fortune 500 жагсаалтад багтдаг компаниуд ч бий бөгөөд хөрөнгө оруулагчдаас $300 саяыг татсан байна.

Үүсгэн байгуулсан стартап нь компаниудын цахим шууданг найдвартай хамгаалдгаараа төдийгүй хүмүүсийг өөрсдөөс нь ч илүү ойлгодог AI платформ бүтээснээрээ танигдана гэдэгт итгэж байгаагаа Райзер хэлж байлаа.

Хэдийнээ нөлөөлөөд эхэлжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулан бусад хуульд оруулсан өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл бүрдүүлж, хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээрүүд эхнээсээ цуцлагдахад хүргэж байгааг “АмЧам Монгол” тэргүүтэй худалдааны танхимын удирдлагууд онцолж байна. Стратегийн ордод хувьцаа эзэмшигч нь 34 хувиас дээш эзэмшихгүй байхаар тусгасан нь Монгол Улсад томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх боломжийг хаах эрсдэлтэй талаар бид өмнө нь хөндсөн.

Мөн стратегийн ордод хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад өвлүүлэх, бэлэглэх тохиолдолд 30 хувийн татвар оногдуулахаар байгаа нь лиценз шилжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг улам дордуулсныг тэд анхааруулж байлаа.

Шинэ техник

Говь ХК Итали улсын BIGAGLI мөлхөө ээрэх машиныг амжилттай суурилуулснаа мэдээллээ. Тус ээрэх машин нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд олгодог олон улсын “Green Label” сертификатаар баталгаажсан ба Австрали, Англи, Шотланд зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч орнуудад ашиглагддаг байна.

BIGAGLI мөлхөө ээрэх машиныг суурилуулснаар сүлжмэл утас үйлдвэрлэл 50 хувиар, нийт утас үйлдвэрлэл 20 хувиар нэмэгдэн, жилд 1300 тонн утас үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж.

Сингапурын амжилтын төлөөс

Ажлын байран дахь өрсөлдөөн, ажилтнуудын ачааллаар дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг Сингапурт амжилтад хүрнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил.

Арлын тус улс 60 гаруй жилийн өмнө Малайзаас тусгаар тогтнож, тухайн үеийн эгзэгтэй, тодорхой бус ирээдүй бүхий дэлхийд анх мэндлэхдээ өөрсдийн үндэстний онцлогийг бий болгох шаардлага тулгарсан тул “цаг наргүй ажиллах нь норм” гэсэн ойлголтыг нэрийн хуудсаа болгожээ.

Өнөөдөр Сингапур амьдралын чанараараа Азидаа дээгүүр эрэмбэлэгдэж байна. Гэхдээ энэ амжилт нь төлөөс дагуулсан юм.

Сингапур бол дэлхийн хамгийн стресс ихтэй газруудын нэг. Ажил, амьдрал, гэр бүл, хувийн хүсэл тэмүүллээ тэнцвэртэй авч явахаар чармайж буй Сингапурын иргэдийн дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чимээгүй тахал болон дэлгэрсэн аж.

Өөрт тусламж хэрэгтэйг хүлээн зөвшөөрөхийг Азийн олон орны нийгэм сул доройд тооцдог. Сингапур ч ялгаагүй. Харин шинэ үеийнхний дунд энэ байдал өөрчлөгдөж буй нь баярлууштай юм.

Онцлох чарт

Ногоон зах зээлийн гол бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтээр тэргүүлдэг БНХАУ-ын цэнэг хураагуур, цахилгаан автомашин, нарны хавтангийн экспорт өнгөрсөн онд шинэ дээд түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн онд ногоон чиглэлд эрэлттэй дээрх бүтээгдэхүүнүүдийн борлуулалт 150 тэрбум ам.доллар давжээ.

Олон улсад цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж буй нь БНХАУ-ын цэнэг хураагуурын экспорт өсөхөд ихээхэн нөлөөлж байгаа аж. Өнгөрсөн онд цэнэг хураагуурын экспорт нь өмнөх оноос 28 хувиар өсөж, 65 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд дийлэнхийг нь АНУ, Герман, БНСУ руу гаргажээ.

Мөн БНХАУ-ын нарны хавтангийн тэргүүлэгч үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулан, өрсөлдөгчдөө зах зээлээс шахах бодлого барьж дэлхийн нийлүүлэлтийн дийлэнх хувийг хангаж эхлээд байгаа юм. Хэдий тийм боловч ийнхүү үнээ буулгасан нь эргээд компаниудынх нь ашигт сөргөөр нөлөөлснийг шинжээчид тодотгож байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

БОАЖЯ: Аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний байгууламжийг 200-250 км тутамд байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг хийхэд газар олгох шаардлагатай 67 байршлыг тогтоон ЗГ баталсан байна.

Өнөөдрийн онцлох зураг

Шарах шүүгээнээс дөнгөж гаргасан багет талхнууд - Чикаго, АНУ

Christopher Dilts/Bloomberg