2024/05/03

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Чухал ашигт малтмалууд шинэ цагийн газрын тос болох уу? Дэлхийн эдийн засгийн форумын судалгааг онцоллоо.

  2. Эм Жи Эл Акуа компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн II ангилалд бүртгэжээ.

  3. Монгол Улсын ГВАН өмнөх сараас 5 хувиар буурч 4.9 тэрбум ам.доллар болжээ.

Чухал ашигт малтмал = Шинэ газрын тос

“Эрчим хүчний шилжилт”-ийн нөлөөгөөр цахилгаан утас, цэнэг хураагуур, соронз гэх мэт эрчим хүчний илүү ногоон системд шаардагддаг гол элементүүдийн эрэлт өсөж буй энэ цаг үед улс орнуудын чухал ашигт малтмалаас хамаарах хамаарал нэмэгдэхээр байна.

Энэ явцад газрын тосноос хамаарах хамаарал буурч мэдэхээр байгаа ч багагүй хугацаа шаардагдах нь дамжиггүй юм. Гэвч хамаарлын энэхүү шилжилт геополитик, эрчим хүчний аюулгүй байдал болон байгаль орчны хувьд муу мэдээ юу?

Нийлүүлэлтийн ахиц ба зэсийн саад

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Эрчим хүчний шилжилт ба геополитик: Чухал ашигт малтмалууд шинэ цагийн газрын тос болох уу?” нэртэй судалгаанд дээрх асуултад хариулах өргөн хүрээний шийдлийг санал болгожээ. Мөн чухал ашигт малтмалаас хамааралтай болно гэдэг хэдий болгоомжлол төрүүлж байгаа ч үнэндээ дийлэнх хувьд нь менежмент хийх боломжтойг тодотгосон байна.

Чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахуйц нийлүүлэлт хийгдэх эсэх нь бодлогын талаасаа гол санаа зовох асуудал байсаар ирсэн. Мөн олборлолт, боловсруулалт нь хэдхэн улсад, тэр дундаа Хятадад хэт төвлөрч буй асуудал ч үүнд хамааралтай юм.

Үүнээс гадна ихэнх чухал ашигт малтмалын хувьд нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэх болоод төрөлжүүлэхэд чиглэсэн дэмжлэг хангалттай байгаагүй. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж буй бөгөөд нийлүүлэлт ч ахиухан нэмэгдэхээр байна. Харин нийлүүлэлтийн хүндрэл сүүдэр мэт дагасаар ирсэн зэсийн хувьд ингэж дүгнэх нь өрөөсгөл ч байж мэднэ.

Учир нь зэс олборлолтын салбар гарцаа хангалттай хэмжээнд өсгөхөд олон саадтай тулгарсан хэвээр. Нийгмийн болон байгаль орчны хяналт шалгалт чангарч, зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа уртассанаар насжилт нь дөхөж буй уурхайнуудыг орлох шинэ ордуудыг илрүүлж, хөгжүүлэхэд улам хэцүү болжээ. Дэлхий даяар хэрэгжиж буй зэсийн 40 төслийн 31 нь нийгэм, байгаль орчин, эдийн засаг болон зохицуулалттай холбоотой томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа гэсэн анализыг Торонтод үйл ажиллагаа явуулдаг Flashpoint Capital банк гаргаад байна.

“Дараа нь харамсахгүй” бодлого хэрэгтэй

Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гол түүхий эд литийг авч үзье. Литийн эрэлт 10 дахин, үүнээс ч олон дахин өсөж магадгүй байна. Гэхдээ эрэлт өнөөдрийн байдлаар 1 сая тонн хүрэхгүй түвшинд байгааг санах хэрэгтэй. Дэлхийн уул уурхайн салбарт эргэлддэг мөнгөний хэмжээ 2 их наяд ам.доллар бол дэлхийн литийн зах зээл 2023 оны байдлаар ердөө 5.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм.

Зэсээс бусад чухал ашигт малтмалын зах зээлийн төсөөлөл бага байгаа нь тэдгээрийг үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болохгүй гэсэн үг биш болохыг тус судалгаанд онцолжээ. Үнэндээ үйлдвэрлэлийн тэлэлт нь эхэлснийг батлах дохионууд ажиглагдаж эхэлсэн бөгөөд зөвхөн 2022 онд дэлхийн литийн нийлүүлэлт 20 гаруй хувиар өссөн, үүнийг бараг бүхэлд нь Хятадаас бусад улсууд бүрдүүлсэн байна.

Чухал ашигт малтмал болон газрын тосны эрэлт өдөөгч хүчин зүйлс нэлээн том ялгаатайг санах хэрэгтэй. Газрын тосны хувьд нийлүүлэлтийн хомсдол, манипуляц бий болох үед дэлхийн эдийн засагт эрэлтийг түргэн хугацаанд намжаах боломж бага байдаг. Зарим том компаниуд нь аливаа улсын ашиг сонирхолд нийцүүлж хөрөнгө оруулалт, гарцын шийдвэрээ гаргадаг. Харин эсрэгээрээ чухал ашигт малтмалуудын дийлэнх нь шинэ төслүүдийн бүтээн байгуулалтын үед л ашиглагддаг. Тиймээс зөв бодлого хэрэгжүүлснээр эрэлтэд хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлэх боломжтойг судалгаанд онцолжээ.

Цаашлаад чухал ашигт малтмалын ихэнх нийлүүлэгчид улсын ашиг сонирхол гэхээс илүүтэй зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн ажилладаг байна. Тиймээс зах зээлийн хүч нийлүүлэлтийг шийдэж, эрэлтийг зөв аргаар зохицуулж байгаа цагт чухал ашигт малтмалаас үүдэх геополитикийн зөрчил, түүнээс дэлхийн эдийн засагт тулгарах эрсдэл нь газрын тосных шиг өндөр биш байна гэж үзжээ.

Эцэст нь дүгнэхэд, “дараа нь харамсахааргүй” бодлогууд санаачлан хэрэгжүүлснээр эдийн засаг, байгаль орчинд сөрөг нөлөөгүй зах зээл бий болгоход дэмтэй гэж ДЭЗФ энэхүү судалгаандаа тодотгосон байна.

Монгол дахь хүчин чармайлт

Зэс, газрын ховор элементийн арвин нөөцтэй, литийн нөөц ч өндөр байх боломжтойд тооцогддог Монгол Улсад чухал ашигт малтмалын томоохон хэрэглэгч орнууд сонирхлоо илэрхийлэх нь нэмэгдэж, сүүлийн үед хэд хэдэн хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглээд байгаа. Тэдгээрээс дурдвал:

  • 2023 онд АНУ болон Монгол Улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

  • Эрдэнэс Монгол ХХК болон БНСУ-ын Кум Яанг ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн 2023 оны 11 дүгээр сард Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв нээгдсэн юм.

  • Сүүлд Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камероны айлчлалын хүрээнд хоёр тал ховор металлын чиглэлд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

Нефтийн үйлдвэр ба хуулийн өөрчлөлт

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Монголд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй тул орлогын албан татвараас чөлөөлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ААН нь ногдол ашгийн орлогод 10 хувь, жилийн орлогод 25 хувийн татвараас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг.

Шинэ эмнэлгийн санхүүжилт

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Дархан-Уул аймагт шинээр эмнэлэг барихад зориулж 43.2 сая ам.долларын зээл олгосон байна. Мөн 5 сая еврогийн буцалтгүй тусламжийг эмнэлгийн зураг төсөл, барилга угсралт, тохижилтын ажилд хандивлахаар болжээ.

Шинээр барих 250 ортой эмнэлэг нь эрчим хүч болон усны хэмнэлттэй, шаардлага хангасан материалаар олон улсын ногоон барилгын стандартаар баригдах аж.

Хөрөнгийн захад

“Вояж” цэвэр усыг үйлдвэрлэдэг Эм Жи Эл Акуа ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн II ангилалд MGL AQUA үсгэн кодоор бүртгэжээ. Тус компани 26.72 хувиа санал болгож, нэгж хувьцаа тус бүрээ 174 төгрөгөөр үнэлж, нийт 15.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж буй. Үндсэн андеррайтераар нь Инвескор Капитал ҮЦК ажиллаж байна.

Чанга барьсан хэвээр

Холбооны нөөцийн банк инфляц зорилтот түвшинд тогтворжсонд итгэлтэй болох хүртлээ бодлогын хүүгээ бууруулахгүй, гэхдээ дараагийн алхам нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэр байх магадлал бага гэдгийг тус банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ. Мөн инфляц тогтворжиход тооцоолсноос урт хугацаа орохоор байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Анхаарал Зүүн Өмнөд Ази руу

Microsoft компани Малайз улсын дижитал технологийн дэд бүтцэд 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг тус компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла пүрэв гарагт Куала-Лумпур хотод зочлох үеэрээ мэдэгдсэн байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд олгогдох тус санхүүжилт үүлэн тооцоолол, хиймэл оюуны үйлчилгээг хөгжүүлэхэд зориулагдана гэдгийг тэрбээр мөн онцолжээ.

Microsoft компани 650 сая гаруй хүн амтай, дижитал шилжилт эрчимжиж буй Зүүн Өмнөд Азид Alphabet, Amazon, Alibaba компаниудаас өрсөн бизнесээ өргөжүүлэхийг зорьж байгаа юм.

Онцлох чарт

Volkswagen, Stellantis, Mercedes-Benz гэсэн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид ирэх саруудад шинэ загваруудаа олноор танилцуулах хүлээлттэй байна. Гэхдээ хэрэглэгчид тэдгээрийг нь худалдан авах чадалтай байх уу гэдэг нь асуудал хэвээр.

Эхний улиралд нэлээн саарсан өсөлтийг эргэн эрчимжүүлэхэд шинэ загварууд нь дэм болно гэж эдгээр компаниуд үзэж байгаа. Тухайлбал Mercedes-ийн ашиг I улиралд 34 хувиар унаад зогсохгүй үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаагаас шалтгаалан ашигт ажиллагаа нь зорилтот түвшиндээ хүрээгүй аж.

Хэдий тийм боловч Европт цахилгаан автомашины эрэлт суларсан, мөн бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдсанаас шалтгаалж хэрэглэгчдийн худалдан авалтын сонирхол буурсан зэрэг нь топ авто үйлдвэрлэгчдэд цаашдаа ч сорилт учруулсан хэвээр байна гэж шинжээчид онцолсон байна.

Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал тансаг автомашины худалдан авагчдад хүндээр туссанаар Volkswagen-ийн эзэмшдэг Porsche компани 2022 онд IPO хийснээсээ хойших хамгийн тааруу үзүүлэлттэй улирлын тайлангаа гаргаад буй. Volkswagen-ийн брэндүүд энэ онд 30 гаруй шинэ загвар гаргаж, Хятад тэргүүтэй зах зээлүүд дэх борлуулалтаа дэмжихээр төлөвлөжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

Сонгуулийн ерөнхий хорооноос 25 нам, эвсэлд батламж гардууллаа. Энэ удаагийн сонгуульд нийт бүртгэлтэй намуудын 60 орчим хувь нь оролцохоор байна.

Монголбанк: Монгол Улсын ГВАН оны эхнээс 1.3 хувиар өсөж, 4.9 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх сараас 5 хувиар буурсан дүн бол өмнөх оны мөн үеэс 35.06 хувиар өссөн дүн.

Иргэний нисэхийн ерөнхий газар БНСУ-ын агаарын ачаа тээвэрлэгч Aero K Airlines компанид гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ гардуулсан байна. Ингэснээр тус компани Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгааг онцолжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Хөдөлмөрчдийн баярын өдрийг тохиолдуулсан салют буудуулах ёслол - Хонконг, БНХАУ

Lam Yik/Bloomberg