- Business newsletter
- Posts
- 2024/05/02
2024/05/02
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Баялгийн сангийн тухай хуулийг дагалдан бусад хуульд орсон өөрчлөлтүүдээс үүдэлтэй эрсдэлүүдийн талаар онцоллоо.
IV сард МХБ-ээр 46.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх сараасаа хоёр дахин буурсан үзүүлэлт болов.
АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Тус банк бодлогын хүүг энэ онд бууруулах ч хэзээ гэдэг нь илүү тодорхойгүй үлдлээ.
Сэтгэл түгшээх өөрчлөлт
Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөтэй хуулиудыг яаравчлан баталлаа. Тэр дундаа Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон түүнийг дагалдан өөрчлөлт орсон хуулиудад эргэн харах асуудал их байгаа гэж эдийн засагчид, худалдааны танхимууд үзэж байна.
Төр олгоно, Төр буцааж авна
Баялгийн сангийн тухай хуулийг даган өөрчлөгдөж буй стратегийн ордын зохицуулалтууд нь стратегийн хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол их байна. Стратегийн ордуудын тал дээр хатуу бодлого баримтлах хэрэгтэйг Ерөнхий сайд хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр өөрөө ч хэлж байв.
Үүнтэй холбоотойгоор Баялгийн сангийн тухай хууль болон түүнийг дагалдуулан өөрчлөлт оруулсан хуулиудад анхаарал татах ямар заалтууд тусгагдаж байгааг эргэн харвал:
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, үүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг Төр нөхөн төлбөргүйгээр эзэмших;
Аливаа этгээд дангаар болон болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамт эзэмших стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 20-оос дээш хувь эзэмшихийг хориглоно;
Түүнчлэн Ашигт малтмалын хуульд “Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34 хувиас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэг л өөрчлөлт орсон” хэмээн Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэл хийхдээ дурдсан юм.
Зарчмаасаа ухарлаа
Дээрх бүгдээс харвал Төр өөрөө хөрөнгө оруулалт хийгээгүй ордын 50 хүртэлх хувийг эзэмших, одоо хувийн хэвшлийн эзэмшилд байгаа ордуудыг ч буцааж авах боломж нээгдсэн гэж ойлгож болохоор байна. Олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүй, түргэн хугацаанд зөвшилцөн баталсан энэ хуулийг дагалдан гарсан Ашигт малтмалын тухай хууль болон ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөд асуудал байна гэж Монгол дахь худалдааны танхимууд үзжээ. Тухайлбал хууль батлагдсан долоо хоногт “АмЧам Монгол”-оос уг хуульд хэсэгчилсэн хориг тавих саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.
Стратегийн ордын 34 хувийг нэг хувьцаа эзэмшигч эзэмшиж болохгүй гэх заалт нь цаашид гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хааж байна. 34 хувиар хязгаарлачихаар хөрөнгө оруулагчид төслөө цаашид яаж авч явах тал дээр асуудалтай тулгарна. Мэдээж жижиг хөрөнгө оруулагчид орж ирж болох ч зөвшилцөл, удирдлагын тал дээр ойлгомжгүй зүйлс их гарна.
Эдгээр өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл гарсны дараа олон улсын аудитын байгууллагатай тохирчихсон байсан хөрөнгө оруулагчид гэрээ хэлцлээсээ буцсан, цуцалсан мэдээллүүд сонсогдоод эхэллээ.
Стратегийн орд гэж өөрсдийн нэрлээд байгаа ордуудын 34 хувийг Төр нь авч, хувийн хэвшлүүдэд олгогдсон ордуудыг ч буцааж авах гэж байгаа нь Монголын Төр өөрийн баримталж байсан бодлогоо үгүйсгэсэн явдал. Өмнөх алдаа дутагдал, хууль бус зүйлсийг засаж залруулж болох боловч нийтлэг байдлаар ингэж хандаж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай зүйл биш. Монголын төр олгодог, буцаагаад авчихдаг…
Бизнесийн салбар дахь Төрийн оролцоог аль болох бууруулах зарчмыг ЗГ баримталж байгаа гэх боловч дээрх өөрчлөлтүүдээр ийнхүү хувийн хэвшлийн эзэмшлийг хязгаарлах, булаан авах нөхцөл бүрдүүлж, өөрөөр хэлбэл зарчмаасаа бүрэн ухарч буй хэрэг болж байна.
Transparency International-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болж, өнгөрсөн онд ч бүр таван байр ухарч, 121 дүгээрт бичигдээд буй. Оноог хойш татсан гол хүчин зүйл нь авлигын эх үүсвэр болсон төрийн алба болон төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо байсан билээ.
Төгрөг тогтвортой байх уу?
Гадаад валютын улсын нөөц гуравдугаар сарын байдлаар 5.25 тэрбум ам.доллар буюу барааны импортын 7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өсөөд байна. Валютын орох урсгал цаашид ч сайн хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул оны туршид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой хэвээр байх боломж харагдаж байна хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолжээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын алдаа
2025 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувь, 2026 онд 1.5 хувь, 2027 онд 1 хувьтай байхаар УИХ-д өргөн мэдүүлээд буй ирэх жилүүдийн төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Харьцуулбал өнгөрсөн оны сүүлээр гаргасан хуулийн төсөлд 2025 онд орлого 27.7 их наяд төгрөг, зарлага 29.4 их наяд төгрөг буюу 1.6 их наядын алдагдалтай байхаар тусгаж байв.
Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийг хэрэгжүүлэхэд анхнаасаа хуульд заасан хугацаанд дуусгахаар тооцож санхүүжилтийг тусгадаггүйг Нээлттэй нийгэм форумын судлаачид шүүмжилж байна. Мөн зураг төсөл, газрын зөвшөөрөл нь шийдэгдээгүй төслүүдэд төсвийн хөрөнгө оруулалт тусгаж, улмаар төслүүдийн дуусах хугацаа жил дамнан сунжирч, төсвийн алдагдалд нэрмээс болсоор байгаа учир дутагдлыг тодотгожээ.
Хөрөнгийн захад
Он гарсаар МХБ-ээр 234.33 тэрбум төгрөгийн дүн бүхий үнэт цаасны арилжаа хийгдсэн бөгөөд зөвхөн дөрөвдүгээр сард 46.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх сараасаа хоёр дахин буурсан үзүүлэлт болжээ. Өнгөрсөн сард “Бичил 3.0” ХБҮЦ анхдагч зах зээлийн арилжаагаар 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн нь идэвхээр тэргүүлсэн арилжаа байв. Харин ТОП-20 индекс оны эхний дөрвөн сард 6 орчим хувиар өсөж, 43 мянган нэгжид хүрээд байна.
Намууд тодров
Монголд 37 нам Дээд шүүхэд бүртгэлтэй байгаагаас 70 орчим хувь нь энэ оны сонгуульд өрсөлдөхөөр байна. СЕХ-нд 26 нам, хоёр эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлснээс гурван намыг Сонгуулийн хуулийн дагуу шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр оролцуулахаас татгалзжээ. Үүнд Их Эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намууд багтаж байна.
Үүнээс гадна 77 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлжээ.
С.Пичайгийн гайхалтай түүх
Google-ийн толгой компани Alphabet-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай өөрийн үүсгэн байгуулаагүй компанийнхаа орлогоор тэрбумтнуудын эгнээнд нэгдэх ховор тохиолын эзэн болоход тун ойрхон байна.
Энэтхэгийн Ченнай хотын уугуул, хоёр өрөө байрны том өрөөний шалан дээр дүүтэйгээ зэрэгцэн унтаж өссөн түүний хувьд энэ нь онцгой амжилт юм. Хүүхэд насны ихэнх үед нь түүний гэр бүл автомашингүй, гэртээ зурагт ч үгүй байсныг тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр дурдаж байв.
Энэ жил 51 настай Сундар Пичай 2015 онд Google-ийн Гүйцэтгэх захирлаар анх томилогдож байсан. Тэр цагаас хойш Google-ийн хувьцааны ханш 400 гаруй хувиар өсөж, S&P 500 болон Nasdaq индексийн өсөлтөөс хол давжээ. Өнгөрсөн баасан гарагт компани нэгдүгээр улирлын ашиг нь шинжээчдийн таамгийг давсныг тайлагнасны дараа хувьцааны ханш нь шинэ дээд цэгтээ хүрээд буй.
Сундар Пичайгийн харилцаа, зохицуулалтын гайхалтай ур чадвар Alphabet-ийг амжилттай удирдан чиглүүлэхэд хэрхэн нөлөөлсөн талаар нийтлэлийг уншаарай.
Экспортын гол бүтээгдэхүүн - AI
Дэлхий даяар хиймэл оюуны технологийн эрэлт нэмэгдэж, экспортыг нь дэмжсэнээр Тайванийн эдийн засаг сүүлийн гурван жилд байгаагүйгээр эрчтэй өслөө. Тодруулбал эхний улиралд ДНБ нь өмнөх оны мөн үеэсээ 6.51 хувиар өсөж, нийт 5.46 их наяд тайвань доллар болжээ.
Хагас дамжуулагч, сервер зэрэг хиймэл оюун ухааны технологийн суурь болсон техник хангамжийн дэлхийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагаас гол ашиг хүртэгсдийн дунд Тайвань багтаж байна. Тайванийн хиймэл оюуны технологийн экспорт III сард 18.9 хувиар өссөн нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Онцлох чарт
АНУ болон Филиппин улсууд цэнэг хураагуурын гол металл болох никелийн боловсруулалтад БНХАУ-ын ноёрхлыг зогсоохын тулд хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Талуудын хооронд яригдаж буй боломжит нэг арга хэмжээ нь Филиппин түүхий эдээр хангаж, санхүүжилтийг АНУ гарган, харин никель хайлуулах, цэвэршүүлэх технологийг Япон, Австрали гэсэн гуравдагч улсаас авах тухай гурван талт гэрээ байгуулах явдал аж.
BloombergNEF-ийн тооцооллоор 2030 он гэхэд никелийн үндсэн эрэлт 30 орчим хувиар өсөж, жилийн 4.4 сая тоннд хүрэхээр байна. Харин тухайн үед никелийн нийт эрэлтийн 28 хувийг лити-ион цэнэг хураагуур бүрдүүлнэ гэж үзжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Монголын Гүйцэтгэх захирлууд өөдрөг хүлээлттэй байгаа ч санааг нь зовоосон гол асуудлууд юу байна вэ?
Skyquest: Архитектурын үйлчилгээний зах зээл 2031 он гэхэд 111 хувь өсөж, 834 тэрбум ам.доллар болно
“Гурвантэс XXXV” дэлхийн түвшний төсөл болоход шаардлагатай бүх техникийн шинж чанар нь хангагдсан гэж дүгнэжээ
Эцэст нь товчхон
Тэнхлэг зууч: Нийт хэрэгжиж буй шинэ орон сууцны төслийн тоо оны эхний улиралд 309 болж, 2023 оны сүүлээс 16 хувиар буурсан бол захиалгаа зогсоосон төслийн тоо 37 байснаас 41 болж нэмэгджээ. Тэгвэл сүүлийн байдлаар ипотекийн хөтөлбөрийн хүрээнд нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгосныг Монголбанк мэдээлсэн.
Монголбанк: Дөрөвдүгээр сард Монголбанк 850.7 кг үнэт металл худалдан авснаар оны эхнээс худалдан авсан алтны хэмжээ нь 4.3 тоннд хүрчээ.
Өнөөдрийн онцлох зураг
Нуурын усанд далдлагдсан Граун тосгоны гол сүмийн орой - Рекхензи, Итали
Jan Hetfleisch/Getty Images