- Business newsletter
- Posts
- 2024/05/01
2024/05/01
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Дотоодын эдийн засгийн талаарх гүйцэтгэх захирлуудын хүлээлт өнгөрсөн оныхоосоо эрс сайжирчээ.
Овоотын уурхайн нүүрс нь өндөр чанартай, кокс үйлдвэрлэлд бүрэн тохирсон гэж дүгнэжээ.
Жером Пауэллийн чанга бодлогоо хадгалах тухай дохионууд айсуй. Энэ нь ЗГ-ын бондын өгөөж дээшээ чиглэхэд нөлөөлнө.
564%-ийн өсөлт
Huawei Technologies-ийн ашиг дөрвөн улирал дараалан өссөн нь тус компани Apple тэргүүтэй өрсөлдөгчдийнхөө зах зээлийг эзэлж буйг илтгэсэн үзүүлэлт боллоо. I улиралд Шэньжэньд төвтэй тус компанийн ашиг 564 хувиар өссөнөөр 2.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Гүйцэтгэх захирлууд өөдрөг байна
“PricewaterhouseCoopers” буюу PwC дэлхийн Гүйцэтгэх захирлуудын дунд 27 дахь жилдээ, Монголын Гүйцэтгэх захирлуудын дунд хоёр дахь жилдээ хийсэн эдийн засгийн хүлээлтийн судалгааны үр дүнгээ танилцуулаад байна. Дотоодын бизнесийн орчны 2024 оны гол трендүүд, тулгарах саад бэрхшээлүүд юу байхыг шийдвэр гаргагчид хэрхэн тооцоолсныг харцгаая.
Хүлээлт сайжрав
12 сарын өмнө Монголын Гүйцэтгэх захирлууд дотоодын болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт аль алинд нь сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байжээ. Тэгвэл энэ оны PwC-ийн судалгаанд оролцсон Монголын 35 Гүйцэтгэх захирлын хүлээлт огцом эргэж, дэлхийн бусад CEO нарын хүлээлтээс зөрсөн байна.
Тухайлбал тэдний 86 хувь нь Монголын эдийн засгийн өсөлт сайн байна гэж үзсэн бол 60 хувь нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд мөн өндөр найдлагатай байгаагаа илэрхийлжээ.
Харин тэдний үзсэнээр Монголын бизнесүүдэд нэн чухал нөлөөтэй байх орнуудын нэгдүгээрт эргэлзээгүй БНХАУ бичигдсэн бол ОХУ, АНУ удаалжээ. Сонирхолтой нь энэ онд Ази, Номхон далай болон Төв, Зүүн Европын орнуудад бизнесээ тэлэхээр төлөвлөж буй захирлуудын эзлэх хувь нэмэгдсэн байна.
Шинэ арга барилын эринд
PwC-ийн 2024 оны судалгаа “Зогсолтгүй үргэлжлэх шинэ арга барилын эринд өсөлтийг цогцлоох нь” гэсэн ерөнхий сэдэвтэй байв. Бизнесүүд өнөөгийн шинэ нөхцөлд богино хугацааны ашигт ажиллагаанд тохируулан эрсдэлээ удирдахын хажуугаар урт хугацааны өсөлтөд бэлтгэн өөрчлөлт хийх зорилготой байгаа нь өмнөх жилийн судалгаанаас тодорхой харагдаж байв.
Тэгвэл энэ онд Монголын Гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь шинээр гарч ирж буй мега трендүүдэд анхаарал хандуулж, шинэчлэлийн эхний алхмуудыг хийсэн болохыг судалгаанд дурджээ. Ялангуяа макро эдийн засгийн тогтворгүй байдал, эрүүл мэнд зэрэг эрсдэлд өртөмтгий байдлаа бууруулж байгаа ч геополитикийн зөрчил, инфляцын өсөлт, кибер аюулгүй байдлын эрсдэлд санаа зовсон хэвээр буй нь харагдсан байна.
Бид бүгд л Ковидын өмнөх үе рүү эргээд аажмаар явж байх шиг байна. Өнгөрсөн гурван жилийн турш уналттай байсан эдийн засаг сэргэж байгаа нь удирдах ажилтнуудын зах зээлийн эерэг хүлээлтэд нөлөөлж байгаа. Гэхдээ тэдний хүлээлт эерэг ч зарим талаар болгоомжилсон хандлагатай байгаа байх. Яагаад гэвэл тун удахгүй сонгууль эхлэх гэж байна.
Трендүүд
Мега трендүүд нь CEO нарыг инновац хийхээс өөр аргагүй болгож байгаачлан Монголын Гүйцэтгэх захирлуудын уур амьсгалын өөрчлөлт хандуулах анхаарал нэмэгджээ.
Үүнээс гадна тэдний ихэнх нь генератив хиймэл оюун ажлын үр бүтээмжид томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Тодруулбал дараагийн 12 сарын хугацаанд химйэл оюун ажлын бүтээмжийг 5-аас дээш хувиар нэмэгдүүлнэ гэдэгтэй 70 хувь нь санал нийлжээ.
Эрэлттэй нүүрс
Хөвсгөл аймаг дахь Овоотын уурхайн нүүрс нь өндөр чанартай, кокс үйлдвэрлэлд бүрэн тохирсон гэж судалгаагаар тогтоосныг Aspire Mining компани танилцууллаа. Компанийн “Овоот” коксжих нүүрсний төсөлд хийсэн зах зээлийн судалгааг БНХАУ-ын Fenwei Digital Information Technology компани гүйцэтгэжээ.
Мөн тус уурхайн нүүрс нь БНХАУ-ын Хэбэй, Ляонин зэрэг мужуудад эрэлт өндөр, худалдахад тохиромжтой байхаар байгааг судалгааны үр дүн харуулжээ. 2023 онд тэдгээр мужуудад Овоотын нүүрстэй төстэй өндөр чанарын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 15.1 сая тонноор хэмжигдсэн байна. Харин 2029 он гэхэд хомсдолын хэмжээ 18.1 сая тонн болж өснө гэж тооцоолол гарсан аж.
Гурвантэс XXXV-ын потенциал
Оны эхний гурван сард TMK Energy компани метан хийн “Гурвантэс XXXV” төслийг 100 хувь эзэмших интеграцын үйл явцаа амжилттай дуусгаж, мөн “Lucky Fox” туршилтын цооногийн хөтөлбөртөө цуврал тестийн үйл ажиллагаа гүйцэтгэснээ тайлагналаа. Австралийн Cipher Consulting компанийн хийсэн хараат бус техникийн үнэлгээгээр тус төсөл нь нүүрсний давхаргын метан хийн дэлхийн түвшний төсөл болоход шаардлагатай бүхий л техникийн шинж чанар нь хангагдсан, өндөр ач холбогдол бүхий их хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой гэж дүгнэгдсэнийг тайланд мөн онцолжээ.
Харин энэ онд “Lucky Fox”-ийн туршилтын гурван цооногийн үр дүн дээр суурилан төслийн дараагийн шатанд төвлөрөхөө компани тайландаа дурдсан байна. Тодруулбал арилжааны зорилгоор үйлдвэрлэл явуулах хэмжээнд хийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд энэ онд 2-3 үйлдвэрлэлийн цооног нэмж өрөмдөхөөр төлөвлөжээ.
Үүнээс гадна тайлант хугацаанд TMK Energy шинэ хувьцаа гаргаж, энэ онд төлөвлөсөн хөтөлбөртөө зарцуулах 2.5 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлсэн байна.
Нийслэл бонд дэмжигдэв
Нийслэлээс дотоодын болон олон улсын зах зээлд бонд гаргах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар намын бүлгүүд дэмжсэнээр баталлаа. Гадаад бондын хувьд нийт хэмжээ тодорхой болоогүй, Засгийн газрын өрийн дээд хэмжээтэй уялдуулан тогтоох аж. Орон сууцжуулалтын ажилд голчлон зарцуулагдах гадаад бондын хүү зургаан сар тутам эргэн төлөгдөх бөгөөд ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд Монголбанктай своп хэлцэл хийхээр төлөвлөснөө мөн мэдээлсэн байна.
Харин дотоодын зах зээлд гаргах 500 тэрбум төгрөгийн бонд нь 15-16.5 хувийн хүүтэй байхаар тогтоожээ. Нийт хөрөнгийн 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад, мөн тодорхой хэсгийг бохир усны Туул-1 цуглуулагч шугамын төсөл, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Эерэг төлөв
ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.5 хувь болгож, өмнөх төсөөллөө 0.3 нэгж хувиар ахиулжээ. Энэ нь бүс нутгийн хоёр том эдийн засаг болох БНХАУ болон Энэтхэгийн эдийн засгийн хэтийн төлөв сайжрах хандлагатай байгааг харуулж байна. Гэсэн ч өсөлт өнгөрсөн оны 5 хувьтай харьцуулахад саарах төлөвтэй байгааг ОУВС мягмар гарагт танилцуулсан тайландаа мэдээлсэн байна.
Дэлхийн хэмжээнд инфляц болон бодлогын хүү буурах хандлагатай байгаа нь эдийн засаг зөөлөн газардах магадлалыг нэмэгдүүлж, ойрын хугацааны эрсдэлүүд ерөнхийдөө тэнцвэртэй байгааг мөн онцолжээ.
Дараагийн алхам юу байх вэ?
Үг хүчтэй. Харин АНУ-ын эдийн засагт Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллын үг хамгийн хүчтэй. АНУ-ын Төв банкны тухай 60 мянга гаруй мэдээн дээр суурилсан хэлний боловруулалтын алгоритм бүхий Bloomberg Economics Fed Sentiment Index-ээс харвал өнгөрсөн 12 дугаар сард Жером Пауэлл бодлогын өөрчлөлтийн хамгийн том дохиог өгчээ. Бодлогын хүүгээ эрчимтэй бууруулж эхлэх дохио өгснөөр тэрбээр зах зээлд өсөлтөд хүч нэмж, эдийн засаг уналтаас зайлсхийхэд дэм болсон юм.
Гэтэл түүнээс хойш дөрвөн сар өнгөрөхөд эрэлт хүчээ авч, инфляц зорилтот түвшнээс дээгүүр гацсанаар Ж.Пауэлл үгнээсээ буцахаас өөр аргагүй болсон байна. ОУВС-ийн IV сарын уулзалтын үеэр тэрбээр “мөнгөний чанга бодлогын нөлөөлөл гарах цаг хугацааг өгөх нь зүйтэй байна” гэж хэлснээр бодлогын хүү буурах төлөвийг улам хойшлуулжээ.
Гэхдээ Fed Sentiment Index-ээс дүгнэвэл энэ үг нь түүний 12 дугаар сард өгсөн дохионы дараах идэвхжилийг төдийлөн сааруулаагүй байна. Цаашид ч мөн Ж.Пауэллийн чанга бодлогоо хадгалах тухай дохионууд айсуй бөгөөд энэ нь ЗГ-ын бондын өгөөж дээшээ чиглэхэд нөлөөлнө гэж Bloomberg Economics таамагласан байна.
Онцлох чарт
Криптовалютад шууд хөрөнгө оруулалт хийдэг биржээр арилжаалагддаг сангууд (ETF) мягмар гарагт Хонконгт нээлтээ хийжээ. Harvest Global Investments, HashKey Capital, Bosera Asset Management гэсэн сангууд өөр өөрсдийн ETF-ийг бүртгүүлсэн нь криптовалютын саяхны рекорд эвдсэн өсөлтөд нөлөөлсөн АНУ-ын хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хүчтэй өрсөлдөгч болох боломжтой хэмээн тооцогдож байна.
BlackRock, Fidelity тэргүүтэй фирмүүдийн гаргасан Америкийн ETF-үүд нэгдүгээр сард арилжаалагдаж эхэлснээсээ хойш 52 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй болоод байгаа аж. Харин Хонконгийн Биткойн, Ether-ийн шинэ сангууд хоёр жилийн хугацаанд 1 тэрбум гаруй ам.доллар хуримтлуулж магадгүй гэж Bloomberg Intelligence-ийн Ребекка Син тооцоолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
2100 он гэхэд зарим улсад тааламжтай цаг агаартай өдрүүдийн тоо 50% буурна. Харин Монголд?
“Xanadu Mines” компани “Хармагтай” төслийн үйлдвэрлэлийн өрөмдлөгөө ирэх сард дуусгах товтой байна
Ойрх Дорнодод гал зогсоох асуудал яригдах болсноор газрын тосны үнэ тогтворжлоо
Эцэст нь товчхон
СЕХ: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль 12 тойрог, 45 мандаттай байхаар тогтсон байна. Баянзүрх дүүрэгт 3 тойрог, Сонгинохайрхан дүүрэгт 2 тойрог, бусад дүүрэг тус бүр нэг тойрогтой байхаар тусгажээ.
ҮСХ: 2023 онд ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж, ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурсан байна. Бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээ, барилга, боловсролын салбарт ажиллагчид өссөн бол ХАА, төрийн удирдлага, батлан хамгаалах зэрэг салбарт ажиллагчид буурчээ.
Өнөөдрийн онцлох зураг
Аспарагус буюу хэрээн нүд хурааж буй фермер - Сэндвич, Их Британи
Chris Ratcliffe/Bloomberg