- Business newsletter
- Posts
- 2024/04/30
2024/04/30
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тааламжтай цаг агаартай өдрүүдийн тоо ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх тухай энэ дугаарт онцоллоо.
Сэндли ББСБ ХК 2023 онд 6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноосоо хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
Хятад жуулчид “эргэн ирлээ”. Тэдний мөнгө хаашаа чиглэх вэ?
Тааламжтай өдрүүд цөөрөх нь
Хойд Америк болон Европт хавар ирснээр гадaa хооллож, цэцэгт нугаар дугуй унан, цэцэрлэгт хүрээлэнд завиар зугаалах таатай нөхцөл бүрдээд буй. Гэвч энэхүү тааламжтай сайхан цаг агаар ирээдүйд зуны аагим халуунаар солигдоно гэж эрдэмтэд таамаглаж байна.
“Айсуй” ноцтой өөрчлөлт
Зуурхан тохиодог энэ таатай үе богино санагдаж болох ч хугацаа нь уртасна гэж найдах үндэслэл байгаа аж. Ядаж л дэлхийн зарим хэсэгт.
Энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн хойд хэсгийн орнуудад өвлийн эхэн сард нарлаг бөгөөд хавар шиг урин өдрүүд жирийн үзэгдэл болно. Харин өмнөд хэсэгт буюу экваторын бүсүүд болоод Өмнөд Европ, АНУ-д жилийн турш хэт халуун, эсвэл хэт хүйтэн биш өдрийн тоо ерөнхийдөө цөөрнө.
Энэ бол гуравдугаар сард Journal of Climate сэтгүүлд нийтлэгдсэн Массачусетсын Технологийн Сургуулийн (MIT) нэгэн инновацлаг судалгааны дүгнэлт юм. Тус судалгаагаар цаг уурын өөрчлөлтийн урт хугацааны нөлөө дэлхийн тодорхой байршлуудад ямар байдлаар илрэхийг таамаглажээ. Ингэхдээ цаг уурын 50 моделийн датаг нэгтгэж, 2100 он гэхэд нэр бүхий байршлуудад “гадуур гарахад таатай” өдрүүдийн тоо хэд байхыг тооцоолохыг зорьсон байна.
Дээрх нэр томъёоны хувьд гадуур үйл ажиллагаа зохиоход агаарын хэм ихэнх хүмүүст тохиромжтой түвшинд (өвлийн спортыг тооцоогүй) байхыг хамруулан ойлгож болно. Үр дагавар нь амьдралын чанар болоод аялал жуулчлалын хувьд асар их.
Ингээд энэхүү “айсуй” өөрчлөлтөөс хохирох, хожих улсууд байж таарах нь.
“ОХУ, Канад болон хойд хэсгийн бусад улсуудын хувьд ирээдүйд гадаа цаг өнгөөрөхөд тааламжтай өдрүүдийн тоо нэмэгдэнэ. Нөгөө талдаа Кот’д Ивуар тэргүүтэй хөгжиж буй орнуудад ийм өдрийн тоо цөөрнө” хэмээн судалгааны багийн гишүүн, MIT-ийн судлаач Ёну Чой онцолж байна.
Хамгийн хүчтэй нөлөө тропикийн бүсүүдэд илрэх бөгөөд Доминиканд тааламжтай цаг агаартай өдрийн тоо 2100 он гэхэд 124-өөр цөөрөх бол Мексик, Энэтхэг, Тайландад мөн ижил өөрчлөлт гарах аж. Өөрөөр хэлбэл тааламжтай цаг агаартай өдрийн тоо 55-86-аар хорогдох юм байна.
Монголд эсрэгээрээ, гэхдээ…
Тэгвэл эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад гадаах үйл ажиллагаа явуулахад тохиромжтой цаг агаар Цельсийн 10 хэмээс 25 хэмийн хооронд гэж үзвэл 2100 он гэхэд нэг жилд тохиох ийм өдрүүдийн тоо одоогийнхоос 16 орчмоор нэмэгдэхээр байгааг дээрх судалгаа харуулж байна. Харин боломжит хамгийн дээд хувилбараар тооцвол 20 хүртэлх өдрөөр ч нэмэгдэж магадгүй аж.
Дулаан, таатай өдрүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь сайхан сонсогдож болох ч Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хамгийн ихээр нэмэгдсэн орнуудын нэгт багтаж буйг санах хэрэгтэй.
НҮБ-ын судалгаагаар сүүлийн 70 жилд Монгол Улсын уур амьсгал цельсийн 2.1 хэмээр дулаарсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтэрсэн шалтгаанаар нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжин доройтжээ.
Түүнчлэн Азийн Хөгжлийн Банкны 2021 онд хийсэн судалгаанаас үзвэл Монгол Улсын агаарын хэмийн дулаарлын түвшин дэлхийн дунджаас хамаагүй илүү буюу энэ зууны төгсгөл гэхэд дундаж агаарын температур хамгийн ихдээ цельсийн 5.3 хэмээр дулаарах төлөвтэй аж. Харин 2050-аад оны үед ган, хуурайшилтаас шалтгаалсан малын хорогдлын тоо 50 орчим хувиар нэмэгдэх тооцоог НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын судалгаанд дурдсан байна.
Xanadu-ийн ахиц
"Хармагтай" зэс-алтны төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашигт малтмалын хайгуул, дараагийн шатны төслүүд гэсэн стратегийн гурван гол чиглэлд нь дорвитой ахиц гарсныг Xanadu Mines компани I улирлын үйл ажиллагааны тайландаа онцолжээ. “Хармагтай” төслийн металлургийн судалгаагаар хүдэр дэх металлын агуулга маш өндөр буюу зэсийн металл авалт 98 хүртэлх хувь, алтны металл авалт 95 хүртэлх хувьтай гарсныг тайлагнасан байна.
Компанийн шинэ төслүүдийн хувьд Завхан аймаг дахь "Сант толгой" зэс-никелийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь онцлох үйл явдал болсныг тэмдэглэжээ. Харин Xanadu-ийн 100 хувь эзэмшдэг, Дорноговь аймагт байршилтай "Улаан уул" зэс-алтны төслийн хайгуулын ажил 5,000 метрийн алмазан өрөмдлөгөөр дахин эхэлсэн байна.
Sponsored
Ажилтнууддаа АПУ-ийн хувьцаа
Шунхлай Группийн бүрэлдэхүүн дэх 30 гаруй компанийн 7,878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3.1 сая ширхэг хувьцааг байршуулж дуусжээ. 30 жилийнхээ ойн хүрээнд тус групп нийт ажилтнууддаа АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн оны XII сард зарлаж байв. Ингэхдээ ажилтнуудынхаа ажилласан нэг жил тутамд 100 ширхэг хувьцаагаар тооцож олгосон байна.
Ингэснээр 7,878 ажилтанд 3,151,501 ширхэг хувьцааг эзэмшүүлж байгаа нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олгосон гэсэн үг юм. Гэхдээ группийн энэ алхам нь зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлд шинэ оролцогчдыг нэвтрүүлэх, компанийнхаа эзэн нь байх, ил тод нээлттэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэж шинжээчид онцолж буй.
АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 2016 он 436 төгрөг байсан бол өдгөө 134.7 хувиар өсөж, 1,023 төгрөгт хүрсэн байна. Шунхлай Групп нь өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт найман чиглэлд жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж байна.
Шинэ элчин сайд
Нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилттэй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой анхаарна гэдгээ Энэтхэг улсаас Монгол Улсад суух шинэ элчин сайд Атул Малхари Готсурвэ Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барих үедээ онцолсон байна. Тус төслийн технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн дулааны цахилгаан станц зэрэг багц ажлуудыг Энэтхэгийн компаниуд гүйцэтгэж байгаа бол газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж буй юм.
Хөрөнгийн захад
“Вояж” цэвэр усыг нийлүүлдгээрээ танигдсан Эм Жи Эл Акуа ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэснээ СЗХ мэдээлэв. Ингэснээр тус компани энэ онд IPO хийх зөвшөөрлөө авсан анхны компани болж байна.
Сэндли ББСБ ХК 2023 онд 6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноосоо хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Харин энэ оны I улиралд тус компани 2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Хятад жуулчид эргэн иржээ
БНХАУ хилээ нээснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд буй энэ үед тус улсын иргэдийн 63 хувь нь дахин олон улсын аялалд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь лхагва гарагт нийтлэгдсэн санал асуулгын үр дүнгээс харагджээ.
Тэдний ихэнх нь өмнөхөөсөө илүү хол газар аялахаар төлөвлөж байгаа бол санал асуулгад оролцогчдын ердөө 10 хувь нь олон улсын аялалд гарах төлөвлөгөөгүй гэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны санал асуулгаар Хятад хэрэглэгчдийн талаас илүү хувь нь гадаадад аялах төлөвлөгөөгүй, 31 хувь нь аялах огт сонирхолгүй байна гэж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт юм.
Хятадын аялагчид эргэн ирэх хүлээлт аялал жуулчлалын салбарт багагүй хугацаанд хадгалагдаж байв. Энэ онд тус салбар дэлхийн эдийн засагт 11.1 их наяд ам.долларын хувь нэмэр оруулж, цар тахлын өмнөх түвшнээ давах төлөвтэй байгаа юм.
БНХАУ-ын Аялал жуулчлалын академи 2024 онд олон улсад аялах Хятад жуулчдын тоо 130 саяд хүрнэ гэж таамагласан нь цар тахлын өмнөх түвшний 84 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. 2019 онд 155 сая гаруй Хятад жуулчид гадаадад 253 тэрбум ам.доллар зарцуулж байжээ.
Онцлох чарт
Adidas компани өнгөрсөн долоо хоногт бүтэн жилийн үйл ажиллагааны ашгийн төсөөллөө 745.4 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхэд гол нөлөөлсөн хүчин зүйл нь өдгөө моодонд ороод буй “Gazelle”, “Samba”, “Campus” зэрэг ретро загварын спорт гутлууд байжээ.
АНУ, Их Британийн жижиглэн худалдааны платформууд дахь “Samba”-ийн нийлүүлэлт нэгдүгээр сараас IV сарын 17-ны хооронд өмнөх оны мөн үеэсээ 354 хувиар өссөнийг зах зээлийн судалгааны EDITED фирм мэдээлжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ өглөө
Чухал ашигт малтмалын аварга компани төрүүлэх боломжтой мега хэлцлийн эргэн тойронд...
Ж.Лауренс: Монгол Улсын логистикийн хүчин чадал хязгаарлагдмал байсан хэвээр байна
Эцэст нь товчхон
МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх “CRJ 700 Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ ням гарагт Ховд аймаг руу хийлээ. Таван жилийн хугацаатай, хуурай түрээсээр авсан тус онгоц 70 хүний суудалтай туд орон нутгийн нислэгийн суудал багтаамжийн тоо өмнөхөөсөө 40 хувиар нэмэгдэж байна.
Aspire Mining компани Овоот коксжих нүүрсний төслийнхөө хүрээнд Хөвсгөл аймагт олон нийтийн хэрэгцээнд зориулагдсан авто замын төсөл хөгжүүлэх эцсийн зөвшөөрлөө авснаа мэдээллээ. Тус компани Хөвсгөл аймагт байрлах “Овоот” коксжих нүүрсний төслийг 100 хувь, “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийн 90 хувийг эзэмшдэг юм.
Өнөөдрийн онцлох зураг
Сэрүүцүүлэх зорилгоор ашиглах том хэмжээтэй мөснүүдийг ачааны автомашинаас буулгаж буй нь - Бангкок, Тайланд
Andre Malerba/Bloomberg