2024/04/29

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. СЕХ: 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.

  2. Чухал ашигт малтмалын аварга компанийг төрүүлэх потенциалтай мега хэлцлийн талаар энэ дугаарт онцоллоо.

  3. Зэсийн үнэ сүүлийн хоёр жилд анх удаа тонн нь 10 мянган ам.доллар давжээ.

Мега хэлцлийн санал

Уул уурхайн зах зээлийг доргиож, зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч компанийг төрүүлэх потенциалтай мега хэлцлийн эхний санал амжилтгүй болоод байна. BHP компани салбарынхаа өөр нэг хүчтэй тоглогч Anglo American-ийг 39 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан ч шинжээчдийн таамгийн дагуу баасан гарагт тус компаниас татгалзсан хариу сонсжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр BHP саналынхаа нөхцөлийг сайжруулахаар судалж байгаа аж.

“Оппортунист” санал

38.8 тэрбум ам.доллароор худалдан авах BHP-ийн саналыг Anglo American-ийн зүгээс "хэт багаар үнэлсэн" гэж үзэж, татгалзсан хариу өгөөд буй.

“BHP-ийн санал нь оппортунист шинжтэй бөгөөд Anglo American-ийн ирээдүйн төлөвийг зохих ёсоор үнэлж чадаагүй” хэмээн Лондонд төвтэй Anglo American компанийн ТУЗ-ийн дарга Стюарт Чэмберс мэдэгдэлдээ онцолсон байна. Мөн санал болгосон хэлцлийн дараах шинэ бүтэц нь маш тааламжгүй нөхцөлтэй, Anglo American болон компанийн хувьцаа эзэмшигчид, оролцогч талуудад тодорхойгүй байдал болон гүйцэтгэлийн томоохон эрсдэл учруулахаар байгааг дурджээ.

Саналд тусгаснаар хоёр компани заавал дагаж мөрдөх гэрээ байгуулж, хэлцлийн өмнө Anglo Өмнөд Африк дахь цагаан алт, төмрийн хүдрийн компаниудад эзэмшдэг хяналтын хувьцаануудаа шилжүүлж өгөх нөхцөлийг багтаасан байв. Өөрөөр хэлбэл компанийн төвөгтэй бүтэц, ӨАБНУ-д гүнзгий хамааралтай байдлаас үүдэж болох сорилтыг арилгахын тулд Anglo-г тус улс дахь хоёр бизнесээ тусад нь гаргах нөхцөл тавьсан байна.

Харин үнийн саналын хувьд Anglo-ийн нэгж хувьцаа тус бүрийг 25.08 фунт стерлингээр үнэлснээ BHP пүрэв гарагт мэдээлсэн юм. Шинжээчид болон зарим хөрөнгө оруулагчид 107 жилийн түүхтэй тус компанийг ширээний ард суулгахад BHP-ийн санал болгосон үнэ хэт доогуур байна гэж үзэж байв.

Яагаад Anglo-г онилов?

Хоёрхон жилийн өмнө Anglo-ийн нэгж хувьцаа бараг 43 фунт стерлингээр арилжаалагдаж байсан ч үйл ажиллагааны болон зах зээлийн томоохон дарамтуудын улмаас түүнээс хойш тасралтгүй унасаар ирсэн юм. Энэ нь бусад компанитай нэгдэх магадлалыг нь нэмэгдүүлж, өөрөөр хэлбэл хэлцлийн “хялбар бай” болгожээ. Компанийн олборлодог гол түүхий эдүүд болох цагаан алт, очир эрдэнийн үнийн уналт гол уурхайнуудынх нь үйл ажиллагааны хүндрэлтэй хавсарснаар байдал улам дордсон байна.

Харин BHP-ийн харж буй гол “хөзөр” нь зэс. Өөрсдийн олборлолтыг Anglo-ийн Өмнөд Америк дахь зэсийн уурхайнуудтай нэгтгэснээр дэлхийн хэмжээнд олборлосон зэсийн нийт нийлүүлэлтийн 10 хувийг бүрдүүлдэг болж, зах зээлд хомсдол үүсэх хүлээлт ид бүрэлдэж буй үед маш том давуу талыг бий болгох юм. S&P Global-ийн судалгаагаар зэсийн жилийн эрэлт 2035 он гэхэд хоёр дахин өсөж, 50 сая тоннд хүрэх тооцоотой байна.

BHP “ирээдүйн түүхий эдүүд”-ээр багцаа арвижуулах зорилт тавьсан нь компанийн сүүлд хийсэн хэлцлүүдээс харагдаж буй. Тухайлбал никелийн олборлолтоо нэмэгдүүлэхээр Norilsk Nickel-ийн Австрали дахь хөрөнгүүдийг худалдаж авсны зэрэгцээ зэсийн зах зээл дэх нөлөөгөө тэлэхээр OZ Minerals-ийг худалдаж аваад байгаа.

Харин Anglo-г нэгтгэх санал нь BHP-ийн дэлхийн уул уурхайн хамгийн компанийн байр суурийг бэхжүүлээд зогсохгүй эрчим хүчний шилжилтэд металлын салбарын гүйцэтгэх үүргийг тодорхойлох чухал ашигт малтмалын аварга компани бий болгох боломжтойг BloombergNEF-ийн Уул уурхай, металл хариуцсан тэргүүн Кваси Ампофо онцолжээ.

BHP саналаа сайжруулах уу?

Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар BHP хэлцлийг амжилттай болгохын тулд нэгж хувьцаанд санал болгосон үнээ 30 фунт стерлингээс дээшлүүлэх шаардлагатай болж магадгүй. Тэр тусмаа Rio Tinto, Glencore зэрэг компаниуд Anglo-г авах санал тавьсан тохиолдолд BHP саналаа сайжруулах магадлал маш өндөр аж. Мөн хэлцэлтэй холбоотой монополын асуудлаар зохицуулагч байгууллагын хяналт шалгалт BHP-ийг чиглэх боломжтой.

Зэс $10 мянга давав

Дэлхийн зэсийн уурхайнууд ногоон шилжилтээс үүдэх эрэлтийг хангахад хүндрэлтэй тулгарах хүлээлт бий болоод буй энэ үед зэсийн үнэ 2022 оноос хойш анх удаагаа тонн нь 10 мянган ам.доллар давлаа. Баасан гарагийн арилжаагаар зэсийн фьючерс үнэ Лондоны металлын биржид 1.4 хүртэлх хувиар өссөн нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших дээд дүн болсон байна. Ингэснээр зэсийн үнэ он гарсаар 17 хувиар өсөөд байна.

Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжсэний зэрэгцээ олборлогдсон зэсийн нийлүүлэлтэд хомсдол үүсэх дохионууд ажиглагдаж эхэлсэн нь сүүлийн саруудын өсөлтөд нь түлхэц болжээ. Зэсийн шинэ уурхайнуудад дорвитой хөрөнгө оруулалт татахын тулд тус металлын үнэ тонн нь 12 мянган ам.долларт хүрэх шаардлагатай гэсэн байр суурийг BlackRock фирм өмнө нь илэрхийлж байв.

Үйлдвэрлэл буурав

Баяжуулах үйлдвэрт дамжуулах системд гарсан хүндрэлтэй холбоотойгоор Оюу Толгой ХХК-ийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл эхний улиралд төлөвлөгөөнөөс 11 хувиар доогуур байжээ. Компани тайлант хугацаанд нийт 46 мянган тонн баяжмал дахь зэс, 42.7 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.

Мөн нэгдүгээр улирлын байдлаар татвар, хураамж, бусад төлбөрт 629 тэрбум төгрөг төлснөөр дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө нь хоёр их наяд төгрөгт хүрчээ.

AI, геологийн хослол

Хайгуулын салбарт хиймэл оюун ашиглан дата өгөгдөл тайлбарлах, боловсруулах үйл явцыг хурдасгаж, боломжит нөөц хаана байршиж байгааг урьдчилан таамаглах боломжтойг Стэнфордын их сургуулийн профессор, KoBold Metals компанийн зөвлөх Жеф Каерс Bloomberg TV Mongolia-д өгсөн тусгай ярилцлагадаа онцолж байлаа.

“Миний төлөвлөгөө бол Монгол Улсад юу болж байгааг ажиглах. Зэсийн арвин нөөцтэй, мөн литийн нөөц ч сайтай байх боломжтой тул Mineral X, KoBold Metals компаниуд Монгол Улсыг сонирхож байна. Монголд маш олон боломж бий. Бидний хэлдгээр түүхэд бэлэн жимс зөндөө байна. Тэдгээрийн нэг нь зайнаас тандан судлал. Өөрөөр хэлбэл хиймэл дагуул ашиглан дата цуглуулж, ашиглах юм. Газар нутгийг бүхэлд нь бүрхсэн их ой мод Монголд байхгүй. Тэгэхээр хиймэл дагуулаар дата цуглуулах нь амар” хэмээн тэрбээр дурдсан юм.

Онцлох чарт

Баасан гарагт Японы төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр зах зээлд арилжааг идэвхжүүлснээр дараа иений ханш тухайн өдрийн доод цэгээс дээд цэгийн хооронд огцом савлалаа. Төв банкны тэргүүн Казүо Уэда одоохондоо мөнгөний бодлогоо зөөлөн хэвээр хадгалах дохио өгсний дараа иений ханш ам.долларын эсрэг 34 жилийн доод түвшиндээ хүрч сулраад байв.

Иений ханш энэ он гарсаар 10 хувиар унаж, “10-ын бүлэг”-ийн валютууд дундаас хамгийн сул үзүүлэлттэй нь болоод байгаа. Тус улсын бодлого боловсруулагчид энэхүү уналтыг сааруулахад шаардлагатай арга хэмжээг авахаа удаа дараа анхааруулж, төв банк нь зах зээлд ойрын хугацаанд интервенц хийнэ гэсэн спекуляц зах зээлд үүсээд буй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Ирэх 10 жилд литийн эрэлт 2020-2021 оны түвшнээс 40 дахин нэмэгдэх төлөвтэй байна

  • Д.Камероны айлчлалаар ИБУИНХУ Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдлаа

Эцэст нь товчхон

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 онд тээвэрлэсэн ачаа нэг сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 дахин өсжээ. Тээвэрлэсэн ачаанд нүүрс, сайжруулсан түвшний түүхий эд, нефтийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл орлогоо тогтвортой байлгах чиглэлд боловсруулах үйлдвэрүүд, аж үйлдвэрийн зургаан парк байгуулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, гаргаснаа мэдээллээ.

Өнөөдрийн онцлох зураг

Shenzhou-18 сансрын хөлгийг Өвөр Монгол дахь Жюцуань хиймэл дагуулын хөөргөлтийн төвөөс хөөргөж буй нь - ӨМӨЗО, БНХАУ

AFP/Getty