2024/04/26

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. МИАТ ТӨХК AerCap компаниас хоёр дахь Boeing 787-9 загварын агаарын хөлгөө хүлээн авлаа.

  2. BHP компани 107 жилийн түүхт Anglo American-ийг 39 тэрбум ам.доллароор өөртөө нэгтгэх санал тавьжээ.

  3. BlackRock: Шинэ төслүүдэд томоохон хөрөнгө оруулалт татахын зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.долларт хүрэх шаардлагатай.

Дэвид Камероны айлчлал

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Гадаад харилцааны түүхэнд тодоор бичигдэх айлчлалуудын буухиаг үргэлжлүүлж буй түүний айлчлал ямар ач холбогдолтойг харцгаая.

Амбицтай тойрон айлчлал

Их Британийн Ерөнхий сайдын албыг зургаан жил хашсан, дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Дэвид Камероны айлчлал нь Их Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 11 жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог.

Тэрбээр Төв Азийн 5 орон ба Монгол гэсэн хуваарьтай тойрон айлчлал хийж байгаа бөгөөд тус бүс нутагтай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж, Британийн бизнесүүдэд хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлахын сацуу бүс нутгийн орнуудын бие даасан, хараат бус байдлыг дэмжихэд 50 сая фунт стерлингийн шинэ санхүүжилт олгохоо зарлахаар байгааг Их Британийн ЗГ-аас онцолсон байна.

Тэрбээр уг айлчлалынхаа өмнө Их Британи хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлж буй тухай, мөн нээлттэй байдал, хууль дээдлэх ёс нь хөрөнгө оруулалтыг татах үндэс болдог зэрэг мессежүүдийг багтаасан нийтлэл бичжээ.

Айлчлалын хүрээнд талууд хоёр орны харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн гурван баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал, ховор металлын чиглэлд хамтран ажиллах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгүүд багтжээ.

Британийн хөрөнгө оруулалт нэмэгдсээр

Сүүлийн таван жилийн хугацаанд Их Британиас Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, 2023 оны III улирлын байдлаар 684 сая ам.доллар болсныг ҮСХ-ны мэдээллээс харж болохоор байна. Британийн хөрөнгө оруулалттай 152 компаниас 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 15.5 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Харин хоёр орны худалдааны нийт эргэлт 2023 онд 65.7 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оноосоо 19 орчим хувиар нэмэгдсэн дүн болжээ. Тэгвэл төгрөгийн фунт стерлингтэй харьцах ханш 2023 оны VII сарын 13-нд 4,510 нэгж буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн сул цэгтээ хүрснээс хойш 7 хувиар чангарсан дүр зурагтай байна.

Монгол Улс бүх хүний сонирхлыг татах эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Аялал жуулчлалын салбараа орхигдуулахгүйгээр хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч орон болох бололцоотой. Өнөөдрийг хүртэл Их Британиас Монголд ирэх жуулчдын тоо хангалттай их байж чадахгүй байгаа. Харин энэхүү айлчлал хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлэхэд түлхэц болж байна. Тэгээсэй ч гэж би хүсдэг. Түүнийг Монголд ирж байгаад би баяртай байна.

Монгол, Их Британи хоёр улс газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш боловч технологиор дамжуулан харилцаагаа хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, энд бидэнд чадавх нь байна, жишээ нь эндхийн нэг компаниар дамжуулан Монголын талаас компани, үйлчилгээ эсвэл эрдэм шинжилгээний институтын аль нь ч байсан түншилж Монгол улсын зорилго тэмүүлэлд хэрхэн нийцүүлж ажиллах вэ гэдгээ тодорхойлно. Тэгэхээр чадавх нөөц бололцоог хослуулснаар хоёр талд ашигтай харилцааг бий болгох маш томоохон боломж байна гэж би харж байна.

Австри, Монголын санамж бичиг

Д.Камероны айлчлалаас гадна өчигдөр Австри, Монголын бизнес уулзалтын үеэр хоёр орны худалдааны аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд бизнесээ дараагийн үеийнхэндээ шилжүүлэн үлдээх, мэргэжлийн болон техникийн мэргэжил сургалт, шүүх, худалдааны чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд өргөжүүлэх потенциал өндөр байгааг БНХАУ, Монголд хавсран суугаа элчин сайд Андреас Рикен онцолж байв. Тус улсын хөрөнгө оруулалтын хувьд 2020 оноос хойш тогтмол буурч, 2022 онд Австриас хөрөнгө оруулалт орж ирээгүй дүр зурагтай байгаа юм.

Хоёр дахь 787

МИАТ ТӨХК агаарын тээврийн түрээсийн Aercap компаниас хоёр дахь Boeing 787-9 загварын агаарын хөлгөө хүлээн авлаа. Эхний хөлгөө өнгөрсөн оны наймдугаар сард хүлээн авч байсан тус компани “Мөнх хаан” хэмээн нэрлэсэн шинэ хөлгөөрөө 2024 оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Агаарын тээврийн нислэгийн цар хүрээ, давтамж нэмэгдэх нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын өсөлтөд чухал ач холбогдолтойг салбарын төлөөлөгчид онцолж байлаа. Өнгөрсөн онд Монгол Улс 650 гаруй мянган жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.3 тэрбум ам.долларт хүрснээр орлого нь тэрбум ам.долларын босго давсан Монгол Улсын хоёр дахь том салбар болсон юм.

Зах зээл доргиох хэлцэл

Дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP салбарынхаа өөр нэг аварга болох 107 жилийн түүхт Anglo American-ийг 38.8 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьжээ. Уг хэлцэл амжилттай болбол тус салбарт сүүлийн арваад жил байгаагүй том өөрчлөн байгуулалт хийгдэж, хоёр компанийн нийлсэн зэс олборлолтын хэмжээ бусад өрсөлдөгчдийнхийг хол хаях юм.

Саналд тусгаснаар хоёр компани заавал дагаж мөрдөх гэрээ байгуулж, Anglo American-ийн бүх хувьцааг BHP худалдан авахын сацуу хэлцлийн өмнө Anglo Өмнөд Африк дахь цагаан алт, төмрийн хүдрийн компаниудад эзэмшдэг хяналтын хувьцаануудаа шилжүүлж өгөх нөхцөл тусгагджээ. Мөн компанийн нэгж хувьцаа тус бүрийг 25.08 фунт стерлингээр үнэлж байгааг BHP мэдээлсэн нь Anglo-ийн одоогийн хувьцааны ханшаас 14 хувиар өндөр дүн юм.

Танилц! Цахилгаан G-Class

Mercedes-Benz компани туулах чадвар сайтай алдарт G-Class автомашиныхаа цахилгаан хөдөлгүүртэй загварыг албан ёсоор танилцууллаа.

G-580 EQ нэртэй тус загвар нь дотоод шаталтат хөдөлгүүртэй хувилбарынхаа хэрэглэгчдэд дасал болсон дизайн, онцлогуудыг хадгалжээ. Түүнчлэн дугуй тус бүрдээ буюу нийт дөрвөн цахилгаан мотортой, 581 морины хүчтэй, замын нөхцөл байдлаас үл хамааран нэг цэнэглэлтээр 470 км зайг туулах хүчин чадалтай байх аж.

Цахилгаан G-Class-ийн үнэ 142 мянган евро буюу 152 мянга орчим ам.доллароос эхэлж байгаа бол цөөн тоогоор гаргах “Edition One” хувилбарынх нь үнэ 192 мянган еврогоос эхэлж байна. Харьцуулбал бензин хөдөлгүүртэй G-Class-ийн үнэ 143 мянган ам.доллароос эхэлдэг ч зарим хувилбарууд нь 350 мянган ам.доллар ба түүнээс дээш үнэтэй байдаг.

Үзүүлэлтийн хувьд 0-100 км/цагийн хурдыг 4.7 секундын дотор авдаг нь одоогийн G-550 загвараасаа ойролцоогоор 1 секундээр бага боловч цахилгаан хөдөлгүүрийн онцлогоос шалтгаалж дээд хурд нь 180 км/цагаар хязгаарлагдах аж.

Онцлох чарт

Зэсийн шинэ уурхайнуудад дорвитой хөрөнгө оруулалт татахын тулд тус металлын үнэ тонн нь 12 мянган ам.долларт хүрэх шаардлагатай гэсэн байр суурийг BlackRock фирм илэрхийллээ. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногийн дээд түвшнээсээ дахин 20 хувиар өсөх хэрэгтэй гэсэн үг юм.

Үүнээс гадна одоогийн зэсийн нийлүүлэлт нь БНХАУ-ын сул эрэлтийг ч хангаж дийлэхгүй байгаа тул ногоон шилжилтийн гол суурь болсон тус металлын үнэ зайлшгүй өсөх шаардлагатай гэж тус сангийн мэргэжилтэн үзжээ. Сүүлийн байдлаар зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар орчимд буюу сүүлийн хоёр жилийн дээд түвшиндээ ойрхон арилжаалагдаж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Meta” санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааных нь ханш 19 хувиар буурлаа

  • Жижиг хувьцаа эзэмшигчид Говь ХК-ийн санал болгосон үнээр хувьцаагаа худалдах үүд нээгдэв. Гэхдээ...

Эцэст нь товчхон

ЗТХЯ: Энэ онд зам тээврийн салбарт улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 2.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй авто зам, барилга угсралтын 13 төсөл 48 хувьтай хэрэгжиж буйг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Өнөөдрийн онцлох зураг

Толгод дээрх салхин турбинууд - Альберта муж, Канад

James MacDonald/Bloomberg