2024/04/25

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Говь ХК-ийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах шийдвэрийн талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Премиум Нексус ХК-ийн (CU) цэвэр алдагдал эхний улиралд 9.3 тэрбум төгрөгөөр буурчээ.

  3. БНХАУ-ын импортлогчдын Оросоос нүүрс авах сонирхол буурч, илүү хямд эх үүсвэрүүдийг илүүд үзэх болжээ.

Говь ХК анхаарал татав

Өнгөрсөн оны есдүгээр сард “Мон бийф” хувьцаа эзэмшигчдээсээ хувьцаагаа буцаан худалдан авахаа зарлаж хаалттай компани болсон нь Монголын хөрөнгийн захад ховор тохиолддог үйл явдал байлаа. Учир нь IPO хийснээсээ хойш төд удалгүй ийм шийдвэр гаргасан юм. Тэгвэл энэ удаа “Таван Богд”-ын хөрөнгө оруулалттай өөр нэг компани болох “Говь” ХК мөн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргалаа.

Юу болов?

Говь ХК-ийн ТУЗ нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь болох Таван Богд Холдингс ХХК-д бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхийг олгохоор шийдвэрлэснийг МХБ мэдээлэв. Таван Богд Холдингс-ийн эзэмшлийн хувь гуравдугаар сард хийгдсэн багцын арилжаагаар 75 хувийг давсан тул Компанийн тухай хуулийн дагуу дээрх эрхийг хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Эргэн сануулахад, Таван Богд Холдингс Говь ХК-ийн 34 хувийг эзэмшдэг байсан Японы Hide Inter компаниас нийт эзэмшдэг хувьцааг нь 65.6 тэрбум төгрөгөөр худалдан авч байв. Ингэснээр Говь ХК-ийн 85.29 хувь нь монгол хөрөнгө оруулагчийн эзэмшилд шилжсэн юм. Жижиг хөрөнгө оруулагчдын тоо өөрчлөгдөөгүй гэж үзвэл үлдсэн 14.71 хувийг нийт 23,988 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа гэсэн үг аж.

Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнийг 268.26 төгрөгөөр тогтоосон нь Говь ХК-ийн хувьцааны сүүлийн ханшаас 0.6 хувиар өндөр дүн болж байна. Мөн хувьцааг худалдан авах саналын дуусах хугацааг зургаадугаар сарын 5-наар тогтоожээ.

Заавал худалдах албагүй

Мон бийф ХХК-ийн хувьд хэлбэрээ өөрчлөх зорилгоор хувьцаагаа буцаан худалдан авсан бол Говь ХК нь хуулийн дагуу буцаан худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэдгээрээ ялгаатай аж. Тиймээс компанийн жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдаалах эсэх нь өөрсдийнх нь эрхийн асуудал бөгөөд заавал худалдах албагүй гэдгийг Таван Богд Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ онцолсон юм.

Таван Богд Холдингс ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Говь ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа худалдан авах санал гаргасан. Харин жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Заавал худалдах үүрэг байхгүй. Үүнийг Мон Бийф компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, биржийн бүртгэлээс хассантай ижилтгэн ойлгох нь өрөөсгөл юм.

Дашрамд дурдахад Говь ХК бүрэн хувьчлагдах үе буюу 2007 оны I сард хувьцааны ханш 17.5 төгрөг байсан бол одоо 260 төгрөг болсон байна. Төгрөгөөр 15 дахин өссөн бол ам.доллараар 5 дахин өссөн гэсэн үг. Монголын үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж, 17 жилийн хугацаанд эзэмшлээ дахин өсгөж, эцэст нь амжилттай гарч чадсан гадаадын хөрөнгө оруулагчид олон биш болов уу.

Дээрх шийдвэрийг гаргаснаар Говь ХК мөн хэлбэрээ өөрчилж ХХК болохоор төлөвлөж байна уу гэсэн таамаг үүсээд буй. Тэгвэл компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн ханш өнөөдөр компанид буцааж зарах ханштай ойролцоо тул жижиг хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа зарахгүй байх магадлал өндөр болохыг Ти Ди Секьюритис ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Билэгжаргал тодотголоо.

Олон нийтийн эзэмшлийн хувь болон хөрөнгө оруулагчдын тоо буурах болно. Компани өөрсдийн ирээдүйн ажиллагаандаа итгэлтэй байх, зах зээл дэх хувьцааны ханш бодит үнэ цэнээс бага байгаа гэж үзэх, мөн олон нийтийн хараа хяналтыг бууруулах, цаашид хаалттай компани болох үүднээс ч тус шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

Компани алдагдалтай ажиллаж байсан, эх үүсвэрийн бүтэц асуудалтай зэрэг шалтгаанууд бий. Гэхдээ Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн гол тоглогч, олон улс дахь тэлэлт зэрэг компанийн ирээдүйн үйл ажиллагаанд итгэн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид хувьцаагаа алдагдалтай зарах нь тохиромжгүй байгаа юм.

Д.Камероны мессежүүд

ИБУИНХУ-ын гадаад хэргийн сайд Дэвид Камерон өнөөдөр Монгол Улсад албан айлчлалаа эхлүүлэхээр байгаа. Тэрбээр Төв Азийн 5 орон+Монгол гэсэн хуваарьтай тойрон айлчлал хийж байгаа бөгөөд тус айлчлалын талаараа нийтлэл бичжээ. Тус нийтлэлээс эдийн засагтай холбоотой зарим гол мессежүүдийг тоймлон хүргэвэл:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн аюул нэмэгдэж байгааг Казахстан, Монголд болсон хүчтэй үер сануулж байна.

  • Их Британи улс хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлж байна.

  • Нээлттэй байдал, хууль ёсыг дээдлэх нь хөрөнгө оруулалтыг татдаг.

Алдагдал буурав

CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг Премиум Нексус ХК оны эхний улиралд цэвэр алдагдлаа өмнөх оны мөн үеэс 9.3 тэрбум төгрөгөөр бууруулсны сацуу 110.9 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан нь 56 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хуучин Сэнтрал Экспресс Си Ви Эс нэртэй байсан тус компани тайлант хугацаанд CU-ийн 6 салбар шинээр нээж, нийт дэлгүүрийн тоо нь 375 болсныг тайландаа онцолсон байна.

₮7.2 их наяд

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийг тоогоор илэрхийлбэр дээрх дүн гарч байна. Тус үзүүлэлт эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэсээ 13.6 хувиар өсжээ.

Уул уурхайн олборлолт 14.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 9.9 хувиар өссөн нь салбарын нийт өсөлтөд гол түлхэц болсон байна.

Заавал зар!

АНУ-ын Сенатын танхим TikTok-той холбоотой хуулийн төслийг дэмжсэнээр Хятадын ByteDance компанид TikTok-ийн эзэмшлээ шилжүүлж өгөх нэг жилийн хугацаа олгож, эс бөгөөс тус аппыг АНУ-д бүрэн хориглохоор боллоо. Ингэснээр энэхүү хориг нь АНУ-ын хэрэглэгчдийн хувьд тус улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр заалтаар хамгаалагдсан үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж буй эсэхтэй холбоотой маргаан улам хурцдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хуулийн төсөлд тусгасны дагуу Сенаторууд TikTok-ийг 170 сая гаруй Америк хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулсан, мөн Хятад улс үзэл суртлын зорилгоор ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.

Оросууд Дубайд

Хоёр жилийн өмнө Кремль Украинд эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш ОХУ-ын олон мянган иргэн Дубай хотод иржээ. Цэрэг татлага, эдийн засгийн хүндрэлээс зугтсан тэд Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засгийн төвд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, Москва дахь бизнесийнхээ салбарыг нээх, эсвэл зүгээр л шинэ амьдрал эхлүүлэхээр яарцгаасан байна.

Ингэхдээ Оросууд АНЭУ-ыг өөрсдийн эх орон шигээ болгохоор хичээжээ. Тэд Дубайн хорооллуудад шинэ уур амьсгал бүрдүүлж, өдгөө тэнд Dodo Pizza, Angel Cakes зэрэг Оросын иргэдэд хэдийн танил болсон үйлчилгээний газрууд нээгдсэн байх жишээтэй.

Мөн өвлийг давж, хавартай золгосныг тэмдэглэдэг Зүүн Славын уламжлалт "Масленица" баярыг гуравдугаар сард Дубай дахь Оросууд нижгэр тэмдэглэсэн байна. Bloomberg Markets-ийн Лео Скрябины Дубай хотоос бэлтгэсэн фото сурвалжилгаас үргэлжлүүлэн уншаарай.

Онцлох чарт

Импортын татвар, логистикийн хүндрэлийн нөлөөгөөр Азийн нүүрсний гол импортлогч БНХАУ-ын Оросоос нүүрс авах сонирхол буурч, илүү хямд эх үүсвэрүүдийг илүүд үзэх болжээ. Өмнө нь тэглээд байсан нүүрсний импортын тарифаа Бээжин эргэн сэргээснээр ОХУ-ын экспорт эхний улиралт 22 хувиар буурч, харин өрсөлдөгч нийлүүлэгчдийн экспорт өссөн байна.

Өндөр өртгөөс гадна ОХУ-ын төмөр замын тээвэрлэлтийн тарифын нэмэгдэл, мөн Украин дахь дайныг санхүүжүүлэх зорилгоор Кремлиэс экспортын татвараа нэмэгдүүлсэн зэрэг нь тус улсын нүүрсний өрсөлдөх чадварт нөлөөлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

СЕХ: Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейварденаг IV.24-нд хүлээн авч уулзлаа. Сонгуулийн шударга байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд хуурамч мэдээ мэдээлэл, хаягийг бүртгэж, устгах, тархалтыг бууруулах талаар санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцав.

Өнөөдрийн онцлох зураг

БНХАУ-ын “Inceptio Technology” стартапын хөгжүүлсэн автомат жолоодлоготой ачааны автомашинууд - Жинань, Шаньдун муж

Qilai Shen/Bloomberg