2024/04/24

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. "Баян хөндий" төслийн бүтээн байгуулалтын явц I улирлын байдлаар 14.5 хувьтай байгааг MMC тайландаа онцолжээ.

  2. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Монголд айлчлахаар болсныг эх сурвалжууд мэдээллээ.

  3. НSBC-ийн эдийн засагч: Монголын хувьд далайд гарцгүй байх нь заавал саад бэрхшээл байх албагүй

Компаниудын тайлангаар сонин хачин?

МХБ-д бүртгэлтэй компаниуд оны эхний улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудаа ирүүлж эхлээд байна. Мөн гадаадын биржид бүртгэлтэй, Монголд олборлолт хийдэг компаниуд ч 2024 оныг хэрхэн эхлүүлснээ танилцууллаа. Тэдгээрээс онцлох тоо баримтууд юу байв?

“Газар шим”-ийн цэвэр ашиг

Дотоодын үйлдвэрлэгч Газар шим үйлдвэр ХК оны эхний улиралд 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 7.7 орчим хувиар өссөн дүн болжээ. Мөн компанийн борлуулалтын орлого 11 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.8 орчим хувиар өссөн байна.

Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн түүхий эдийн өртөг 25 хувиар, цалингийн зардал 38 хувиар өссөн хэдий ч үйлдвэрлэлийн оновчтой зохион байгуулалт, бүтээгдэхүүний гарцын нэмэгдлээс гадна 2021 онд байсан үйлдвэрлэлийн өртгөө хэвээр хадгалсан нь ашгийн өсөлтөд нөлөөлснийг компани онцолсон байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа энэ сарын 27-нд зарлаад байгаа тус компанийн хувьцааны ханш жил гаруйн өмнө IPO хийснээсээ хойш 9 хувиар буурсан хөдөлгөөнтэй байна. Мөн компани өнгөрсөн оны цэвэр ашиг болох 7 тэрбум төгрөгийнхөө 80 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд буй.

MMC ба “Баян хөндий”-н явц

Mongolian Mining Corporation компани оны эхний улиралд 2.1 сая тонн угаасан коксжих нүүрс боловсруулсан нь өмнөх оны мөн үеэсээ 47 хувиар өссөн үзүүлэлт болсныг аудитлагдаагүй тайландаа мэдээлжээ. Харин компанийн олборлосон нийт нүүрсний хэмжээ 3.56 сая тонн байсан нь жилийн өмнөхөөсөө 8 хувиар бага боловч өмнөх улирлаасаа 16 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

MMC өнгөрсөн онд Erdene Resource Development компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, "Баян хөндий" алтны төслийн хөгжүүлэгч Эрдэнэ Монгол компанийн 50 хувийг эзэмшиж эхлээд буй. Тэгвэл өнгөрсөн I сард хэлцлийг амжилттай дуусгавар болгож, стратегийн түншлэл хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг тайландаа мөн дурджээ.

Нийт 476 мянган унц алт гарган авах төлөвлөгөөтэй "Баян хөндий" уурхайн бүтээн байгуулалтын явц I улирлын байдлаар 14.5 хувьтай байгаа бөгөөд “Эрдэнэ Монгол” тайлант хугацаанд уурхайн талбайг байгуулах, боловсруулах үйлдвэрийн суурийг тавих гэх мэт эхэн шатны ажлуудаа дуусгажээ.

Xanadu-ийн металлургийн судалгаа

Xanadu Mines компани БНХАУ-ын Zijin Mining компанитай хамтран хэрэгжүүлж буй зэс, алтны Хармагтай төсөлдөө хийсэн металлургийн шинэ судалгааны үр дүнгээ танилцууллаа. Хөвүүлэн баяжуулах аргаар хийсэн судалгаагаар зэсийн хүдрийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай буюу маш сайн үр дүнтэй гарсныг онцолжээ. Мөн эрдэсжсэн хүдрийн биетийн том ширхэгт хаягдал материалын эзлэх түвшин 43.8 хувь гарсан байна.

Эрдэсжилт ийнхүү чанартай байснаар боловсруулсан хүдрийн тонн тутамд зарцуулагдах ус, эрчим хүч багасахын зэрэгцээ үйлдвэрийн нийт хүчин чадал сайжирч, гарц нэмэгдэх давуу талтайг дурдсан байна. Xanadu Mines 2024 оны IV улирлаас олборлолт хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд “Хармагтай” төслийнхөө зэс, алтны өндөр эрдэсжилттэй бүсээ өргөтгөхөөр хайгуулын өрөмдлөг үргэлжлүүлж байгаагаа оны эхээр мэдээлж байсан юм.

Д.Кэмерон Монголд айлчилна

ИБИУНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Монгол болон Төв Азийн улсуудад айлчлахаар байгааг эх сурвалжууд мэдээллээ. Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг 2010-2016 оны хооронд хашиж, “Брексит”-ийн санал хураалтыг анх эхлүүлж байсан дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг тэрбээр ийнхүү барууны удирдагчдын Монголд хийж буй айлчлалын буухиаг үргэлжлүүлж байна.

Мөн терроризмтой тэмцэх асуудлаас эхлээд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Төрийн өндөр албан тушаалтнуудтай албан уулзалт хийхээр төлөвлөжээ.

HSBC-ийн эдийн засагч юу гэв?

Хятадын эдийн засагтай Монгол Улс нягт холбоотой байдаг учраас Азийн бүс нутгийн интеграц эцэстээ Монголын эдийн засагт хөгжлийн олон боломжийг бий болгоно хэмээн HSBC банкны Азийн ахлах эдийн засагч Фредерик Ньюман Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцоллоо. Түүний үзэж байгаагаар хэдий Монгол Улс далайд гарцгүй ч Азийн өсөлтөөс хүртэхэд автозам, агаар, төмөр замын харилцан холболт хангалттай гарц болж өгөх аж.

“Далайд гарцгүй байх нь заавал саад бэрхшээл байх албагүй. Засгийн газрын үр дүнтэй бодлогоор газарзүйн сул талуудыг давж гарч чадна. Худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай дэд бүтцээр хангаж, хүн капиталыг мэргэжлийн сургалтаар дэмжихэд чиглэсэн засгийн газрын идэвхтэй бодлого маш чухал. Эдгээр бүрэлдэхүүнүүд ганц газарзүйн байршил гэдэг хүчин зүйлээс илүү их нөлөөтэй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Зэсийн биржийн арилжаа эхэлнэ

Зэсийн баяжмалын анхны цахим арилжааг дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулахаар болжээ. Эхний арилжаагаар 22.3 хувийн агуулгатай нийт 3000 тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2,141.83 ам.доллароос эхлэн дуудаж арилжаалах аж.

Энэ оны төсөвт 1.5 сая тонн зэсийг тонн тутамд 9,000 ам.доллароор арилжихаар тусгаад байгаа ч эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн нийт баяжмалын 5-10 хувийг зарах боломж байгааг УУХҮЯ-наас мэдээлж байв.

Жилийн $38 их наядын хохирол

2049 он гэхэд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засагт жилдээ 38 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулна гэж Подстамын уур амьсгалын нөлөөг судлах институтын (PIK) судлаачид тооцоолсон байна. Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш хүний үйл ажиллагаанаас улбаалсан хүлэмжийн хийн ялгарал дэлхийг дунджаар цельсийн 1.1 хэмээр дулааруулжээ. Ингэснээр цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд 7 их наяд орчим ам.долларын хохирол учирсныг Bloomberg Intelligence тооцоолж байв.

Тэр дундаа дэлхийн дулааралд багахан нөлөө үзүүлсэн хөгжингүй орнууд хамгийн их хор хохирол амсаж байна. Судалгаанаас үзвэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлсөн улс орнуудын орлогын түвшин өндөр орлоготой улсуудынхаас 60 хувиар илүү буурах таамагтай байгаа аж.

Боба цайны тэрбумтнууд

Та боба цайнд дуртай юу? Тапиока гэдэг цардуултай наалдамхай бөмбөлгөөр (“bubble” буюу “боба”) дүүрэн нялуун амтат ундаанд ухаангүй дурладаг мянганыхан болон Z үеийнхэн олон бий. Өсөн нэмэгдэж буй энэхүү хандлага нь сүүлийн хэдэн жилд БНХАУ-д хэд хэдэн тэрбумтныг төрүүлж, цаашдаа ч асар их хөрөнгийн үүдийг нээхээр байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-ын гурав дахь том боба цайны сүлжээ Baicha Baido компани 300 сая ам.доллар босгохоор хувьцаагаа нээлттэй арилжаалж эхлээд байна. Уг IPO нь 11 дүгээр сараас хойш Хонконгийн биржид хийгдсэн IPO-нуудаас хамгийн өндөр дүнтэй нь болсон ч харамсалтай нь арилжаа эхэлсэн даруйд хувьцааны ханш нь 38 хувиар унажээ.

Үүсгэн байгуулагч эхнэр, нөхөр Ван Сяокунь болон Лю Вейхун нарын компанидаа эзэмшдэг 73 хувьтай тэнцэх хувьцааг тооцвол IPO-ийн дараа тэдний хөрөнгө 2.7 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.

Онцлох чарт

Apple компанийн iPhone гар утасны БНХАУ дахь борлуулалт гуравдугаар сараар эцэслэгдсэн улиралд 19 хувиар буурсан нь цар тахал эхэлсэн 2020 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт нь болжээ. Ингэснээр Apple компани ухаалаг утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн маш ширүүн тус зах зээлд эзлэх хувиараа гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэгч Huawei-тэй маш ойрхон бичигдэж эхэлснийг Counterpoint онцолсон байна.

Хэрэглэгчийн худалдан авалт идэвхэждэг Сар шинийн баяр болсон улиралд Apple-ийн борлуулалт ийнхүү буурсан байхад Huawei-ийн борлуулалт эсрэгээрээ бараг 70 хувь өссөн нь анхаарал татаж байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Эрэлт байгаа ч зэсийн уурхайнуудад асар их мөнгө шаардагдаж байна. Асуудал үүгээр дуусахгүй...

  • Bank of America: Хиймэл оюун нь ирээдүйд компаниудын ашиг орлогын гол эх үүсвэр болно

Эцэст нь товчхон

ГХЯ: Иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгох талаар Тайландын талаас нааштай шийдвэр гаргасныг мэдэгдэж, хоёр талын дотоод процедурыг эхлүүлэхэд хамтран ажиллахаар тогтов.

ҮСХ: Нийгмийн даатгалын сангаас өндөр настнуудад олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээ болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Үндэсний хувцасны дэлгүүрт бараа сонирхож буй худалдан авагчид - Шилийн Хот, ӨМӨЗО

Bloomberg