- Business newsletter
- Posts
- 2024/04/23
2024/04/23
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Зэсийн эрэлт өсөхөөр байгаа ч өндөр өртөг, чанга зохицуулалтын уршиг юу байх талаар энэ дугаарт онцоллоо.
Говь ХК-ийн I улирлын алдагдал өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсжээ.
Юнител группийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2023 онд 61 хувиар өсөж, сүлжээний 6 станц тутмын 1 нь СЭХ-ээр ажилладаг болжээ.
Эрэлт байвч саадууд байсаар
Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч компаниудын төлөөлөл жил бүр болдог чуулга уулзалтаа энэ сарын 15-наас 17-ны хооронд Чилийн Сантьяго хотод хийхдээ баяр тэмдэглэх шалтгаантай байлаа. Учир нь зэсийн үнэ өнгөрсөн онд 6 хувиар өссөн байхад лити болон никелийн үнэ аль аль нь хоёр оронтой тоогоор унажээ.
Дэлхийн дулааралд хөтөлдөг шатах түлшийг халах зорилготой эрчим хүчний шилжилтэд эдгээр гурав бүгд голлох үүрэгтэй. Гэхдээ зэс нь цэнэг хураагуураас гадна орон сууцны сантехник, автомашин, цахилгаан холболт гээд олон чухал зүйлд ашиглагддаг нь дээрх үнийн өсөлтөд түлхэц болжээ.
ЗГ-ууд, бизнесүүд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тусам хамгийн консерватив шинжээчид ч зэсийн эрэлт дараагийн 10 жилд 30 гаруй хувиар өснө гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн зэс олборлолтын салбар гарцаа хангалттай хэмжээнд өсгөхөд олон саадтай тулгарсан хэвээр. Нийгмийн болон байгаль орчны хяналт шалгалт чангарч, зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа уртассанаар насжилт нь дөхөж буй уурхайнуудыг орлох шинэ ордуудыг илрүүлж, хөгжүүлэхэд улам хэцүү болжээ.
Эдгээр бүгд нь зэсийн төслийг өртөг өндөртэй, хугацаа их авдаг, бас санхүүжүүлэхэд хүндрэлтэй болгож байна.
Чилийн уурхайн түүх
Нийлүүлэлтийг хумьж буй хүчин зүйлсийн давхцалыг илүү ойроос харахын тулд Чилийн нийслэлээс хойд зүгт 1,000 гаруй км зайд байдаг, бүр Х.Колумбын өмнөх үеэс зэс олборлож ирсэн Чукикаматагийн уурхайг авч үзье. 950 гаруй га талбайтай уг уурхайгаас олборлосон зэс нь Чили улсыг тус металлын нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч, Өмнөд Америкийн хамгийн хөгжингүй улсуудын нэг болоход нөлөөлсөн юм.
100 жил гаруй үргэлжилсэн олборлолтын дараа уурхайн хүдэр дэх зэсийн агууламж эрс багассан тул Чилийн төрийн өмчит Codelco компани уурхайн гүнд буй баялгийг гарган авахаар шийдэж, орчин үеийн гүний уурхай нээх төлөвлөгөөг 20-иод жилийн өмнө боловсруулжээ. Эхэндээ тус компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна. Харин 2014 онд компанийн ТУЗ төслийн гэрээнд гарын үсэг зурах үед энэ дүн 4.2 тэрбум болон өссөн байлаа. Ингээд зогссонгүй 2019 оны тууз хайчлах ёслолын үеэр бүр 5.5 тэрбумд хүрсэн байна. Ийнхүү сүүлийн байдлаар, дэд бүтцийн зардлыг оруулж тооцвол нийт 7 тэрбум ам.доллар хүрсэн нь Codelco-ийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болжээ.
Чукикаматагийн уурхай, Чили
Зардлын энэхүү “тэсрэлт”-ийн цаана инженерчлэл болон геологийн нарийн төвөгтэй асуудал байжээ. Ил уурхайн яг доогуур 144 км урт туннель барих нь тийм ч амар ажил биш аж. Үүнээс гадна төлөвлөлт, гүйцэтгэлийн зарим алдаа ч байв. Гүний уурхай хэдийгээр 2019 онд нээлтээ хийсэн ч дээрх хүндрэлүүдийн нөлөөгөөр олборлолт нь бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа дөрвөн жилээр хойшилж, 2030 он болсон байна.
40 төслийн 31 нь саатсан
Дэлхий дахинд аваад үзвэл шинээр уурхай байгуулахтай холбоотой сорилтууд улам бүр яггүй болж байна. Нөөцийг нээж илрүүлснээс анхны баяжмал гаргах хүртэл шаардагдах нийт хугацаа сүүлийн хэдэн жилд дунджаар 4 жилээр уртсаж, 14 жил болсныг Bloomberg Intelligence мэдээлж буй. Харин газрын тосны салбарт өөр дүр зураг харагдаж буй бөгөөд Гайана улсын ойролцоо буюу далайн гүнд орших ордуудад олборлолт явуулж эхлэхэд ердөө 5 жилийн хугацаа орж байгаа юм.
Дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн уурхайнуудын нэг өнгөрсөн 12 дугаар сард үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Панамын ЗГ-ын шийдвэрийн үр дүн байв. Энэ нь ч зэсийн үнийн өсөлт бусад түүхий эдүүдийнхээс давах нэг шалтгаан болсон билээ.
Дэлхий даяар хэрэгжиж буй зэсийн 40 төслийн 31 нь нийгэм, байгаль орчин, эдийн засаг болон зохицуулалттай холбоотой томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа гэсэн анализыг Торонтод үйл ажиллагаа явуулдаг Flashpoint Capital банк гаргаад байна. Тухайлбал тэдгээр төслүүдэд тулгамдсан зарим асуудал ихээхэн бэрхшээл дагуулахаар хэмжээний, тухайн төслийн хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэхээр түвшнийх байгааг тус банкны партнер Колби Минтрам онцолжээ.
Энэ мэт хүндрэлүүд нь шинэ төсөл хэрэгжүүлэх уул уурхайн компаниудын сонирхлыг бууруулж магадгүй юм. Goldman Sachs-ийн тооцооллоор зэсийн нийлүүлэлтийн хомсдол жилийн дүнгээр 8 сая тонн хүрэх ба энэ асуудлыг шийдэхийн тулд уул уурхайн салбар ирэх 10 жилийн хугацаанд 150 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай аж. Зэсийн үнэ тонн нь $10,000 давснаар энэ нөхцөл бүрдэнэ гэж Trafigura Group-ийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр өнгөрсөн долоо хоногт Чилид болсон нэгэн хурлын үеэр хэлсэн юм.
Харин Лондонд төвтэй судалгаа, зөвлөх үйлчилгээний CRU фирмийн хувьд зэсийн эрэлтийн талаар бусад фирмүүдийг бодвол илүү сөрөг төсөөлөлтэй байгаа ч нийлүүлэлтийн талын хүндрэлүүд тулгарах эрсдэлийг хүлээн зөвшөөрч буй. Уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж, нөөц ихтэй орд ховордож байгаа бөгөөд ирээдүйд хэрэгжих төслүүдийн ⅓ нь Конго тэргүүтэй улс төр болон зохицуулалтын хувьд өндөр эрсдэлтэй улсууд болон бүс нутагт байршилтай байна.
Тээврийн салбарын төлөөлөгч
Монложистикс Холдинг ХК-ийн орлого эхний улиралд өмнөх оны мөн үеэс 28 хувь өсөж, 51 тэрбум төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд тус компани 257 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар дүн болсон байна. IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 80 хувийг вагоны худалдан авалтад зарцуулахаар төлөвлөсөн тус компани 2025 оноос ОХУ-аас худалдан авалтаа эхлүүлэхээр байгааг Гүйцэтгэх захирал нь мэдээлж байв.
“Говь”-ийн алдагдал
Говь ХК I улиралд 6.6 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт болов. Мөн борлуулалтын орлого нь 13.4 хувиар буурч 35.5 тэрбум төгрөг болсон байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний гол экспортлогчдын нэг тус компани 2024 онд гадаад зах зээлд маркетингийн зардлаа бууруулж, брэндинг рүү чиглэсэн маркетинг түлхүү хийхээр төлөвлөжээ.
Мөн энэ онд борлуулалтын өсөлтөөс илүү ашигт ажиллагааг сайжруулахад анхаарч байгаагаа онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор маркетингийн зардал I улиралд өнгөрсөн оны мөн үеэс 68 хувиар буурч, борлуулалт нь 69 хувиар буурсныг тайлагнасан байна.
Sponsored
ESG ба манлайлал
2020 онд олон улсын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар нүүрстөрөгчийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 45 хувиар бууруулах зорилт тавьж байв. Дэлхийн банкны сүүлийн тайлангаас харвал мэдээлэл технологийн салбар нүүрстөрөгчийн нийт ялгарлын 1.7-оос доошгүй хувийг бүрдүүлж байгаа аж.
Тэгвэл 2023 оны Тогтвортой байдлын тайлангаа танилцуулаад байгаа Юнител групп өнгөрсөн онд 1,302 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чадсан нь 2022 онтой харьцуулахад 60 хувиар огцом өссөн үзүүлэлт болсон байна. Түүнчлэн тус компанийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2023 онд өмнөх оноосоо 61 хувиар өсжээ.
“Өдгөө Юнителийн сүлжээний 6 станц тутмын 1 нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж байгаа. Өнгөрсөн онд бид СЭХ-ний чиглэлд 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Цаашдаа ч энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Улсын хэмжээнд эрчим хүчний хомсдол тулгамдсан асуудал болж байгаа энэ үед бидний энэ алхам эерэг хувь нэмрээ оруулсан гэж бодож байна” хэмээн Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа мэдээлсэн юм.
Тогтвортой байдлын тайлагналын ач холбогдол, энэ чиглэлд салбартаа манлайлж буй компаниудын сайн жишгийг бид "Ногоон Ирээдүй" тусгай хөтөлбөрөөр онцоллоо. Хөтөлбөрийг ЭНД дарж бүтнээр нь үзээрэй.
Байгаль хамгаалалд $198 сая
Засгийн газар, Монголын Байгалийн өв сан, The Nature Conservancy байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд ЗГ-т 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын санхүүжилт олгох аж.
Ингэснээр малчин өрхийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийн 21 хувийг эзэлдэг тусгай хамгаалалттай газар нутгийг 30 хувь болгон нэмэгдүүлэхээр зорих юм. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарахад гол түлхэц болно гэдгийг оролцогч талууд онцолж байна.
Тансаг барааг хямд үнээр
Иений ханш цар тахлын өмнөх үеэсээ 45 хувиар суларч, тансаг зэрэглэлийн брэндүүд уг өөрчлөлтийг даган үнийн тохируулга хийгээгүй байгаа нь яг одоо Японд чамин бараа бүтээгдэхүүнүүдийг харьцангуй хямд үнээр авах ховорхон боломж бүрдүүлээд байна. Тухайлбал "TAG Heuer Carrera" бугуйн цаг Токиод татваргүй барааны 10 хувийн хөнгөлөлтийг оруулаад 785 мянган иен буюу 5,087 ам.доллароор зарагдаж буй нь Нью-Йорк дахь үнээсээ даруй 1,350 ам.доллароор хямд байгаа юм.
Энэхүү хэмнэлтийн боломж нь дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчдыг татахын зэрэгцээ тэдний зарим нь ашгийн төлөө тансаг бүтээгдэхүүн дамлан худалдаалах зорилгоор Японыг зорих болжээ.
Японы төв банк өнгөрсөн сард иений ханшийг дэмжихийн тулд 2007 оноос хойш анх удаагаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч хөрөнгө оруулагчид Япон болон АНУ-ын хүүгийн түвшний зөрүү удаан хугацаанд хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаа юм. Сүүлийн байдлаар иен ам.долларын эсрэг 34 жилийн доод түвшиндээ арилжаалагдаж байна.
Онцлох чарт
I улирлын байдлаар Монгол Улс 18.1 сая тонн нүүрс экспортолсон нь сард дунджаар 6 сая тонн нүүрс гаргаж байна гэсэн үг. Энэ эрчээ хадгалбал жилийн эцэст 72 сая тонн нүүрс экспортлох боломжтойг ТиДиБи Секьюритис ҮЦК-ийн шинжээч Б.Билэгжаргал онцоллоо. Хэдий тийм боловч нүүрсний үнэ 2021 оны оргил үеэсээ огцом буурсан, сүүлийн саруудад мөн уруудах чиг хандлагатай байгаа тул нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны дээд түвшнээ давтсан ч орлогын хувьд хангалттай хэмжээнд байж чадахгүй байх боломжтойг тэрбээр мөн сануулсан юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав
П.Хант: Нүүрстөрөгчийн хийн ялгарлаа халах нь уул уурхайн салбарт томоохон сорилт болно
Эцэст нь товчхон
ҮСХ: Эхний улиралд 324 иргэн хөдөлмөрийн гэрээгээр гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж, тоо нь өмнөх улирлаасаа 23.7 хувиар өсжээ. Эдгээрээс 312 нь буюу 96 хувь нь БНСУ-д, үлдсэн хэсэг нь Японд гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна.
Өнөөдрийн онцлох зураг
Альпийн нурууны бэлд идээшилж буй үхэр сүрэг - Бавари, ХБНГУ
Krisztian Bocsi/Bloomberg