2024/04/22

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Ирээдүйн Өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл батлагдав.

  2. Дэлхийн хамгийн том баялгийн сан 2024 оны I улиралд $110 тэрбумын ашиг олжээ.

  3. Сингапурын “Чанги” дэлхийн шилдэг нисэх буудлын байр сууриа Катарт алдлаа.

Баялгийн сангийн хууль батлагдав

УИХ-аар Засгийн газраас нэн яаралтай горимоор батлуулахаар өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Гурван сантай байна

Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад нийт 40 гишүүн оролцож 39 нь дэмжсэнээр газрын баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш шударга хүртээх зорилготой гэгдэж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдав.

Сангийн хөрөнгийн удирдлагын тухайд Үндэсний баялгийн сангийн хөрөнгө Монголбанканд байрших бол удирдлага, санхүү, менежментийн аливаа шийдвэрийг зөвхөн УИХ гаргахаар тусгасан байна. Харин бүтцийн хувьд дараах гурван сангаас бүрдэх юм.

  • Ирээдүйн өв сан: Орлого хуримтлуулж, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх

  • Хөгжлийн сан: Ирээдүйд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ

  • Хуримтлалын сан: Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт гэсэн нийгмийн ач холбогдолтой төслүүдэд зарцуулагдана

Өөрөөр хэлбэл 2016 онд батлагдсан хуулиар бий болж байсан Ирээдүйн өв сан дээр нэмж хоёр сан байгуулахаар тусгажээ. Ирээдүйн өв сангийн хуримтлал зөвхөн валютаар хадгалагдахаар хуульчлагдаж байгаа бол Хуримтлалын сантай болсноор жилд 500-700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцжуулалт руу оруулах боломж бүрдэхийг Ерөнхий сайд онцолж байлаа.

Стратегийн ордын тухай

Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан стратегийн ордуудыг дагасан үүсмэл ордын ойлголтыг хамруулсан байна. Тухайлбал, "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, үүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших" гэж тусгасныг УИХ-ын ЭЗБХ-ны дарга онцолсон.

Ингэснээр Оюутолгой төсөлд хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэнтэй холбоотой өр авлага үүсэхгүй байх боломжтой гэж үзжээ.

Сангийн ил тод байдлын талаар онцлох заалтуудыг харвал:

  • Удирдлага, менежментийг УИХ-аар хэлэлцүүлнэ.

  • УИХ-аас гарсан холбоотой шийдвэр, тайланг ажлын 10 хоногт иргэдэд мэдээлнэ.

  • Иргэд өөрийн нэрийн дансны мэдээллийг аппликейшн ашиглан тогтмол авна

$110 тэрбумын ашигтай сан

Норвегийн баялгийн сангийн толгой компани болох "Norges Bank Investment Management" эхний улиралд хөрөнгө оруулалтаасаа нийт 110 тэрбум ам.доллар буюу 6.3 хувийн өгөөж хүртсэнээ пүрэв гарагт мэдээллээ. Харьцуулбал өнгөрсөн оны эхний улиралд 7.9 хувийн өгөөж хүртэж байжээ.

Нэгдүгээр улирлын үзүүлэлтийг нь задалж харвал хувьцаануудаас авсан өгөөж нь 9.1 хувьтай байсан бол тогтмол орлогын хэрэгслүүдээс 0.4 хувийн алдагдал хүлээсэн байна. Ингэснээр өгөөжийн жишиг зорилтоосоо 0.1 нэгж хувиар дутсан бөгөөд шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын сул үзүүлэлттэй холбоотойг тайлбарлажээ. Тухайлбал эзэмшдэг үл хөдлөхүүдээсээ 0.5 хувь, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээс 11.4 хувийн алдагдал хүлээсэн аж.

Тус сан нь Норвегийн газрын тос, байгалийн хийн олборлолтын орлогоор хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Сүүлийн байдлаар нийт 8,900 компанид хувьцаа эзэмшиж байгаа нь дэлхий даяар биржид бүртгэлтэй бүх хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг гэсэн үг юм.

Сангийн хөрөнгийн хэмжээг Норвегийн иргэн бүрд хувааж тооцвол нэг хүнд 283 мянган ам.доллар оногдох юм.

Хөрөнгө оруулалтын багцад нь багтдаг хамгийн өндөр дүнтэй хувьцаанууд гэвэл Microsoft, Apple, Nvidia гэсэн компаниудын хувьцаа байна. Харин технологийн бус салбараас гэвэл эм үйлдвэрлэгч Novo Nordisk-д хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшдэг.

Сангийн өнгөрсөн улирлын нийт өгөөжийн тэн хагасыг нь технологийн салбарын хувьцаанууд бүрдүүлснийг бөгөөд хиймэл оюуны бизнесүүдийн өсөлт, эдийн засгийн таатай төлөв, бодлогын хүү буурах хүлээлт үүнд голлон нөлөөлснийг тодотгожээ.

Аялал жуулчлалын төсөв

Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын төсөв 4.9 тэрбум төгрөг байсан бол 2024 онд тус албарт 13 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 3.1 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй зээлд зарцуулагдахаар байгаа аж. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн байршуулах үйлчилгээ, ариун цэврийн байгууламж гэх мэт зочлох үйлчилгээний салбарын зээлийн хүүгийн татааст зарцуулахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн юм. Мөн зам дагуу буудаллах цэгүүд болон отоглох газруудыг шинээр нээхэд ААН-үүдэд 18 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоо онцолж байв.

Шилдэг нисэх буудлууд

"Дэлхийн шилдэг нисэх буудал" хэмээх нэр хүндтэй байр суурийн төлөөх уралдаанд сүүлийн жилүүдэд Сингапурын "Чанги" ба Катарын "Хамад" гэсэн хоёр л өрсөлдөгч ана мана өрсөлддөг болоод байгаа.

Тэгвэл энэ онд тэргүүлэгчийн байр солигдож, 12 удаагийн аварга "Чанги" Ойрх Дорнодын өрсөлдөгчдөө Skytrax-ийн жил бүр тодруулдаг тус эрэмбийн тэргүүн байрыг алджээ. Skytrax World Airport Awards 2024-т Азийн нисэх буудлууд хүчтэй байж, Сөүлийн "Инчон" гуравдугаарт бичигдсэний сацуу гэр бүлд хамгийн ээлтэй нисэх буудлаар тодорсон бол Токиогийн "Ханеда" болон "Нарита" дөрөв болон тавдугаар байрыг авсан байна.

Харин цар тахлаас үлдсэн хүндрэл нь арилж, зорчигчдын тоо нэмэгдсэний ачаар Хонконгийн нисэх буудал энэ оны эрэмбэд 22 байр ахиж, 11 дүгээрт бичигджээ.

Европ тивээс Парисын "Шарль де Голь", Мюнхен, Цюрих, Истанбулын нисэх буудлууд бүгд Топ-10 дотор багтсан бол АНУ-ын нисэх буудлуудаас хамгийн сайн үзүүлэлттэй нь болох "Сиэтл-Такома" зургаан байр ухарч 24 дүгээрт жагссан байна.

Онцлох чарт

Netflix компани 2024 оны эхний улиралд шинээр 9.33 сая хэрэглэгчтэй болсноо тайлагнасан нь шинжээчдийн таамаглаж байсан 4.84 саяас бараг хоёр дахин илүү үзүүлэлт болжээ. Дэлхийн өнцөг булан бүрд Netflix-ийн хэрэглэгчдийн тоо өссөн бөгөөд АНУ, Канадад хамгийн олон хэрэглэгч нэмэгдсэн байна.

Хэрэглэгчид ийнхүү олширсон нь компанид борлуулалт болон орлогын төсөөллөө давуулан биелүүлэхэд дэмжлэг болов. I улиралд тус компани 9.37 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамагласан 9.26 тэрбум ам.доллароос мөн давжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Өнөөдрийн онцлох зураг

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Музаффарнагар дүүргийн сонгуулийн санал хураах байранд саналаа өгч буй иргэд

Prakash Singh/Bloomberg