- Business newsletter
- Posts
- 2024/04/19
2024/04/19
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Энэ сард хийгдэхээр байгаа Биткойны “halving” үйл явц болон криптовалют олборлогчдын хиймэл оюуны салбар дахь боломжийн талаар онцоллоо.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
TSMC компанийн цэвэр ашиг сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаагаа өслөө.
Биткойн болон AI уулзах цэгт
Биткойны бизнесийг үүрд өөрчлөх чадалтай тогтсон хуваарьт үйл явц айсуй. Дөрвөн жил тутамд болдог “halving” хэмээх үйл явц нь энэ онд тус криптовалютын олборлогчид өөр нэг халуухан технологи болох хиймэл оюуныг сонирхож эхэлж буй үетэй давхцахаар байна.
Halving гэж юу вэ?
1800-аад оны “алтны халуурал”-ын үетэй харьцуулахад өнөөдөр алт олборлолтын салбар маш их өөрчлөгдсөн. Он жилүүд өнгөрөх тусам дэлхийн алтны нөөц багасаж, шинэ орд илрүүлэхэд улам хэцүү болж байна. Биткойн ч гэсэн үүнтэй ижил байдлаар загварчлагджээ. Өөрөөр хэлбэл тус криптовалютын гүйлгээнд гаргах токений тоо нь тогтмол байдаг.
21 сая
Энэ бол бүх цаг үед оршин байх боломжтой нийт Биткойны тоо. Үүний 19 сая гаруйг нь аль хэдийн олборложээ. “Halving” буюу “хагаслах” гэдэг нь Биткойны хязгаарлагдмал нөөцийг удирдаж, ховордол бий болгох зориулалттай механизм юм. Дөрвөн жил тутамд нэг удаа “halving” хийгдэхэд ирээдүйд олборлогдох Биткойны бүх блокоос олох урамшуулал буюу орлого 50 хувиар багасдаг. Нэг л өдрийн дотор олборлогчдын гаргаж авах Биткойн, түүнээс олох орлого нь хагаслагдана гэсэн үг.
“Halving” нь Биткойны хувьд зах зээлд бүхэлд нь зохицуулалт хийж, илүү үр ашигтай болгодог жам ёсны үзэгдэл гэж болно. Энэ нь тус криптовалютыг эзэмшигчдэд таатай үр дүнтэй байж болох ч олборлогчдод багагүй хохирол учруулна. Гэхдээ өмнө нь хийгдсэн бүх “halving”-ийн дараа Биткойны үнэ бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэн тогтоосон тул олборлогчдыг үргэлжлүүлэн олборлохоос өөр аргагүй байдалд хүргэж байв. Тиймээс олборлолтыг ашигтай хэвээр хадгалахын тулд Биткойны үнэ өсөх ёстой. Эс бөгөөс энэ нь хэт өндөр өртөгтэй бизнес болно.
AI салбар дахь боломж
Өртгийн ихээхэн хувийг эзэлдэг нэг зүйл нь олборлогчдын ашигладаг технологи, төхөөрөмжүүд юм. Биткойн олборлолт нь тасралтгүй үргэлжлэх процесс тул төхөөрөмжүүд, программ хангамжаа хэдэн сар болоод л шинэчилж, бусдаас илүү хурдтай олборлолт хийж чадах хамгийн сүүлийн үеийн загвараар солих ёстой.
Олборлолтын компаниуд хуучин төхөөрөмжөө ихэвчлэн агуулахад хадгалж, Биткойны үнэ хангалттай өсөх үед дахин ашиглана гэж найддаг бол зарим нь зүгээр л хаягдал металл болгон зардаг. “Halving” нь олборлолтыг мэдээж улам хэцүү болгох тул шинэ өртгөөр үйл ажиллагаа явуулахад төхөөрөмжүүд нь хэт хоцрогдоно гэсэн шалтгаанаар тус бизнесээс бүрэн гарсан компаниуд ч олон бий.
Borealis Data Center, Исланд
Тэгвэл өнөөгийн хиймэл оюуны технологид шаардагддаг компьютер тооцооллын нүсэр хэрэгцээ нь Биткойн олборлогчдод дээрх өндөр зардал, савлагаа, тодорхойгүй байдлын эрсдэлийг бууруулах маш том боломж олгож байна. Өмнө нь олборлолт хийж байсан зарим компаниуд хүчирхэг төхөөрөмжүүд, дата төв гэсэн хоёр давуу талаа ашиглан зогсолтгүй томорсоор буй хиймэл оюуны моделиудыг сургах бизнес рүү шилжжээ.
Тэдгээрийн нэг нь саяхан Исландын алслагдмал нутагт шинэ дата төвөө нээсэн Bit Digital компани юм. Компани Биткойн үргэлжлүүлэн олборлож, төхөөрөмжүүдээ шинэчлэхийн хажуугаар хиймэл оюуны салбарын үйлчлүүлэгчдэд компьютер тооцооллын хүчин чадлаа санал болгож байгаа аж.
“Үйлчлүүлэгч маань ChatGPT-тэй төстэй технологи бүтээж байгаа. Үүний тулд их хэлний модель хэмээх бааз суурь хэрэг болно. Бидний хувьд Nvidia-ийн үйлдвэрлэсэн төхөөрөмжийг худалдан авч, тооцооллын хүчийг нь үйлчлүүлэгчдээ түрээсэлдэг” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Табар онцолсон байна.
Хууль батлагдахад ойртов
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэжээ. Тухайлбал "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасан. Үүний 20 хувийг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй" гэж үзсэн байна.
Хаалгаа барьсаар
Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо Монгол Улсад 2020 оноос хойш өссөөр иржээ. ҮСХ-ны мэдээллээс харвал бүртгэлтэй 240.8 мянган хуулийн этгээдийн 59.4 хувь нь энэ оны эхний улиралд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тэдгээрийн 66.7 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон дүр зурагтай байна.
2023 онд Монголын бизнесийн орчны үнэлгээ цар тахлын өмнөх үеэс 8 хувиар буурсныг МҮХАҮТ-ын судалгаа харуулсан. Бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр хомс, маргаан шийдвэрлэх байдал хангалтгүй, Монголд гадаад худалдаа эрхлэхэд хүндрэлтэй зэргээр бизнес эрхлэгчид дүн тавьжээ.
Нүсэр төсөл, нүсэр санхүүжилт
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед ибн Салманы санаачилсан футурист хотын "Neom" төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор төслийн удирдагч компани риялаар нэрлэгдсэн бонд гаргахаар төлөвлөж буйг ойрын эх сурвалж мэдээлжээ. Тус компани бондынхоо арилжаанд зөвлөх үйлчилгээ авахаар HSBC, Al Rajhi Bank, Saudi National Bank тэргүүтэй банкнуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Үндэсний мөнгөн тэмдэгтээр нэрлэгдсэн тус бонд нь 1.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх боломжтой бөгөөд энэ оны хоёрдугаар хагасаас арилжаа нь эхэлж магадгүйг мөн мэдээлсэн байна.
Саудын Арабын баруун хойд хэсгийн элсэн цөлд 1.5 их наяд гаруй ам.долларын өртгөөр баригдах Neom төслийн гол хэсэг нь 170 км урт үргэлжилсэн "The Line" нэртэй байгууламж байх юм. Шугам хэлбэртэй тэрхүү байгууламжийн голд хотын бүх үйл ажиллагааг багтаахын сацуу аж үйлдвэрийн бүс, боомтууд, аялал жуулчлалын бүсүүдийг мөн байгуулахаар төсөлд тусгажээ.
TSMC-ийн сэргэлт
Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC компанийн цэвэр ашиг сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаагаа өслөө. Зах зээлд хиймэл оюуны технологийн эрэлт өндөр байснаар компанийн цэвэр ашиг оны эхний улиралд 7 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүнээс гадна компанийн борлуулалтын орлого 2022 оны XI сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн нь хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдэж байгааг илтгэж байна.
Nvidia, Apple компаниудын үндсэн гэрээт үйлдвэрлэгч нь болох TSMC-ийн хувьд II улирлын борлуулалтын орлого нь 30 гаруй хувиар өсөж, 19.6-20.4 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Харин жилийн нийт дүнгээр орлого нь энэ онд дор хаяж 20 хувиар өснө гэсэн төсөөллийг өнгөрсөн I сард гаргаж байв.
Онцлох чарт
2023 онд БНХАУ-ын цахилгаан автомашины экспортоос олсон орлого нь үүргэвч, цүнх, тавилга, скутерийн экспортын орлогоос ч бага байжээ. Харин ухаалаг утас, зөөврийн компьютер нь тус улсад хамгийн их экспортын орлого төвлөрүүлсэн бараа бүтээгдэхүүн болсон байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Google Израилтай байгуулсан $1.2 тэрбумын гэрээг нь эсэргүүцсэн ажилтнуудаа ажлаас нь чөлөөлжээ
Оюутолгойн зэсийн олборлолт I улиралд 8% өсөж, хүдэр буулгуурын тоо нь 99 хүрчээ
Эцэст нь товчхон
Bloomberg Intelligence: 2022 онд 30 их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн дэлхийн БОНЗ-ын сангуудын удирддаг хөрөнгө 2030 он гэхэд 40 их наяд ам.доллар давах төлөвтэй.
2024 оны эхний улиралд Улаанбаатар төмөр зам ХНН 8.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Тэр дундаа нийт 2.7 сая тонн ачаа экспортолсны 98.5 хувийг БНХАУ руу гаргажээ.
Өнөөдрийн онцлох зураг
Газын зурвасын хилийн ойролцоо ажиллагаанд оролцож буй Израилын хуягт тээвэрлэгч
Kobi Wolf/Bloomberg