- Business newsletter
- Posts
- 2024/04/18
2024/04/18
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Оюутолгойн зэсийн олборлолт оны эхний улиралд 8 хувиар өсжээ.
Tesla-ийн хувьцааны ханшийн уналт үргэлжилсээр зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллароос доош оров.
Нийслэл таван жилийн хугацаатай бонд гадаад зах зээлд гаргаж, гэр хорооллын орон сууцжуулалтыг санхүүжүүлнэ.
Шинэ нь одоохондоо ашигтай
Одоо байгаа уурхайн төслийг худалдаж авахаас илүүтэй шинэ уурхай нээх нь үнэ цэний хувьд илүү ашигтай байгаа талаар Rio Tinto компанийн Зэсийн группийн захирал, мөн компанийнхаа Арилжаа хариуцсан шинэ захирлаар саяхан сонгогдоод буй Б.Болд байр сууриа илэрхийлсэн байна. Энэхүү мэдэгдэл нь уурхайн компаниуд хоорондын хэлцэл эргэн идэвхэжнэ гэсэн хүлээлттэй байгаа салбарын ажиглагчдын урмыг хугалж магадгүй юм.
Гэхдээ дэлхий даяар хайгуулын үйл ажиллагаа буурч, шинэ төсөл эхлүүлэх санхүүжилт дутагдалтай хэвээр байна. Тухайлбал зэсийн уурхайн талбайг тогтоохоос эхлээд хүлээлгэн өгөх хүртэлх шинэ төсөл хөгжүүлэх дундаж хугацаа өдгөө арваас дээш жил байгааг CRU өмнө нь тооцоолж байв.
Бидний хувьд гол анхаарлаа хандуулах чиглэлүүд бол органик өсөлт, нийлүүлэлтийн өсөлтөөс гадна одоогийн үйлдвэрлэлийг нь худалдаж авахаас илүүтэй шинээр түншлэл үүсгэх боломжтой төслүүд байх юм. Хэдийгээр төслүүдийг шинээр хөгжүүлэхэд илүү өртөгтэй, цаг хугацаа их шаарддаг болж байгаа ч одоо байгаа уурхайг худалдан авахаас хямд хэвээр байна.
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Rio Tinto ирэх таван жилийн дотор зэсийн олборлолтоо 700 мянгаас нэг сая тонн болгож өсгөх зорилт тавьсан бөгөөд Монгол Улс болон АНУ-ын Юта муж дахь төслүүдийн тэлэлт нь энэхүү өсөлтийг жолоодох гол хүчин зүйлс байх юм. Ингээд тус компанийн өчигдөр танилцуулсан 2024 оны эхний улирлын тайлангаас Оюутолгойн онцлох үзүүлэлтүүд болон бусад анхаарал хандуулах үйл ажиллагаануудыг нь багцлан хүргэе.
Оюутолгой эхний улиралд
Rio Tinto-ийн олборлосон зэсийн хэмжээ эхний улиралд 156 мянган тонн буюу өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол ОТ-н зэсийн олборлолт энэ хугацаанд 8 хувиар өсөхөд гүний уурхайн олборлолт эрчимтэй үргэлжилсэн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд ОТ-н гүний уурхайгаас 1.3 сая тонн хүдэр гарган авсан бөгөөд зэсийн дундаж агууламж нь 1.67 хувьтай байжээ. Харин ил уурхайгаас 0.39 хувийн дундаж агууламж бүхий 9 сая тонн хүдэр олборлосон байна. Дээрх өсөлт нь компани 2028-2036 оны хооронд ОТ-н ил, далд уурхайгаас олборлосон зэсийн хэмжээгээ 500 мянган тоннд хүргэх төлөвлөгөөтэй нийцэж байгааг онцолжээ.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд Панель-0 хэсэгт өнгөрсөн улиралд 13 хүдэр буулгуур шинээр ашиглалтад оруулснаар нийт хүдэр буулгуурын тоо 99 болсныг онцолсон байна. Мөн агааржуулалтын 3 ба 4-р босоо амны нэвтрэлтийн гүн 1,076 метр ба 1,150 метрт тус тус хүрснийг дурджээ. Тэдгээр нь хоёул 2024 оны сүүлийн хагаст ашиглалтад орохоор байгаа аж. Мөн ОТ-н хоёр дахь анхдагч бутлуурын бүтээн байгуулалтын ажил 2023 оны XII сард эхэлсэн бөгөөд 2025 оны сүүлээр дуусах товтой байна.
Төмрийн хүдэр ба гангийн эрэлт
Тэгвэл Rio Tinto-ийн өөр нэг гол үйлдвэрлэл болох төмрийн хүдрийн нийлүүлэлт I улиралд өмнөх оны мөн үеэсээ 5 хувиар буурчээ. БНХАУ-д эдийн засгийн сэргэлт жигд бус, мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь уналттай хэвээр байгаа нь үүнд нөлөөлснийг компанийн зүгээс онцолжээ.
Оны эхний гурван сард Rio Tinto компани 78 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь шинжээчдийн дундаж таамаг болох 79.1 сая тонноос бага дүн болсон байна.
Орон сууцны зах зээлийн сунжирсан хүндрэл гангийн эрэлтэд сөргөөр нөлөөлж буйтай холбоотойгоор БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд өнгөрсөн сард гарцаа бууруулсан байна. Гуравдугаар сарын гарц 88.3 сая тонн байсан нь өмнөх оноосоо 7.8 хувиар буурсан үзүүлэлт болсныг БНХАУ-ын статистикийн товчоо мэдээлжээ.
Нийслэлийн гадаад бонд
Нийслэл таван жилийн хугацаатай гадаад бонд гаргах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцууллаа. Бондын хөрөнгийг гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох Сэлбэ дэд төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм байна. Мөн дараагийн ээлжид дотоодод 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбум төгрөгийг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгоход зарцуулахыг Нийслэлийн засаг дарга мэдээлж байв.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар” бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлогдсон билээ.
Шинэ бирж мэндлэв
Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гурав дахь мэргэжлийн байгууллага болох Чингис Хаан хөрөнгийн бирж нээлтээ хийж, анхны арилжааныхаа цанг цохилоо. Шинэ биржээр арилжаалагдаж буй анхны бүтээгдэхүүн нь “Бид Ассет” ТЗК-ийн 15 тэрбум төгрөг татан төвлөрүүүлэх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна.
Экспортын зорилт 30%
Эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэсний өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өссөн үзүүлэлт болов. Тэр дундаа авто тээврээр тээвэрлэсэн нийт ачааны 97.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эзэлжээ. Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт оны эхнээс IV сарын 7 хүртэлх байдлаар 19 сая тонн хүрсэн нь энэ жилийн нүүрсний экспортын зорилт 30 гаруй хувийн биелэлттэй байна гэсэн үг юм.
Нохойгоо орхихгүй гэвэл…
Нохойтойгоо хамт онгоцоор зорчиход бэрхшээл их, тийм боломж ч бага. Жижиг нохой бол зориулалтын торонд хийгээд суудлынхаа доор тавьж болно. Харин том биетэй бол ачаа руу илгээхээс өөр аргагүй бөгөөд энэ нь эздэд тийм ч таатай сонголт бус.
Тэгвэл нохойдоо ихээхэн мөнгө зарцуулах чадамжтай үйлчлүүлэгчдийн хувьд энэ асуудлыг нь шинээр байгуулагдсан “Bark Air” агаарын тээврийн компани нохойг эзэнтэй нь хамт тээвэрлэх үйлчилгээгээрээ шийдвэрлэхийг зорьж байна. Тодруулбал дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн зорчигчид “Gulfstream 550” онгоцонд тийз захиалж, нохойтойгоо хамт гол кабинд суун зорчих боломжтой болжээ.
Тус компанийн АНУ дотор хийх нислэгийн нэг талын тийзийн үнэ 6,000 ам.доллароос эхлэх бол олон улсын нэг талын нислэгийнх нь үнэ 8,000 ам.доллар байх юм байна.
Хүндрэл үргэлжилсээр
2024 оныг тааруухан эхлүүлсэн Tesla компанийн хувьцааны ханшийн уналт үргэлжилсээр зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллароос доош орж буурчээ. Энэ долоо хоногт Tesla дотроо нэлээн өргөн хүрээг хамарсан цомхотгол хийсэн нь компанийн өсөлт хэрхэн саарч буйг тодотгосон үйл явдал болсон. Компанийн хувьцаа энэ онд S&P 500 индекст уналтын дүнгээрээ хоёрдугаарт бичигдэж, улмаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгөнөөс 290 тэрбум ам.долларыг арчаад байгаа юм.
Нью-Йоркийн биржид мягмар гарагийн арилжаагаар Tesla-ийн хувьцаа 2.7 хувиар унаснаар он гарсаар үнэлгээнийхээ 37 хувийг алдаад байна.
Онцлох чарт
Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөхөөсөө 0.1 нэгж хувиар ахиулж, 3.2 хувь болголоо. Ингэхдээ АНУ болон хөгжиж буй зарим орны эдийн засаг сайжирч буй хэдий ч инфляц ужгирч, геополитикийн нөхцөл байдал даамжрах зэрэг эрсдэлүүд байгааг тэмдэглэсэн байна.
Мөн бодлогын хүүг бууруулах хугацааг хойшлуулах, Засгийн газруудын төсвийн дэмжлэгийг танах зэрэг нь богино хугацааны өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг дурджээ. Тус зээлдэгч байгууллага өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2024 оны өсөлтийн төсөөллөө 4.5 хувиас огцом ахиулж 6.5 хувь болгосон юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Morgan Stanley: Хөгжиж буй орнууд АНУ-ын Төв банкнаас урьтаж бодлогын хүүгээ бууруулахгүй
“LVMH”-ийн орлого 2 хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн сул өсөлтөд тооцогдож байна
БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал оргил цэгтээ хүрээд байна
Өнөөдрийн онцлох зураг
BYD компанийн дэлгэн харуулсан “Fang Cheng Bao Super 9” тансаг зэрэглэлийн автомашины концепт загвар - Шэньжэнь, БНХАУ
Qilai Shen/Bloomberg