2024/04/17

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Алтны үнэ дараагийн 6-18 сарын хугацаанд унц нь 3,000 ам.долларт хүрэх төлөвтэй гэж Citigroup үзэж байна.

  2. Эхний улиралд БНХАУ-ын эдийн засаг 5.3 хувиар тэлсэн бол Монголын экспорт 2.9 хувиар буурчээ.

  3. Зөвлөлтийн үеийг танкнуудыг засаж сэлбэн Украин руу илгээдэг компанийн эзэмшигч нь тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.

Алт $3,000 давах уу?

Уолл Стритийн банкнууд алтны үнийн төсөөллөө уралдан өсгөсөөр байна. Сүүлд Citigroup алтны үнэ ойрын хугацаандаа 3000 ам.доллар давна гэж үзжээ.

Өсөлт зогсох болоогүй

Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орох урсгал тэлснээр алтны үнэ ирэх 6-18 сарын хугацаанд унц нь 3,000 ам.долларт хүрэх төлөвтэйг Citigroup онцолжээ.

Аакаш Дошигоор удирдуулсан тус банкны шинжээчид алтны 2024 оны дундаж үнийн төсөөллөө 2,350 ам.доллар болгон өсгөсөн бол 2025 оны төсөөллөө 40 хувиар үлэмж нэмэгдүүлж, 2,875 ам.долларт хүргэсэн байна. Мөн энэ оны хоёрдугаар хагаст арилжааны үнэ нь “2,500 ам.долларын шугамыг тогтмол сэтэлнэ” хэмээн бичжээ.

Мягмар гарагийн байдлаар алт унц нь 2,387 ам.долларт арилжаалагдаж байна. Ойрх Дорнод болон Украины дайн, төв банкнуудын худалдан авалт, БНХАУ дахь хэрэглэгчдийн эрэлтийн нөлөөгөөр алтны үнэ энэ онд дээд түвшнээ ахиулсаар байгаа. Goldman Sachs-ийн зүгээс тус үнэт металл “ганхашгүй бух зах зээл” рүү орсныг онцолсон бөгөөд 2024 оны эцсийн үнийн төсөөллөө 2,700 ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Харин UBS Group алтны үнэ оны төгсгөлд 2,500 ам.доллар хүрнэ гэж буй.

Цаана нь хэн байх вэ?

Citigroup-ийн үзсэнээр стратегийн тоглогчдын хөрөнгө оруулалтын урсгал уг өсөлтийг жолоодох бөгөөд тэдний эрэлт аль хэдийн Хятадын хэрэглэгчид, төв банкнуудынхыг давах шинж ажиглагдаж эхэлснийг тэмдэглэсэн байна.

Сүүлийн жилүүдэд сул түвшинд байсан алт дагадаг биржээр арилжаалагддаг сангуудын (ETF) орох урсгал нь “алтны үнэ $3,000-д хүрэх замыг саадгүй болгоно” хэмээн шинжээчид бичжээ. Гэхдээ ирэх V, VI саруудад үнэ нь бага зэрэг буурах төлөвтэй ч 2,200 ам.долларын түвшинд худалдан авалт эрс нэмэгдэж, улмаар өсөлтийн томоохон дэмжлэг болно гэжээ.

Sponsored

“Амьсгалдаг” барилга

Олон улсын өндөр барилгын норм стандартыг хангасан, 360 хэмийн харууцтай, 108 метр өндөр, 25 давхар, оршин суугчдаа агаарын бохирдол, тоосжилтоос хамгаалах дэвшилтэт агаар сэлгэлтийн систем бүхий “360/365 Мандала тауэр” өндөр зэрэглэлийн орон сууцны төслийг Монкон групп хэрэгжүүлж байна.

Газар хөдлөлт, галын аюулаас сэргийлэх стандарт, төлөвлөлт нэн тэргүүнд хөндөгдөх болсон өнөө үед тус хос цамхагт нийт оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, бүрэн хянах нэгдсэн системийг суурилуулжээ. Уг систем нь ус алдалт, галын аюулыг мэдрэх, зарлан мэдээлэх, орон сууцны орох, гарах гарц, нийтийн эзэмшлийг бүрэн хянах зориулалттай ухаалаг барилгын технологийн шийдэл аж.

“360/365 Мандала тауэр”-ийн төлөвлөлт, интерьерийн шийдэл, аюулгүй байдлын технологи болон загварын байртай танилцахыг хүсвэл та дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох төсөл танилцуулах тусгай өдөрлөгийг зориорой. Өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Зайг яах вэ?

Монгол Улс 2030 он гэхэд хог хаягдлын дахин боловсруулалтыг 27 хувьд хүргэхээр зорьж байгаа ч өргөн хэрэглээний хуруу болон товчин зай боловсруулалтын ажил бараг хийгдэхгүй байгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос хөндөв. Учир нь нэг килограмм зайг технологийн дагуу боловсруулж устгахад дунджаар 2500 төгрөгийн өртөгтэй байдаг аж. Иймд аж ахуйн нэгжүүд ашиг олохоосоо илүүтэй алдагдал хүлээх эрсдэл өндөр байгааг тодотгожээ.

Одоогоор ахуйн хэрэглээний хаягдал зай цуглуулж, устгах албан ёсны зөвшөөрөлтэй нэг л компани байдаг. Гэтэл өнгөрсөн онд л гэхэд 7.7 сая ширхэг зайг 1.8 сая ам.доллароор импортолсныг ГЕГ-ийн статистикаас харж болохоор байгаа юм.

АМНАТ-ийн нөлөө

Улсын нэгдсэн төсөвт оны эхний улиралд 7.7 их наяд төгрөгийн орлого төвлөрч, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өссөн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.7 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн тэнцэл ашигтай гарахад татварын нийт орлого, тэр дундаа АМНАТ 88.3 хувиар буюу 532.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Хэдийгээр I улиралд ийнхүү ашигтай гарсан ч IV сараас цалин, тэтгэврийг тогтмол хэмжээгээр нэмэгдүүлсэн нь төсвийн урсгал зардлаас үүдэлтэй инфляцыг өдөөх эрсдэлтэй гэж Монголбанк үзэж байгаа юм.

ДНБ тэлж, импорт агшив

БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд 5.3 хувиар тэлсэн үзүүлэлттэй гарч, шинжээчдийн голч таамаг болох 4.8 хувиас давлаа. Гэхдээ энэ өсөлтөд оны эхний хоёр сарын эдийн засгийн үйл ажиллагааны идэвх голлон нөлөөлсөн бөгөөд өсөлт хэр тогтвортой эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. III сард тус улсад жижиглэн худалдаа болон аж үйлдвэрийн гарц шинжээчдийн хүлээлтээс бага дүнгээр өссөн нь сорилтууд айсуй байгааг илтгэж байгаа юм.

Мөн өнгөрсөн сард Монголын худалдааны гол түнш БНХАУ-ын импорт 1.9 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас өндөр дүн болсон төдийгүй тайлант хугацаанд экспортын хэмжээ нь 7.5 хувиар агшжээ.

Тэгвэл оны эхний гурван сард Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэсээ 107.5 сая ам.доллар буюу 2.9 хувиар буурчээ. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс цайрын хүдэр, баяжмалын экспорт 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор буурсан нь үүний гол шалтгаан болсон байна.

Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд ерөнхийдөө тогтвортой байх төлөвтэй ч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт сорилтууд байсаар байгаа нь гангийн эрэлт, цаашлаад нүүрсний эрэлтэд шууд нөлөөлнө гэж Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч бидэнд хэлж байлаа.

Хөрөнгийн захад

Өнгөрсөн онд МХБ-д гарсан Худалдаа, Хөгжлийн Банк болон ХААН Банк татан төвлөрүүлсэн хөрөнгийн улирлын зарцуулалтаа тайлагналаа.

  • Анхдагч зах зээлийн арилжаанаас нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн ХХБ 54 тэрбум буюу 64.67 хувийг нь зарцуулсан байна. Эхний улиралд тус банк жижиг, дунд бизнес болон иргэдийн сегментэд хөрөнгө зарцуулаагүй бол байгууллагын сегментэд 7.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

  • ХААН Банк нийт 183.4 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс 176.8 тэрбум буюу 96.4 хувийг нь зарцуулсан байна. Компанийн мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтад зарцуулах 1 тэрбум болон цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтад заруулах 5.6 тэрбум төгрөг үлдсэн байгааг тайлагнажээ.

Төв банкны шийдвэр

Монголбанк энэ оны IV сарын 1-ний байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө VI сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг мөн олгосон байна.

Зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон цар тахлаас үүдсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах зорилгоор ийм тохируулга хийж байгаагаа Монголбанк тайлбарлажээ.

Танкны тэрбумтан

Excalibur Army компани нь өвс ургамалд дарагдаж, зэвд идэгдсэн Зөвлөлтийн үеийн танкнуудыг цуглуулж, ажиллагаанд бэлэн болгон сэргээн засварладаг байна. 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан довтолсноос хойш Михал Стрнадын удирддаг тус бизнес Хүйтэн дайны төгсгөлөөс хойших зэвсэг техникийн хамгийн том эрэлтээс ихээхэн ашиг олжээ.

Excalibur нь өдгөө Czechoslovak Group буюу CSG-ийн бүрэлдэхүүн дэх хамгийн том, хамгийн ашигт ажиллагаатай компани болсон байна. Өнгөрсөн онд орлого нь 1.9 тэрбум ам.долларт хүрч, 2021 оныхоос гурав дахин өссөнийг компани өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Михал Стрнад 2018 онд 30 нас ч хүрээгүй байхдаа эцгийнхээ бизнесийг залгамжлан авч, CSG-ийн цор ганц эзэмшигч болжээ. Bloomberg Billionaires Index-ийн мэдээллээр түүний нийт хөрөнгийн хэмжээ дор хаяж 5 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд компани нь Европын зэвсэг үйлдвэрлэгчдийн дунд өсөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

  • ҮСХ: III сард мөнгөний нийлүүлэлт 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өсөхөд төгрөгийн хадгаламж болон төгрөгийн харилцах дансны үлдэгдэл өссөн нь нөлөөлжээ. Харин валютын хадгаламж болон харилцахын үлдэгдэл буурсан байна.

  • УПЕГ: I сард Дүнжингарав худалдааны төвийн урд гарсан дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Өнөөдрийн онцлох зураг

Салхитын салхин паркийн нэгэн турбин дээр засвар хийж буй инженер - Дархан-Уул аймаг

Taylor Weidman/Bloomberg