- Business newsletter
- Posts
- 2024/04/16
2024/04/16
Powered by:
Гурван өгүүлбэрээр
БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хэр бодитой болохыг хэмжих 5 чартыг энэ дугаарт онцоллоо.
Лэндмн-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэсээ 1.9 дахин өсөж 7.2 тэрбум төгрөгт хүрчээ.
“Android” өрсөлдөгчдийнх нь борлуулалт өсөж, iPhone-ийн нийлүүлэлт 10 гаруй хувиар буурав.
Хятадын сэргэлт бодитой юу?
Аж үйлдвэрийн “мотор” нь эрчээ авсны ачаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ оныг хөл дээрээ бат зогсож эхлүүлээд байна. Гэхдээ өргөн хүрээний сайжруулалт хийхгүйгээр уг өсөлтийг тогтвортой хадгалахад бэрх болохыг шинжээчид сануулах болов.
Цар тахлын дараах сунжирсан уналтын дараа БНХАУ-ын эдийн засаг гол саадуудаа давж чадсан эсэхийг энэ мягмар гарагт гарах албан ёсны дата мэдээллүүд харуулах юм. Худалдаа, үйлдвэрлэлийн салбарын сүүлд гарсан зарим сайн үзүүлэлтүүд нь Goldman Sachs тэргүүтэй банкны эдийн засагчид тус улсын 2024 оны өсөлтийн төсөөллөө ахиулахад нөлөөлөөд байгаа.
Ингээд Хятад улсын I улирлын сайн үзүүлэлт цаашид хадгалагдах эсэхийг тооцоолохоор шинжээчдийн анхааралтай ажиглаж буй таван гол индикаторыг хүргэж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл
Үйлдвэрүүд, уурхайнууд, эрчим хүч, дэд бүтцийн салбарын гарцын нийт үнэ цэнийг хэмждэг, өөрөөр хэлбэл эдийн засгийн нүсэр үйл ажиллагааг багтаадаг гэдэг утгаараа энэ үзүүлэлтийг гол дата өнцөг болгон ашигладаггүй эдийн засагч бараг байхгүй. БНХАУ-ын уг үзүүлэлт оны эхний 2 сард сүүлийн хоёр жилд байгаагүй эрчимтэйгээр өссөн бөгөөд гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 6 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.
Үүнийг дэмжих өөр нэг үзүүлэлт нь аж үйлдвэрийн дататай нягт хамааралтай байдаг эрчим хүчний үйлдвэрлэл юм. Жил гаруйн өмнө Ковидын хорио хязгаарлалт суларснаас хойш Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой сэргэж байна. Ялангуяа нүүрсний үнэ унасан нь ЦС-уудын үйлдвэрлэлийг өсгөж, эрчим хүчний хэрэглээ ч сүүлийн саруудад сайжирчээ.
Орон сууцны борлуулалт
Хятадын өрхүүд дийлэнх хөрөнгөө төвлөрүүлсэн орон сууцны зах зээл тогтворжих нь тус улсын эдийн засгийн сэргэлтэд голлох үүрэгтэй. Хэрэглэгчдийн итгэлийг сэргээж, зарцуулалтыг дэмжиж, илүү их хөрөнгө оруулалтын үүдийг нээх болохоор тэр.
Гэхдээ энэхүү амжилтад хүрнэ гэдэг нэлээн хол харагдаж байна. Эхний хоёр сард орон сууцны борлуулалт үнийн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс 33 хувиар унасан нь 2022 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болоод зогсохгүй гуравдугаар сард ч мөн агших төлөвтэй аж. Эрх баригчид борлуулалтыг дэмжихийн тулд орон сууц худалдан авах журмыг зөөлрүүлсэн ч үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын бууралт гуравдугаар сард мөн л үргэлжлүүлэн дордохоор байна.
Нэрлэсэн ДНБ
БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн оноос хойш дефляцын бүсэд гацаж, цалин болон үнийн өсөлт удаашраад байгаа. Дэлгүүрийн лангуунд очоогүй байгаа бараа бүтээгдэхүүний үнийн төлөвийг илтгэдэг үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх сард буурсан нь дефляцын дарамт дуусах болоогүйг илтгэж байна. Хэрэглээний үнийн өсөлт ч мөн адил хасах утгатай маш ойрхон хэлбэлзэж байгаа юм.
Нэрлэсэн ДНБ яагаад чухал болохын шалтгаан нь энэ болохыг Morgan Stanley-ийн Ахлах эдийн засагч Робин Шин онцолж байна. Энэхүү үзүүлэлт нь үнийн өөрчлөлтөд тохируулж өөрчлөгддөггүй учраас дефляцын бодит нөлөөг харуулдаг аж.
Мөн БНХАУ-ын эдийн засаг дахь бүхий л үнийг хамгийн өргөн хүрээтэй хэмждэг ДНБ-ий дефляторыг тооцоолоход нэрлэсэн ДНБ-ийг ашигладаг. Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ий дефлятор гурван улирал дараалан буурсан нь 1999 оноос хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болжээ.
Зээлийн өсөлт
Хэдийгээр үйлдвэрлэлийн сэргэлт бэхэжлээ ч зээл олголт сул хэвээр байна. Банкнуудын шинэ зээл олголт гуравдугаар сард урьд байгаагүй хамгийн бага хувиар өссөн нь Хятадын компаниуд, өрхүүд сэргэлтэд төдийлөн итгэлгүй байгааг харуулжээ. “Зээл авалт идэвхгүй байгаа нь эдийн засгийн үйл ажиллагаа сул байна гэсэн үг. Зээлийн өсөлтгүйгээр сэргэлтийн мөчлөг тогтвортой байхгүй” хэмээн HSBC Holdings-ийн эдийн засагч Фредерик Нойманн өгүүлжээ.
Хөдөлмөрийн зах зээл
Хятадад өөр нэг гүнзгийрсэн асуудал байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн сул үзүүлэлт юм. Ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад нэмэгдэж, хөдөлмөрийн насны олон залуус хүндрэлтэй тулгарч байна. Мөн Хятадын зарим бүсэд цалин тасалдаж, цомхотгол хийгдэж байгаа талаар мэдээллүүд гарсан. 2023 оны сүүлээр шинэ ажилтны цалин 2016 оноос хойших доод түвшиндээ хүрч буурсан ч нэгдүгээр улиралд эргэн өссөн нь багахан найдлага төрүүлсэн үзүүлэлт болжээ.
Цалин өсөх нь компаниуд ажил олголт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл “халж” буйн дохио болохыг Morgan Stanley-ийн Робин Шин тодотгожээ. “Ингэснээр Хятад улс дефляцын тойргоос гарч чадна гэсэн үг” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Лэндмн эхний улиралд
Оны эхний улиралд Лэндмн ББСБ ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэсээ 1.9 дахин өсөж 7.2 тэрбум төгрөгт хүрчээ. Компани энэ оноос эхлэн зөвхөн хэрэглээний зээл бус Flexi Business бизнесийн зээлийг дижиталаар хүргэж эхэлсэн нь зээлийн багц нь өмнөх оны мөн үеэс 101 хувиар өсөж 156.1 тэрбум төгрөгт хүрэхэд гол түлхэц болсон байна. Өдгөө 55.3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй тус компанийн 339 мянган ширхэг хувьцаа өнгөрсөн 7 хоногт эргэлтэд орж, МХБ-д арилжааны идэвхээр тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ.
Эмийн зах зээл
2023 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй байгаа 4,213 эмийн 21 хувь нь дотоодын үйлдвэрийнх, 79 хувь нь импортынх бөгөөд өнгөрсөн онд нийт 62 улсаас 468 тэрбум төгрөгийн эм импортолсныг УИХ-ын эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсголын үеэр шинжээч мэдээлэв. Мөн энэ онд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн төсвийг 137.3 тэрбум төгрөгөөр баталсан нь өнгөрсөн оныхоос 47.4 тэрбумаар өссөн дүн болжээ.
Зөвхөн дээшээ
Зэсийн үнийн өсөлт үргэлжилж, 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшиндээ хүрээд байна. Хүдрийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь эрэлтийг хангахад хүндрэл учруулна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм. Мөн БНХАУ-ын худалдааны үзүүлэлт харьцангуй сайн гарсан нь он гарсаар 11 хувиар өсөөд буй зэсийн үнэд дорвитой дэмжлэг болж байна.
“Декаф” хүчээ авч байна
Кафейнгүй кофе буюу "декаф" нь кофены зах зээлийн дотор ч, гадна ч хошигнолын бай болсоор ирсэн юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн кофены чанар болон нэр хүнд нь чимээгүйхэн өссөөр байна. "Декаф"-ын зах зээл 2022 онд $19.5 тэрбумаар хэмжигдэж байсан бол энэ арваны сүүлч гэхэд $28.86 тэрбум болж тэлнэ гэж Skyquest Technology тооцоолжээ.
Swiss Water Decaf компанийн Маркетинг хариуцсан захирал Эрин Рид 2022 онд “Кафейнгүй кофе хэрэглээний өсөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд энгийн кофены өсөлтийг давсан” хэмээн мэдээлж байжээ. Сүүлд тэрбээр үүнийгээ бататгаж, "гараар хуурсан, өндөр чанарын кафейнгүй кофены өсөлтийн тренд одоо ч хэвээр хадгалагдаж байна. Мэргэжлийн тусгай сегментдээ бүр ч илүү хүчтэй байгаа” гэсэн байна.
Алкохолгүй коктейль, махгүй бургер эрчээ авч байхад декаф тийм ч хачирхалтай сонголт шиг санагдахаа больсныг Чикагогийн Reprise Coffee Roasters-ийн Үүсгэн байгуулагч Адам Паронто мөн онцолсон байна. "Хүмүүс кофегоо уусан хэвээр байх ч ажил дээрээ, гэртээ гээд хаа ч байсан кофегүй байж чадахгүй болтлоо донтохыг хүсэхгүй байна" гэжээ.
Энэ удаа Samsung дийлэв
Хэдийгээр нэгдүгээр улиралд дэлхийн ухаалаг утасны зах зээл сэргэсэн ч Apple компанийн iPhone-ийн нийлүүлэлт 10 орчим хувиар буурсныг IDC мэдээллээ. Ялангуяа БНХАУ-д өмнөх оны мөн үеэс таван саяар цөөн iPhone нийлүүлсэн байна. Харин өргөн хүрээнд харвал I улиралд дэлхийн хэмжээнд гар утасны нийлүүлэлт 289.4 сая хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн байгаа бөгөөд БНСУ-ын Samsung нийлүүлэлтээрээ дахин тэргүүлж эхэлжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг VI/15-наас үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн нэг жил хагасын дээд түвшнээ хадгалсан хэвээр байна
Эцэст нь товчхон
УИХ: ЗГ-аас өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдэлийг бууруулах хуулийн төсөл, Гурилын импортын татварыг чөлөөлөх, Баялгийн сангийн тухай хуулийг 5-р сарын 15-наас хэлэлцэж батална.
ОБЕГ: Сүүлийн байдлаар улсын хэмжээнд малын хорогдол нийт малын тоо толгойн 10.2 хувь буюу 6.6 саяд хүрчээ. Бүх малаа алдсан 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4,000 гаруй малчин өрх байна.
Өнөөдрийн онцлох зураг
Хиндү сүсэгтнүүд Чайти Чхатх Пужа баярын үеэр нарны бурханд залбирч буй нь - Гувахати, Энэтхэг
Biju Buro/AFP/Getty