- Business newsletter
- Posts
- 2024/04/15
2024/04/15
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Mongolian Mining Corporation-ийн 2023 оны тайлангийн шинжилгээг энэ дугаарт онцоллоо.
Голомт банк ХК-ийн цэвэр ашиг оны эхний улиралд 156 хувиар өсжээ.
Энэтхэгт санхүүгийн шилдэг мэргэжилтнүүд жилийн сая ам.долларын цалинтай хүмүүсийн эгнээнд нэгдэх болов.
MMC-ийн тайланг шинжилбэл…
Австралид төвтэй хөрөнгийн зах зээлийн судалгааны Wickhams Hill фирм Mongolian Mining Corporation-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн хураангуй дүн шинжилгээгээ танилцуулсан байна. Санхүүгийн үзүүлэлт нь огцом сайжраад буй тус олборлогч компанийн үйл ажиллагаа, цаашдын стратегиас онцолсон гол өнцгүүд юу байсныг харцгаая.
Өрийн сайн менежмент
Wickhams Hill нь Азийн хөгжиж буй орнуудын зах зээлд төвлөрч, стратегийн хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгч ажилладаг компани юм. MMC-ийн тайланд хийсэн шинжилгээндээ тэд компанийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 1 тэрбум ам.долларын босгыг давж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн, мөн цэвэр ашиг нь өмнөх оноосоо даруй дөрөв дахин өссөнийг онцлон тэмдэглэсэн байна.
Экспортын гарц нь сэргэж, нүүрсний борлуулалтын үнэ өссөний сацуу өрийн сайн менежмент хийж, зардлын бүтэц нь илүү үр ашигтай болсны ачаар компанийн санхүүгийн гүйцэтгэл нь ийнхүү огцом сайжирсан гэж үзжээ. MMC өнгөрсөн онд 12.5 хувийн хүүтэй шинэ бонд гаргаж, мөн 2024 онд хугацаа нь дуусах байсан бондоо эргүүлэн худалдан авах үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн юм.
Санхүүгийн гүйцэтгэлийн бусад онцлох дүгнэлтүүдийг багцалбал:
Нүүрс тээвэрлэлтийн зардал жилийн дунджаар тонн тутамд 40 ам.доллароос доош орж буурсан нь тус компанийн үйл ажиллагааны үр ашиг сайн байгааг илэрхийлж байна гэж үзсэн.
Компанийн гол бүтээгдэхүүн болох хатуу коксжих нүүрсний дундаж үнэ 2022 онд 147.1 ам.доллар байсан бол 2023 онд 160.2 болж өсжээ.
Үйл ажиллагаанаасаа 480 сая ам.долларын мөнгөн орлого төвлөрүүлсний зэрэгцээ олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд түлхүү чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийсэн нь компанийн нөөцийн менежмент үр дүнтэй байгаагийн шинж гэж дүгнэжээ.
Төрөлжүүлэлтэд төвлөрнө
Компани “Баруун наран” уурхайдаа хийх хөрөнгө оруулалтын стратегийн төлөвлөгөө боловсруулж, 2025 онд олборлолтыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсныг тус шинжилгээнд онцолсон байна. Гэхдээ олборлолтоо нэмэгдүүлэхийн өмнө одоогийн хүчин чадлаа дээд түвшинд хүргэж, хөрөнгийн бүтцийн оновчтой өөрчлөлт хийхийг компанийн удирдлагууд хүсэж байгаа аж. Энэ нь MMC цаашид уул уурхайн төрөлжсөн үйл ажиллагаанд чиглэсэн хөрөнгө оруулалт, өсөлтийн стратеги баримталж ажиллах төлөвтэйг харуулж байна гэж дүгнэсэн байна.
Компани өнгөрсөн онд Баян Хөндий алтны төслийн хэрэгжүүлэгч Erdene Resource Development-ийн охин компани болох Эрдэнэ Монгол ХХК-ийн 50 хувийг эзэмшиж эхэлсэн нь төрөлжүүлэлтийн стратегийнх нь нэг хэсэг болж буй.
Тогтвортой байдал, байгаль орчны хариуцлагын талд MMC хүлэмжийн хийн ялгаруулалтынхаа иж бүрэн тооцоолол хийж эхэлснийг тэмдэглэжээ. Харин компанийн урт хугацааны алсын хараа нь үйл ажиллагааны оновчлол болон нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэр рүү чиглэж байгааг тодотгосон байна.
Цэвэр ашиг 2.5 дахин өсөв
Голомт банк ХК-ийн татварын дараах цэвэр ашиг оны эхний улиралд өмнөх оны оны мөн үеэс 156.1 хувиар огцом өсөж, 86.2 тэрбум төгрөг хүрсэн байна. Зээлийн хүүгийн орлого 60 тэрбум төгрөгөөр өссөнөөс гадна цэвэр хүүгийн орлого, арилжааны ашиг өссөн, тухайн улиралд эрсдэлийн сангийн зардал гараагүй зэрэг нь цэвэр ашиг өсөхөд нөлөөлжээ.
МХБ-ийн мэдээллээс харахад Голомт банкны хувьцааны ханш IPO хийснээс хойш 34 хувиар буурчээ. Тус банкны зах зээлийн үнэлгээ 693.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Эрчим хүчний салбарын прогноз
Амгалан Дулааны станцыг дөрөвдүгээр сарын 18-нд, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг аравдугаар сард ашиглалтад оруулахаас гадна ирэх өвөл Оюутолгойн цахилгааны шугамыг ашиглан БНХАУ-аас эрчим хүч авах төлөвлөгөөтэй байгааг Эрчим хүчний сайд мэдээллээ. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд IV, V сард ажил нь эхэлж, 51 сарын дараа ашиглалтад орох хүлээлттэй байгаа аж.
Тэгвэл 2023 оны үзүүлэлтээр ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд системийн нийлүүлэлтийн 8.8 хувийг хангасан бол үнийн дүнгийн хувьд борлуулалтын 22.3 хувийг эзэлжээ. Гэхдээ нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр байгаа нь сорилт болсон хэвээр байна. Тухайлбал салхины эх үүсвэрийг 328-330 төгрөгөөр, нарны цахилгаан станцын эх үүсвэрийг 500-600 төгрөгөөр худалдан авч байгаа нь дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй өртгөөс 3-5 дахин өндөр үнэ юм.
СЭХ-ийн үйлдвэрлэлийг зохистой хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчим бий болгосон бөгөөд Дэлхийн банк, ОУСК-тай хамтран 100 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг дээрх сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд Дэлхийн банктай хамтран 200 мегаваттын хүчин чадалтай батарей хураагуурын системийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Энэтхэгт сая долларын цалин авна
Энэтхэгт санхүүгийн шилдэг мэргэжилтнүүд жилийн сая ам.долларын цалинтай хүмүүсийн эгнээнд нэгдэх болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт, БНХАУ-аас хамаарлаа бууруулах стратеги нь томоохон компаниудыг Энэтхэгт салбараа нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нөлөөлж байгаа аж.
“Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн шинэ төв цэг Энэтхэг болно” гэж шинжээчид үзэж буй. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Optiver, Citadel Securities, HSBC зэрэг санхүүгийн томоохон компаниуд ээлж дараалан Энэтхэгт оффисоо нээсэн юм.
Өршөөлгүй
Вьетнамын шүүхээс тус улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон компанийн эзэн Чуон Ми Ланыг 12 тэрбум ам.долларын хөрөнгө луйвардсан хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноосон байна. Энэ нь Вьетнамын Коммунист нам авлигын эсрэг хатуу аргаар тэмцэж эхэлж буйн сүүлийн жишээ болжээ.
Өдгөө 67 настай, Van Thinh Phat Group-ийн ТУЗ-ийн дарга Чуон Ми Лан нь 2022 онд баривчлагдаж, дараа нь ЗГ-ын албан тушаалтнуудад авлига өгсөн, банкны зээлийн дүрмийг зөрчсөн хэргүүдэд буруутгагдсан юм. Харин түүний холбогдсон гол хэрэг нь 2018-2022 оны хооронд Saigon Commercial Bank арилжааны банкнаас их хэмжээний хөрөнгө завшсан хэрэг байжээ.
Шүүхээс түүний луйврын хэрэгт цаазын ял оноосноос гадна авлига өгсөн, банкны журам зөрчсөн хэргүүдэд тус бүр 20 жилийн ял оноожээ. Үүгээр зогсохгүй Лан хэргээс үүдсэн хохирлыг барагдуулахад 674 их наяд донг буюу 27 тэрбум ам.доллар төлөх ёстой болсон байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Rolex: Бугуйн цагийг хувьцаатай адилтгах нь эрсдэлтэй
“Louis Vuitton”-ийн тор, “Dior”-ийн жижиг цүнх тансаг зах зээлийг аварч чадна
Онцлох чарт
Хэрэглэгчийн эрэлт өндөр түвшинд хадгалагдаж, инфляц саарснаар БНХАУ-аас бусад Азийн хөгжиж буй орнуудын дийлэнхийнх нь эдийн засаг ирэх хоёр жилд тэлэх төлөвтэйг Азийн Хөгжлийн Банк шинэ тайландаа онцолсон байна.
Аялал жуулчлал тэргүүтэй үйлчилгээний салбарын өсөлт, мөн хагас дамжуулагчийн өндөр эрэлт нь мөн өсөлтийг өдөөх хүчин зүйлс болох аж.
Эцэст нь товчхон
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.
Өнөөдрийн онцлох зураг
Энэтхэгийн Коимбаторе хот дахь орон сууцны барилгын цонхоор харж буй эмэгтэй
Satish Babu/AFP/Getty