2024/04/12

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. АХБ Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 4.1 хувь болголоо.

  2. Сүүлийн 3 жилд нээлттэй ХК болсон 13 компаниас 10 нь энэ онд ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ.

  3. Toyota компани 15 жилийн дараа 4Runner автомашиныхаа бүрэн шинэчлэгдсэн загварыг танилцууллаа.

Ашгаас дахин алдагдал руу

Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон үндэсний валютын тогтвортой байдалд чухал ач холбогдолтой урсгал дансны тэнцэл ирэх жилүүдэд дахин алдагдалтай гарах төлөвтэйг Азийн Хөгжлийн Банк мэдээлж байна.

Богино настай эерэг үзүүлэлт

АХБ Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллөө 5.9 хувиас 4.1 хувь болгон огцом буурууллаа. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй нь ийнхүү бусад олон улсын байгууллагуудаас харьцангуй пессимист төсөөлөл гаргахад нөлөөлжээ. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбарын өсөлт үргэлжилснээр ДНБ-ий өсөлт эргэн эрчимжиж 6 хувьд хүрнэ гэж таамагласан байна.

Эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй тул 2023 онд ашигтай гарсан урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай гарна гэж АХБ үзсэн нь анхаарал татаж байна. Үүнээс өмнө мөн ОУВС-аас нүүрсний үнийн уналт, импортын бараа бүтээгдэхүүний өсөлтийн улмаас урсгал данс эргээд ихээхэн алдагдалтай гарах төлөвтэйг анхааруулж байсан юм.

16 жилийн турш тасралтгүй алдагдалтай байсан урсгал данс өнгөрсөн онд 244.54 сая ам.долларын ашигтай гарсан нь сүүлийн жилүүдэд Монгол Улстай худалдаа хийдэг бүхий л орнуудын валютын эсрэг суларсаар ирсэн төгрөгийн ханшийн хувьд тун сайн мэдээ байлаа. Төгрөгийн ханш өнгөрсөн онд ам.долларын эсрэг 1.07 хувиар чангарч, энэ он гарсаар харьцангуй тогтвортой байгаа нь урсгал дансны ашгийн сайн нөлөөнүүдийн нэг юм.

Урсгал дансны эерэг үзүүлэлтийг тогтвортой хадгалахын тулд цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих эх үүсвэрээ төрөлжүүлж, капиталын орох урсгалыг дэмжих нь нэн чухал болохыг эдийн засагчид хэлдэг. Мөн Монголбанкнаас өнгөрсөн онд гаргасан судалгаандаа урсгал дансны алдагдлыг бууруулахын тулд экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ хөдөлгөснөөр шаардлагагүй импортыг багасгах, дэд бүтцийг хөгжүүлснээр тээврийн зардлыг бууруулах, төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, ханшийн уян хатан байдлыг дэмжих гэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байсан юм.

Монгол Улсын ГВАН өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.доллароор өссөн нь нэг талаараа урсгал данс ашигтай гарсан, нөгөө талдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байсантай хамааралтай. Бараа бүтээгдэхүүний экспортын өндөр үзүүлэлтийн ачаар урсгал дансны ашиг өнгөрсөн оны ДНБ-ий 0.7 хувьтай тэнцсэн. Энэ хугацаанд импортын өсөлт удаан байсан нь хүнс, түүхий эдийн үнэ бага түвшинд хадгалагдсантай холбоотой. Харин цаашид эдийн засгийн эрчимтэй өсөлт үргэлжилж, импорт даган өссөнөөр урсгал дансны алдагдалд хөтөлнө гэж үзсэн.

Ногдол ашиг цойлсон жил

Сүүлийн гурван жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй ХК болсон 13 компаниас 10 нь энэ онд нийт 457.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараахаар шийдвэрлэжээ. Хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг банкны салбар олгож байна. Сүүлд Худалдаа хөгжлийн банк нийт 52.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм.

Гэхдээ эдгээр компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор ногдол ашгаа хуваарилж дуусгах үүрэгтэйг СЗХ тодотгож байна. Учир нь зарим компани ногдол ашиг олгохдоо ҮЦТХТ-өөр дамжуулахгүйгээр компани дээрээ тараах асуудлууд их байсны улмаас зарим тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байсныг дурджээ.

8 сарын дараа буурав

Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ III сард өмнөх сараасаа 0.6 хувиар буурснаар сүүлийн найман сарын хугацаанд анх удаа сарын дүнгээр буурсан үзүүлэлттэй гарч байна. Харин жилийн дүнгээр үнийн өсөлт 9.1 хувьтай байгааг ҮСХ мэдээллээ. Өмнөх саруудад орон сууцны үнэ дунджаар 1-1.5 хувиар өсөж байсан бөгөөд ялангуяа шинэ орон сууцны үнийн өсөлт хамгийн эрчимтэй байв.

Давхар ажлаас бодит бизнес

Өнгөрсөн онд АНУ-ын шинэ бизнес эрхлэгчдийн 44 хувь нь өөрийн эрхэлдэг үндсэн болон цагийн ажлынхаа хажуугаар бизнесээ эхлүүлсэн болохыг хүний нөөцийн платформ Gusto-ийн судалгаа харуулжээ. Харьцуулбал 2022 онд энэ үзүүлэлт 27 хувьтай байсан байна.

Ковидын хорио хязгаарлалтын дараа олон сая хүн ажлын байрны цомхотголд өртөж, улмаар хувийн бизнес эрхлэлт, энтрепренершип огцом өссөн байна. Ялангуяа худалдааны цахим шилжилт явагдсан нь эдийн засгийн үр ашиг бүхий цоо шинэ бизнес моделиудын төрлийг бий болгожээ. Уг хандлагад нөлөөлсөн хүчин зүйлсэд мэдээж инфляц, өрхийн орлогын бууралт багтахаас гадна зайнаас ажиллах, хосолсон хуваариар ажиллах зохицуулалт хүмүүст үндсэн ажлынхаа хажуугаар хувийн бизнесийн санаагаа турших уян хатан байдал, цаг хугацааг гаргаж өгдөг болсон нь бас нөлөөлсөн аж.

4Runner эцэст нь шинэчлэгдэв

Toyota-ийн дунд оврын SUV загварууд дундаас борлуулалтаараа тэргүүлдэг боловч бүрэн шинэчлэгдээгүй 15 жилийн нүүрийг үзээд байсан “4Runner” автомашины 2025 оны цоо шинэ загвар танилцуулагдлаа. Шинэ “4Runner”-ийн хамгийн сүүлийн үеийн хүчирхэг хөдөлгүүрийн технологи, их биеийн дизайн, өмнөхөөсөө эрс сайжирсан хянах самбарын интерфейс нь хэрэглэгчид болон салбарын экспертүүдийн анхаарлыг татаж байна.

Энэ удаа “4Runner” анх удаа хосолмол хөдөлгүүрийн сонголттой гарч байгаагаараа онцлог бөгөөд хосолмол хувилбар нь 2.4 литрийн багтаамжтай, 326 морины хүчтэй турбо хөдөлгүүр болон 48 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүрээр тоноглогджээ. Үүнээс гадна хуучин 5 шатлалт хурдны хайрцаг нь 8 шатлалт болж сайжирсан, хянах самбарын мэдрэгчтэй дэлгэц нь томорсон зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд компанийн зүгээс 2024 оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Дунд оврын SUV хамгийн эрэлттэй байдаг АНУ-ын зах зээлд Hyundai, Jeep зэрэг хүчирхэг өрсөлдөгчдийг сөрөхөд шинэ “4Runner”, “Highlander” загварууд нь Toyota-ийн гол найдлага болж байна. 2022 онд Toyota АНУ дахь дунд оврын SUV-ийн борлуулалтаар хоёрдугаар байр руу ухарсан бол өдгөө Stellantis, Hyundai, Ford-ийн араас дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Goldman Sachs” БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5 хувь болгож ахиулав

  • Баялгийн сангийн сайн жишээ: "Самрук-Казына" сангийн амжилт ба Казахстаны Төрийн бодлого

  • “PetroChina” шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх хөлөг онгоцныхоо тоог нэмж, гадаад худалдаагаа өргөжүүлнэ

Онцлох чарт

АНУ-ын инфляц гуравдугаар сард сарын дүнгээр 0.4 хувь, жилийн дүнгээр 3.5 хувьтай гарч шинжээчдийн таамгийг дахин давлаа. Тус улсад инфляцын гуравны нэгийг бүрдүүлдэг орон сууцны үнэ жилийн дүнгээр 5.7 хувиар өссөн нь инфляц эрчимжихэд гол нөлөө үзүүлжээ. Холбооны Нөөцийн банк орон сууцны үнийн өсөлт саарвал бодлогын хүүг бууруулах орон зай гарна гэж үзэж байсан юм.

Инфляц сүүлийн гурван сар дараалан шинжээчдийн таамгаас өндөр дүнтэй гарсантай холбоотойгоор Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурав биш хоёр удаа бууруулна гэж Goldman Sachs таамаглаж эхэлжээ. Мөн бодлогын хүүгийн төлөвөөс хамгийн өндөр хамааралтай байдаг ЗГ-ын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж 24 суурь нэгжээр өссөн нь 2023 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм.

Эцэст нь товчхон

  • ЭТТ: Энэ сарын 9-ний байдлаар 8.4 сая тн экспорт, 9.1 сая тн ачилт хийгээд байгаагаа Эрдэнэс Тавантолгой ХК мэдээллээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал экспорт нь 32 хувь, ачилт нь 11 хувиар өссөн байна.

  • МХБ: Монголын хөрөнгийн бирж ХК “Монгол нүүрс ассоциаци”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Энэ хүрээнд харилцан мэдээлэл солилцох, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийг сурталчлах, хөгжүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишидагийн АНУ-д хийж буй айлчлалд зориулсан хүндэтгэлийн зоог барих ёслолд Amazon компанийн Үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лаурен Санчезийн хамт хүрэлцэн ирж буй нь.

Julia Nikhinson/Bloomberg