2024/04/11

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Казахстаны эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй Самрук-Казына баялгийн сангийн тухай онцоллоо.

  2. BI: Монголбанк энэ онд бодлогын хүүгээ хурдтай бууруулахгүй, хүлээцтэй хандах төлөвтэй.

  3. Fitch Ratings агентлаг БНХАУ-ын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой”-оос “Сөрөг” болгож буурууллаа.

Казахстаны баялгийн сангийн тухай

Улсынхаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгүүдийг удирддаг гэдэг утгаараа “Самрук-Казына” үндэсний баялгийн сан нь Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан улсын тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сангийн үйл ажиллагаа, удирдаж буй хөрөнгийн хэмжээ болоод улсынхаа эдийн засагт өгөөжөө хэрхэн өгч байгааг товчхон харцгаая.

Топ 30-д багтах сан

Дотоодын эдийн засгийн өрсөлдөөн, тогтвортой байдлыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн нөлөөг бууруулах тогтворжуулалтын сан хэлбэрээр 2008 онд байгуулагдаж байсан Самрук-Казына (СК) сангийн удирддаг хөрөнгийн хэмжээ 2023 оны байдлаар 71 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн бүхий л баялгийн сангуудаас 23 дугаарт бичигдэх дүн болохыг SWF Global-ийн сүүлийн тайлангаас харж болохоор байна.

Бүтэц, үйл ажиллагааны хувьд СК нь Казахстаны стратегийн чухал ач холбогдолтой компаниудын хувьцааны багцыг эзэмших бөгөөд сангийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн хувьд Казахстаны төр стратегийн шийдвэрүүдэд нь хяналт тавьж, өр, ногдол ашиг, хөрөнгө оруулалтын үндсэн бодлогыг тодорхойлж, 7 хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ болон Гүйцэтгэх захирлыг нь томилдог байна.

Мөн Казахстаны ЗГ-ын зөвшөөрөлгүйгээр сангийн хувьцааг арилжаалах, барьцаалах, хураан авах нь хориотой байдаг. Мөн төрийн зохицуулалтын дэмжлэгийн ачаар СК-ийн санхүүгийн чадавх өндөрт тооцогдох бөгөөд Казахстаны төрийн өмчит гол компаниудын менежерийн хувьд хүртэх ногдол ашгийн урсгал нь тогтмол гэж Fitch дүгнэжээ.

Өгөөж нь ингэж ирдэг

Санд хуримтлагдсан хөрөнгөөс зарцуулсан сүүлийн жишээ гэвэл тус улсад өдгөө нүүрлээд буй томоохон үерийн гамшгийн хохирлыг бууруулахад 15 тэрбум тэнгэгийн (33 сая ам.доллар) санхүүжилт хуваарилахаар болсон байна. ОХУ, Казахстаны хиллэдэг бүс нутагт сүүлийн 70 жил тохиогоогүй том үер болж, 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа энэ үед дээрх санхүүжилтийг тус сангийн хандивын үйл ажиллагааг явуулдаг Samruk-Kazyna Trust-аар дамжуулан олгох аж.

Мөн тус улсын парламентын шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн СК жил бүрийн хөрөнгө оруулалтын орлогынхоо 50 хувийг хүүхдийн тусгай хадгаламжийн дансанд байршуулж эхэлжээ. Хүүхэд бүр 18 нас хүртэл хийгдэх энэхүү хуримтлал нь ирээдүйд тэдний орон сууц худалдан авах чадавхыг дэмжих зорилготойг мэдээлсэн байна.

Сүүлд Казахстан улсын эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоог багасгах өргөн хүрээний стратегийн хүрээнд СК-ийн эзэмшилд байдаг эзэмшилд байдаг бүх компани энэ оноос эхлэн хувьцаагаа нээлттэй арилжаалахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин Монголд?

Уул уурхайн салбарын өсөлт, уналтаас өндөр хамааралтай Монгол улс гадаад шокт эмзэг хэвээр байгааг Fitch тэргүүтэй олон улсын байгууллагууд сануулж буй. Мөн өрийн дарамтаа эхлээд бууруулахын оронд олон улсын баялгийн сангийн сайн жишигт нийцэхгүй сан байгуулах нь хэр оновчтой вэ гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах асуудал 2020 оноос хойш нэлээд яригдсан. Байгалийн баялгийг иргэдэд хүртээх, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ирээдүйн өв сангийн тухай хууль уг нь байгаа. Тус хууль 2016 онд батлагдсан. Хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт хийх, корпорац байгуулах гэх мэт заалтууд нь байгаа л даа. 

Өргөн баригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд Ирээдүйн өв сан дээр хуримтлалын сан, хөгжлийн сан гээд нэмж 2 сан байгуулахаар тусгагдсан. Мөн сангийн менежмент нь санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр нийгмийн хамгаалал, хөгжлийн бодлого хариуцсан төрийн захиргааны байгууллагууд шууд удирдлагыг нь хангана гэж заасан байна. Тэгэхээр энэ нь олон улсын баялгийн сангийн сайн жишигт төдийлөн нийцэхгүй байгаа юм. 

Яарвал даарна

Хөгжиж буй орнуудын Төв банкнууд ихэвчлэн АНУ-ын Төв банкны алхмыг дагаж шийдвэрээ гаргадаг ч Монголбанк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулаад байгаа. Төгрөгийн ханш энэ онд харьцангуй тогтвортой байгаа нь Монголбанканд хүүгээ бууруулах итгэл өгсөн байж болох бөгөөд энэ шийдвэрийг эртэдсэн гэж харахгүй байгаагаа Bloomberg Intelligence-ийн Бодлогын хүүгийн ахлах стратегич Стефен Чу бидэнтэй ярилцах үеэрээ илэрхийллээ.

“Миний бодлоор Монголбанк бодлогын хүүгээ хурдацтай, ойр ойрхон бууруулахгүй. Хүлээцтэй хандаж II улиралд АНУ-ын Төв банк ямар дохио өгөхийг харгалзан дахин бууруулж магадгүй. Одоо нөхцөл байдал Монголбанкны гарт байна. Яарах шаардлагагүй гэж бодож байна. Төгрөгийн ханш тогтвортой, инфляц саарсан үзүүлэлттэй, бүх зүйл зөв чиглэлдээ явж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

Орон нутагт ипотек нэмэгдэв

Оны эхний гурван сарын хугацаанд банкнууд 230 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2000 өрхөд олгосныг МИК мэдээллээ. Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1200 гаруй өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 800 гаруй өрхөд олгожээ.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг орон нутаг руу түлхүү шилжүүлэхээр ажиллаж буй. Өмнөх таван жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг орон нутгийн өрхүүдэд олгосон бол 2023 онд 32 хувь, 2024 оны эхний улирлын байдлаар 41 хувь болгон нэмэгдүүлжээ.

Төлөв доошоо, зэрэглэл хэвэндээ

Үнэлгээний Fitch Ratings агентлаг БНХАУ-ын төлөвийг “Тогтвортой” байснаас “Сөрөг” болгож буурууллаа. Тус улсын өрийн хэмжээ тогтвортой нэмэгдэх хүлээлттэй байгаа нь төлөвийг бууруулах гол шалтгаан болсон бөгөөд бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгуурласан өсөлтөө илүү төрөлжүүлэх зорилготой байгаа нь санхүүгийн нөөц нь буурахад нөлөөлнө гэж үзжээ.

Харин Fitch БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг “A+” түвшинд хэвээр хадгалсан байна. Эдийн засгийн өсөлт нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөр хэвээр, дэлхийн худалдааны салбарт томоохон оролцоотой зэргийг үүнд харгалзан үзжээ.

Хятадаас Энэтхэг рүү

Өнгөрсөн санхүүгийн жилд Apple компанийн Энэтхэг дэх iPhone-ийн үйлдвэрлэл 14 тэрбум ам.доллароор хэмжигдэж, өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдсэн нь тус компани үйлдвэрлэлээ Хятадаас өөр оронд төрөлжүүлэх арга хэмжээ эрчимжиж буйн дохио боллоо. Apple одоогоор гол бүтээгдэхүүнийхээ 14 хувийг буюу долоон iPhone тутмын нэгийг Энэтхэгт үйлдвэрлэж байгааг ойрын эх сурвалжаас мэдээлсэн байна.

Хэдийгээр БНХАУ iPhone үйлдвэрлэлийн гол төв, гадаад дахь хамгийн том зах зээл нь хэвээр байгаа боловч Apple-ийн тус улс дахь борлуулалтын орлого буурсан, Huawei тэргүүтэй дотоодын өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх байр суурь өссөн, ЗГ-ын хориг арга хэмжээ нэмэгдсэн зэрэг томоохон сорилтууд тулгараад байгаа.

Нөгөө талд Apple-ийн Энэтхэг дэх үйл ажиллагаа эрс эрчимжсэн нь Нарендра Модигийн ЗГ-ын хүчин чармайлт үр дүнд хүрч буйг илтгэж байна. Тус улсын ЗГ Apple зэрэг гадаадын компаниудын өндөр технологийн үйлдвэрлэлийг татахын тулд санхүүгийн хөшүүргийн урамшуулал санал болгож эхэлсэн юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

АНУ-ын ЗГ-ын бондын өгөөж хаашаа чиглэх, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран алтны үнэ өссөөр байна. Хүү буурах магадлалтай үед шар металлын эрэлт нэмэгдсэн нь одоогийн өсөлтийн суурь гэх тайлбарыг энэ нь үгүйсгэж байгаа юм.

Эдийн засгаа уналтаас зөөлөн газардуулах Холбооны нөөцийн банкны арга хэмжээнээс үүдэж болох эрсдэлд хамгийн сайн хедж нь алт гэж үзсэн худалдан авагчид олон байгаа нь дамжиггүй. Гэхдээ хэдэн арван жилийн турш алтыг төдийлөн ойшоогоогүй ч саяхнаас эрчимтэй нөөцөлж эхэлсэн өөр нэг бүлэг худалдан авагчид байгаа нь Төв банкнууд юм.

Сүүлийн байдлаар Төв банкнуудын нийт нөөцөд алтны биет нөөцийн эзлэх хувь 16 хувьд хүрч нэмэгджээ. Гол нь Төв банкнууд алтны үнэд төдийлөн анхаардаггүй хандлагатай байдаг нь тус үнэт металлын үнэ өндөр түвшинд удаан хадгалагдах магадлалыг нэмэгдүүлж байна.

Эцэст нь товчхон

  • Үндэсний аудитын газар: УИХ-ын сонгуульд оролцохоор нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Тэгвэл Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт урьдчилсан дүгнэлт хийж, засаж сайжруулах зүйлсийг тодотгон буцаасан байна.

Өнөөдрийн онцлох зураг

АНУ-Мексикийн хилийн зурвасын хашлагыг давж буй цагаачид - Кампо, Калифорни

Mark Abramson/Bloomberg