2024/04/10

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Хүнсний ногооны импорт өссөөр буй асуудлыг "ногоон" аргаар дотооддоо шийдэх гарцын талаар энэ дугаарт онцоллоо.

  2. M-OTC платформ Монголд анх удаа блокчэйн үнэт цаасны арилжааг эхлүүлжээ.

  3. Жэйми Даймон хиймэл оюуны потенциалыг уурын хөдөлгүүртэй зүйрлэв.

Тариалалтын ирээдүй

Жилийн дөрвөн улиралд уур амьсгал, цаг агаарын нөлөөллөөс шалтгаалахгүйгээр тариалалт эрхлэх аргууд нь хүнсний тогтвортой ирээдүйн чухал хэсэг болж байна. Хүнсний ногооны хэрэгцээнийхээ үлэмж хувийг импортоор хангадаг Монголтой төстэй улсуудын хувьд хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэх шинэ “ногоон” гарцуудын нэг нь гидропоник тариалалт байх боломжтой юм.

Усны хэрэглээ 90 хувиар багасна

Хөрсгүй тариалалт буюу гидропоник технологи нь хүнсний ногоо, ногоон ургамал, эмийн ургамлыг хөрсөнд бус усан суурьтай шим тэжээлт уусмалд тарьж ургуулах технологи юм. Шавж устгагч, зэрлэг ургамал устгагч химийн бодис ашиглах шаардлагагүй, уламжлалт тариалалтын аргуудаас 90 хувиар бага ус хэрэглэдэг, зай талбай ихээр хэмнэдэг гэдгээрээ уг технологи нь ихээхэн давуу талтай.

Comcrop-ийн гидропоник ферм

Нийт хүнснийхээ 90 хувийг импортоор авдаг Сингапур улсын ЗГ хүн ам шигүү суурьшсан жижиг газар нутгийн сул талаа багасгаж, 2030 он гэхэд хүнсний хэрэгцээнийхээ 30 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхийн тулд гидропоник тариалалт, босоо ферм зэрэг технологийн дэвшлүүдэд ихээхэн найдлага тавьж байгаа аж. Барилгын дээвэр, өндөр барилгын давхруудад гидропоник аргаар хүнсний ногоо ургуулдаг ComCrop, Sustenir зэрэг компаниуд тус хот улсад аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ чиглэлийн зарим тэргүүлэх компаниудад Сингапурын ЗГ-аас санхүүжилт олгодог байна.

Гэхдээ бусад ногоон технологиудын нэгэн адил гидропоник босоо фермүүд нь гарааны томоохон хөрөнгө оруулалтаар дутагдахын зэрэгцээ эрчим хүчний зардал өндөр байдаг нь санхүүгийн үр ашигтай ажиллахад хүндрэл учруулдаг аж.

Монгол дахь тариалалт

Монгол Улсын хүнсний ногооны импорт жил ирэх тусам нэмэгдсээр энэ он гарсаар 25.3 мянган тонн хүнсний ногоо импортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар, 2022 оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байгаа юм.

Хүнсний ногооны импортоос өндөр хамааралтай Монгол Улсын хувьд дотоодын тариалалтаа нэмэгдүүлэхийн тулд өвлийн хүлэмжийн тоог олшруулах, тэр дундаа гидропоник технологи нэвтрүүлснээр богино хугацаанд хэд дахин илүү ургац авах боломжтойг “Төгс ургац” компанийн Гүйцэтгэх захирал П.Буянтөгс онцолсон. Гидропоник технологи бүхий 50 га хүлэмж байхад дотоодын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад экспортлох ч боломж буйг тэрбээр тодотгож байлаа.

“Төгс ургац” компанийн хувьд 2016 оноос гидропоник хүлэмжинд өргөст хэмх тарьж, одоогоор дотоодын зах зээлийн 40-45 хувийг хангаж байгаа бөгөөд цаашлаад дотоодын өргөст хэмхийн хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьжээ. Гидропоник технологитой хүлэмж байгуулахад бусад хүлэмжээс 8-10 дахин өндөр өртөгтэй, хөрөнгө оруулалтаа нөхөхөд урт хугацаа шаарддагаараа онцлогтой аж.

Гэрэл, дулаан, усалгаа, чийгшил зэрэг ургамал тариалахад хамгийн чухал хүчин зүйлсийг жилийн 365 хоногийн турш автомат технологиор хянаж, ургамлын өсөлт, ургацын хэмжээнд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлог. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл бид тариалалтын талбайгаа жилд дунджаар 5-10 га-аар тогтмол нэмээд явах бүрэн боломжтой.

Хүлэмжийн тоог нэмэгдүүлэхэд Төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмждэг. Тухайлбал: 2023 онд 22 аж ахуйн нэгжид 11.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Харин энэ онд долоон тэрбум төгрөгийн зээл олгоно гэдгийг салбарын яам мэдээлж байсан юм.

Анхны блокчэйн арилжаа

Биржийн бус зах зээлийн M-OTC платформ Монголд анх удаа блокчэйн үнэт цаасны арилжааг эхлүүлжээ. M-OTC өнгөрсөн оны 11 дүгээр сард СЗХ-ны сэндбоксын зохицуулалтын орчинд блокчэйн үнэт цаасны арилжааг турших зөвшөөрөл аваад байсан юм. Блокчэйн технологи нь үнэт цаасны арилжааны аюулгүй байдал, хөрвөх чадварыг сайжруулах боломжийг бүрдүүлж байгааг СЗХ онцолж байв.

ЖДҮ-ийн шинэ санхүүжилт

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгаль орчныг хамгаалах зорилгоор 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжүүлэхийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. JICA байгууллагаас 2006 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн зээлийг арилжааны зургаан банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэй олгох аж. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлж, ажлын байраа нэмэгдүүлэх зорилготой ААН-үүдийг дэмжиж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгосноор Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг JICA тодотгосон байна.

Би микроменежер биш!

Микроменежер хэмээн цоллуулдаг Илон Маск нэр хүндээ сэргээхээр шийдсэн бололтой. Түүний хэлж буйгаар шилдэг ажилтнуудыг удирдах, хянах шаардлага тун бага аж.

Тэрбээр “Би үүнийг микро менежмент гэж хэлэхгүй, харин нарийн ширийнийг нь олж харах, анхаарахыг шаардаж буй хэрэг. Хэрэв та төгс бүтээгдэхүүн гаргахаар хичээж байгаа бол нарийн деталиудад анхаарах нь чухал” хэмээн Даваа гарагт Норвегийн баялгийн сангийн гүйцэтгэх захирал Николай Тангентай ярилцах үеэрээ хэлжээ. Тус ярилцлага Илон Маскийн X платформоор шууд дамжуулагдсан байна.

Уолтер Айзексоны бичсэн Илон Маскийн намтарт түүнийг Cybertruck-ийн загвараас эхлээд Twitter серверүүдээ хаана байрлуулах тухай гээд бүхий л жижиг сажиг шийдвэрүүдэд хэтэрхий оролцдог тухай дурдаж байв. Хэдийгээр тэрбумтан 2 жилийн хугацаанд зургаан компанийг нэгэн зэрэг удирдсан үйл явцаа Айзексонд “ойроос харуулсан” ч тус зохиогчийн номыг уншаагүйгээ ярилцлагын үеэр хэлжээ.

Микро-менежмент хийдэг ихэнх захирлууд өөрсдийн үйлдлийг ажилтнуудынхаа бие даан ажиллах эрх чөлөөнд халдаж байна гэж үздэггүй бол зарим судалгааны дүнгээс харахад карьерынхаа хугацаанд ажилд нь хэт их оролцдог удирдлагын доор ажиллаж байсан хэмээн оролцогчдын дийлэнх нь хариулжээ.

AI = Уурын хөдөлгүүр

Хиймэл оюун дэлхий дахинд “хэвлэлийн машин, уурын хөдөлгүүр, цахилгаан эрчим хүч, компьютер, интернэт”-ийн нэгэн адил хувьсгал хийх потенциалтай болохыг JPMorgan-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон онцолжээ.

Тэрбээр жил бүр хувьцаа эзэмшигчдэд илгээдэг захидлынхаа багагүй хэсэгт Уолл Стритийн том бизнесүүдэд болон нийгэмд хиймэл оюуны үзүүлэх ач холбогдлыг тодотгосон байна. JPMorgan банк маркетинг, залилан, эрсдэл зэрэг 400 гаруй кейст ашиглагдах технологийн хэрэгцээг тодорхойлж, хиймэл оюуны олон мянган мэргэжилтэн, дата шинжээчдийн баг бүрдүүлж генератив хиймэл оюуны нэвтрүүлэлтийг судалж эхэлснийг Даймон мэдээлсэн байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Өнгөрсөн III сар мөн л түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун III сар болсноор агаарын хэмийн рекорд дээд үзүүлэлтүүд ийнхүү 10 дахь сардаа бүртгэгдэж байна.

Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр III сард дэлхий даяар агаарын хэм түүхэн дунджаасаа цельсийн 1.68 хэмээр халуун байжээ. Харин сүүлийн 12 сарын агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас 1.58 хэмээр илүү байсан нь дэлхий дээрх бүх амьдралд заналхийлэх боломжтой гэж эрдэмтдийн анхааруулдаг дээд хязгаар болох 1.5 хэмээс давсан гэсэн үг юм.

Эцэст нь товчхон

  • Голомт Капитал ҮЦК: Жилийн 18 хувийн хүүтэй, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий “БИД” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалгыг авч эхэлжээ. БИД ББСБ ХХК нь тус ХБҮЦ-аар дамжуулан 15 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм.

Өнөөдрийн онцлох зураг

Цэцэглэсэн сакура моддыг үзэхээр Токиогийн Чидоригафүчи сувгаар завьтай явж буй хүмүүс

Shoko Takayasu/Bloomberg