- Business newsletter
- Posts
- 2024/04/09
2024/04/09
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт тус салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгөөс $100 гаруй тэрбумыг арчжээ.
Rio Tinto арилжаа хариуцсан шинэ захирлаараа Б.Болдыг томиллоо.
Инфляц III сард өмнөх сараасаа өөрчлөлтгүй буюу 7.0 хувьтай гарч, оны эхний улирлын турш Төв банкны зорилтот түвшинд хадгалагдлаа.
$100 тэрбум салхинд “хийсэв”
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй хөгжсөний үр дүнд тус салбараас олон арван тэрбумтан төрөн гарсан бөгөөд тэдний 10 нь дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний жагсаалтад багтжээ. Гэвч сүүлийн жилүүдэд тохиосон уналт дээрх өсөлтийг ядах юмгүй арчиж, тэрбумтнуудын нийт хөрөнгө 100 гаруй тэрбум ам.доллароор буураад байгаа юм.
Хэт өндрөөс “газардсан” тэдгээр магнатуудаас заримыг нь танилцуулбал:
Хуй Ка Янь
China Evergrande Group
Байгуулагдсан он: 1996
China Evergrande Group-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, нэгэн цагт улс төрд ихээхэн нөлөөтэй явсан Хуй Ка Янийн хөрөнгө 2021 оны эхээр 24 тэрбум ам.доллар байсан бол 2024 оны III сарын сүүлээр $1.1 тэрбум болж буурчээ. Үл хөдлөхөөс авахуулаад цахилгаан автомашин зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулсан нүсэр компанийг удирдаж байсан түүнийг цагдаа нар саатуулаад байгаагаас гадна зээлдүүлэгчид Хонконг дахь хоёр харшийг нь хураан авсан байна.
Ван Жяньлинь
Dalian Wanda Group
Байгуулагдсан он: 1988
Нэгэн цагт БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхэм байсан Ван Жяньлинь өнгөрсөн 12 дугаар сард хөрөнгө оруулагчдын хилэгнэлээс зайлсхийх 8.3 тэрбум ам.долларын хэлцлийнхээ нэг хэсэг болгож Wanda-ийн дэлгүүрийн бизнесийг хариуцдаг охин компанийнхаа удирдлагыг шилжүүлж өгөхөөр зөвшөөрсөн юм. Гарахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулагчидтай ийнхүү тохиролцож чадсан нь түүний хувьд ус агаар мэт хэрэгтэй байсан ч Хятад даяар 230 хотод бараг 500 их дэлгүүр ажиллуулдаг тус охин компанийн 60 хувийг “гаднын хүмүүс” эзэмшихээр болсон байна.
Үүнээс өмнө тэрбээр энтертайнмент салбарын эзэнт гүрнийхээ дийлэнхийг, мөн Испанийн хөлбөмбөгийн Атлетико Мадрид клубт эзэмшдэг хувиа алдаад байв. Түүний хөрөнгийн хэмжээ 2021 оны эхэнд 15.1 тэрбум ам.доллар байсан бол сүүлд $6.3 тэрбум болж буурчээ.
Ян Хуйянь
Country Garden
Байгуулагдсан он: 1992
Уг компани өнгөрсөн 10 дугаар сард долларын бонддоо дефолт зарлаж, зах зээлийг бужигнуулсан ч юаниар нэрлэгдсэн бондынхоо эргэн төлөлтийг олон сарын турш хэвийн хийсээр байсан юм. Гэхдээ компанийн борлуулалтын уналт улам дордож, III сард хийсэн төслийн гэрээний дүн нь жилийн өмнөхөөс 83 хувиар унажээ. Харьцуулбал I сард гэрээний дүн нь 75 хувиар буурсан байна.
Мөн III сард Country Garden юанийн бондынхоо эргэн төлөлтийг анх удаа хийж чадаагүйн зэрэгцээ санхүүгийн тайлангаа гаргах хугацаа нь хойшилсныг бас зарлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн компанийг нь татан буулгах эрсдэлтэй хууль шүүхийн асуудал үүсэж, хөрөнгийн хэмжээ нь гурван жил орчмын хугацаанд 33.7 тэрбумаас 4.3 тэрбум ам.доллар хүртлээ буураад байгаа Ян Хуйяньд ирэх дарамт улам нэмэгдэж байна.
Энэ зах зээл өндийх үү?
Цар тахлын үеэр эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлагдсан үед их хэмжээний орон сууц зах зээлд нийлүүлж, үүнд нь органик эрэлт, худалдан авах чадвар дутсан учир Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэхэд хэцүү байгааг Эдийн засагч Ч.Хашчулуун хэлж байлаа. “Бид төдийлөн дурдахгүй байгаа боловч Хятадын ЗГ-ын өр, мөн мужуудынх нь өр дээд хэмжээндээ хүрсэн нь бас нөлөөлж байна. Гэхдээ энэ хугацаанд дэд бүтцээ маш мундаг хөгжүүлсэн тул бас сайн тал бий” хэмээн тэрбээр онцолсон юм.
БНХАУ эцсийн дүнд эдийн засгийн хөгжлийн загвараа үл хөдлөх хөрөнгийн салбараас холдуулж, технологи, дэвшилтэт үйлдвэрлэл, дэвшилтэт дэд бүтэц гэсэн гурван шинэ хөдөлгөгч хүч рүү шилжүүлэх хэрэгтэй гэж Citigroup-ийн эдийн засагчид дүгнэж байв.
Улирлын эцсийн тоонууд
Монгол Улсын гадаад валютын албан нөөц III сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.доллар давж, өмнөх сараасаа 5.62 хувиар, өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. 2024 он гарсаар гадаад бондын өндөр дүнтэй төлбөрүүд хийгдсэн ч мөнгөний хатуу бодлого тууштай хэрэгжүүлж, экспортын өсөлт өндөр байсан нь валютын цэвэр орох урсгалыг дэмжжээ.
Үүнээс гадна I улиралд гадаад худалдааны нийт бараа эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн байна. Эхний улиралд импортын бараа бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өсөж, 2.4 тэрбум ам.доллар болсон нь бараа эргэлтийн дийлэнхийг бүрдүүлжээ. Тэр дундаа 34,229 суудлын автомашин оруулж ирсэн нь сүүлийн гурван жилийн мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Хөрөнгийн захад
Хасбанк ХК-ийн 2024 оны I улирлын татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өсөж, 42.1 тэрбум төгрөг хүрчээ. Тайлант хугацаанд зээлийн багц нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өсөж, 2.9 их наяд төгрөг хүрсэн бол чанаргүй зээлийн харьцаа нь хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй байна.
Худалдаа Хөгжлийн Банк ХК 2023 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 1,033 төгрөгөөр тооцон нийт 52.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдээлсэн байна.
Rio-ийн шинэ томилгоо
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Rio Tinto туршлагатай удирдлагуудынхаа нэг болох Б.Болдыг Арилжаа болон Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар томилсон байна. Тус компанийн Зэсийн группийг өдгөө толгойлж буй Б.Болдын хувьд оны сүүлээр Rio-г орхихоор төлөвлөсөн Альф Барриосыг орлохоор болжээ.
2013 онд Rio-д нэгдэхийнхээ өмнө хөрөнгө оруулалтын банкир байсан тэрбээр ирээдүйд тус компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд горилох өндөр бололцоотой эрхмүүдийн нэг юм. Rio Tinto зэс зэрэг гол түүхий эдүүдийн зах зээлд өсөлтөө эрчимжүүлэхээр зорьж буй энэ үед Б.Болд компанийн томоохон төслүүдийг хариуцаж ажиллах бөгөөд тэдгээрийн дунд 6.2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн Гвинейн төмрийн хүдрийн нүсэр төсөл Симанду ч багтаж байгаа аж.
Робот такси тун удахгүй
Tesla компани хүлээлт үүсгээд байсан робот таксигаа ирэх наймдугаар сарын 8-нд танилцуулахаар төлөвлөснийг Илон Маск X платформдоо мэдээлэв. Тус компани бүрэн автомат жолоодлоготой робот таксины концепт загвараа анх 2019 онд танилцуулж байсан бол сүүлд автомат жолоодлогын программынхаа хамгийн сүүлийн үеийн хувилбарыг худалдаанд гаргаад байгаа юм. Он гарснаас хойш 34 хувиар буураад байсан Tesla-ийн хувьцааны ханш уг мэдээлэл гарсны дараа 5.1 хүртэлх хувиар өсжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“Goldman Sachs” ураны эрэлтэд эерэг хүлээлттэй байгаатай холбоотойгоор үнэ нь цойлов
БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний үнийн уналт үргэлжилж, V сараас тогтворжих төлөвтэй
“Uber”-ийн стартап “Lime” энэ онд 30,000 цахилгаан дугуй зах зээлд нэвтрүүлнэ
Онцлох чарт
Цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд жилийн өсөлтийн түвшинг нь сааруулж мэдэх зарим “хурд сааруулагч”-тай тулгарах магадлалтайг BloombergNEF тус салбарын сүүлийн тайландаа онцолжээ.
Европ зохицуулалтаа шинэчлэн, Хятадын зах зээл ханаж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан тодорхойгүй байдал үүссэн зэрэг хүчин зүйлс бүгд хэрэглэгчийн итгэлд нөлөөлөх боломжтой аж. Хэдий тийм боловч энэ онд цахилгаан автомашины борлуулалт 22 хувиар өсөж, дэлхийн хэмжээнд 16.7 сая болохыг BNEF тооцоолсон байна. Харьцуулбал өнгөрсөн онд борлуулалтын өсөлт 30 хувьтай байжээ.
Эцэст нь товчхон
ОУСК: Туул голын ай сав газар бохирдол үүсгээд байгаа арьс шир боловсруулах үйлвэрүүдийг суурьшлын бүсээс нүүлгэх “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг Олон улсын санхүүгийн корпорац боловсруулж, нийслэлд хүлээлгэн өглөө. Ингэснээр тус төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг ЗГ, УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэж байгаа юм.
ҮСХ: III сарын байдлаар инфляцын түвшин 7 хувьтай гарч, хоёр сар дараалан нэг цэгтээ, дөрвөн сар дараалан Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдлаа. Үүний 2.4 нэгж хувь буюу 34 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үед инфляц 12.2 хувьтай байхад 42.6 хувь нь импортоос шалтгаалж байсантай харьцуулахад энэхүү хамаарал буурчээ.
Өнөөдрийн онцлох зураг
Амазон мөрний нэгэн салааны ширгэсэн сайрыг гатлан алхаж буй загасчин - Тефе, Амазонас, Бразил
Lalo de Almeida/Folha de São Paulo