- Business newsletter
- Posts
- 2024/04/08
2024/04/08
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Эргэн анхаарлын төвд орж, үнэ нь жил гаруйн хугацааны дээд цэгтээ хүрээд байгаа зэсийн тухай энэ дугаарт онцоллоо.
Энэ сар гарснаас хойш уул уурхайн биржээр нүүрсний арилжаа хийгдээгүй байна.
Энэ онд аялал жуулчлалын салбар дэлхийн эдийн засагт 11.1 их наяд ам.долларын орлого оруулна.
Зэсийн эргэн ирэлт
“Зэс бол ирээдүйн металл” - Энэ бол өнгөрсөн 10 жилийн дийлэнх хугацаанд уул уурхайн салбарт бараг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байлаа. Дэлхийн эдийн засаг нүүрстөрөгчөөс аажмаар ангижирч, цахилгаанжихтай зэрэгцэн зэсийн нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр улам сийрэг харагдах болсноор тус металлын эрэлтэд тэсрэлт тохиох нь зайлшгүйг салбарын манлайлагчид сануулах болов.
Гэтэл оронд нь нүүрс, төмрийн хүдэр зэрэг аж үйлдвэрийн итгэлт түүхий эдүүд сүүлийн жилүүдэд томоохон олборлогчдын ашгийг рекорд дээд хэмжээнд нь хүргэж, тэдгээрийн сүүдэрт зэс дарагдсан хэвээр өдийг хүрсэн юм. Харин одоо нийлүүлэлтийн шок, эдийн засгийн сэргэлтийн эерэг хүлээлтийн нөлөөгөөр зэс анхаарлын төвд орж эхэлж байна.
Сэргэлт хаа сайгүй
Өнгөрсөн онд Панам улсын ЗГ-аас First Quantum Minerals-ийн нүсэр уурхайг хаах тушаал гаргаж, дэлхийн хэмжээнд жилийн нийт нийлүүлэлтээс 400 мянга гаруй тонн металлыг нэг дор үгүй хийсэн нь зэс олборлолтын ирээдүйтэй холбоотой санаа зовоосон асуудлуудыг нэмээд байгаа.
Төд удалгүй салбарын өөр нэг аварга Anglo American зэсийн гарцаа 200 мянга гаруй тонноор танаж байгаагаа зарлаж, хөрөнгө оруулагчдаа цочирдуулсан юм.
Эхэндээ гарцын эдгээр таналтууд зах зээлийг төдийлөн хөдөлгөөгүй нь зэсийн хэрэглээ сул байсантай холбоотой. Гэхдээ одоо зэсийн эрэлтийн хамгийн чухал хэмжүүр гэж болох үйлдвэрлэлийн хэмжээ бараг дэлхий даяар өсөж байгаа нь дээрх байдал өөрчлөгдсөнийг харуулж байна.
БНХАУ-д гуравдугаар сард үйлдвэрлэлийн салбарын Худалдан авалтын менежерийн индекс (PMI) өнгөрсөн оны есдүгээр сараас хойш анх удаагаа өссөн бол Энэтхэгт мөн энэ үзүүлэлт олон жил байгаагүй эрчимтэй өсөх төлөвтэйг урьдчилсан тайлангууд харуулжээ.
Энэ бүгд нь зэсийн үнэ жил гаруйн хугацааны дээд цэгтээ хүрч, мөн 2024 он гарснаас хойш 9 орчим хувиар өсөхөд түлхэц боллоо.
Хоёрдугаар улиралд зэсийн нийлүүлэлтийн томоохон хомсдол бий болсноор зах зээлд үнийн “хоцрогдол” буюу спот үнэ нь фьючерс үнээсээ давж, цаашид эрэлт өндөр байхыг илтгэдэг нөхцөл байдал үүснэ гэж Goldman Sachs-ийн шинжээчид бичжээ. Мөн тэд зэсийн үнэ 2025 он гэхэд 65 хувиар өснө гэсэн тус банкны төсөөллийг бататгасан байна.
Хэдийгээр дэлхийн металлын зах зээл Хятадын эрэлтийг даган нэгэн зэрэг хөдөлдөг болсон ч энэ удаа үгүй аж. Төмрийн хүдрийн үнэд дарамт нэмэгдэж, нүүрсний үнэ унасан хэвээр байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхол олон төрлийн ашигт малтмал олборлодог том компаниудаас зөвхөн зэсээр дагнасан олборлогчид руу шилжихэд нөлөөлжээ.
Тухайлбал Antofagasta-ийн хувьцааны ханш он гарсаар 30 хувь өссөн бол Freeport-McMoRan компанийнх 15 гаруй хувиар өсөөд байна. Харин нөгөө талд BHP болон Rio Tinto-ийн хувьцааны ханш хоёул 14 орчим хувиар унажээ.
Биржийн арилжаа тун удахгүй
Коксжих нүүрс, төмрийн хүдрийн баяжмал гэсэн гангийн үйлдвэрлэлийн гол орцуудын дараа МХБ-ээр арилжаалагдах дараагийн таваар нь зэсийн баяжмал болсон. Одоогоор зэсийн баяжмалын туршилтын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж буй бөгөөд энэ сарын дундаас арилжаа эхлэх төлөвтэй.
Энэ оны төсөвт 1.5 сая тонн зэсийг тонн тутамд 9,000 ам.доллароор арилжихаар тусгаад байгаа ч эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн нийт баяжмалын 5-10 хувийг зарах боломж байгааг УУХҮЯ-наас мэдээлж байлаа. Харин ирэх жилээс 30 хувь, 2025 оноос 50 хувь гэх мэтээр арилжааны хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж. Харин Оюутолгой энэ жилдээ бүх экспортоо гэрээлсэн байгаа тул наанадаж 2025 оноос тус уурхайн баяжмалын тодорхой хувийг биржээр арилжаалж эхлэх бололтой.
Орон сууцны хоёрдмол байдал
Өнгөрсөн оны 12 дугаар сард орон сууцны үнийн индекс жилийн 8.1 хувьтай гарч байсан бол энэ оны хоёрдугаар сард шинэ орон сууцны үнийн өсөлт эрчимжиж, 11 хувьтай гараад байгаа. Иргэдийн орон сууц худалдан авах чадвар эрс тэс ялгаатай нь салбарын тулгамдсан асуудлуудын нэг болохыг Эдийн засагч Ч.Хашчулуун хөндөж байлаа.
“Дундаж давхаргад чиглэсэн орон сууцжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Гэтэл хүү 6 хувь ч бай, 8 хувь ч бай, бүр хүүгүй байсан ч орон сууц авах чадваргүй бүлэг бий. Орлогод нийцсэн орон сууц барина гэж ярьдаг ч үнэ нь яг хэд байх, хэн санхүүжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Нөгөө талд орлого өндөртэй өрхүүдийн худалдан авалтын эрэлт хэрэгцээ өөр болсон. Тиймээс цаашдаа орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг олон болгох шаардлагатай” хэмээн тэрбээр Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.
Нүүрсний арилжаа татрав
Энэ сар гарснаас хойш буюу пүрэв гараг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний биржээр экспортын гол түүхий эд болох нүүрсний арилжаа хийгдээгүй байна. III сард Монгол Улсын коксжих нүүрсний цахим арилжааны идэвх саарч өнгөрсөн VIII сараас хойших доод цэгтээ хүрснийг SxCoal мэдээлж байв. Тодруулбал өнгөрсөн сард 1.3 сая тонн коксжих нүүрс цахимаар арилжаалагдсан нь өмнөх сарынхаа дүнгийн 56 хувьтай тэнцсэн төдийгүй тайлант хугацаанд 217,600 тонн бүтээгдэхүүний арилжаа цуцлагджээ.
Түүнчлэн БНХАУ-ын хойд гурван боомтоор IV сарын 3-нд 1.07 сая тонн нүүрс хүлээн авсан нь долоо хоногийн өмнөхөөсөө 16.3 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. SxCoal-ийн онцолж байгаагаар Монголын нүүрсний үнэтэй холбоотой Хятадын худалдан авагчид, коксжих нүүрс ашигладаг үйлдвэрүүдийн сонирхол буураад байгаа аж.
ОУСК-ын санхүүжилт
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахаар Олон улсын санхүүгийн корпорац ХААН Банктай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус корпорацын зөвлөх багийнхан ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилт, үр нөлөөг сайжруулах, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн стратеги төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм.
ОУСК 2023 оны санхүүгийн жилд хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниудад нийт 43.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг тус корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч мэдээлжээ.
Аялал жуулчлалын рекорд
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан тоо баримтаас үзвэл энэ онд болон ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжил дэлхий даяар шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Тус салбарын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал энэ онд дэлхийн эдийн засагт аялал жуулчлалаас олох орлого түүхэн дээд цэгтээ буюу 11.1 их наяд ам.доллар хүрч, 2019 оны дээд үзүүлэлт болох 10 их наяд ам.долларыг давах нь тодорхой байгаа аж.
Түүнчлэн ирэх 10 жилд аялал жуулчлалын салбар 16 их наяд ам.доллароор хэмжигдэх салбар болох тооцоолол ч гарчээ. Ингэснээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг эзлэхээр байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Малчин өрхийн холбоо байгуулах хуулийн төслийг дэмжив
Дэлхийн хамгийн том Үндэсний баялгийн сан ба "Rio Tinto"-ийн хооронд үүссэн асуудлыг ойроос харвал...
МХБ-ээр III сард ₮90.7 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгджээ
Онцлох чарт
2023 оны IV улирлын байдлаар банкнуудын олгосон ногоон зээл нийт зээлийн 2.9 хувийг эзэлж байна. Ногоон зээлийн нийт үлдэгдэл 800 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх улирлаасаа 30 гаруй хувиар өссөн дүн болохыг Монголбанк мэдээлжээ. Нийт зээлийн талаас илүү хувийг эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн ногоон зээл бүрдүүлсэн бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй барилга болон одоо байгаа үйлдвэрлэлийн байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зээл дийлэнх хэсгийг бүрдүүлжээ.
Эцэст нь товчхон
УИХ: Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг одоогийн мөрдөж буй Хөрөнгө оруулалтын хуулиас хасах төслийг УИХ хэлэлцэхээр дэмжлээ. Хуулийн энэ заалт нь Үндсэн хууль болон Газрын тухай хуультай зөрчилдөж байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд өргөн барьсан байна.
Ногоон барилгын хүрээлэн 6 бүлгийн 39 шалгуур үзүүлэлттэй Bestger үндэсний ногоон барилгын зэрэглэл боловсруулахаар ажиллаж байна. Монгол Улсад ногоон барилгын албан ёсны тогтсон стандарт, зэрэглэл байдаггүй бөгөөд цаг уурын онцлогт тохирсон, хэрэглэгчдийн санхүүгийн чадавхид нийцсэн үндэсний систем шаардлагатай байгааг тус хүрээлэнгээс онцолж байв.
Өнөөдрийн онцлох зураг
Улаан тэнгис дэх ажиллагааны үеэр АНУ-ын F/A-18 сөнөөгч онгоц USS Dwight D. Eisenhower тээвэрлэгч хөлгийн тавцангаас хөөрч байна
Christopher Pike/Bloomberg