- Business newsletter
- Posts
- 2024/04/05
2024/04/05
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Норвегийн Баялгийн сан Rio Tinto-д эзэмшдэг олон тэрбум ам.долларын хувьцаагаа зарах эрсдэл үүсжээ.
Зэсийн үнэ тонн нь 9,277 ам.доллар болж 14 сарын дээд цэгтээ хүрээд байна.
Apple-ийн дараагийн том төсөл нь гэрийн робот байж магадгүй.
Rio-ийн ээлжит асуудал
Rio Tinto-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг Норвегийн Баялгийн сан тус компаниас дахин нүүрээ буруулж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Компанийн үйл ажиллагаатай холбоотой яг ямар асуудал үүнд хөтлөв?
Боксит олборлогч ба Rio
Норвегийн баялгийн сангийн Ёс зүйн зөвлөх хорооноос Бразил дахь Rio Tinto компанийн хамаарал бүхий уурхайн байгаль орчны нөлөөллийн талаар асуудлыг сөхсөн нь 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй тус сан цаашид Rio-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг хэвээр байх эсэх тухай эргэлзээ дахин бий болоход хүргээд байна.
Ойрын эх сурвалжийн Bloomberg-т өгсөн мэдээллээр Ёс зүйн хороо нь Норвегийн Баялгийн санд Rio Tinto-д эзэмшдэг хувьцаагаа шилжүүлэх зөвлөмж өгөх талаар судалж эхэлсэн ч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа аж.
Асуудлын гол нь Бразилд хөнгөн цагааны хүдэр буюу боксит олборлодог Mineracao Rio Do Norte (MRN) компанийн 22 хувийг Rio Tinto эзэмшдэгтэй холбоотой. Ёс зүйн хорооноос тус компанийн уурхай нь бүс нутгийн ой мод устахад хэрхэн нөлөөлж байгаад хурцаар анхаарал хандуулж эхэлжээ. Түүнчлэн тус хороо сүүлийн саруудад энэ асуудлаар Rio Tinto-той идэвхтэй яриа өрнүүлж байгааг мэдээлсэн байна.
Rio-ийн зүгээс энэ талаар мэдэгдэл хийхдээ MRN компанийн үйл ажиллагааг удирддаггүйгээ тодотгоод, “тухайн компани нь салбарын сайн туршлага, хувьцаа эзэмшигчдийн хүлээлтэд нийцэхийн тулд байгаль орчин, нийгмийн хүрээний үйл ажиллагаагаа үе шаттай сайжруулахаар ажиллаж байгаа” хэмээжээ.
Гашуун сургамж бий
Ёс зүйн хорооны дэвшүүлсэн асуудал нь Rio Tinto-ийн төслүүдийг тойрсон маргаантай асуудлуудын сүүлийн жишээ нь болж байна. Rio Tinto-ийн Индонез дэх Грасберг уурхайн байгаль орчинд учруулсан хохирлоос болж Норвегийн Баялгийн сан тус компанид эзэмшдэг хувьцаагаа зарж, 10 гаруй жилийн турш хувьцааг нь дахиж авахаас татгалзсаны эцэст 2019 оноос л хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж байжээ.
Нөхцөл байдал хамгийн муугаар эргэж, Норвегийн Баялгийн сан хөрөнгө оруулалтаа дахин зогсоолоо гэхэд дэлхийд хоёрдугаарт ордог уул уурхайн компани Rio Tinto-д маш том цохилт болох юм. Тайлангаас харвал дээрх сан нь Rio Tinto-ийн тав дахь том хөрөнгө оруулагч бөгөөд сүүлийн байдлаар компанийн 2.6 хувийг эзэмшиж байна. Энэ нь ойролцоогоор 2.7 тэрбум ам.доллартой дүйцэх дүн аж.
Дашрамд дурдахад MRN компанид Rio-оос гадна Glencore 45 хувь, Австралийн South32 компани 33 хувийг нь эзэмшдэг байна. Норвегийн Баялгийн сан 2020 онд эрчим хүчний нүүрс олборлолттой нь холбоотойгоор Glencore-д эзэмшдэг бүх хувьцаагаа мөн л зарж байв.
Ямар учиртай сан, ямар учиртай хороо вэ?
Хараат бус засаглалтай Ёс зүйн хороо нь дэлхийн хамгийн том үндэсний баялгийн сан болох Норвегийн Баялгийн сангийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сангийн толгой компани Norges Bank Investment Management-ийн хийсэн хөрөнгө оруулалтуудыг шинжилж, ёс зүйн дүрэм журмуудыг чанд даган мөрдөж буйг баталгаажуулах нь тус хорооны хийдэг гол ажил юм. Тиймээс тодорхой компаниудыг сангаас хасах, эсвэл ажиглалтын жагсаалтад оруулах талаар зөвлөмж өгөх эрх мэдэлтэй аж.
Norges нь 2015 оноос хойш Ёс зүйн хорооноос өгсөн байгаль орчинтой холбоотой бүхий л зөвлөмжийг даган биелүүлжээ.
Хувьцаагаа нээлттэй арилжаалдаг дэлхийн бүх компаниудад дунджаар 1.5 хувьтай нь дүйцэх хувьцаа эзэмшдэг Норвегийн баялгийн сангийн шийдвэрүүд, алхмуудыг дэлхийн бусад баялгийн сангууд анхааралтай ажигладаг. Сүүлийн жилүүдэд тус сан байгаль орчин, нийгэм, засаглалын хүчин зүйлсийг харгалзан эзэмшдэг хувьцаагаа зарах нь нэмэгджээ.
Баялгийн сангийн хууль
ЗГ-аас УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Таван бүлэг, 16 зүйлээс бүрдэх тус хуулийн төсөлд Үндэсний баялгийн санд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санг багтаахаар тусгажээ. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг хэтэрхий яарсан, өргөн хүрээний асуудлыг 3-4 хуудас болгон хураангуйлсан, үзэл баримтлалын хувьд оновчгүй гэж үзээд дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм.
Үндэсний баялгийн сангийн үндсэн орлого нь АМНАТ байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр танилцуулсан илтгэлдээ онцолж байлаа. Дашрамд дурдахад, одоогоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад 16 орд багтаж байгаагаас 7 тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс Монгол ХХК-д харъяалагддаг. Мөн стратегийн ач холбогдолтой орд болох боломжтой 39 орд тодорхойлогдсоноос 2 ордыг мөн Эрдэнэс Монгол эзэмшиж байна.
Хөрөнгийн захад
III сард МХБ-ээр 90.7 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх сараас 243 хувь өссөн дүн боллоо. Үнийн дүнгийн 97 хувийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. Тайлант хугацаанд ТОП-20 индекс 1.8 хувиар өсөж 44,351 нэгжид хүрсэн байна.
Пүрэв гарагт Сэндли ББСБ ХК-ийн 11.3 сая ширхэг хувьцаа багцын арилжаанд 2.1 тэрбум төгрөгөөр арилжаалагдав. Тус компанийн эргэлтэд гаргасан хувьцааны 5 хувьд хэлцэл хийсэн байна.
Зэс цойлсоор
Лондоны металлын биржид зэсийн үнэ тонн нь 9,277 ам.доллар болж 14 сарын дээд цэгтээ хүрээд байна. Зэсийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, эрэлт эргэн сэргэсэн нь үнийн өсөлтөд голчлон нөлөөлсний зэрэгцээ АНУ-ын голлох макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн гарсан нь үнэд дэмжлэг болжээ.
Сүүлийн долоо хоногуудад Goldman Sachs зэрэг томоохон хөрөнгө оруулалтын банкнууд зэсийн үнийн тал дээр эерэг хүлээлттэй байна. Тухайлбал ирэх оны I улирал гэхэд зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар хүрч, шинэ дээд цэгтээ хүрч магадгүй гэж тус банк тооцоолжээ.
Дараагийн том ажил
Apple компани хувийн хэрэгцээнд зориулагдсан робот бүтээх бололцоог судлуулахаар инженерүүдийн нууц баг ажиллуулж эхэлснийг ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлжээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөндөө саяхан цэг тавьсан тус компанийн хувьд боломжит "дараагийн том төсөл" нь хэрэглэгчийн гэр ахуйн болон хувийн ажилд туслах хөдөлгөөнт робот байх бололтой.
Хэдийгээр төсөл эрт үе шатандаа яваа, мөн эцсийн бүтээгдэхүүн үнэхээр гарах эсэх нь тодорхойгүй ч Apple компанид орлогын шинэ эх үүсвэр бий болгох шаардлага нэмэгдсээр буй. Автомашины төслөө зогсоосны зэрэгцээ Vision Pro төхөөрөмж нь орлогын гол эх үүсвэр болох хүртлээ нэлээд олон жил шаардагдах төлөвтэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Евро бүсийн инфляц III сард 2.4 хувь болж, шинжээчдийн төсөөллөөс өндөр дүнгээр саарлаа
Жером Пауэлл: Бодлогын хүүг бууруулахаас өмнө илүү тодорхой дата мэдээлэл хүлээх хэрэгтэй
ОУВС: Монгол Улс төсвийн бодлогоо өөрчлөхгүй бол гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувиас давах төлөвтэй
Онцлох чарт
БНХАУ-д нүүрсний үнийн уналт зуны эхэн хүртэл үргэлжилж, тус улсын нүүрсний импорт болон олборлогч компаниудад сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Тус улсын эрчим хүчний нүүрсний жишиг үнэ өнгөрсөн оны аравдугаар сарын эхэн үеэс хойш ойролцоогоор 25 орчим хувиар унаад байгаа нь өнгөрсөн өвөл харьцангуй дулаан байсан, аж үйлдвэрийн салбарт эрэлт тааруу байснаас үүдэлтэй юм.
Эцэст нь товчхон
УИХ: Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
СЗХ: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МИК Актив Гучин Тав ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Газар хөдлөлтийн дараа хазайсан, гэмтсэн барилгууд - Хуалянь, Тайвань
An Rong Xu/Bloomberg