2024/04/04

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монгол Улс төсвийн бодлогоо өөрчлөхгүй бол гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувиас давах төлөвтэйг ОУВС анхааруулав.

  2. Erdene Resource Development өнгөрсөн онд 522 мянган ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнав.

  3. Z үеийнхэн маркетингийн дипломдоо найдаад хэрэггүй болжээ.

ОУВС юу гэж зөвлөв?

Сонгуулийн жилийн уламжлалт төсвийн тэлэлт, бэлэн мөнгө тараалт, цалин, тэтгэврийн нэмэгдлийн нөлөөлөл эдийн засагт хэзээ, хэрхэн илрэх вэ? Монголбанк болон ОУВС-ийн шинэ төсөөллийг шинжилцгээе.

Монголбанкны пессимизм

2024 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө Монголбанк 3.8 хувь болгон бууруулж, зуднаар малын хорогдол өндөр түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад нөлөөлөхөөр байгаатай холбон тайлбарлалаа. ҮСХ-ны мэдээллээс харвал ДНБ-ий өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын оролцоо сүүлийн дөрвөн жилийн хоёрт нь хасах утгатай байжээ.

Өмнөх оны 7.0 хувийн өсөлтөөс даруй 3.2 нэгж хувиар доогуур байгаа энэхүү төсөөлөл оны үлдсэн хугацаанд дахин буурах ч эрсдэлтэйг Төв банк мөн сануулж байв. Өсөлтийн огцом хэлбэлзэл ийнхүү хадгалагдвал эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах тал дээрх сорилтууд арилах гэж удах төлөвтэй.

Төрийн байгууллагуудын цалингийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараалтын нөлөөллийг тооцож үзсэний үндсэн дээр гуравдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан.

Харин инфляцын хувьд цалингийн өсөлт, мөнгө тараалт дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны сүүлээр өсөхөд нөлөөлөх ч нөгөө талдаа гадаад валютын орох урсгал өндөр, импортын бараа бүтээгдэхүүний эзлэх жин буурч буй тул ирэх онд зорилтот түвшиндээ эргэн орно гэж үзжээ.

Өсөлт яваандаа саарна

Тэгвэл Олон Улсын Валютын сан өнгөрсөн оны IX сард гаргаж байсан бодлогын зөвлөмж бүхий тайлангаа шинэчилж, төсвийн тэлэлт, өрийн менежментээс эдийн засагт ойрын болон дунд хугацаанд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн байна. Тус зээлдэгч байгууллага өмнөх тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.5 хувь байна гэж төсөөлж байсан бол энэ удаа огцом ахиулж, 6.5 хувьтай гарна гэж үзжээ.

2023 оны төсвийн тодотголын бүтэн жилийн нөлөөлөл болон энэ оны цалин, тэтгэврийн нэмэгдэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашиг тараалтын нөлөө нь ойрын хугацаандаа өсөлтийг өдөөх төлөвтэй ч ирэх жилүүдээс гадаад хүчин зүйлсийн дарамт нь өндөр инфляцтай хавсарснаар эдийн засгийн өсөлтийг сааруулж эхэлнэ гэж таамагласан байна.

Мөн олон жилийн дараа анх удаа ашигтай гарсан урсгал дансны тэнцлийн хувьд нүүрсний үнийн уналт, импортын бараа бүтээгдэхүүний өсөлтийн улмаас эргээд томоохон алдагдалтай гарах төлөвтэй тул гадаад валютын албан нөөц 2023 оны сүүл үеийн түвшнээсээ (4.8 тэрбум ам.доллар) төдийлөн өсөхгүй гэж үзжээ.

Харин макро эдийн засаг, гадаад хүчин зүйлсийн тогтвортой байдлыг хангах тал дээр өгсөн бодлогын зөвлөмжүүдийнхээ тэргүүнд төсвийн сахилга батыг онцолжээ.

Реформгүйгээр өөдлөхгүй

Монгол Улс одоогийн төсвийн бодлогоо өөрчлөхгүй байснаар улсын гадаад өрийн хэмжээ дунд хугацаандаа ДНБ-ий 50 хувиас давах төсөөлөлтэй байгаагаа анхааруулсан байна. Улсын өрийн динамик нь макро эдийн засгийн шок, валютын ханшийн савлагаанд эмзэг хэвээр байгаа тул төсвийн эрсдэл, байгалийн гамшиг, болзошгүй өр төлбөрийн асуудалд хянамгай байх хэрэгтэйг тодотгожээ.

Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдал болон өрийн тогтвортой удирдлагыг хангахад төсвийн сахилга бат нэн чухал болохыг ОУВС дахин сануулж байна. Монгол Улс орлогын хэлбэлзэл ихтэй, түүхий эдүүдээс өндөр хамааралтай, геополитикийн хүчин зүйлсэд өртөмтгийг харгалзан үзэж цалингийн сан, ЗГ-ын санхүүжилт, ХХОАТ-ын шаталсан тогтолцоо, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийг багтаасан цогц суурь бүхий төсвийн реформ хэрэгтэйг зөвлөжээ.

Харин мөнгөний бодлогын тал дээр 2024 оны төсвийн томоохон дэмжлэг нь инфляцыг дахин хөөргөдөх төсөөлөлтэй байгаа учраас мөнгөний хатуу бодлого, макро зохистой бодлогоор дамжуулан дотоодын санхүүгийн одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалах нь зүйтэй аж.

ERD-ийн эрс сайжирсан үзүүлэлт

Erdene Resource Development компани өнгөрсөн онд 522 мянган ам.долларын ашигтай ажиллаж, 2022 онд 5.9 гаруй сая ам.долларын алдагдал хүлээж байсан санхүүгийн үзүүлэлтээ сайжруулжээ. Mongolian Mining Corporation-тай байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд ERD-ийн охин компани Эрдэнэ Монгол ХХК-ийн 50 хувийг MMC эзэмшихээр болсон юм. Энэ хүрээнд “Баян хөндий” алтны төслийн эхний шатны ажил өндөрлөсөн, төслийн санхүүжилт бүрэн бүрдсэн бөгөөд 2024 онд бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2025 оны II улирлаас эхлэн алт олборлох төлөвлөгөөтэй байгаагаа тус компани тайландаа дурдсан байна.

Зуныг хүлээнэ

БНХАУ-ын нүүрсний үнийн уналт энэ зун хүртэл үргэлжлэх төлөвтэй нь импортод дарамт учруулж, дотоодынх нь нүүрс олборлогчдод хүндхэн сорилт болохоор байгааг SXCoal онцолжээ. Тус улсын эрчим хүчний нүүрсний жишиг үнэ өнгөрсөн оны аравдугаар сарын эхэн үеэс хойш ойролцоогоор 25 орчим хувиар унаад байгаа юм. Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсан, аж үйлдвэрийн салбарт эрэлт тааруу байсантай зэрэгцээд нүүрсний гарц нь шинэ дээд түвшинд хүрснээс үүдэлтэй аж.

Харин Монгол Улсын коксжих нүүрсний цахим арилжааны идэвх III сард саарч, 2023 оны наймдугаар сараас хойших доод түвшинд хүрснийг мэдээлжээ. Тодруулбал гуравдугаар сарын 29-ний байдлаар МХБ-ээр дамжуулан 1.3 сая тонн коксжих нүүрс цахимаар арилжаалагдсан нь өмнөх сард арилжаалсан нүүрсний ердөө 56 хувьтай дүйцэж байгаа аж.

Z үеийнхэнд өгөх захиас

“Маркетингийн дипломдоо найдаад хэрэггүй болж дээ, Z үеийнхэн минь...”

Бизнес, нягтлан бодох, санхүүгийн чиглэлийн шинэхэн төгсөгчид л компаниудын хараанд өртөж, харин маркетингийн мэргэжил өдгөө сонин биш болжээ. Өөрөө өөртөө маркетинг хийж, сошиал хаягтаа дагагчид нэмж өссөн Z үеийнхэн мянга мянгаараа маркетингийн мэргэжил рүү хошуурч, ялангуяа брэнд хөгжүүлэх, сурталчилгаа хийх зэрэг бүтээлч чиглэлийг түлхүү сонирхох болсныг Handshake онцолж байлаа.

Тус платформын мэдээлснээр маркетингийн ажлын байр горилогсдын тоо 2021 оноос хойш бараг гурав дахин нэмэгдээд байгаа ажээ. Гэтэл боловсон хүчний илүүдлийн хажуугаар хиймэл оюун гэсэн шинэ өрсөлдөгч гарч ирснээр маркетингийн төгсөгч нарт ажил олдох нь улам л бэрх болж байна.

Маркетингийн 10 оюутан тутмын бараг 6 нь сургуулиа төгсөөд таван жилийн дараа ахлах сургууль төгсөгчийн түвшний ажил хийж байгааг Burning Glass институт, Strada Education сангийн хамтарсан шинэ судалгаа харуулсан байна.

25 жил тохиогоогүй газар хөдлөлт

Лхагва гарагийн өглөө Тайванийн зүүн эргийн бүсэд болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас багадаа 7 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2,000 гаруй хүний аминд хүрч байсан "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн цаг уурын төв мэдээлжээ.

Чипийн захиалгат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч TSMC компани үйлдвэрийн зарим ажилчдаа нүүлгэн шилжүүлсэн бөгөөд газар хөдлөлтийн үзүүлсэн нөлөөг үнэлж байгаагаа мэдээлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Алтны үнийн өсөлт үргэлжилж, дээд цэгээ байнга шинэчлэн тогтоосоор энэ оны эцэст унц нь 2,300 ам.долларт хүрэх төлөвтэй гэж Goldman Sachs тооцоолжээ. Гэхдээ АНУ-ын инфляцын түвшин таамаглаж байснаас өндөр гарсан нь Холбооны нөөцийн банк оны эхний хагаст багтаан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт багасахад нөлөөлж буй.

Дашрамд дурдахад III сард Монголбанк 1.116 тонн үнэт металл худалдан авчээ. Харин оны эхний гурван сард 3.4 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны ижил хугацаатай харьцуулахад 52 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Эцэст нь товчхон

  • ХХААХҮЯ: Бэлчээр хамтран ашигладаг 20-иос доошгүй малчин өрхийг нэгтгэж, хоршооллын хэлбэрт шилжүүлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд байна. Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд нэрвэгдсэн гэж дүгнэжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Starlink хиймэл дагуулууд тээвэрлэсэн SpaceX Falcon 9 пуужин хөөрсний дараа үлдсэн мөр - Сан Клементе, Калифорни

Mario Tama/Getty