- Business newsletter
- Posts
- 2024/04/03
2024/04/03
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Бичил 3.0 ХБҮЦ-ны захиалга дүүрч, зорилтот 20 тэрбум төгрөгийн хөрөнгөө татлаа.
Jade Gas компани “Баруун наран” талбайдаа метан хийн хайгуулын өрөмдлөгөө үргэлжлүүлж эхэлжээ.
Хятадын цахилгаан автомашины 150 брэндээс 2030 он гэхэд ердөө 25-30 нь тэсэж үлдэх төлөвтэй.
Тэнцвэртэй зах зээлийн төлөө
Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давж, улмаар санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 26.3 хувьд хүрсний гол хөдөлгөгч хүч нь системийн нөлөө бүхий банкнуудын IPO байлаа. Энэхүү шинэчлэлийн буухиаг үргэлжлүүлэхэд ашигт ажиллагаа сайтай, дотооддоо баялаг бүтээгч томоохон компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэн чухал байх төлөвтэй.
ХЗЗ-д тавтай морил
Банкнууд хувьцааныхаа ердөө 5-10 хувийг гаргахад хөрөнгийн зах зээл даруй гурав дахин тэлэхийг бид өнгөрсөн онд харсан. Тиймдээ ч ТОП-20 индексийн шинэ сагсны талаас илүү хувийг банк санхүүгийн салбарынхан бүрдүүлэх болж, дотоодын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь 34.6 болж шахагдав. Энэхүү огцом тэлэлтэд хөрөнгийн захын багтаамж дутаж, мөн захиалагчдын дийлэнхийг урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй жижиг хөрөнгө оруулагчид бүрдүүлсний сөрөг үр дагавар нь банкнуудын санхүүгийн үзүүлэлт хэдий маш сайн байсан ч хувьцааны ханш нь IPO хийсэн ханшнаасаа төдийлөн өсөхгүй байгаагаас харагдаж буй.
Санхүүгийн зах зээл манай эдийн засгийн тодорхой нэг хэсэг болохоос бүхэлдээ биш бөгөөд тус зах зээл унавал ХЗЗ дагаад унах эрсдэл үүссэнийг Ти Ди Би Секьюритис ҮЦК анхааруулж байлаа. Тэгвэл эдийн засгийн бүтцийг илүү оновчтой илэрхийлэх тэнцвэртэй зах зээл бүрдүүлэхэд өдгөө хэлэлцэгдэж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, мөн топ 100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөр томоохон дэм үзүүлэхээр байна.
Топ 100 аж ахуйн нэгжээс энэ онд дор хаяж 10 компани нээлттэй болоосой гэж хүсэж байна. Хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, хөрөнгө босгох арга замуудын талаар ААН-үүдэд туслах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн.
Баялгийн хуваарилалт зөв явагдаж, өгөөжийг хамт хүртэнэ гэдэг утгаараа давуу талтай. Банкнууд нээлттэй болоход дагаад 20-30 мянган хөрөнгө оруулагч зах зээлд нэвтэрсэн. Тиймээс дотоодын топ ААН-үүдийн хувьцаа, бондыг зах зээлд гаргавал иргэдийн хөрөнгийн захад оролцох идэвх сайжирч, зах зээлд итгэх итгэл болон хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх ач холбогдолтой гэж харж байна.
Үнэт цаас гаргах сонирхолтой топ ААН-үүдийг зохицуулалтын таатай орчноор дэмжих ажлын тэргүүнд хөрөнгийн үнэлгээ хийлгэх болон барьцаа, батлан даалт гаргах шаардлагаас чөлөөлөх, мөн хувьцаа, бондыг бүртгэх хугацаа, өртгийг бууруулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Тэр дундаа анхдагч зах зээлийн арилжаа зөвхөн биржээр явагддаг байсны оронд андеррайтер компаниар дамжуулан явуулах бололцоо бүрдүүлснээр үнэт цаас гаргагч талын зардал тодорхой хэмжээнд буурахыг МХБ-ээс онцолсон юм.
Үйлдвэрлэгчдийн хувьцааг харъя
Монголын топ 100 аж ахуйн нэгжийн сүүлийн жагсаалтыг салбараар нь ангилж харвал 15 нь хүнсний болон хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн төлөөлөл байжээ. Тэгвэл оны эхний улиралд МХБ-ийн ТОП 20-д багтдаг дотоодын үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш холимог хөдөлгөөнтэй байлаа.
АПУ ХК-ийн хувьцааны ханш 2023 оны сүүлийн арилжаанаас 9.5 хувиар буурч, мягмар гарагийн байдлаар 1,086 төгрөг болсон байна. Харин зах зээлийн үнэлгээ нь өмнөх оны мөн үеэс 15 тэрбум төгрөгөөр өсөөд байгаа Говь ХК-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд төдийлөн огцом өөрчлөлтгүй, 260-аас 264 төгрөгийн хооронд хэлбэлзжээ. Монос хүнс ХК-ийн нэгж хувьцааны ханш 2024 он гарсаар 12.8 хувиар буурсан бөгөөд гуравдугаар сард бага зэрэг сэргэж, 90 төгрөг давжээ.
Захиалга дүүрэв
Бичил Эй Би Эс Лояалти ТЗК-ийн гаргаж буй “Бичил 3.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга дүүрч, зорилтот 20 тэрбум төгрөгийн хөрөнгөө татлаа. Компани жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй 200 мянган ширхэг ХБҮЦ гаргаж байгаа. СЗХ-ны мэдээлснээр сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 11 ХБҮЦ хөрөнгийн бирж дээр гарч, 144 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.
Үерээс хамгаалах $1.8 сая
Монгол Улс үерийн гамшгаас болж жилдээ дунджаар 24 сая ам.долларын хохирол амсдаг болжээ. Үерийн улмаас нүхэн жорлон хальж, ундны ус бохирдсоноор халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдсэн бөгөөд судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 6 хувийг усны бохирдлоос үүссэн суулгалт өвчин эзэлж байна.
Тэгвэл Японы ЗГ-ын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр "УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах" төсөл хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих, ОБЕГ-т гурван өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлэх, 1,000 мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх аж.
MMC-д ээлтэй төсөл
Jade Gas Holdings компани Өмнөговь аймаг дахь “Баруун наран” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын өрөмдлөгөө үргэлжлүүлж, үлдсэн 5 цооногийнхоо өрөмдлөгийн ажлыг эхлүүлснээ мэдээлэв. Компани тухайн талбайд нийт найман цооног өрөмдөхөөр төлөвлөсөн ч хүйтний улиралтай холбоотойгоор ажил нь завсарлаад байсан юм. Цооног тус бүрийг 900 метрийн гүнтэй өрөмдөж, энэ оны II улиралд багтаан дуусгахаар зорьж байгаа аж.
Өнгөрсөн онд “Баруун наран” талбай дахь эхний гурван цооногийн өрөмдлөг нь амжилттай болж, 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлээд байв. Тус төсөл нь бүс нутгийн эрчим хүчний хомсдолд шийдэл болох чухал ач холбогдолтойг Jade Gas-ийн ТУЗ-ийн дарга Деннис Мортон онцолжээ. Тэр дундаа тус компанийн түнш Mongolian Mining Corporation-ийн хувьд үйл ажиллагаандаа импортын дизель түлшнээс хамааралтай байдлыг бууруулахад нь “Баруун наран” төслийн эрчимжүүлэлт нэн чухал байгааг тэрбээр тодотгосон байна.
Удаан хүлээлгэсэн холболт
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газрууд хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар багагүй удаан хугацаанд хүлээгдсэн төмөр замын холболтын бүтээн байгуулалт эхлэхээр болж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг 2022 оны IX сард ашиглалтад оруулсан ч Хятадын нарийн царигтай төмөр замтай холболт хийж чадалгүй гацаад байсан юм.
Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт хоёр дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурахыг ЗТХЯ онцолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ-ын лити олборлогчдын ашиг буурсан ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
Дотоодын үйлдвэрлэгчид бордооны жилийн хэрэгцээний 2-3 хувийг л хангаж байна
Иений ханш сүүлийн 34 жилийн доод түвшинд хэлбэлзэж байна
Онцлох чарт
Цахилгаан автомашин үйлдвэрлэх уралдаан авто салбарын компаниудад ихээхэн зардалтай тусаж байна. Сүүлд л гэхэд Fisker компани шинээр хөрөнгө босгож, зээл авахгүй бол 12 сарын дараа гэхэд бэлэн мөнгөний нөөцгүй болохоор байгаагаа анхааруулсан. Тэгвэл үүнээс нэг асуулт урган гарч ирж байгаа нь таны автомашиныг үйлдвэрлэсэн компани дампуурчихвал юу болох вэ?
Орчин үеийн автомашинууд нэг ёсондоо дөрвөн дугуйн дээрх дэвшилтэт компьютер болж хувирсан гэхэд хилсдэхгүй бөгөөд үнэтэй цэнэг хураагуур, программ хангамжийн байнгын шинэчлэлтээс хэвийн үйл ажиллагаа нь хамааралтай болжээ.
Хурдацтай тэлсэн энэ салбарт зарим бизнесүүд дампуурах нь зайлшгүй бөгөөд энэ нь зөвхөн барууны үйлдвэрлэгчдээр хязгаарлагдахгүйг Bloomberg-ийн нийтлэлч Крис Брайант онцолжээ. Өнөөгийн зах зээлд буй Хятадын цахилгаан автомашины 150 брэндээс 2030 он гэхэд ердөө 25-30 нь тэсэж үлдэнэ гэж AlixPartners зөвлөх үйлчилгээний фирм үзсэн байна. Зах зээлийн үнэлгээ нь 575 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа Tesla л гэхэд 2020 онд анх удаа ашигтай ажилласнаа тайлагнахаасаа өмнө хэд хэдэн удаа дампуурлын ирмэгт дөхөж байсан билээ.
Эцэст нь товчхон
ЭТТ ХК: Эрдэнэс Тавантолгой компанийн 2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдэд олгохыг мэдээлэв.
ҮСХ: Оны эхний хоёр сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөж 4.6 их наяд төгрөг болсон байна. Үүнд уул уурхайн олборлолт 12.7 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 9.2 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.
Өнөөдрийн онцлох зураг
DB Schenker компанийн логистикийн төвд ажиллаж буй ачаа зөөгч роботууд - Гётеборг, Швед
Nora Lorek/Bloomberg