2024/04/02

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 4.8 хувь болголоо.

  2. БНСУ-ын хувьцаануудад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ шинэ дээд цэгтээ хүрэхэд чипийн эрэлт нөлөөлөв.

  3. Алтны үнэ зөвхөн I улиралд 8 гаруй хувиар өсөөд байна.

Өсөлт саарах төсөөлөл

Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удаашрах шинж ажиглагдаж, удаан хугацаанд өндөр хадгалагдаж буй бодлогын хүү, улам хурцдаж буй геополитикийн зөрчил тус бүс нутгийн төлөвт сөргөөр нөлөөлж байгааг Дэлхийн банк шинэ тайландаа онцолсон байна.

Хятадаас бүгд шалтгаална

Хагас жил тутам гаргадаг бүс нутгийн төлөвийн тайландаа Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн ДНБ-ий өсөлт 2024 онд 4.5 хувь, 2025 онд 4.3 хувьтай гарна хэмээн тооцоолж, 5 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө бууруулжээ. Хэдий тус бүсийн дийлэнх орнууд өсөлтөөрөө дэлхийн бусад орнуудаас давахаар байгаа ч цар тахлын өмнөх үетэй харьцуулбал хурд нь удаан хэвээр байгаа юм.

Өсөлтийг хойш чангаах гол хүчин зүйлсийн нэг нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын удаашрал болохоор байна. Дэлхийн банк тус улсын эдийн засаг энэ онд 4.5 хувь, ирэх онд 4.3 хувиар тэлнэ гэж үзэж, “Хятад улс өсөлтийн илүү тэнцвэртэй замнал руу шилжихээр зорьж байгаа ч эрэлтийг өдөөх альтернатив хүчин зүйл олоход хэцүү гэдэг нь харагдаж байна” хэмээн тайландаа дурджээ.

Иймд Хятадад зөвхөн уламжлалт төсвийн дэмжлэг хангалтгүй бөгөөд илүү хүчирхэг нийгмийн хамгаалал, татварын шаталсан тогтолцоо, мөн төсвийн зарцуулалтыг дэд бүтцээс хүн капитал руу шилжүүлэх нь иргэдийн хэрэглээг сэргээхэд дэм болно гэж үзсэн байна.

Өрийн дарамтад хэт эмзэг

Түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нүүрсний экспортын ачаар 2023 онд 7.1 хувиар өссөн Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.8 хувь болж саарах бол ирэх онд эргэн эрчээ авч 6.6 хувиар өснө гэж Дэлхийн банк “Өсөлтийн бат бөх суурь” нэртэй тус тайландаа дурджээ. 2024 оны өсөлт 5.1 хувь байна гэсэн өнгөрсөн оны төсөөллөө Дэлхийн банк ийнхүү бууруулахад дээр дурдсан БНХАУ-ын удаашралаас гадна түүхий эдийн өндөр хамаарал, төгрөгийн худалдан авах чадвар зэрэг нөлөөлсөн байна.

Үүнээс гадна өсөлтийг сааруулах дотоод хүчин зүйлсийн тэргүүнд өрийн дарамт орохыг анхааруулжээ. Улсын өрийн ДНБ-д эзлэх харьцаа ялангуяа Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней улсуудад хэт өндөр байгааг дурдсан бөгөөд хэрэв бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж, инфляцыг хазаарлахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарвал дээрх харьцаа өмнөхөөсөө илүү эрчтэй нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Учир нь бодлогын хүү өндөр байснаар зээлийн хүүд төлөх дүн нэмэгдэж, ДНБ-ий өсөлт өрийн хуримтлалын нөлөөг багасгах хэмжээнд хүрэхгүй байх магадлал бий гэжээ.

Мөн урт хугацаатай өрийн үйлчилгээ нь цаашид Монгол Улсын гадаад санхүүжилтийн гол хэрэгцээ болж, улмаар урсгал дансны алдагдал нөхөх, өрийн дахин санхүүжүүлэлт хийхэд хүндрэл учруулж болохыг дурдсан байна. Fitch-ийн тооцооллоор ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байгаа аж.

Мэргэжлийн лиг Монголд

Дотоодын хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээнүүдийн нэг МСБХ-ны Үндэсний дээд лигийн багууд энэ оноос мэргэжлийн статус руу шилжиж, тамирчдын цалин, хангамж нэмэгдсэнээр бэлтгэл, тоглолтынхоо хажуугаар давхар ажил хийдэг байдал арилж буй аж. Одоогоор багуудын дундаж төсөв 1 тэрбум орчим, монгол тоглогчдын жилийн цалин дунджаар 50-60 сая төгрөг, ихдээ 150 орчим сая төгрөгт хүрснийг энэ улиралд Дээд лигийн аварга болсон “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч Б.Билгүүн бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

“Лиг хөгжихөд мэдээж импорт тамирчдын нөлөө чухал. Тухайн лигт ямар түвшний тоглогч тоглож байгаагаас үнэ цэнийг нь хардаг. Өмнө нь алдартай импорт тамирчдыг Монголд ирж тоглооч гэхэд өөрсдийнх нь CV-д сөрөг нөлөөтэй гэж үзээд ирэхээс татгалздаг байсан. Тэдний хувьд цалингаас илүү нэр хүнд чухал асуудал. Харин сүүлийн хоёр жилд Монголд Азийн Тайвань, БНСУ тэр байтугай NBA-д тоглодог байсан тамирчид хүртэл ирж байна. Одоо бол Монголд ямар ч импорт тоглогч ирэхэд ичиж санаа зовох зүйл байхгүй болсон” хэмээж байв.

64-өөс дээш бол олонх

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, 126 гишүүн сонгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор 64 болон түүнээс дээш суудал авсан нам болон эвсэл олонхыг бүрдүүлэх, 12 болон түүнээс дээш гишүүн суудал авсан бол бүлэг байгуулж болохоор УИХ-ын тухай хуулийн төсөлд тусгажээ. Мөн гишүүдийн 3/4 буюу 95 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон тохиолдолд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Алт ба зэс

Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, Ойрх дорнод болон Украинд дайн дуусах шинжгүй байгаа нь алтны үнэд дэмжлэг болж, унц нь 2,261 ам.доллар хүрснээр түүхэн дээд үнээ дахин шинэчлэн тогтоов. I улиралд л гэхэд алтны үнэ 8 гаруй хувиар өссөнөөр ихэнх түүхий эдүүдийг ардаа орхиод байгаа юм.

Харин сүүлийн нэг жил орчмын дээд цэгтээ хүрээд байсан зэсийн үнэ сүүлд Нью-Йоркийн биржид тонн нь 8,820 ам.доллар болон унаж эхний улирлын арилжааг хаасан байна. БНХАУ-ын үйлдвэрүүдийн хүчин чадал огцом нэмэгдсэн ч зэсийн баяжмалын нийлүүлэлт төсөөлснөөс бага дүнгээр өсөж, мөн Хятадын компаниуд олборлолтоо 5-10 хувиар бууруулах амлалт өгсөн нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлөөд байв. Goldman Sachs энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ 10,000 ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа.

Чип хөлөглөсөн өсөлт

Өмнөд Солонгосын эдийн засаг, хөрөнгийн зах оны эхний эхний улирлыг гайхалтай үзүүлэлтүүдээр үдлээ. Тодруулбал I улиралд БНСУ-ын хувьцаануудад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ улирлын дүнгээрээ шинэ дээд цэгт хүрч, энэ нь хиймэл оюунтай холбоотой хувьцаануудын ханш олон улсын хэмжээнд өсөхөд нөлөөлжээ. Оны эхний гурван сард гадаадын хөрөнгө оруулагчид БНСУ-аас 12.2 тэрбум ам.долларын үнэт цаас худалдаж авсан нь Азидаа Японы араас хоёрдугаарт орох үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулагчид чип үйлдвэрлэгчдийн хувьцааг хамгийн их худалдаж авсан бөгөөд тухайлбал Samsung 4.1 тэрбум доллар, SK Hynix 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Тэр дундаа Nvidia-ийн хиймэл оюунт чипүүдтэй хосолдог өндөр давтамжтай санах ойн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед SK Hynix-ийн санах ойн хамгийн сүүлийн хувилбар зах зээлийнхээ 90 гаруй хувийг эзэлнэ гэж шинжээчид тооцоолж, улмаар компанийн зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.доллар давжээ.

Тэгвэл БНСУ-ын экспорт III сард өсөлтөө хадгалж, өдрийн дүнгээрээ 9.7 хувиар өсөхөд чипийн эрэлт мөн нөлөөлжээ. Тус улсын чипийн экспорт III сард өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувиар өсөж 11.7 тэрбум ам.долларт хүрсэн нь сарын дүнгээрээ 2022 оны эхэн үеэс хойш байгаагүй өндөр дүн болж байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

БНХАУ-ын салхин турбин үйлдвэрлэгчид өнгөрсөн онд дэлхий дахины нийлүүлэлтэд давамгайлж, тус улсын сэргээгдэх эрчим хүчний тэсрэлтийн тусгал болжээ. АНУ-д СЭХ-ний салбар нь агшиж, харин Европт өсөлт хангалтгүй байсан нь БНХАУ-ын үйлдвэрлэгчдэд гадаад өрсөлдөгчдөө илүүрхэхэд нь мөн нөлөөлсөн байна.

2023 онд салхины эрчим хүчний нийт суурилуулсан хүчин чадлын гуравны хоёрыг БНХАУ эзэлжээ. Харин турбин үйлдвэрлэгч компаниуд нь хэдийгээр далайн чанадад борлуулалтаа нэмэгдүүлсэн ч нийт суурилуулалтынхаа 98 хувийг дотооддоо хийжээ.

Эцэст нь товчхон

  • УИХ: Чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байна.

Өнөөдрийн онцлох зураг

Сакияма бага сургуулийн сурагчид хичээлдээ явцгааж буй нь - Хёго муж, Япон

Buddhika Weerasinghe/Bloomberg