2024/04/01

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Монголд олборлолт, хайгуулын төсөл хэрэгжүүлэгч компаниудын 2023 оны тайланг энэ дугаарт онцоллоо.

  2. Говь ХК-ийн өнгөрсөн оны борлуулалтын орлогын 57.5 хувийг нь дотоодын борлуулалт бүрдүүлжээ.

  3. Xiaomi-ийн цахилгаан автомашин зарагдаж эхэлснээс хойш 27 минутын дотор урьдчилсан захиалга нь 50 мянга давжээ.

Уул уурхайн компаниуд 2023 онд

Монголд олборлолт, хайгуулын төсөл хэрэгжүүлэгч томоохон компаниуд өнгөрсөн долоо хоногт 2023 оны санхүү, үйл ажиллагааны тайлангуудаа танилцууллаа. Mongolian Mining Corporation болон SouthGobi Resources ашгийн цойлсон өсөлтөө, TMK Energy цооногийн өрөмдлөгийн ахицаа тодотгосон бол Kincora Copper Монгол дахь татварын асуудлаа онцлон хөнджээ.

SouthGobi Resources

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй SouthGobi Resources компани 2023 онд 75.9 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2022 оны цэвэр ашиг болох 13.6 сая ам.доллароос даруй 457 орчим хувиар өссөн дүн болж байна. Тус компанийн үйл ажиллагаа ийнхүү сэргэхэд БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал дээрдсэн нь, мөн борлуулалтын сүлжээ тэлж, хэрэглэгчдийн суурь төрөлжсөн нь голлон нөлөөлснийг тайландаа тодотгожээ.

SGR урт хугацаанд БНХАУ-аас 40 км-ийн зайд байрших “Овоот толгой” уурхайн үйл ажиллагаандаа голлон төвлөрөх юм байна. Мөн хоёр гол хувьцаа эзэмшигчтэйгээ стратегийн түвшинд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэхээ мэдээлжээ.

Үүнээс гадна 2023 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар тус компанид бүртгэгдсэн татварын өр, торгуулийн дүн 85.1 сая ам.доллар хүрснийг тайландаа дурдсан байна. Компани Монголын татварын албанд дээрх торгуультай холбоотойгоор 1.2 сая ам.доллар төлөөд байгаа аж.

Mongolian Mining Corporation

Коксжих нүүрс экспортлогч Mongolian Mining Corporation өнгөрсөн онд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оноосоо 89.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин татварын өмнөх цэвэр ашиг нь 509 сая ам.доллар хүрч 280.4 хувиар, татварын дараах ашиг нь 304 гаруй хувиар өссөн байна.

Өнгөрсөн онд MMC 14.6 сая тонн нүүрс олборлосноос 12.1 сая тонныг Ухаа худгийн уурхайгаас, үлдсэнийг нь Баруун наран уурхайгаас олборложээ. 2024 оны хувьд тус компани логистик болон дэд бүтцийг хөгжүүлэх санаачилгуудыг дэмжин ажиллаж, БНХАУ дахь худалдан авагчдадаа илүү хүрэх зорилт тавиад байна.

TMK Energy

2023 оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн ажил нь эхэлсэн Нарийн сухайтын туршилтын гурван цооногийн олборлолт оны турш тасралтгүй явагдаж, хийн урсгалын хэмжээ нь тогтмол нэмэгдсээр байсныг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компани 2023 оны үйл ажиллагааны тайландаа онцолжээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй TMK Energy компани өнгөрсөн онд “Гурвантэс XXXV” төслийнхөө үлдсэн 33 хувийг Talon Energy компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхлээд байгаа юм.

Тайлант жилийн эцсээр тус компани туршилтын цооногийн хөтөлбөрийнхөө гүйцэтгэлд хөндлөнгийн шинжээчдээр техникийн үнэлгээ хийлгэсэн байна. Үнэлгээгээр “Гурвантэс XXXV” төсөл нь техник шинж чанарын хувьд маш сайн, мөн туршилтын цооногийн хөтөлбөр сайн загварчлагдсан, менежмент үр дүнтэй гэж дүгнэгдсэнийг дурджээ.

Мөн оны эцэст TMK Energy нэгж хувьцаагаа 0.004 ам.доллароор үнэлж, ойролцоогоор 2.5 сая ам.долларын санхүүжилт босгосон юм.

Kincora Copper

Монголд зэс, алтны хайгуулын төсөл хэрэгжүүлдэг Kincora Copper компани өнгөрсөн онд 1.4 сая канад долларын цэвэр алдагдалтай ажилласнаа 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайландаа мэдээлсэн байна. 2022 онд тус компани бараг хоёр сая канад долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад алдагдлын хэмжээ нь 25 орчим хувиар буурсан аж.

Тайланд аудитын гол анхаарсан асуудлуудын нэг нь Монгол Улс дахь болзошгүй өр төлбөр, татварын үнэлгээ байсныг онцолжээ. 2016 онд хийгдсэн нэгдэн нийлэх хэлцэлтэй холбоотойгоор Монголын Татварын ерөнхий газар 2021 онд тус компанид 1 сая канад долларын татвар ногдуулж байв. Kincora-ийн зүгээс тэрхүү татварыг үндэслэлгүй гэж үзэн, өнгөрсөн онд Монгол Улсын Дээд шүүхэд хандсан юм. Дээд шүүхээс тус хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан ба шүүх хурлын тов одоогоор тодорхойгүй байгааг тайланд дурдсан байна.

Үүнээс гадна Kincora Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөснөө өнгөрсөн оны дундуур мэдээлж байлаа.

Хайгуулыг хөдөлгөхийн тулд

АМГТГ-ын мэдээлснээр Монгол Улсад 1,000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа ч ашиглахгүй болон цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг хасвал маш бага тоотой болох аж. Мөн сардаа 25 тусгай зөвшөөрлийн талбайг сонгон шалгаруулалтад зарладаг ч компаниуд, хөрөнгө оруулагчдын оролцоо сул хэвээр байна.

Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжийг нээх шаардлагатайг Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч М.Очирбат бидэнд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Мөн “Төрийн бодлого, хууль эрх зүйн хувьд Монгол Улс маш тогтворгүй байна. Тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ЗГ огт хангаж чадахгүй байна. Нөгөө талд орон нутагт, сонгон шалгаруулалтаар мөнгөө төлөөд авсан талбайдаа үйл ажиллагаа явуулж чадахгүй байх нь бий. Зарим тусгай зөвшөөрөл дээр шүүхийн асуудал нь шийдвэрлэгдэхгүй явсаар байгаад цуцлагдаж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Дотоод борлуулалтын сэргэлт

Говь ХК 2023 онд 255.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаас 57.5 хувийг нь дотоодын борлуулалт бүрдүүлснийг үйл ажиллагааны тайландаа дурджээ. Монгол Улс түүхэндээ анх удаа 650 мянга гаруй жуулчин хүлээн авсан 2023 онд тус компанийн дотоодын борлуулалт 57 хувиар өссөн аж. Үйл ажиллагааны хувьд Говь ХК өнгөрсөн онд гадаад борлуулалтын сувгаа нэмэгдүүлж IX сард Казахстанд охин компаниа байгуулсны зэрэгцээ Германд мөн дэлгүүрээ нээсэн билээ.

Мөн 2007 оны хувьчлалаас хойш өсөн нэмэгдсэн дүнгээр Говь ХК нийт 156.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тэр дундаа сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалтын хэмжээ нь найм дахин өсжээ.

Хурдтай гараа

Xiaomi-ийн анхны цахилгаан автомашин болох SU7 загварын борлуулалт эхэлж, энгийн хувилбарынх нь үнэ 215,900 юань буюу 29,900 ам.доллар, SU7 Max хувилбарын үнэ 299,900 юаниар зарагдаж эхэллээ. Шинэ загварын борлуулалт эхэлснээс хойш ердөө 27 минутын дотор урьдчилсан захиалгын тоо 50 мянга давсныг тус компани сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Татаасын дэмжлэгийн ачаар хурдацтай тэлсэн дэлхийн цахилгаан авто машины зах зээл өдгөө туйлын өрсөлдөөнт талбар болж хувираад байгаа. Тэгвэл Xiaomi 15-20 жилийн дараа дэлхийн топ авто үйлдвэрлэгч болох алсын хараатайг компанийн хамтран үүсгэн байгуулагч Лэй Жунь өнгөрсөн 12 сард SU7-г анх танилцуулахдаа онцолж байв.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй дотоодын спорт тэмцээн болох Английн Премьер лиг нь Европын удаах том лигээс даруй хоёр дахин өндөр ашиг орлого олдог. Хэдий тийм боловч Их Британийн эрх баригчид тус лигийн шинэ эрин үеийг эхлүүлэхүйц засаглалын томоохон өөрчлөлтийг хийх гэж байна. Энэ нь Их Британийн эдийн засагт 10 гаруй тэрбум ам.долларын орлого төвлөрүүлдэг соёлын гол экспортыг тасалдуулах эрсдэлтэй учир хайхрамжгүй хандаж болохгүй асуудал болохыг Bloomberg-ийн тоймч Мэтью Брүүкер бичжээ.

Тодруулбал мягмар гарагт Их Британийн Засгийн газар хөлбөмбөгийн жижиг клубүүдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Премьер лиг болон доогуур эрэмбийн лигүүд хооронд орлогын дахин хуваарилалт хийх эрх мэдлийг хараат бус зохицуулах байгууллагад олгох хуулийн төсөл танилцуулсан байна. Үүнээс өмнө Премьер лиг шууд дамжуулалтын ашиг орлогоосоо жижиг клубүүдэд хуваалцдаг болох асуудлаар ЗГ-тайгаа тохиролцоонд хүрч чадаагүй аж.

Эцэст нь товчхон

  • ЗГ: Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг дахин 10-20 хувь нэмэгдүүлснээр дундаж цалин нь 2.5 сая төгрөг болж байна.

  • МХБ: Бичил Эй Би Эс Лояалти ТЗК ХХК-ийн олон нийтэд санал болгож буй “Бичил 3.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа дөрөвдүгээр сарын 2-нд эхэлнэ. 200 мянган ширхэг гарах тус ХБҮЦ нь 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх юм.

Өнөөдрийн онцлох зураг

Серфингийн тамирчин 2024 Rip Curl Pro Bells Beach тэмцээний өмнө бие халаалт хийж буй нь - Уинкипоп, Австрали

Morgan Hancock / Gett202