2024/03/29

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх чухал өөрчлөлтүүд орж буй Үнэт цаасны тухай хуулийн талаар энэ дугаарт онцоллоо.

  2. II сард БНХАУ-д хамгийн их борлуулагдсан топ 10 автомашины 6 нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.

  3. K-Pop хувьцаа авсан хөрөнгө оруулагчид хэзээ ч “шатаж” болох нөхцөл байдалд байдаг. Учир нь…

Үнэт цаасны хуулийн эргэн тойронд

Гадаадын, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын орон зай үгүйлэгдсээр буй энэ үед Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдаж, хөрөнгийн зах зээлийн харилцааг хуулийн агуулгаар сайжруулах алхам хийгдлээ.

Шинэ орчин бүрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хууль батлагдсанаар үнэт цаас зах зээлд гаргах үйл ажиллагааг хялбаршуулах, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх шинэ зохицуулалтын орчин бий болж, үүнийг даган олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэх үүд хаалга нээгдэх юм.

Төсөлд тусгасан өөрчлөлтүүдээс анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг бууруулах, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөхтэй холбоотой заалтуудыг онцолж болохоор байна.

Мөн олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох саналуудыг гишүүд дэмжсэн байна. Форвард, фьючерс, опцион зэрэг ихэвчлэн гэрээнүүдээс бүрддэг энэ хэрэгслийн үнэ цэн нь суурь хөрөнгийн үнэ цэнээсээ шууд хамааралтай байдаг. Тиймээс хуулийн төсөлд ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэжээ.

Crowdfunding нэвтрэх нь

Шинэ хуулийн хүрээнд олон улсад түгээмэл байдаг хадгаламжийн сертификатыг арилжаалах боломж бүрдэхээр байна. Уг бүтээгдэхүүнийг оруулж ирснээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн “Crowdfunding” буюу хамтын санхүүжилтийн зохицуулалт тусгагдсанаар гарааны компаниуд энэ хэлбэрээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн орчин бүрдэхээр болж байна. Монголд стартапын экосистем хөгжөөгүй, анхан шатны хөрөнгө оруулалтууд тухайн улсдаа босдог зарчим байдаггүй тул олон улсаас хөрөнгө татах боломж маш хомс байгааг Exponential Zaisan Partners сангийн партнер Г.Гэрэлмаа бидэнтэй өмнө нь ярилцахдаа хэлж байв.

Эцэст нь дурдахад, хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах үүднээс мэдээллийн ил тод байдлыг зохицуулагч байгууллагаас тогтоосон шаардлагын дагуу мэдээлж байх үүргийг оруулж өгсөн нь анхаарал татаж байна. Энэхүү зохицуулалт орсноор хувьцаат компаниуд болон үнэт цаас гаргагч хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, үүргээ биелүүлдэггүй үнэт цаас гаргагчийн гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулахгүй байх зэрэг сонголт бий болох аж.

Ингэснээр цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн үнэт цаас гаргагч нь бага хүүтэйгээр санхүүжилт татах итгэлцэл зах зээл дээр үүсэх, зах зээл хөгжих чухал ач холбогдолтойг тус хуулийн төслийн үр нөлөө үнэлэх судалгааны тайланд онцолжээ.

Санхүүжилт ба зарцуулалт

НҮБ болон Монгол Улсын ЗГ-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-нд 2023 онд нийт 44.8 сая ам.долларын санхүүжилт олгогдсоноос 10 орчим хувийг нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах төсөл хөтөлбөрт зарцуулжээ. Хөтөлбөрийн үр дүнд нийт 49 мянга гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82 мянга орчим га талбайн бэлчээр ашиглалтыг сайжруулсан аж.

Prius-ийн орон

2024 оны III.25-ны байдлаар Монгол Улс нийт 32,585 автомашин импортлоод байгаа нь өнгөрсөн оны эхний 3 сарын импортоос даруй хоёр дахин өндөр үзүүлэлт болохыг ГЕГ-ын тоо баримт харуулж байна. Автомашины импорт 2020 оноос хойш жилд дунджаар 10 орчим хувиар өсөж, өнгөрсөн онд нийт 73,556 автомашин орж ирсэн сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Тэгвэл энэ хугацаанд импортолсон автомашинуудын 47 хувийг Японоос импортолсон Toyota Prius автомашин бүрдүүлж байгааг ГЕГ онцолжээ. Prius-ийн жилийн импортын тоо хэмжээ 2019 оноос хойш 20 мянгаас буугаагүй бөгөөд оны эхний 3 сард л гэхэд аль хэдийн 15 мянга орж ирээд байгаа аж.

K-pop хувьцаа авахаасаа өмнө…

БНСУ-ын K-Pop урсгал ид тэсрэлтийн үедээ яваа ч хувьцааг нь авсан хөрөнгө оруулагчид хэзээ ч “шатаж” болох нөхцөл байдалд байдаг. Одуудын талаар сөрөг мэдээлэл цацагдлаа гэхэд тэдний харьяалагддаг агентлаг, компанийн зах зээлийн үнэлгээнээс олон сая ам.доллар арчигдах эрсдэлтэй аж.

Жишээлбэл хэдхэн долоо хоногийн өмнө “Aespa” хамтлагийн дуучин Karina найз залуутай болсон гэх мэдээлэл фэнүүдийнх нь эгдүүцлийг төрүүлж, нэг нь бүр “Фэнүүдийн чинь хайр чамд хангалтгүй байна уу?” гэсэн бичигтэй ачааны автомашиныг дуучны харьяалагддаг SM Entertainment компани руу илгээжээ. Үр дагаварт нь тус компанийн хувьцааны ханш 11 хувиар унаж, Ю Жи Мин буюу Karina фэнүүдээсээ уучлал гуйн мэдэгдэл хийж байв.

Дээрх үйл явдал K-Pop нь одууд болон хөрөнгө оруулагчдын хувьд ямар эгзэгтэй салбар болохыг харуулсан юм. Тиймээс K-Pop-ийн сонирхлоо хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй юу? Үүнээс өмнө дараах зүйлсийг мэдэж авахад илүүдэхгүй.

Petrochina-ийн амлалт

Petrochina 2033 оноос олборлолтын бүх үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүч ашиглахаа лхагва гарагт мэдэгдлээ. Компани 2050 он гэхэд уг зорилтоо биелүүлнэ гэж өмнө нь амлаж байсан бол энэ удаа хугацаагаа 17 жилээр урагшлуулсан нь энэ юм. Харин барууны томоохон газрын тос олборлогч компаниуд шатах түлшнээс ашиг олсон хэвээр байгаа тул цэвэр эрчим хүчний зорилтоо хойш тавих нь элбэгшиж буй.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Хоёрдугаар сард БНХАУ-д хамгийн их борлуулагдсан топ 10 автомашины 6 нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь авто салбарын ирээдүй урд хөршид аль хэдийн ирснийг харуулж байна. Зах зээлийн гол тоглогч BYD-ийн Гүйцэтгэх захирал Ван Чюаньфугийн хувьд энэ оны дундаас Хятадад борлуулагдах бүх автомашины тал нь цахилгаан хөдөлгүүртэй болно гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтээс харвал салбарын цаашдын төлөв маш эерэг байна. Тухайлбал лити, никель, кобальт гэсэн цэнэг хураагуурын металлуудын үнэ өнгөрсөн онд 80%, 30% болон 25%-иар тус тус буурчээ.

Goldman Sachs-ийн тооцооллоор багц цэнэг хураагуурын үнэ 2023-2025 оны хооронд 40 хувиар буурч, улмаар дэлхийн хэмжээнд дундаж үнэ нь киловатт/цаг тутамдаа 100 ам.доллароос доошлохоор байгаа аж. Ингэснээр цахилгаан автомашины худалдан авах үнэ, ашиглалтын зардал нь шатахуунаар явдаг автомашинуудаас бага болох юм. Өөрөөр хэлбэл дотоод шаталтат хөдөлгүүр хэрэглээнээс гарах нь цаг хугацааны асуудал гэсэн үг болохыг салбарын экспертүүд онцолж байна.

Эцэст нь товчхон

  • Дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг Монголд ирээд буй НҮБ-ын ЕНБД-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт мэдээлэв. 

  • ОБЕГ: 2024 он гарсаар Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хил орчмын бүсэд 3.5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа бүртгэгдсэн. УБ-ын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гараад байна.

Өнөөдрийн онцлох зураг

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бразил улсад хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Лула да Силвагийн хамт - Комбу арал, Бразил

Ludovic MARIN / AFP