2024/03/28

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Иений ханш унаж, 1990 оноос хойших доод түвшиндээ очив.

  2. Гурилын үйлдвэрүүдийн нийт үйлдвэрлэл 2023 онд сүүлийн 4 жилийн хамгийн бага хэмжээндээ хүрчээ.

  3. Олны салхийг дагасан нь дээр үү? $100 мянгаа өсгөх шинэ хувилбаруудыг энэ дугаарт онцоллоо.

$100 мянгаа өсгөх хувилбарууд

FOMO буюу хоцрохоос айх айдсын шинэ давлагаа бүрэлдэж буй энэ үед АНУ-ын мега үнэлгээтэй технологийн компаниудын хувьцаа өдгөө ганц найдвартай тоглоом мэт санагдах боллоо. Гэхдээ зарим стратегичид технологийн томчуудын “хөөсрөлт” эхэлснийг анхааруулж байхад зарим нь хамгийн өсөлттэй хувьцаануудын үнэлгээг тодорхой хэмжүүрээр харвал тийм ч айхавтар хөөргөдөөгүй байгаа гэж маргаж байна.

Хөөс үүссэн ч бай, үгүй ч бай яг одоо хөрөнгө оруулалтын далай шиг их боломж байсаар байгааг 100 мянган ам.доллароо “хаашаа хийх” тухай хашир туршлагатай мөнгөний менежерүүдийн өгсөн зөвлөгөөнүүд сануулж байна. Уншигч танд цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын шинэ дугаарыг хүлээн авна уу.

Урт хугацааны өсөлтийг эрэлхийл

Гол санаа: Зах зээлийн дундаж өсөлтөөс давсан өсөлт үзүүлэх боломжтой хувьцаануудад хөрөнгө оруулахын тулд бид үнэлгээ нь тэнгэрт тулчхаагүй ч ашгийн өсөлтийн потенциал өндөртэй, санхүүгийн үзүүлэлт сайтай, мөн хангалттай бэлэн мөнгөний урсгалтай компаниудыг хайж байна.

Стратеги: Урт хугацааны хөрөнгө оруулагчийн хувьд бид богино хугацааны өсөлтийн боломж болоод урт хугацаанд тогтвортой өгөөж өгөх потенциалыг тэнцвэртэй авч үзэхэд үргэлж анхаардаг. Сүүлд хөрөнгө оруулалтын багцдаа нэмсэн хувьцаануудын цөөн жишээ гэвэл:

  • eBay (EBAY) бол үнэ цэнтэй нь харьцуулахад харьцангуй боломжийн үнэтэй ч олны хайрыг төдийлөн татаагүй хувьцаа. P/E буюу үнэ ашгийн харьцаа нь 10x. Одоо тус компани ашигт ажиллагаа болоод хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжид илүү их анхаарал хандуулж буй.

  • Тайванийн ASE Technology Holding бол хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээн дэх жинтэй тоглогч бөгөөд үнэт цаас нь (ADR) АНУ-ын санхүүгийн зах зээлд ASX тикертэйгээр арилждаг. Компани хагас дамжуулагч үйлдвэрлэлийн сүүлийн шат болох сав баглаа, туршилтын үйлчилгээ үзүүлдэг. Хиймэл оюуны салбар дахь ширүүн өрсөлдөөнийг дагасан эрэлтийг хангахаар үйлдвэрлэгчид уралдацгааж буй энэ үед хагас дамжуулагчийн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж буй нь ASE-д түлхэц болж буй юм.

  • Applied Materials-ийн хувьцааг боломжийн үнэтэй, чанартай хэмээн тодорхойлж болох бөгөөд ашгийн өсөлт нь ч анхаарал татахуйц. Хиймэл оюуны чипийн эрэлтээр “ивээгдэж” буй тус компани хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээн дэх бас нэгэн чухал тоглогч ба дэвшилтэт чипийн үйлдвэрлэлд ашиглагддаг чухал төхөөрөмжийг нийлүүлдэг. Forward PE харьцаа нь 23 бөгөөд нэгж хувьцаанд ногдох чөлөөт мөнгөн урсгалыг нэгж хувьцаанд ногдох зах зээлийн үнэлгээнд харьцуулсан харьцаа нь өндөрт тооцогдох түвшинд байна.

Том зургаар: Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзвэл технологийн салбарын болон зах зээлийн дунджаас давсан өсөлтийн потенциалтай хувьцаанууд хэсэг зуур мандаж байна гэж болно. Гэвч үнэлгээ нь хэтийдэж, позицууд ч олширч буй зэрэг нь хөрөнгийн захад давлагаа эсрэг зүгт эргэх үед дунд хугацааны өгөөжид ихэвчлэн нөлөөлдөг хүчин зүйлс гэдгийг санах хэрэгтэй.

Төрөлжүүлэлт чухал

Гол санаа: Өнөөгийн зах зээлийн орчинд төрөлжүүлэлт болон стратегийн тараан байршуулалт нь гол зэвсэг.

Стратеги: Технологи, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбарын чиг хандлагуудыг авч үзвэл 100 мянган ам.долларын тодорхой хэсгийг эдгээр салбарын ETF-үүд, хувьцаануудад оруулснаар багагүй өгөөж хүртэх боломжтой. Эдгээр динамик салбаруудад хөрөнгө оруулалтаа тараан байршуулж, хажуугаар нь илүү тогтвортой, орлого сайтай хэрэгслүүдээр тэнцвэрээ хадгалах нь эрсдэлээ удирдаж, өгөөжөө сайжруулах үндэс болно.

Том зургаараа: Технологийн эрчимтэй хувьсал үргэлжилж, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, үүлэн технологийн чиглэлд тэргүүлж буй компаниуд найдлага төрүүлж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины хүчин чармайлт эрчимжсэнээр сэргээгдэх эрчим хүчний салбар өсөлтийн сайн потенциал харуулж, ялангуяа нар, салхины эрчим хүч, цэнэг хуримтлуурын технологи дахь хөрөнгө оруулалт сонирхол татах боллоо.

Эцэст нь инновац, даван туулах чадвараа хадгалж буй эрүүл мэндийн салбарт шинэ эмчилгээ, вакцин зэрэг нээлтүүдээр биотехнологийн компаниуд түүчээлж байна.

Бага үнэлгээтэй компаниудыг судал

Гол санаа: Мөчлөгийн яг ийм үед бага үнэлгээтэй компаниудын хувьцаа хамгийн их өсдөг түүхэн хандлага бий тул тэдгээрийг хөрөнгө оруулалтын багцдаа нэмснээр хожих боломж өндөр. Ялангуяа бага үнэлгээтэй бүлэг дунд хиймэл оюунаас ихийг олох потенциалтай “дараагийн эрэмбийнхэн” оршиж байгааг анхаарууштай.

Стратеги: 2023 он бол мега үнэлгээтэй компаниудын хувьцааны жил байсан нь ямар ч эргэлзээгүйг “Гайхамшигт 7”-ийн тэргүүлэл нотолж байна. Өсөлт нь S&P 500-ийн бусад компаниудыг тоосондоо булсан болохоор үүнээс боломж гарч ирж байгаа юм. Үнэлгээтэй нь харьцуулбал тэдний орлого хангалттай байгаагүй. S&P 500-ийн топ 10 хувьцаа тус индексийн бараг гуравны нэгийг эзэлж байгаа ч орлого нь тус индекст бүртгэлтэй компаниудын нийт орлогын 25 хувьд ч хүрэхгүй байна.

Харин бага үнэлгээтэй компаниуд дундаас программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд онцгойрч байгаа. Компаниуд энэ цагийн хамгийн чухал хэрэгцээ болох кибер аюулгүй байдалд бүрэн анхаарч, IT хариуцсан захирлууд тооцоолж болох ирээдүйн тэргүүлэх зорилтуудынхаа нэгдүгээрт тавьж байгаа тул программ хангамжийн компаниуд бүтээмжээ огцом өсгөх боломжтой.

Том зургаараа: Орлогын өсөлтийн өмнө хувьцаа өсөж, эдийн засгийн өсөлтийн өмнө компаниудын орлого өсдөг хандлага ажиглагддаг. 2024 оны сүүл, 2025 оны эхээр эдийн засгийн өсөлт эрчимжих хүлээлттэй байгаа энэ үед бага болон дунд үнэлгээтэй компаниудын хувьцаа хөрөнгийн зах зээлд өнгөлөх магадлалтай.

Хүнд жилийн дараа

Дотоодын үр тарианы томоохон ААН-үүдийн нэг Хөвсгөл Алтандуулга ХК 2023 онд 3.7 мянган тонн гурил үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад тээрэмдсэн улаанбуудай болон гурилын хэмжээ нь 42 гаруй хувиар буурчээ. Өнгөрсөн он түүхий эдийн хомсдол, чанараас үүдэлтэй гурилын борлуулалтын огцом уналттай жил болсныг тус компани тодотгож байлаа.

Иймд тус компани гурилын борлуулалтад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан охин компани болох Алтан Хажир ХХК-тай хамтран малын тэжээлийн борлуулалтад анхаарч ажиллах стратеги барьж байгаа аж.

Нийлүүлэлтийн том асуудал

Том зургаар харвал Монгол Улсад өдгөө 846 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч 2023 онд нийт үйлдвэрлэл нь сүүлийн 4 жилийн хамгийн бага хэмжээ буюу 191,300 тоннд хүрчээ. ҮСХ-ны мэдээлснээр хамгийн өргөн хэрэглэгддэг 1-р зэргийн гурилын дундаж үнэ II сард 2,426 төгрөг болж, 2022 оны мөн үеэс 73.8 хувиар, 2023 оны мөн үеэс 10.6 хувиар өссөн байна.

2021-2023 онуудад давхардсан тоогоор 9 ААН нийт 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан ч гурилын үнэ сар бүр тогтмол нэмэгдэж байгааг ШӨХТГ тогтоожээ.

Иен доод цэгтээ

Иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларснаар Япон улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ уналтыг сааруулах хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэсэн хүлээлт нэмэгдэж байна. Токиод иений ам.доллартой харьцах ханш 0.3 хувиар суларч, 151.97 болсноор 2022 оны 10 дугаар сард 151.95 хүрч байсан өмнөх доод түвшнээсээ давжээ.

Энэ долоо хоногт Япон улсын Сангийн дэд сайд Масато Канда гадаад валютын зах зээл дэх спекулятив арилжааны эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаа зарлаж, "Иений одоогийн уналт нь суурь хүчин зүйлсээс бус спекуляцаас үүдэлтэй нь тодорхой байна" хэмээн мэдэгдсэн юм.

Японы Төв банк саяхан дэлхийд цор ганц үлдээд байсан сөрөг утгатай бодлогын хүүгийн мөчлөгөө дуусгавар болгосон ч Япон ба бусад хөгжингүй орнуудын хоорондох бодлогын хүүгийн зөрүүтэй байдал удаан хугацаанд хадгалагдах хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд түгээмэл байгаа юм.

Чанартай бондуудын сэргэлт

Өндөр зэрэглэлтэй бондуудын эрэлт сүүлийн 10 жилд байгаагүй дээд цэгтээ хүрээд байгааг Bloomberg-ийн судалгаа харууллаа. Зах зээлд эрсдэл багатай гэж үнэлэгдсэн бондууд нэмэгдэж, зэрэглэл тааруу бондууд цөөрч байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болжээ. Дата мэдээллээс харвал "A" зэрэглэлтэй буюу эрсдэл багатай бондууд эргээд хөрөнгө оруулалтын индексийн гол хэсгийг бүрдүүлж эхэлж байгаа аж.

Үүнээс гадна зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд компаниудын зэрэглэлийг бууруулахаас илүү өсгөх тренд дөрвөн жил дараалан үргэлжилжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Манай дэлхийн өнөөгийн нөхцөл байдал 1930-аад оныг улам санагдуулах болсныг Bloomberg-ийн нийтлэлч Хол Брэндс бичжээ. Дэлхийн хүчний тэнцвэр тухайн үеийнхтэй адил эрчимтэй өөрчлөгдөж буй нь сайны дохио биш аж. Авторитар улсууд хоорондын түншлэл бэхжиж, бүс нутгийн зөрчил мөргөлдөөнүүд холбоо хамааралтай болох нь улам нэмэгдэж байна. Зөрчлийн гадна, бас дотор оршиж буй ардчилсан орнуудад тулгарах эрсдэл нэмэгдсээр. Гэтэл АНУ "Америк нэгдүгээрт" уриан дор нэг талт бодлогыг дахин таашаах шинж ажиглагдаж эхлээд байна.

Эцэст нь товчхон

  • ЗГ: Гуравдугаар сарын 27-ноос эхлэн эмийн жорыг E-Mongolia системээр авах боломжтой боллоо. Мөн цаашид шинжилгээний хариу, эрүүл мэндийн дэвтэр зэрэг 7 төрлийн үйлчилгээг цахимжуул хүнд суртал багасах, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Agriturismo Cascina DUC фермийн алтанзул цэцгийн талбайд зураг авч буй эмэгтэй - Грулиаско, Итали

Marco Bertorello/AFP/Getty