- Business newsletter
- Posts
- 2024/03/27
2024/03/27
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Starlink-ийн төхөөрөмжүүд олон оронд хууль бусаар, буруу зорилгоор ашиглагдаж буйг Bloomberg эрэн сурвалжлав.
Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 2024 онд 5.7 хувь болж саарна гэж Fitch Ratings таамаглалаа.
Какаоны үнийн огцом өсөлт үргэлжилж, тонн нь 9,000 ам.доллар давснаар зэсээс илүү үнэтэй боллоо.
Starlink-ийн төхөөрөмж буруу гарт…
Хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч Starlink харилцаа холбооны хэрэгслийн хувьд өндөр үр ашигтай байгаа нь дэлхий даяар хүрээгээ тэлж буй далд худалдааны бай болох эрсдэлд оруулж байна.
Бодсоноос чухал асуудал
SpaceX-ийн эзэмшдэг Starlink өндөр хурдны интернэтээ “дэлхийн бараг хаана ч ашиглах боломжтой” гэж сурталчилдаг. Үнэхээр ч бодит байдал дээр Starlink-ийг нэвтрүүлэх гэрээ хийгдээгүй олон оронд тус үйлчилгээ ашиглагдах болсны дотор дарангуйллын дэглэмтэй бүс нутгууд ч багтаж байгаа юм.
Bloomberg News-ийн эрэн сурвалжилснаар Starlink-ийн төхөөрөмжүүдийг хууль бусаар худалдаалж, ажиллуулж буй өргөн хүрээг хамарсан баримтууд ил болжээ. Тэдгээрийг нууцаар хил давуулан, хар зах дээр чөлөөтэй наймаалцаж буй нь, мөн буруу зорилгоор ашиглаж буй нь дэлхийн хэмжээний системийн асуудал гэхэд буруудахгүй. Мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд нөлөөтэй тус системд Илон Маскийн компани хэрхэн хяналт тавьдаг тал дээр асуултууд урган гарч ирж байна.
Тухайлбал олон арван жил үргэлжилсэн иргэний дайнд нэрвэгдээд буй Йемений ЗГ-ын нэгэн албан тушаалтан Starlink-ийн үйлчилгээ улсад нь түгээмэл хэрэглэгддэг болсныг баталжээ. Өөр хоорондоо дайтах Хусит тэргүүтэй бүлэглэлүүдийн учруулах эрсдэлээс зайлсхийхийн тулд олон хүн Йеменд хурд муутай, цензур ихтэй үндсэн интернэт сүлжээний оронд Starlink-ийг ашиглан бизнес, хувийн харилцаагаа явуулдаг аж.
Түүнчлэн дуусашгүй иргэний дайны уршгаар олон сая иргэн нь дүрвэж, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гаарсан Судан улсыг дурдаж болно. Жирийн интернэт сүлжээ нь олон сарын турш тасарсан тул хагас цэрэгжсэн Rapid Support Forces бүлгийнхэн логистикийн хэрэгцээндээ Starlink-ийн систем ашиглах болсныг барууны дипломатууд мэдээлсэн байна.
“Starlink зохицуулалтгүй, хувийн компани удирддаг гэдгээрээ энэ нь гүнзгий санаа зовоохуйц асуудал. Хэн нэвтэрч, хэрхэн ашиглаж байгаад үүнд хариуцлага хүлээх тал алга” хэмээн Australia Institute-ийн ахлах судлаач Эмма Шортис онцолсон байна.
Starlink-ийн хар зах
2019 оноос хөөргөж эхэлсэн 5,500 гаруй хиймэл дагуулын сүлжээнээс дамжуулах интернэтийг Starlink хэрэглэгчдэд хүргэдэг. Өдгөө хэрэглэгчийн тоо нь аль хэдийн 2.6 саяд хүрсэн тул Starlink нь SpaceX-ийн орлогын гол эх үүсвэр болох боломжтойн сацуу хувийн хэвшлийн төлөөллүүдээс АНУ-ын сансрын хөтөлбөрийн хамгийн чухал гэрээт байгууллага нь болоод байна.
Цаашид Starlink хэт алслагдсан, эсвэл байгалийн гамшиг, зөрчил мөргөлдөөний улмаас интернэтгүй болсон газруудыг сүлжээнд холбохын тулд олон арван мянган хиймэл дагуул нэмж хөөргөхөөр төлөвлөжээ. Гэхдээ Америкийн хувийн компанийн интернэт үйлчилгээ гэдэг утгаараа аюулгүй байдлын асуудал гаргахгүйн тулд SpaceX үйлчилгээ нэвтрүүлэх улстайгаа эхлээд гэрээ байгуулах шаардлагатай байдаг. Гэвч гэрээ байгуулаагүй оронд хүмүүс Starlink-ийг зохих хамрах хүрээгүйгээр ашигласаар байгаа нь мэдээж хууль бус үйлдэл боловч хяналт тавихад хүндрэлтэйг экспертүүд хэлж байна.
Жишээлбэл Starlink-ийн гэрээ ховорхон хийгдсэн Төв Азид, тэр дундаа Казахстанд хууль бус худалдаа, хэрэглээг зогсоох ЗГ-ын арга хэмжээ бараг үр дүнд хүрээгүй аж. Оронд нь хар зах дээр төхөөрөмжийн үнэ л нэмэгдсэнийг нэрээ нууцалсан нэгэн худалдаалагч өгүүлжээ.
Харин Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сард Starlink-ийн интернэтийг нутаг дэвсгэртээ идэвхжүүлэхээсээ өмнө зохицуулалтын тодорхой асуудалтай тулгарч байлаа. 2022 онд нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого баталж, 2023 онд тус салбарын компаниудад зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бий болгож өгснөөр Starlink Монголд нэвтрэх үүд хаалга нээгдсэн юм.
Аккумлятор дахин боловсруулна
Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийг Налайх дүүрэгт байгуулж, III.26-нд нээгээд байна.
Ингэснээр бүрэн автомат, жилд 7 мянган тн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна. Аккумлятаор дахин боловсруулах Монголын анхны үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгааг Монцамэ мэдээллээ.
Fitch: Өсөлт саарна
Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 2024 онд 5.7 хувь болж саарна гэж Fitch Ratings таамагласан байна. Тус агентлаг хоёрдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалах шийдвэр гаргахдаа 2024 онд тулгамдаж болзошгүй эрсдэлүүдийг нэрлэж байсан юм. Тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбар эдийн засаг тэлэхэд гол түлхэц болж ирсэн ч зээлжих зэрэглэлийн гол шалгуур үзүүлэлтүүд өндөр савлагаатай байхад нөлөөлснийг онцолж байв.
MMC-ийн зорилт
Mongolian Mining Corporation өнгөрсөн онд 14.6 сая тонн нүүрс олборлосноос 12.1 сая тонныг Ухаа худгийн уурхайгаас, үлдсэнийг нь Баруун наран уурхайгаас олборложээ. 2024 оны хувьд тус компани логистик болон дэд бүтцийг хөгжүүлэх санаачилгуудыг дэмжин ажиллаж, БНХАУ дахь худалдан авагчдадаа илүү хүрэх зорилт тавиад байна.
Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн 2023 онд MMC цэвэр ашгаа 280 гаруй хувиар өсгөж, 509 сая ам.долларт хүргэснээ тайлагнаад байгаа.
Трампын хийморьтой өдөр
Дональд Трампын орооцолдсон залилангийн хэрэгтэй холбоотойгоор Даваа гарагт түүний бизнесийн эзэнт гүрэн урьд байгаагүй том аюултай тулгараад байв. Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, АНУ-ын Ерөнхийлөгч асан түүний хөрөнгийн хэмжээ нэг өдөрт хамгийн их дүнгээр нэмэгдсэн байна.
Шүүхийн батлан даалтын барьцаа хөрөнгөд тэрбээр 500 сая гаруй ам.доллар төлөх ёстой болоод байсан ч эцсийн мөчид Нью-Йорк мужийн шүүх “аминд нь орж”, барьцаа хөрөнгийн хэмжээг 175 сая ам.доллар болгон бууруулжээ. Үүнтэй зэрэгцэн түүний сошиал сүлжээний компани болох Trump Media & Technology Group-ийн 29 сар үргэлжилсэн нэгдэн нийлэх хэлцлийн явц дуусгавар болсноор олон тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаа албан ёсоор Трампын мэдэлд шилжсэн байна.
Ингэснээр Трампын нийт хөрөнгийн хэмжээ 4 тэрбум гаруй ам.доллароор өсөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр 6.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Bloomberg Billionaires Index-ээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний жагсаалтад анх удаа багтахаар болж байна.
Какао зэсээс үнэтэй болов
Какаоны үнийн огцом өсөлт үргэлжилж, анх удаагаа тонн нь 9,000 ам.доллар давлаа. Зах зээлд нийлүүлэлтийн ноцтой хомсдол үүсэж, какаоны үрийн төлөөх шоколад үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн нь үүний шалтгаан болж буй. Энэхүү өсөлт нь 2024 оны турш шоколадны үнэ өндөр түвшинд хадгалагдахын урьтал болж байна. Зарим үйлдвэрлэгчид шоколадны хэмжээг жижгэрүүлэх, какаоны орц багатай бусад бүтээгдэхүүнээ сурталчлах зэргээр үнийн өсөлтийн шокыг зөөлрүүлэх арга хэмжээ авч эхэлжээ.
Дэлхийн какаоны 75 гаруй хувийг тариалдаг Баруун Африкт цаг уурын таагүй нөхцөл байдал, какаоны модны өвчлөл, санхүүжилтийн хомсдол зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан ургац багасаж, фермерүүд эрэлтийг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Какаоны үнэ зөвхөн энэ сард 60 орчим хувиар, он гарсаар аль хэдийн хоёр дахин өсжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Goldman Sachs: Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах нь түүхий эдүүдийн үнэ өсөхөд нөлөөлнө
“PetroChina”-ийн цэвэр ашиг 2023 онд $22 тэрбум болж, шинэ дээд түвшинд хүрлээ
Хамгийн бохир шатах түлш болох нүүрстэй “салах ёс гүйцэтгэх” явц удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй
Онцлох чарт
Өсөлтгүй дөрвөн жилийг өнгөрүүлсэн Евро бүсийн эдийн засаг бодлогын дэмжлэг хангалтгүйн үр дагавраар хүндрэлтэй тулгарсан хэвээр байгааг UniCredit-ийн Ахлах зөвлөх Эрик Нилсен онцолжээ. Инфляцын нөлөөллийг арилгаагүй бодит ДНБ нь 2001 оныхтой харьцуулахад өдгөө үл ялиг тэлсэн байгаа нь АНУ тэргүүтэй гадаад орнуудын эрэлттэй холбоотой аж.
Эцэст нь товчхон
НИТХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлд одоогоор Эмээлт, Налайх, Багахангай, Багануур гэсэн аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж байгаа.
МХБ: Хай би ойл ХК-ийн хувьцаа 14.66% өсөж, Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны ханш 12.5% уналаа
Өнөөдрийн онцлох зураг
Японы уран бүтээлийн нэгдэл teamLab-йин Хонконгийн Tamar Park-д байрлуулсан Continuous нэртэй инсталляц
Peter Parks/AFP/Getty