- Business newsletter
- Posts
- 2024/03/26
2024/03/26
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Xanadu Mines зэс, алтны "Улаан уул" төсөлдөө 5000 метрийн хайгуулын өрөмдлөг хийж эхэлжээ.
Нүүрстэй салах ёс гүйцэтгэх явц маш удаан үргэлжлэх төлөвтэй байна.
Mongolian Mining Corporation-ийн цэвэр ашиг өмнөх оноосоо 280.4 хувиар өсөж, 509 сая ам.доллар хүрчээ.
MMC-ийн ашиг 280% өсөв
Хонконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Mongolian Mining Corporation компани 2023 оны 12 дугаар сарын 31-нээр эцэслэгдсэн жилд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оноосоо 89.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн компанийн татварын өмнөх цэвэр ашиг өмнөх оноосоо 280.4 хувиар өсөж, 509 сая ам.Доллар хүрсэн байна.
Салах ёс гүйцэтгэх болоогүй
Уур амьсгалын хэлэлцээ хийгчид хоёр жил гаруйн өмнө нүүрсийг түүх болгон үлдээх анхны оролдлогоо хийж байлаа. Харин өдгөө хамгийн бохир шатах түлш гэгддэг нүүрс ид мандаж байна.
Сэргэлтийн замнал
Хятадын эрчим хүчний хямрал Бээжинг цахилгаан эрчим хүчний эртний найдвартай эх үүсвэр рүүгээ буцахад хүргэсэнтэй зэрэгцэн Энэтхэгт эрэлт өсөж, Украины дайны нөлөөлөл сунжирч, хөгжиж буй орнуудыг шатах түлшнээс холдуулах олон улсын төсөл хөтөлбөрүүд удааширсны ачаар нүүрс гайхалтай “тэсвэр”-тэйгээ харуулсаар байна.
Өнгөрсөн онд нүүрсний гарц дээд түвшиндээ хүрч, сэргээгдэх эрчим хүчийг тэнцвэржүүлэхийн тулд нүүрсийг дахиад олон арван жил ашигласаар байх ирээдүйд олборлогчид бэлдэх болов. Үнэ нь ч өндөр түвшинд хадгалагдсаар байна. Хэдийгээр эрчим хүчний нүүрс ОХУ хөршдөө халдан довтолсон 2022 онд хүрсэн дээд цэгээсээ харьцангуй бага үнээр өдгөө арилжаалагдаж байгаа ч түүхэн дунджаасаа өндөр хэвээр байгаа юм.
Энэхүү шинэ салхины дийлэнх нь Ази руу чиглэж байна. 2000 онд хөгжингүй орнууд дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тал хувийг бүрдүүлж байгааг Олон Улсын Эрчим хүчний агентлаг тооцоолж байв. Тэгвэл 2026 он гэхэд Хятад, Энэтхэгт нийт хэрэглээний 70 хувь нь дангаараа ногдохоор байгаа аж. Хоёр “хүнд жингийнхэн” дээр Индонез улс нэмэгдээд өнгөрсөн онд нийт 59 гВт-ын хүчин чадал бүхий нүүрсний шинэ цахилгаан станцууд ашиглалтад оруулаад зогсохгүй шинээр эхлүүлсэн, сэргээсэн ЦС-ын төслүүдийнх нь хүчин чадал 131 гВт хүрчээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нийт төслүүдийн хүчин чадлын 93 хувийг эзлэх болохыг Global Energy Monitor тооцоолсон байна.
“Азийг авч үзвэл нүүрс ашигладаг цахилгаан станцуудын эрэлт, хөгжүүлэлт маш өндөр, ялангуяа Энэтхэгт эрчээ авч байна. Тэгэхээр нүүрс ойрын хугацаанд анхаарлаас холдохгүй” хэмээн Австралийн олборлогч New Hope-ийн Гүйцэтгэх захирал Роб Бишоп онцолсон юм.
Гэхдээ цаг нь ирнэ
Олон жилийн турш шинжээчид нүүрсний олборлолт 2013 онд оргил цэгтээ хүрээд цаашид тогтворжино гэсэн төсөөлөлтэй байв. Санхүүжилт нь ч тухайн үед татарч байлаа. Гэтэл 2021-2022 онд дээр дурдсан нөхцөл байдлууд үүссэнээр нүүрсний эрэлтэд ташуур өгсөн юм. Өнгөрсөн онд дэлхий даяар нүүрсний гарц 8.7 тэрбум тонн буюу түүхэн дээд хэмжээндээ хүрснийг ОУЭХА мэдээлж байна.
Энэ тоо 2024 онд буурах төсөөлөлтэй ч 2026 оноос эргэн тогтворжиж, өөрөөр хэлбэл нүүрстэй салах ёс гүйцэтгэх явц улам сунжрах төлөвтэйг тус агентлаг онцолжээ.
Сүүлийн жилүүдэд нарны хавтан, салхин турбины суурилуулалт рекорд түвшиндээ хүрч, усны эрчим хүч сэргэж, атомын эрчим хүч тогтвортой өсөж буй нь нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний үйлдвэрлэл яваандаа эрчим хүчний хэрэглээний өсөлтийг давж гарах магадлалыг нэмэгдүүлж буй.
Хэдий тийм боловч цэвэр эрчим хүч нь мөн нүүрсний хувьд “амь тариа” болно гэж БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацын орлогч ЕНБД Жан Хон үзэж байна. Сэргээгдэх эх үүсвэрүүд зөвхөн цаг уур тохиромжтой үед эрчим хүч үйлдвэрлэх тул хэдий бусад сонголтууд гарч ирлээ ч хямд, найдвартай нүүрсний гүйцэтгэх үүрэг өндөр хэвээр байх аж. “Ирэх 10-15 жил бол стратегийн маш чухал цонх үе хэвээр байна” хэмээн тэрбээр онцолсон байна.
Ямартай ч хэзээ нэгэн цагт нүүрсний төгсгөл ирэх нь мэдээж. Нар, салхины эрчим хүчний ахиц дэвшил нь эдгээр технологийг дэлхийн ихэнх хэсэгт нүүрснээс хамаагүй бага өртөгтэй болгосны зэрэгцээ цэнэг хураагуур, нөөцлүүрийн системийн хөгжил СЭХ-ийг эцэст нь эрчим хүчний шилжилтийг гүйцээхэд хангалттай хямд болгох боломжтой.
“Дэлхийд цаашдын олон арван жилийн турш нүүрс олборлож, эрчим хүчний шилжилтийг дэмжих компаниуд илүү олон хэрэгтэй байгаа нь харагдаж байна” хэмээн New Hope-ийн Роб Бишоп хэлж байлаа.
Xanadu хайгуулаа өргөжүүлэв
Xanadu Mines компани Дорноговь аймагт орших зэс, алтны "Улаан уул" төсөлдөө 5000 метрийн хайгуулын өрөмдлөг хийж эхэлснээ мэдэгдлээ. Тодруулбал компани 100 хувь эзэмшдэг тус төслийнхөө таван гол бүсэд төвлөрч, 5000 метрийн гүнд алмазан өрөмдлөг хийн зэс, алтны орд нээн илрүүлэхээр төлөвлөж байна.
"Улаан уул" төсөл нь 40 орчим хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг, бүрэн судлагдаагүй порфирийн зэс-алтны дүүрэг юм. Xanadu Mines-ийн хувьд энэхүү хөтөлбөрөө тавдугаар сарын дундуур эцэслэж, хайгуулын бүрэн үр дүнг зургаадугаар сард гарган авахыг зорьж байгаа аж.
Замын-Үүдийн шинэчлэл
БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусжээ. Монгол Улсын нийт экспортын 22 хувь, импортын 49 хувь нь нэвтэрдэг тус боомтын өргөтгөлийн ажил хийгдсэнээр нийт талбай нь 8 дахин, суудлын автомашин нэвтрүүлэх чадал 7 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна.
Боомтын үйл ажиллагааг хөгжүүлж, эдийн засгаа тэлэхийн тулд зөвхөн дэд бүтцээс гадна гадаад худалдааны гэрээ хэлэлцээрийг сайжруулах гэх мэт цогц шийдэл хэрэгтэйг МҮХАҮТ-ын дэргэдэх Эдийн засгийн корридор, боомт, тээвэр, логистикийн зөвлөл онцолж байлаа.
BYD-ийн дараагийн учраа
Tesla-г ардаа орхиж, цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч болсон амжилтдаа BYD сэтгэл ханаагүй бололтой. Одоо тус компани Toyota, Volkswagen зэрэг компаниудын хэрэглэгчдийг татахад анхаарч, үнээ огцом хямдруулж буй нь Хятадын зах зээл дэх үнийн дайны хувьд онцлохоор жишээнүүдийн нэг болж байна. BYD маркетингийн кампанит ажлынхаа хүрээнд “цахилгаан газрын тосноос хямд” хэмээн зарлаж, худалдаанд гаргаад буй бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй бараг бүх загварынхаа үнийг бууруулж буй аж.
Bloomberg News Хятадын автомашины портал болох 16888.com-ийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд BYD 100 гаруй загварынхаа үнийг хямдруулсан дүн гарч буй бөгөөд үүнд сүүлд танилцуулсан Yangwang брэндийн загварууд, тэр дундаа $233 мянгын үнэтэй супер автомашин нь хамаарахгүй юм байна.
BYD-ийн хамгийн боломжийн үнэтэй цахилгаан загвар болох Seagull-ийн үнэ улам доошилсныг онцолж болно. Тус загварыг 5% хямдруулснаар үнэ нь $10 мянгаас доош орж ирсэн бол борлуулалтаар тэргүүлдэг Qin Plus седаны үнэ 20% буурч, эхлэх үнэ нь 79,800 юань болжээ.
“Луут бөмбөлөг”-ийн парк
Саудын Араб улс нийслэл Рияд хотоосоо 40 минут явах зайтай бүсэд Японы алдарт манга франчайзаас сэдэвлэсэн дэлхийн анхны соёл, амралтын хүрээлэн хөгжүүлэхээр 500 мянган м.кв талбайтай зориулалтын газар олгожээ. Саудын Арабын баялгийн сангийн хөрөнгө оруулалттай үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Qiddiya Investment Co тус төслийн гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Тус хүрээлэнгийн нэрийн хуудас болох тоглоом нь "Луут бөмбөлөг" дээр гардаг шидэт луу Шенроны нэрээр нэрлэгдсэн 70 метр өндөр галзуу хулгана байх бөгөөд Гоку, Фриза зэрэг бусад дүрүүдээс сэдэвлэсэн нийт 30 тоглоом байрлуулахаар мөн төлөвлөжээ. Газрын тосноос хамааралтай байдлыг бууруулах гол түлхүүр болно гэж үзэж буй энэ мэтийн төслүүддээ Саудын Араб олон тэрбум ам.доллар төсөвлөж, 2030 он гэхэд жилд 150 сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавьжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Б.Баярдаваа: Эдийн засгийн дунд хугацааны төлөвийг харгалзан бодлогын хүүг бууруулсан
БНХАУ гадаадын шууд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэхийг зорьж байна
Др.Курт М.Кэмпбэлл: Эрчимжүүлэх шаардлагатай хамтын ажиллагааны чиглэлүүдийн нэг нь чухал ашигт малтмал
Онцлох чарт
АНУ-ын Хууль зүйн яамнаас Apple-ийг монополын хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзэж шүүхэд өгсөн өдөр тус компанийн хувьцааны ханш 4 гаруй хувиар унасан юм.
"Apple бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн сонирхолд улам нийцүүлэх замаар бус iPhone-ийн давамгай байдалд эрсдэл учруулахуйц инновацыг сулруулах замаар ухаалаг утасны зах зээл дэх монополчлолоо бэхжүүлж байна" гэж тус яам дүгнэжээ.
Хэрэв АНУ-ын Хууль зүйн яам саад учруулбал Apple компани iPhone-ийн ажиллагааны зарчмыг өөрчлөх шаардлагатай болж, улмаар хэрэглэгчдийг хохирооно хэмээн Bloomberg-ийн Дэйв Лий бичсэн байна.
Эцэст нь товчхон
УИХ дахь МАН-ын бүлэг: Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг бүрэн дэмжихээр боллоо.
Үндэсний аудитын газар: Улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Өнөөдрийн онцлох зураг
Москвагийн концертын танхимд болсон халдлагыг үйлдсэн хэрэгт буруутгагдсан Сайдакрами Рачабализода шүүхийн танхимд
Olga Maltseva/AFP/Getty Images