2024/03/22

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн аз жаргалын тайланд Монгол Улс 143 улсаас 77 дугаарт бичигдэж, эрэмбэ огцом доошлов.

  2. Tesla-ийн хувьцаа Boeing-оос ч илүү дүнгээр унаж, S&P 500-ийн хамгийн тааруу үзүүлэлттэй хувьцаа болжээ.

  3. Йемений Хуситууд ОХУ, БНХАУ-ын хөлөг онгоцуудыг байгаа болгохгүй гэж мэдэгдэв

Аз жаргалын эрэлд

ДНБ-ээс эхлээд дундаж наслалт, авлигын түвшин, эрх чөлөөний мэдрэмж хүртэлх олон үзүүлэлтийг шалгуур болгож дэлхийн улсуудыг иргэдийнх нь сэтгэл ханамжаар эрэмбэлдэг Дэлхийн аз жаргалын тайланд Финланд улс долоо дахь жилдээ дараалан хамгийн аз жаргалтай орноор тодров. Харин цар тахлын дараах жилүүдэд байр ахиж байсан Монголын эрэмбэ огцом доошилжээ.

Босоо аварга - Финланд

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс жил бүр гаргадаг тус тайлангийн 2024 оны эрэмбэд Финланд улс тэргүүлж, Дани, Исланд улсууд 2, 3 дугаар байраа хадгалжээ. Тайланд тодотгосноор “өөрийнхөө амьдралыг хэрхэн үнэлэх тухай асуултад иргэдийн өгсөн хариулт дээр зөвхөн суурилж” тус эрэмбийг гаргасан аж. Харин Финланд олон жил дараалан тус эрэмбэд тэргүүлсний цаана байгаль, итгэлцэл, боловсрол гэсэн гурван хүчин зүйл бий гэж үздэгээ Финландын Ерөнхийлөгч Александр Стубб цахим хуудастаа хуваалцсан байна.

Тэгвэл энэ онд аз жаргалын үнэлэмжийн оноогоо хамгийн сайн ахиулсан орноор өмнөх оноос 69 байр урагшилж 37 дугаарт бичигдсэн Серби улс, 63 байр ахиж 81 дүгээрт бичигдэх болсон Болгар улс тус тус тодорчээ. Харин залуу америкчуудын амьдралын чанар муудсаны нөлөөгөөр АНУ тус эрэмбэд анх удаагаа эхний 20 байрны гадна үлдсэн байна.

Дашрамд дурдахад, НҮБ аз жаргалын үнэлэмжээр улсуудыг эрэмбэлэхдээ сүүлийн гурван жилийн дунджаар тооцдог тул нэг жилийн хугацаанд гарсан аливаа өөрчлөлтийн нөлөө багасдаг юм.

Залууст ээлгүй Монгол

Монгол Улс уг үзүүлэлтээр 2023 онд 137 орноос 61 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2024 онд 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгдэж, эдийн засгийн гүн удаашралд орсон БНХАУ, дайн хийж буй ОХУ-ын ард жагссан байна.

Харин насны бүлгээр ангилсан дэд эрэмбэд Монгол Улс 30-аас доош насныхан буюу залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86 дугаарт, харин 60 болон түүнээс дээш насныхны үзүүлэлтээр 53 дугаарт бичигдсэн нь анхаарал татаж байна.

Энэ мэтээр хүн амын аз жаргалын түвшнийг илтгэх гол үзүүлэлтүүдэд Монгол Улс төдийлөн том ахиц дэвшил гаргаж чадаагүй байдал сүүлийн жилүүдэд хадгалагдаж байна. Хэдий манай улс эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах тал дээр сорилтууд их байгаагийн зэрэгцээ Transparency International-ийн судалгаагаар 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болсон билээ.

Харьцуулж болох эдийн засагтай орнуудаас Киргизийг авч үзвэл, тус улс Аз жаргалын тайланд 2016 оноос хойш дийлэнх хугацаанд Монголын өмнө эрэмбэлэгджээ. Нэг хүнд ногдох ДНБ-ээр Монголоос гурав дахин бага Киргиз улс аялал жуулчлалын салбараа хурдацтай хөгжүүлж, манай улсаас бараг 15 дахин их тооны гадаадын жуулчин хүлээн авдаг болсон тухай бид өмнө нь хөндөж байсан билээ.

Гэхдээ урт хугацаанд харвал нэг сайн үзүүлэлт байгаа нь Монгол Улс 2006-2010 оны үзүүлэлтээсээ 2021-2023 онд ахисан байдлаар 13 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Алдагдсан боломжийн өртөг

Байгалийн баялаг шавхагдсан хойно ч орлогын урсгалыг таслахааргүй хуримтлал үүсгэх зарчимтай Баялгийн сангийн хуулийн төслийг ЗГ-аас ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байгаа. Хэт халамжид баригдсан, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмждэггүй, цэвэр импортод дулдуйдсан эдийн засгийг өөрчлөхөд өргөн утгаараа Үндэсний баялгийн сангийн тухай хууль чухал үүрэг гүйцэтгэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Bloomberg TV Mongolia-д өгсөн тусгай ярилцлагадаа онцолсон юм.

”Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, АМНАТ зэрэг харилцааг цогцоор нь зохицуулж, хүртээмжтэй эдийн засгийг бий болгоход энэ сан чиглэнэ. Хуримтлагдсан орлогыг хараат бус, бие даасан менежментээр, зөв шударга байдлаар хуваарилж, хөрөнгө оруулалт хийдэг болохгүй бол Ирээдүйн өв сангийн алдагдсан боломжийн өртөг хэдэн арван их наядаар хэмжигдэж болно” хэмээж байв.

Ус ашиглалт

2023 онд улсын хэмжээнд нийт 678 сая шоо метр ус ашигласныг Усны газраас тооцоолжээ. Хөдөө аж ахуйн салбарт хамгийн их буюу 50 орчим хувийг нь зарцуулсан бол үлдсэн хувийг нь ундны ус, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар эзэлсэн байна.

Одоогоор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 16 хувьд нь гадарга доорх усны нөөцийн эрэл хайгуул хийгдсэн бөгөөд үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

50, эсвэл 75?

Зах зээлийн таамаглал ёсоор Холбооны нөөцийн банк сүүлийн хурлаараа бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч тус банкны албан тушаалтнуудын голч төсөөлөл болох энэ онд бодлогын хүүг гурван удаа тус бүр 25 суурь нэгжээр бууруулах төлөв хэвээр үлдсэн нь илүү чухал байлаа. Мөнгөний бодлогоо сулруулах төлөвлөгөөнд нь инфляцын дарамт саад болж, улмаар энэ онд зөвхөн хоёр удаа бодлогын хүүгээ бууруулна гэсэн спекуляц зах зээлд үүсээд байв.

Ирэх V болон VI сарын хурлуудаараа бодлогын хүүгээ бууруулах эсэх тухай асуултад Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “бөөрөнхий” хариулт өгч, “ямартаа ч энэ онд эхний удаа бууруулна” гэжээ.

Дараагийн бай

“Шорт” арилжаалагч Hindenburg Research дата төвийн үйлчилгээний Equinix-ийг онилж, тус компани тайлан тооцоондоо манипуляц хийхийн зэрэгцээ “хиймэл оюуны бүтэшгүй мөрөөдлөө мөнгө болгож байна” хэмээн буруутгажээ.

Hindenburg-ийн энэхүү богино позиц, холбогдох мэдэгдлүүд нь хиймэл оюуны компаниудад цаашид дата төв улам ихээр хэрэг болно гэсэн хүлээлтээс ашиг олж буй Equinix компанийн ирээдүйн талаар эргэлзээ төрүүлж эхэлсэн байна. Equinix-ийн хувьцаа мэдэгдэл гарсны дараа огцом унаж, мөн компани бонд гаргах төлөвлөгөөгөө хойшлуулаад байгаа аж.

“Тэнгэрийн” цүнх

Чамин тансаг, франц хийцийн Birkin гар цүнх дэлхий даяар чинээлэг хүмүүсийн нийгмийн статусын бэлгэдэл болж, 100 мянган ам.доллар давсан үнээр зарагдах нь бий. Гэтэл уг цүнхийг дэндүү ховор, авахад хэцүү болгосноороо үйлдвэрлэгч компани Hermes нь АНУ-ын монополын эсрэг хуулийг зөрчиж байна гэж Калифорни мужийн хоёр худалдан авагч үзжээ.

Hermes компани Birkin цүнхээ хүссэн хүн бүрт зүгээр л зарчихдаггүй бөгөөд боломжит худалдан авагч компанийн бусад бүтээгдэхүүнд олон мянган ам.доллар зарцуулж байж сая тэрхүү ховор ширэн цүнхийг өөрийн болгох эрх нь нээгддэг болохыг Тина Каваллери, Марк Глинога хэмээх хоёр иргэн Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ.

Тодруулбал Birkin цүнхийг Hermes-ийн вебсайтаас худалдан авах боломжгүй, дэлгүүрт нь байдаггүйгээс гадна ажилтнууд нь зөвхөн төлбөрийн чадвартай гэж үзсэн, "сонгогдсон" худалдан авагчдыг тусгай өрөөнд оруулж тэрхүү цүнхийг харуулдаг гэжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Tesla-ийн хувьд 2024 он тун базаахгүй үргэлжилж байна. Хувьцааны ханш нь Boeing-оос ч илүү дүнгээр унаж, S&P 500-ийн хамгийн тааруу үзүүлэлттэй хувьцаа болов.

Одоогийн асар өндөр үнэлгээтэй нь уялдсан хурдаар өсөх бололцоо Tesla-д хангалттай байхаа больжээ. Компанийн хувьцаа “Гайхамшигт 7”-ийн бусад аваргуудынхтай харьцуулахад нэлээн өндөр үнээр арилжаалагдаж байгаа ч орлого, ашгийнх нь өсөлтийн хурд өнгөрсөн оноос хойш мэдэгдэхүйц саарсан байна.

Эцэст нь товчхон

  • МХБ: Ард Санхүүгийн Нэгдэл “Өндөрхаан” ХК-ийн үлдсэн хувьцааг худалдан авах тендер санал зарлалаа. Тус компани 2023 оны XII сарын 26-нд "Өндөр хаан" ХК-ийн гаргасан нийт хувьцааны 64 хувь буюу хяналтын багцын эзэмшигч болж байв.

Өнөөдрийн онцлох зураг

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон боксын бэлтгэл хийж буй зургуудыг түүний хувийн гэрэл зурагчин өөрийн Инстаграм хуудастаа нийтэлжээ

Soazig de La Moissonnière/Instagram