- Business newsletter
- Posts
- 2024/03/21
2024/03/21
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Говь ХК дахь эзэмшлийн хувиа ахиулж 84.29% болгосноо Таван Богд Холдингс ХХК баталлаа.
БНСУ-ын тээвэр логистикийн Hanjin Logistics компани Туушин ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцжээ.
АНУ-ын хэрэглээний үнийн индексийн суурь судалгаанд эмэгтэйчүүдийн гэрийн ажлыг багтааж магадгүй.
Ноолуурын прогноз
Монголын хөдөө аж ахуйн салбарын гол үнэ цэнийн сүлжээнүүдийн нэг болох ноолуурын зах зээл нэмүү өртөг илүү шингэсэн, мөн илүү тогтвортой ирээдүйг чиглэсэн өөрчлөлтийн шатандаа яваа ч саад тотгор чамгүй бий. Ноолуур, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүлээлт, экспортын чиг баримжаа болон Говь ХК-ийн эзэмшлийн тухай анхаарал татсан мэдээллүүдийг энэ дугаарт багцаллаа.
Үнэ өсөж мэднэ
Уул уурхайн бус экспортод гол жин дардаг ноос ноолуурын салбар өнгөрсөн онд 441 сая ам.долларын борлуулалт хийсний 398 сая ам.долларыг нь экспорт бүрдүүлжээ. 2022 онтой харьцуулахад нийт борлуулалт 8.2 хувиар, экспорт 8.4 хувиар тус тус буурсныг Монголын ноос ноолуурын холбоо мэдээлсэн байна.
Мөн ноолуурын салбарын нийт бараа эргэлт 1.4 их наяд төгрөг байгаа бөгөөд цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээснээр 2.8 их наяд төгрөгт хүргэх боломжтойг тус холбоо онцолж байлаа.
Манай улсын хувьд жилд ойролцоогоор 10 мянган тонн ноолуур авч, түүхий эдийн бэлтгэлээр БНХАУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг гэдэг утгаараа экспортын орлогыг нэмэгдүүлэх суурь нь орон нутаг дахь боловсруулалт, малчдад үзүүлэх дэмжлэгээс эхлэх юм. 2023 онд төрөөс ноос ноолуурын салбарт 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 168 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2022 оныхоос 38 хувиар өссөн дүн болжээ.
Харин энэ онд зудын хор уршиг ноолуур хураалтын ид үетэй давхацсанаар нийлүүлэлтийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна. Ноос ноолуурын холбооны урьдчилсан тооцооллоор ноолуурын үнэ 140-150 мянгад хүрч өсөх төлөвтэй аж.
Түүнчлэн нэмүү өртөг, ажлын байрны тоо нэмэгдүүлэх зорилгоор угаасан ноолуурын экспортыг зогсоож, зөвхөн самнасан ноолуур экспортлох ЗГ-ын зохицуулалт ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр байгаа. Энэ өөрчлөлтийн үр дүнд гадаад, дотоодын түүхий эд худалдан авагчдын өрсөлдөөн ширүүсэж, улмаар ноолуурын үнэ 10 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байгаагаа Гоёл Кашмер ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунаа бидэнд ярилцлага өгөхдөө илэрхийлж байв.
Говь ХК ба дэлхийн зах зээл
Говь ХК-ийн 33 хувь буюу 257.5 сая ширхэг хувьцааг эргэлтэд оруулсан томоохон арилжааны цаана Таван Богд компани байсныг бид даваа гарагт мэдээлсэн билээ. Тэгвэл уг мэдээллийг Говь ХК өчигдөр л баталгаажуулж, компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван Богд Холдингс ХХК Японы Hide Inter компаниас дээрх тоо хэмжээ бүхий хувьцааг нь 65.6 тэрбум төгрөгөөр худалдан авсныг мэдээллээ. Ингэснээр Говь ХК-ийн 84.29 хувь нь монгол хөрөнгө оруулагчийн эзэмшилд шилжиж байгаа юм.
Тус компани өнгөрсөн онд 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2022 оны алдагдлаа 3.1 тэрбум төгрөгөөр бууруулснаа тайлагнасан. Цар тахлын нөлөөлөл буурч, дэлхий даяар аялал жуулчлалын салбар сэргэсэн нь Говь ХК-ийн дотоод болон гадаад зах зээлийн борлуулалтад эергээр нөлөөлж, сүүлийн гурван жилд алдагдлаа 12 дахин бууруулжээ.
Дэлхийн ноолууран хувцасны зах зээл 2022 оны байдлаар 2.64 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол энэ хэмжээ 2030 он хүртэл тасралтгүй өсөх төлөвтэй байгааг Grand View Research-ийн тайлангаас харж болохоор байна. Бүтээгдэхүүнийн сегментээр нь задлаад харвал битүү захтай цамц болон пальто зах зээлийн 51.6 хувийг бүрдүүлж байгаа аж.
ДЭМБ-ын мэдээллээр ханиадны улмаас жилд 290,000-650,000 хүн нас бардаг бөгөөд энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх, дархлаагаа дэмжих хэрэглэгчдийн хэрэгцээнээс шалтгаалан ноолууран хувцасны эрэлт өсөж байгаа юм.
Тэтгэвэр нэмэгдэнэ
Тэтгэврийн хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр ЗГ шийдвэрлэв. Тодруулбал нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 375,000, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302,500 төгрөг болгож нэмэхээр болж байна. Сүүлийн таван жилд нийгмийн даатгалын сангаас олгодог бүх төрлийн тэтгэврийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд цалин, тэтгэврийг ийнхүү нэмсэн нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх эрсдэлтэйг Төв банк анхааруулсаар буй.
Баялгийн сангийн хууль
ЗГ-ийн ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд Ирээдүйн өв сан, Хуримтлалын нэгдсэн сан, Хөгжлийн сангууд хамаарахаар тусгагджээ. Ирээдүйн өв сан нь АМНАТ-өөс бүрдсэн орлогын 65 хувиар санхүүжиж, 2030 он хүртэл хуримтлал үүсгэх зорилготой байх аж. Дашрамд дурдахад, 2016 оны хуулиар батлагдсан Ирээдүйн өв сангийн жил бүр хуримтлал нь нэмэгдэх зарчим, мөн 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй байх заалтын аль нь ч хэрэгжээгүй юм.
Hanjin, Туушингийн хамтрал
БНСУ-ын тээвэр логистикийн Hanjin Logistics компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн алхам болгож Туушин ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсоныг The Korea Herald мэдээллээ. Мягмар гарагт Сөүл дэх Hanjin компанийн төв оффист хоёр компанийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаажээ.
Санамж бичгийн хүрээнд талууд агаарын, далайн, хуурай замын ачаа тээврийн төлбөр, тээврийн үйлчилгээний үйл ажиллагааны нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр болжээ. Түүнчлэн гадаад дахь логистикийн төвүүдээ хамтран ашиглах замаар олон улс дахь хүртээмж, чадавхиа сайжруулахаар тохиролцсон байна.
Хямрал шинэ шатандаа
БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн хямрал эхэлснээс хойш дор хаяж 23 барилгын компани болон холбогдох компаниуд Хонконгийн зээлдүүлэгчдээс өрийн төлбөрийн нэхэмжлэх хүлээн аваад байгаа аж. Одоогоор тэдгээр компаниудын тавынх нь үйл ажиллагааг зогсоох шүүхийн шийдвэр гарсны дунд уналтад орсон Evergrande Group багтжээ. Үүнээс өмнө тус компанийн дотоодын зах зээлийн гол нэгж нь хоёр жил дараалан орлогоо 78 тэрбум орчим ам.доллароор өсгөж тайлагнасныг БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо мэдээлээд байгаа.
Мөн Redsun Properties, Kaisa Group зэрэг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч жижиг компаниуд өрөө төлж чадахгүй болсноос ирэх долоо хоногт шүүхийн сонсголд дуудагджээ. БНХАУ-ын барилгын компаниуд 2021 онд үл хөдлөх хөрөнгийн хямрал эхэлснээс хойш 111 тэрбум ам.долларын бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байгаа юм.
Гэрийн ажлыг ХҮИ-д
Ямагт анхаарлын төвд байдаг АНУ-ын инфляцын үзүүлэлтийн суурь судалгаанд удахгүй эмэгтэйчүүдийн түлхүү хийдэг гэрийн ажил нэмэгдэж магадгүй байна. Хүүхдээ харах, гэрээ цэвэрлэх, эд зүйлс засварлах гэх мэт өрхийн зарцуулалт болон амьдралын чанарыг тогвортой хадгалах гол нөхцөлийг бүрдүүлдэг гэрийн ажлуудын 80 орчим хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгааг тус улсын Хөдөлмөрийн статистикийн товчоо тайландаа дурджээ. Иймд тус үзүүлэлтийг хэрэглээний үнийн индексийн суурь үзүүлэлт болдог Хэрэглэгчийн зарцуулалтын судалгаанд багтаахаар төлөвлөсөн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
"Төрийн тахилгатай уул, усны эхэнд тусгай зөвшөөрөл олгох гэж байна гэсэн худал мэдээлэл хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна"
2024 онд хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь дотоодын ургацаас хангана
“Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна
Онцлох чарт
Хятад улс ирэх долоо хоногуудаас Австралийн импортын бүтээгдэхүүнүүдэд ногдуулаад байсан сүүлийн том тарифаа арилгах төлөвтэй ч энэ нь хоёр улсын харилцаанд шинэ үе эхлүүлэх магадлал бага байна. Лхагва гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сүүлийн долоон жилд анх удаа Австралид айлчилсан нь 2020 оноос эрс хурцдаад байсан хоёр улсын харилцаа үе шаттайгаар сайжирч буйн шинэ дохио болжээ. Үүнээс долоо хоногийн өмнө БНХАУ Австралийн дарсны импортод тавьсан 218 хүртэлх хувийн тарифаа цуцлахаар төлөвлөснөө зарласан юм.
Эцэст нь товчхон
SouthGobi Resources компани гол хөрөнгө оруулагч болох JD Zhixing Fund-тай зээлийн төлбөрөө хойшлуулах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд SGR болон охин компаниуд нь зээлийн төлбөрөө 2025 оны наймдугаар сарын 31-ны өдрөөс өмнө төлөхөөр болж хойшлуулсан байна.
УИХ: Гурил болон энэ төрлийн импортын барааны татварыг тэглэх тухай буюу гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хороогоор дэмжиж чуулганд танилцуулахаар боллоо. Гурилын үнэ сүүлийн 4 жилд хоёр дахин, гол түүхий эд болох улаан буудайн үнэ 24.4 хувиар өсөөд байгаа юм.
Өнөөдрийн онцлох зураг
Semicon China Expo үзэсгэлэнгийн үеэр харуулсан хагас дамжуулагчийн ялтас - Шанхай, БНХАУ
Qilai Shen/Bloomberg