2024/03/20

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Ураны хөрөнгө оруулалтын хэлцлийн үндсэн гэрээний ажил удахгүй эхлэх төлөвтэй.

  2. Японы Төв банк 2007 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

  3. Жилийн өмнө Credit Suisse-ийг өөртөө нэгтгэж байсан UBS Group-ийн зах зээлийн үнэлгээ $100 тэрбум давлаа

Уршиггүй уул уурхай - Онцлох байр суурь

Уул уурхайгаас өндөр хамааралтай манай улсад байгалийн нөөцөө бүрэн тогтоож, ашиглахад шаардагдах капитал одоохондоо дутмаг байна. Дараа дараагийн Оюутолгой болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай нь “АмЧам Монгол”-оос зохион байгуулсан “Уршиггүй уул уурхай” хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг байлаа.

Ураны төслийн нааштай мэдээ

Франц улсын Монгол Улстай байгуулахаар хэлэлцэж буй 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ улс төрийн саадуудтай тулгарсан нь илэрхий болоод хэдэн сар өнгөрсөн. Тэгвэл тус гэрээний дэд ажлын хэсгүүдийн хэлэлцээ ойрын хугацаанд дуусаж, үндсэн гэрээний ажил руу шилжихээр байгааг Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард Мягмар гарагт мэдэгдлээ.

Төслийн онцлогтой холбоотойгоор тодруулах зүйл их байж, хэлэлцээ сунжирсныг Францын Орано Майнинг болон Монгол Улсын ЗГ-аас өнгөрсөн сарын турш тайлбарлаж байв. Холбогдох талуудын яриагаар бол хэлцлийг 2023 онд багтан эцэслэж, “Зөөвч-Овоо” ордын үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлэх хүлээлттэй байсан. Харин энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд багтаж гэрээ хийгдэх магадлал өндөр харагдахгүй байгаа гэж болно.

Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ тооцоолсноос их цаг авч байна. Учир нь энэ бол Монгол Улсад уран олборлох анхны төсөл, мөн ураныг газрын дор уусган олборлох технологийг энд анх удаа ашиглах гэж байна. Одоо төсөл дээр нэг ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодорхой болгох шаардлагатай зарим зүйлс байна. Энэ нь хамгийн сүүлийн дэд ажлын хэсэг байх. Үүний дараа бид хөрөнгө оруулалтын гэрээний дараагийн, үндсэн гэрээний ажлын хэсэг рүү орно. Ирэх хэдэн долоо хоногтоо эхлэх болов уу гэж бодож байна.

Хайгуулын саад

Монгол улсын газар нутгийн 75 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад байдаг тул үлдсэн 20 гаруй хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үг. Харин одоогоор үүний зөвхөн 2 орчим хувьд л тусгай зөвшөөрөл олгоод байгааг УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга мэдээлж байв.

Харин 2022 оны 11 дүгээр сараас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим орчинд нээлттэй явуулдаг болсноос хойш лиценз олголт харьцангуй эрчимжсэн байна. 2017 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар буюу зөвхөн тусгайлан бэлдсэн талбайд олгож ирсэн бөгөөд цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бодлого баримтлахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өмнө нь онцолж байлаа.

Лиценз олголтын процесс аажмаар сайжирч байгаа ч хурдаа улам нэмэх шаардлага байна. Нэг том асуудал байгаа нь Төрийн тахилгатай уул, эсвэл усны эх гэх мэт хамгаалалттай газруудад тусгай зөвшөөрөл олгох гэж байна гэсэн худал мэдээллүүд сошиалаар тархаж, улмаар хөрөнгө оруулагчдад санаа зовнил үүсгэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдах хайгуулын тусгай зөвшөөрлийн заалтууд нь салбарын ирээдүйг тодорхойлоход маш чухал нөлөөтэй байхаар байна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэхээсээ илүү бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хөрөнгө оруулагчдад амлах нь илүү үр дүнтэй гэсэн байр суурьтай байгаагаа ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо бидэнд илэрхийлж байлаа. Шийдвэр гаргалтад ээлтэй тогтвортой байдлыг авчрах уу, эсвэл гэнэтийн огцом өөрчлөлтүүд гардаг өмнөх үе рүүгээ буцаж, бүх ахицаа арилгах уу гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж буй нь дамжиггүй.

Sponsored

Долларын Cashback

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны топ банк болох Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэн билээ. Уг хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын төлбөр тооцоо илүү ХУРДАН, ХЯМД хийгдэж байна. Тэгвэл ХХБ гадаад улсууд руу ам.долларын шилжүүлэг хийдэг, хүлээж авдаг харилцагч нарт зориулсан ДОЛЛАРЫН CASHBACK-тай урамшууллыг эхлүүллээ.

Харилцагч та дэлхийн 100 улс руу, улсаас ам.долларын шилжүүлгийг өдрийн дотор илгээгээд $40 хүртэлх cashback авах боломжтой боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Цалингийн бодит өсөлт

Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр байгаа. Тэгвэл 2023 оны IV улирлын байдлаар улсын дундаж сарын цалин 2.23 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 27.7 хувиар өссөн байна. 2015 онтой харьцуулахад сарын цалингийн индекс 2.5 дахин нэмэгдсэн ч инфляцад харьцуулсан бодит цалингийн индекс үүнээс хэд дахин бага дүнгээр өсжээ.

Цалин уул уурхай, олборлолтын салбарт хамгийн их буюу 5.1 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.

Зудын нөлөөллийг тоогоор

Гуравдугаар сарын 14-ний байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын тоо толгойн 7.3 орчим хувийг эзэлж байна. ОБЕГ-ын мэдээлснээр бүх малаа зуданд алдсан 342 малчин өрх байгаа бол 70 буюу түүнээс дээш хувийг алдсан 2,257 айл байгаа аж. Түүнчлэн малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүссэнийг ХХААХҮЯ мэдээллээ.

  • Малын индексжүүлсэн даатгалд энэ оны III сарын байдлаар нийт малчин өрхийн 20 хүрэхгүй хувь нь хамрагджээ. Монголын даатгалын холбооны мэдээлснээр энэ онд 35 мянган малчин 7 сая малаа даатгуулаад байна.

  • Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор ноолуурын үнэ 140-150 мянгад хүрч өсөх урьдчилсан тооцоог Монголын ноос, ноолуурын холбоо гаргажээ. 2023 онд ноос, ноолуурын салбар 441 сая ам.долларын борлуулалт хийгээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар буурсан үзүүлэлт аж.

Алтан ембүүний эрэлд

Prada, Gucci бүр мартагджээ. Сүүлийн 15 жилд байгаагүй гүнзгий дефляц, хөрөнгийн зах зээлийн уналт дунд Хятадын Z үеийнхэн алтан ембүү худалдаж авах болсон байна.

Үнэт эдлэлийн дэлгүүрт шилэн савтай зарагддаг, ширхэг нь нэг грамм гаруй жинтэй тэдгээр бяцхан ембүүг өнөөгийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэж үзэх залуу хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа аж. Түүнчлэн үнийн хувьд харьцангуй хямд буюу грамм тутамдаа 600 орчим юань (83 ам.доллар) байдаг нь залууст анхны хөрөнгө оруулалтын таатай сонголт болсон байна.

Chow Tai Fook Jewelery Group компаниас гаргасан 2023 оны Хятадын үнэт эдлэлийн хэрэглээний трендийн судалгаанд онцолсноор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад алтан эдлэл, аксесуарын хэрэглээгээр тэргүүлэгч бүлгүүдийн дунд Z үеийнхэн багтжээ.

Удаан хүлээлгэсэн шийдвэр

Япон улсын Төв банк орчин үеийн түүхэн дэх хамгийн зөөлөн мөнгөний бодлогын циклээ зогсоож, 2007 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Инфляцын зорилтот түвшиндээ ойртсоныг харгалзан үзэж бодлогын хүүгээ -0.1 хувиас 0-0.1 хувийн түвшинд аваачин нэмэгдүүлж байгаагаа тус банкны тэргүүн Казүо Уэда мягмар гарагт мэдэгдсэн ч цаашид дахиж өсгөх төлөвийн талаар тодорхой дохио өгөөгүй байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Нэр нь "ахадсан" сан: Баялгийн санг үндсэн чиг үүргээс нь хазайлгаж байхаар өрөө бууруулах нь чухал уу?

  • ОУВС-ийн зээлийн үлдэгдэл $150 тэрбумыг давж, түүхэн дээд түвшинд дөхөөд байна

Онцлох чарт

Өнгөрсөн онд ердөө 10 улс, мөн дэлхийн хотуудын 9 хувийнх нь агаарын чанар хортой нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын агууламжаар ДЭМБ-аас зөвшөөрсөн стандартыг хангаж чадсан болохыг IQAir шинэ судалгаагаар тогтоожээ. Тоосонцрын бохирдол хамгийн ихтэй бүс нутгууд Ойрх Дорнод, Африк, Төв болон Өмнөд Азид байсан бөгөөд Бангладеш, Пакистан, Энэтхэг, Тажикистан, Буркина Фасо гэсэн улсууд хүн амын тоонд нь жигнэсэн үзүүлэлтээр 2023 онд хамгийн бохир агаартай улсуудаар нэрлэгджээ.

Харин хамгийн их агаарын бохирдолтой нийслэлүүдийн жагсаалтыг Энэтхэгийн Шинэ Дели, Бангладешийн Дака, Буркина Фасогийн Уагадугу, Тажикистаны Душанбе хотууд тэргүүлсэн бол хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй байдаг Улаанбаатар хот 114 нийслэлээс 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Голчлон PM 2.5 тоосонцроос үүдэлтэй гадаах агаарын бохирдол нь дэлхий даяар жил бүр 4 сая хүн цаг бусаар нас барах шалтгаан болж байгааг ДЭМБ судалгаагаар тогтоож байв. Мөн ХБНГУ дахь Макс Планкийн нэрэмжит Химийн институтын өөр нэг судалгаагаар тэдгээр нас баралтуудын 65 хувь нь шатах түлшний ашиглалттай хамааралтай байжээ.

Эцэст нь товчхон

  • ГХЯ: Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, Өвөр монголын өөртөө засах орны Ардын засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэхээр болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Гизагийн пирамидууд болон тэмээ, морин тэргээр зорчих хөтөч, аялагчид - Гиза хот, Египет

Jeremy Suyker/Bloomberg