2024/03/19

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрэв.

  2. Энэ оны төгсгөл гэхэд зэсийн үнэ нэг тонн нь $10,000 давж өснө гэж Goldman Sachs тооцоолж байна.

  3. Apple компани Google-ийн хиймэл оюуны моделийг iPhone-д нэвтрүүлэхээр хэлцэл хийж эхэлжээ.

ГВАН түүхэн дээд цэгтээ

Гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг Төв банк мэдээллээ. Валютын нөөцийг сарын эхний хагасын байдлаар төдийлөн зарлаад байдаггүй ч энэ удаад нөөцийн хэмжээ “psychological threshold” буюу чухал санагдах босгыг давсан нь нөлөөлсөн ч байж мэднэ.

Уул уурхайд дулдуйдсан, жигд бус өсөлттэй байгаа энэ үед валютын нөөцөө өссөөр буй нь мэдээж эерэг мэдээлэл. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна хэмээн УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Тэгвэл Ирээдүйн өв санд 2030 он хүртэл гар дүрэхгүй байх амлалтаасаа эрх баригчид ухарсан нь Үндэсний баялгийн сан дээр давтагдах уу гэдэг нь анхаарал татаж байна.

Төгрөгт хэрхэн нөлөөлдөг вэ?

2022 онд ам.долларын эсрэг бараг 21 хувиар суларч байсан төгрөгийн ханш хил гаалийн нөхцөл сэргэж, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2023 онд 1.07 хувь, 2024 он гарсаар мөн адил 1 орчим хувиар чангараад байна. Гадаад валютын нөөцийн хувьд 2022 оны наймдугаар сард доод цэгтээ буюу 2.69 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэсээ бараг 40 хувиар буурч байсан бол ердөө 18 сарын дараа ийнхүү түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Валютын нөөц жигд дээшээ чиглэсэн трендтэй байх нь валютын зах зээлд эерэг нөлөөтэй байдаг ч Монгол Улсын ГВАН 2012 оноос хойш хөрөнгө, хувьцааны үнэ шиг байнга савлагаатай байсаар ирснийг ТиДиБи Секьюритис ҮЦК онцолж байлаа. Түүнчлэн төсвийн бодлого мөнгөний бодлогыг давж тэлснээр худалдан авалт нэмэгдэж, улмаар ам.долларын эрэлтийг өсгөснөөр ГВАН-ийн валютын ханшид үзүүлэх эерэг нөлөөллийг сулруулна гэсэн үг болохыг анхааруулсан юм.

Хурааж хуримтлуулъя гэсэн ч…

Түүхий эдийн үнийн мөчлөгийг сөрж, ирээдүй үедээ хөрөнгө хуримтлуулахад чиглэсэн баялгийн сангийн бодлого тавигдсан сууриасаа эхлээд хэрэгжилт хүртлээ асуудалтай тулгарсаар байна.

Тухайлбал 2016 оны хуулиар батлагдаж байсан баялгийн сан болох Ирээдүйн өв сангийн жил бүр хуримтлал нь нэмэгдэх зарчим, мөн 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй байх заалтын аль нь ч хэрэгжээгүй. Тус санд хуримтлагдах орлогыг төсвийн алдагдал нөхөхөд, эсвэл хүүхдийн мөнгө олгоход зарцуулснаар хуримтлал нь арвижаагүй үлдсэн юм.

Баялгийн санг ийнхүү үндсэн чиг үүргээс нь хазайлгаж, тогтворжуулалтын үүрэг гүйцэтгүүлж байгаа тул богино хугацаанд баялгийн санд хуримтлал үүсгэхийн оронд улсын өрийг бууруулах, төсвийн тогтворжуулалтын санг үр дүнтэй ажиллуулахад голлон анхаарах хэрэгтэйг Дэлхийн банк 2020 оны “Уул уурхай ба оюун ухаан” судалгаандаа дурдаж байжээ.

Jade Gas-ийн алдагдал

Jade Gas компанийн 2023 оны татварын дараах үйл ажиллагааны алдагдал 18 хувиар өсөж, 4.7 сая австрали доллар болсон байна. Өнгөрсөн онд тус компани өрөмдлөг, хайгуулын ажиллагаа эрчимтэй явуулсан нь алдагдал өсөхөд нөлөөлжээ. Энэ онд мөн Jade Gas Өмнөговьд аймагт байрлах байгалийн хийн 45 км орчим талбайг өргөтгөх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв.

Түүнчлэн "Улаан нуур", “Тавантолгой”-н нүүрсний давхаргын метан хийн төслийн хувьд цооног өрөмдөх, туршилтын үйлдвэрлэл явуулах, үйлдвэрлэлийн түвшнийг шалгах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

Хөрөнгийн захад

  • Баасан гарагт Говь ХК-ийн 33 хувь буюу 257.5 сая ширхэг хувьцааг эргэлтэд оруулсан 65.6 тэрбум төгрөгийн дүнтэй арилжааг БиДиСек ҮЦК гүйцэтгэжээ. Тус компанийн 51.3 хувийг эзэмшдэг Таван Богд Холдингс ХХК 34 хувийг эзэмшдэг Hide Inter компаниас хувьцааг нь худалдаж авсныг ТиДиБи Секьюритис мэдээлж байна.

Зэсийг биржээр

Холбогдох журам батлагдмагц зэсийн арилжаа эхлэхээр байгааг УУХҮ-ийн сайд мэдээллээ. Энэ оны төсөвт 1.5 сая тонн зэсийг тонн тутамд 9,000 ам.доллароор арилжихаар тусгасан бөгөөд УУХҮЯ 2025 оноос Эрдэнэт Үйлдвэр, Оюутолгойн зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр арилжих зорилт тавиад буй.

Гэхдээ зэс арилжихад Төрийн өмчийн оролцоотой компаниуд багадаа 5-10 хувиа биржээр заавал худалдаалах ёстой гэдэг шаардлага дээр цаг хугацааны хувьд илүү уян хатан хандах хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал бизнесийн байгууллагууд олон жилээр бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ байгуулж, харилцагчдынхаа өмнө үүрэг хүлээсэн байдгийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж “Амчам Монгол”-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс онцолж байлаа.

Зэсийн үнэ яав?

Сүүлийн мэдээллээр зэсийн үнэ сүүлийн нэг жилийн дээд түвшнээсээ эргэн буураад байна. Хөрөнгө оруулагчдын хувьд металлын хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ-ын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын эерэг үзүүлэлтүүд болоод тус улсад нөөц өсөж буй зэрэг хүчин зүйлүүдэд анхаарч буй юм.

Goldman Sachs тус металлын талаар өөдрөг төсөөллөө хадгалж байна. Тухайлбал энэ оны төгсгөл гэхэд зэсийн үнэ нэг тонн нь $10,000 давж өснө гэж тооцоолж байгаа юм.

Сансарт барих тансаг зоог

Амтат хоол, сансар огторгуйд дурладаг, мөн хэтэвч зузаантай эрхмүүд удахгүй агаар мандлын стратосфер давхаргад тансаг зоог барих боломжтой болох нь. Гэхдээ тэд нэг тасалбарт 500 мянган ам.доллар төлөхөөс татгалзахгүй бол шүү дээ. Сонирхолтой нь энэхүү аялал зарлагдаад 24 цаг ч өнгөрөөгүй байхад нэлээн олон хүн хаана захиалга өгч болохыг лавлажээ.

Сансрын тансаг аяллын SpaceVIP компани Michelin-ий одтой рестораны Дани тогооч Расмус Мункийг хөлсөлж, далайн түвшнээс дээш 30 км-ийн өндөрт зочдын барих зоогийг бэлтгүүлэх аж. Дэвшилтэт технологийн агаарын бөмбөлгөөр хийгдэх уг хөтөлбөрийн нэг аялал нь 6 зочинтойгоор 6 цаг үргэлжлэх бөгөөд ирэх оноос албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөжээ.

Apple, Google хамтрах уу?

Apple компани Google-ийн Gemini хиймэл оюуны моделийг iPhone-д нэвтрүүлэхээр идэвхтэй хэлцэл хийж эхэлснийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал энэ онд гарах iPhone-ийн программ хангамжийн зарим шинэ функцүүдэд Gemini-г лицензтэй ашиглахаар хэлэлцэж байгаа аж. Уг хэлцэл амжилттай болбол хиймэл оюуны зах зээлд томоохон хөдөлгөөн бий болгохын сацуу Gemini-д олон тэрбум хэрэглэгч татах үүд нээгдэх юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц сүүлийн жилүүдэд анх удаагаа буурсан нь нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх замаар эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх Бээжингийн урт хугацааны арга хэмжээ оргил цэгтээ хүрсэн байж магадгүйн дохио боллоо. Оны эхний хоёр сард тус улсын нүүрс олборлолт өмнөх оноосоо 4.2 хувиар буурч 705 сая тонн болсон байна. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш жилийн дүнгээр анх удаа буурсан үзүүлэлт юм.

Сүүлийн саруудад уурхайн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж, ослоор амиа алдсан уурхайчдын тоо өссөн нь Хятадын ЗГ-ын хяналт шалгалт нэмэгдэж, нүүрсний зарим зангилаа цэгүүдэд гарц удаашрах хүчин зүйл болоод байв. Гэхдээ гарц буурсан нь нүүрсний эрчим хүчнээс хамааралтай байдал багасаж буйн шинж биш аж. Хятад улс дотоодын нүүрсний нийлүүлэлтээ импортоор нөхсөнөөр оны эхний хоёр сард нүүрсээр ажилладаг ЦС-уудынх нь үйлдвэрлэл 9.7 хувиар өсжээ.

Эцэст нь товчхон

Өнөөдрийн онцлох зураг

Галт уул идэвхэжсэний нөлөөгөөр Исландын нийслэл Рейкьявикийн тэнгэр улбар шар өнгөөр туяарч байна

Halldor Kolbeins/AFP/Getty