- Business newsletter
- Posts
- 2024/03/18
2024/03/18
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Монголбанк хоёр жил гаруйн дараа бодлогын хүүгээ анх удаа бууруулж, 12 хувь болголоо.
Энэ сарын турш БНХАУ-ын Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ унасан хөдөлгөөнтэй байна.
Мэргэжлийнхэн ETF рүү хошуурснаар биткойны ханш $80,000 давна гэж Binance-ийн CEO Ричард Тенг үзэж байна
Үйл явдлын өрнөл
Тариф айсуй…? Хятадын компаниудын Мексикт үйлдвэрлэсэн автомашинд 100%-ийн тариф ногдуулна хэмээн Дональд Трамд мэдэгдлээ. Тэрбээр бямба гарагт Охайогийн Дэйтон хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд хандан өмнө хэлж байснаасаа 2 дахин өндөр тариф тогтоохоо анхааруулсан нь энэ юм.
Ихийг өгүүлэх 5 чарт
УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын отгон чуулган, мөн УИХ-ын 76 гишүүнтэй сүүлийн чуулган нээлтээ хийгээд байна. Сонгууль угтсан төсвийн тэлэлт инфляцыг дахин хөөргөдөх эрсдэл, олон улсын худалдаа, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал зэрэг хүчин зүйлс нь шинэ ЗГ бүрэлдсэний дараах эдийн засгийн төлөвийг зураглахад хүндрэлтэй болгож буй юм.
Тэгвэл эрх баригч намын тасралтгүй засагласан 8 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг дараах 5 чартаас харцгаая.
ДНБ-ий өсөлт тэгш бус
Цар тахлын 2020 онд 4.6 хувиар агшиж байсан эдийн засаг эрчимтэй сэргэж, өсөлт нь 2018 оноос хойших дээд түвшиндээ хүрэхэл уул уурхай, олборлолтын салбарын сайн үзүүлэлт голлон нөлөөлөв. Тодруулбал 2023 оны 7 хувийн өсөлтийн 4.4 нэгж хувийг зөвхөн уул уурхай болон тээврийн салбарын өсөлт бүрдүүлсэн байна.
Экспортын өсөлт, түүхий эдийн үнийг дагасан мөчлөгийн шинжтэй гэж болохоор энэ өсөлтийн нөгөө талд уул уурхайн бус салбарын идэвхжил сул, экспортын 5 хүрэхгүй хувийг бүрдүүлсэн хэвээр байна. Түүнчлэн экспортын гол түнш, их удаашралд ороод байгаа БНХАУ-ын эдийн засгийн нөлөөлөл зөвхөн нэг салбарт дулдуйдсан манай улсын эдийн засагт бүр үржигдэж ирэх эрсдэл байсаар байна.
Иргэдийн бодит орлого
Эдийн засгийн тоон өсөлт ийнхүү сайн үзүүлэлттэй байгаа ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах тал дээр сорилтууд их байна. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар нэмэгдэж 2.3 сая төгрөг болсон ч инфляцын нөлөөллийг арилгасан бодит орлогыг тооцож үзвэл 1.3 сая төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл бараг 25 сарын турш 10 болон түүнээс дээш хувьд хадгалагдсан инфляцын нөлөөгөөр өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү 963 мянгад хүрчээ.
Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төсвийн бодлого баримтлах, ажиллах хүч ихээр шингээдэг хувийн хэвшлийг тэлэх орон зайгаар хангах зэргээр эдийн засгийн өсөлтөөс иргэдэд наалдах хувийг нэмэгдүүлэх шийдлүүд бийг эдийн засагчид хэлдэг. “Эдийн засгийн өсөлтийг хэнд чиглүүлэх вэ, хэрхэн тогтвортой болгох вэ гэдэг нь өсөлт хэдэн хувьтай гарахаас илүү чухал асуудал болоод байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байлаа.
Ядуурал
Монгол Улсын ядуурлын шугамыг 2022 оноор шинэчлэн тогтоож, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядууралд өртсөн гэж тооцохоор болсон. Ингэснээр нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу 2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байна. Хоёр жил тутам гаргадаг энэ түвшин 2020 онд 27.8 хувь, 2018 онд 28.4 хувь байснаас харвал сүүлийн жилүүдэд 1 нэгж хувьд ч хүрэхгүй дүнгээр ялимгүй буурсаар иржээ.
ГШХО
Оюутолгойн нөлөөгөөр ГШХО оргилдоо хүрч байсан 2011 оноос хойш ДНБ-д харьцуулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дорвитой өсөөгүй хэвээр байсаар 2024 онтой золгов. ҮСХ-ны мэдээлснээр 2022 онд ГШХО-ын орох урсгал 3.4 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 3.08 тэрбум ам.доллар болж буурчээ.
1990 оноос хойш Монгол Улсад 15 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж бүртгүүлснээс өдгөө 5400 гаруй нь татан буугдсаныг маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв.
Авлигын индекс
Transparency International-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болоод байгаа. Мөн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд нэг их наяд төгрөг байсан бол 2022 онд таван их наяд төгрөг болсныг АТГ мэдээлж байв.
2023 онд л гэхэд Монгол Улс тус индекст өмнөх оноосоо таван байр ухарч, 121 дүгээрт бичигдээд буй. Оноог хойш татсан гол хүчин зүйл нь авлигын эх үүсвэр болсон төрийн алба болон төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо байсан юм.
Өндөрлөгт 2 жил
Удаан хугацаанд хадгалагдаж буй мөнгөний хатуу бодлогын инфляц сааруулахад үзүүлэх нөлөө 2025 оны эхний хагас хүртэл үргэлжлэхийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцлов. Төв банк 2022 оны хоёрдугаар сард бодлогын хүүг өсгөх циклээ эхлүүлж байснаас хойш хоёр жил гаруйн дараа бодлогын хүүгээ анх удаа бууруулж, 13 хувиас 12 хувь болгоод байна.
Мөн цалин тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бийг Төв банк онцолсон юм.
Хөрөнгийн захад
Говь ХК-ийн 257.5 сая ширхэг хувьцаа 65.6 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь МХБ-ийн баасан гарагийн арилжааны 99 орчим хувийг бүрдүүлсэн томоохон арилжаа болов. Тус компанийн 33 хувьтай тэнцэх ийм хэмжээний хувьцааг эргэлтэд оруулах боломжтой нөлөө бүхий хоёр хувьцаа эзэмшигч байдаг. Тодруулбал Говь ХК-ийн 51.29 хувийг эзэмшдэг Таван Богд Холдингс ХХК, 34 хувийг эзэмшдэг Hide Inter компанийн аль нэг нь эзэмшлийн хувьцаанаасаа арилжаалсан байж магадгүй байна.
Монгол болон Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн үнэт цаасны бүртгэлд нийт хувьцааны тоонд өөрчлөлт оруулжээ. Компанийн Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 320 мянга гаруй нэгж хувьцааг нэмснээр нийт хувьцааны тоо нь 344 сая 888 мянган ширхэг болсон байна.
Нүүрсний үнэ
Энэ сарын турш БНХАУ-ын Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ унасан хөдөлгөөнтэй байгааг SXCoal мэдээллээ. Хятадын Сар шинийн баярын амралтын дараа Монголын нүүрсний экспорт сэргэсэн ч үнийн дарамт нэмэгдэж байгаа нь ойрын хугацааны эрсдэл болж байна. Ганцмод боомтын нөөцөд байгаа Монголын тавдугаар ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ III сарын 13-ны өдөр тонн нь 1420-1450 юань орчимд байсан нь II сарын эцсээс 30-80 юаниар буурсан үзүүлэлт болжээ.
Хуурамч Сатоши
Өөрийгөө Биткойныг бүтээсэн хүн гэж тодорхойлдог Крэйг Райт нь тус криптовалютын бүтээгч биш гэсэн дүгнэлтийг Лондоны шүүхээс гаргажээ. Райт өөрийгөө Биткойны бүтээгч Сатоши Накамото мөн болохыг, түүнчлэн Биткойны танилцуулгын хуудас буюу "whitepaper"-ийн зохиогчийн эрхийг эзэмшдэг болохыг мэдэгдээд байсан юм. Тэрбээр энэхүү мэдэгдлээ батлахыг оролдож, дэлхийн олон оронд хууль шүүхийн маргаан эхлүүлж байсан ч дийлэнх нь амжилтгүй болж байжээ.
"Энэхүү шийдвэр нь хөгжүүлэгчдэд, нээлттэй эхийн программ хангамжийн бүхий л төлөөлөгчдөд, мөн үнэний талд ялалт боллоо" хэмээн Крэйг Райтын эсрэг шүүхэд гомдол гаргасан Криптовалютын нээлттэй патентын холбооноос мэдэгдсэн байна.
Зааг дахин томорч эхлэв
Хүмүүс хэр чанартай, хэр урт удаан амьдарч буйг хэмждэг НҮБ-ын индекс чинээлэг болон буурай хөгжилтэй орнууд хоорондын зааг тэлж байгаагийн шинэ нотолгоо болжээ. Дэлхийн Хүний хөгжлийн индекс өнгөрсөн онд түүхэн дээд түвшиндээ хүрсэн боловч 20 жилийн турш тогтвортой багасаж байсан чинээлэг болон буурай орнуудын хөгжлийн ялгаа эргэн нэмэгдэж эхэлсэн нь санаа зовоох тренд болохыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа онцолсон байна.
Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, боловсрол, дундаж наслалт гэсэн үзүүлэлтүүдийг шалгуур болгодог тус индексд дэлхийн 193 орныг хүний хөгжлөөр нь эрэмбэлснээс Швейцар улс нэгдүгээрт, Сомали улс хамгийн сүүлд бичигдсэн бол Монгол Улс 96 дугаарт жагсаж байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Лити олборлогч компаниудын хувьцааны ханш уналтаасаа сэргэв
Нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор дэлхий дахинд шатахууны үнэ өссөөр байна
Онцлох чарт
Хэдий том боловч зэвсэг техник тааруу байсан БНХАУ-ын батлан хамгаалах салбар өдгөө Ази тивээс АНУ-ын ноёрхлыг сорих гол хүч болж хөгжөөд байна. Тус улсын батлан хамгаалахын салбарын төсвийн ДНБ-д эзлэх хувь 2008 оноос хойш 2 орчим хувиас хэтрээгүй байна. Гэхдээ эдийн засаг нь тэлэх тусам тэнгисийн, агаарын, артильерын хүчээ зузаатгах хөрөнгө нь нэмэгдэж буй гэсэн үг юм.
Эцэст нь товчхон
Малын дайвар бүтээгдэхүүний экспорт 2024 оны эхний 2 сард 314.9 тонн болж, 2023 оныхоос 15.6 дахин өссөн байна.
Монцамэ: Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэд Ерөнхийлөгчийнхөө сонгуульд саналаа өгч байна
Өнөөдрийн онцлох зураг
АНУ-ын Аризона муж, Мексикийн хилийн зурвас дээр ирсэн хууль бус цагаачид
Justin Hamel/Bloomberg