- Business newsletter
- Posts
- 2024/03/15
2024/03/15
Powered by:
Гурван өгүүлбэрээр
МБХ: Зээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байна.
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
Төгрөгийн хадгаламж II сарын эцэст ₮17.6 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 35.8% өссөн бол валютын хадгаламж 15.6% буурчээ.
Үйл явдлын өрнөл
АНУ-ын сангийн сайд асан Стивен Мнучин TikTok-ийг Хятадын ByteDance компаниас худалдан авахаар зорьж байна. Үүнээс нэг өдрийн өмнө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим видео хуваалцдаг тус аппыг АНУ-д хориглох хуулийн төслийг батлаад байв. TikTok-ийг худалдан авах талаар хамтран хөрөнгө оруулах боломжтой хүмүүстэй ярилцсан хэмээн тэрбээр CNBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Ямартай ч Мнучин амжилттай хэлцэл хийж чадах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Bloomberg Intelligence-ийн тооцооллоор TikTok-ийн АНУ дахь бизнес $35-$40 тэрбумаар үнэлэгдэхээр байна.
Банкны салбар 2023 онд
Банкны салбар тогтвортой, эерэг үзүүлэлтүүдээр дүүрэн жилийг үджээ. Салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгдэж, зээлийн чанар сайжирч, эдийн засгийн салбаруудыг чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсэн байна.
Гэтэл эдийн засгийг төрөлжүүлэх зэвсэг ЖДҮ-ийг хөгжүүлэхэд тулгардаг гол саад болох санхүүжилтийн зардал, банкны зээлийн өндөр хүүг бууруулах бодлогын хэрэгжилт хангалтгүй байсныг Монголын банкны холбооноос гаргасан Банкны салбарын тойм харууллаа.
Хэрэглээний зээлийн эрсдэл
Бодлогын хүү өндөр түвшин хадгалагдсаныг үл харгалзан банкны салбарын зээл олголт өнгөрсөн онд тасралтгүй өссөн байна. Шинээр олгосон бизнесийн зээл 27 хувиар, иргэдийн зээл олголт 38 хувиар нэмэгджээ. Салбараар авч үзвэл 2022 онд уналттай байсан уул уурхай, боловсруулах салбарын зээл олголт эргэн өсөж, худалдаа, үйлчилгээний салбарын зээл олголт үргэлжлүүлэн өссөн аж.
Харин макро зохистой бодлогод сорилт болдог хэрэглээний зээлийн хэт өсөлт анхаарал хандуулах түвшинд байгааг МБХ-ноос онцолж байв. 2023 онд банкнууд иргэдэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү олгосон бөгөөд тэр дундаа малчдад олгох зээлийн хэмжээ 57 орчим хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр хэрэглээний зээлд өрхийн орлоготой харьцуулсан хязгаарлалт тогтоосон ч ББСБ-уудад энэ хязгаарлалт байхгүй нь иргэдэд өрийн дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж буй аж.
Эдийн засгийн хэмжээ, бусад хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын бүтэцтэй харьцуулахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудын тоо маш их байна гэж "Mongolian Investment Rating Agency"-ийн Хамтран үүсгэн байгуулагч Мохаммед Тажул Ислам бидэнтэй ярилцахдаа хэлж байлаа.
Алдагдсан жилүүд
2020 онд УИХ-аас баталсан Зээлийн хүү бууруулах стратегид 2023 онд зээлийн хүүг сарын нэг хувьд буюу жилийн 12 хувьд хүргэх зорилтыг тусгасан. Тэгвэл өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай гарсан нь стратегийн хэрэгжилт нэлээд хангалтгүй байсныг харуулж байна.
МБХ-ны дүгнэснээр 2023 он хүртэлх стратегийн хэрэгжилт 65 хувьтай байснаас "зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх" зорилт хамгийн бага буюу 56 хувийн хэрэгжилттэй байжээ.
Хадгаламж, зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдахад төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нөлөөлж байна. Мөн эх үүсвэрийн зардал бууруулж өгөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн ч 2021, 2022 онд Ковидын түр хуулийн заалт хэрэгжих үед буурч байсан зардал өнгөрсөн онд буцаад 2019 оныхоо түвшинд хүрчээ. Тиймээс энэ онд банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах, зээлтэй холбоотой маргааныг шүүхээр зардал багатай шийдвэрлэх, дампуурлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хийх хэрэгтэйг Монголын банкны холбоо онцоллоо.
2023 оны эцсийн үзүүлэлтүүд 2019 оны эцсийн үзүүлэлтүүдтэй бүх талаараа адилхан байна. Эх үүсвэрийн зардлыг бууруулах заалтуудыг Ковидын түр хугацаанд хэрэгжих хуульд тусгасан байсан ч суурь хуулиуддаа тэдгээр өөрчлөлтүүдийг оруулаагүй. Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах ажил мөн л түр хугацаанд хэрэгжсэн байна.
Дашрамд дурдахад, үнэлгээний Fitch Ratings агентлагаас Монгол Улсын банкны салбарыг 2024 онд "neutral" түвшинд буюу одоогийн түвшнээс муудахгүй ч бас сайжрахгүй гэж дүгнээд байгаа. Энэ онд Монголын банкнуудын чанаргүй зээлийн харьцаа аажмаар буурч, зээлийн өртөг бас үргэлжлэн буурна гэж үзсэн байна.
5 банкны хувьцааг харвал
IPO хийсэн системийн нөлөө бүхий таван банкны хувьцааны ханш хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлсэн анхны ханшаасаа ихэнх нь буурсан хөдөлгөөнтэй байна. Голомт банк ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн арилжаа хаахад IPO хийснээсээ хойш 28.1 хувиар буурч 933.59 төгрөгт хаасан бол ХААН Банк ХК-ийн хувьцаа өнгөрсөн оны V дугаар сард анх арилжаалагдаж эхэлсэн ханшаасаа 8.5 хувиар буурчээ.
V сарын 29-нд арилжаалагдаж эхэлсэн ХХБ-ны хувьцаа 10 гаруй сарын хугацаанд 12 гаруй хувиар унасан байна. Харин ХасБанкных 1.7 хувиар өссөн бол Төрийн банкных хоёр дахин буурч сүүлийн арилжаагаар 521.19 төгрөгт арилжааг өндөрлүүлжээ.
Говь ХК-ийн засаглал
Говь ХК-ийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ 2023 онд өмнөх оноос 8.3 хувиар өсөж, 97.2 хувь буюу засаглал хэвийн, эрсдэлгүй түвшинд хүрснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Тус компанийн ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ 8.4 хувиар, эрх бүхий албан тушаалтны цалин урамшуулал 33.3 хувиар, оролцогч талуудын эрх ашиг 25 хувиар өсжээ.
Пүрэв гарагийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 1.12 хувиар өсөж, 264.99 төгрөгт хаагдсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 206.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Зэсийн өсөлт
БНХАУ-ын зэс хайлуулах томоохон үйлдвэрүүд гарцаа танах болсноор Лондоны металлын биржид зэсийн үнэ тонн нь 8,799 ам.доллар болж, сүүлийн долоон сарын дээд цэгтээ хүрэв. Тэдгээр үйлдвэрүүд гарцаа хэдийнээс, хэр их хэмжээгээр танах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Ногоон металлууд дундаас хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд буй зэсийн үнэ 2024 онд эргэн сэргэх төлөвтэй байна. Дэлхийн хэмжээнд томоохон зэсийн уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосноор зэсийн үнэ 2024 онд 10 мянган ам.доллар хүрнэ гэсэн тооцооллыг Goldman Sachs гаргаад байгаа юм.
Бүгдийг өөрөө хийдэг AI
Cognition AI хэмээх компанийн талаар та огт сонсож байгаагүй байх. Учир нь дөнгөж хоёр сарын өмнө л тус компани албан ёсоор бүртгэгджээ. Гэхдээ 10 хүнээс бүрдсэн, Гүйцэтгэх захирал Скотт Вугийн удирдсан тус компани венчур капиталын Peter Thiel’s Founders Fund болон бусад нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас аль хэдийн 21 сая ам.доллар татан төвлөрүүлээд байгаа юм.
Cognition AI-ийн гол нээлт нь Devin нэртэй хиймэл оюунт туслах юм. Devin нь бусад туслахууд шиг ердийн код бичилтийн зөвлөмж өгөх, зарим үүрэг даалгаврыг автоматаар гүйцээхийн оронд вэбсайт, видео тоглоом гэх мэт программ хангамжийн бүхэл бүтэн төслийг өөрөө бие даан гүйцэтгэж дуусгах чадвартайгаараа онцлог аж.
Тухайлбал "Манай хотод байдаг бүх солонгос хоолны рестораныг танилцуулсан вэбсайт хий" гэсэн даалгавар өгөхөд тус программ ресторануудын мэдээлэлд хайлт хийж, хаяг болон холбогдох мэдээллийг олоод, дараа нь тэр бүхнийг нэгтгэсэн вэбсайт бэлэн болгож цахим орчинд байршуулна гэсэн үг юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Лити олборлогч компаниудын хувьцааны ханш уналтаасаа сэргэв
Нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор дэлхий дахинд шатахууны үнэ өссөөр байна
Онцлох чарт
Tesla өсөлтийн халуун цэг байхаа больсон нь өдгөө тийм ч шинэ мэдээ биш болжээ. Гэхдээ Илон Маскийн компанийг ажигладаг гол шинжээч борлуулалтын тун бүрхэг төсөөлөл гаргасан нь анхаарал татахгүй байх аргагүй байна. Wells Fargo-ийн Колин Лэнганий мэдээлснээр энэ онд Tesla-ийн борлуулалтын тоо хэмжээний өсөлтийн хувь 0 байх төлөвтэй аж. Харин 2025 онд бүр дордож, борлуулалтын хэмжээ нь буурч эхлэхээр байна.
Шалтгаан нь тодорхой. Одоогийн асар өндөр үнэлгээтэй нь уялдсан шуургалсан хурдаар өсөх бололцоо Tesla-д хангалттай байхаа больжээ. Компанийн хувьцаа бусад мега үнэлгээтэй компаниудынхтай харьцуулахад нэлээн өндөр үнээр арилжаалагдаж байгаа ч орлого, ашгийнх нь өсөлтийн хурд өнгөрсөн оноос хойш мэдэгдэхүйц саарсан байна.
Эцэст нь товчхон
МХБ: Дархан нэхий ХК 2023 онд ОХУ-д тавьсан хориг, цар тахалтай холбоотой тээвэр логистикийн хүндрэлийн улмаас хангамжийн материалын өртөг өсөж, экспортын орлого нь тасарсныг МХБ-д тайлагнасан байна.
УБ: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт-ын барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна хэмээн Бодь интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр мэдээлэв.
Өнөөдрийн онцлох зураг
Нүүдлийн шувууд усан сан дээгүүр нисэж буй нь - Шэньян хот, БНХАУ