- Мөнгөний Урсгал
- Posts
- 2024/03/14
2024/03/14
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Fitch агентлагийн төсөөллөөр Монгол Улсын инфляц энэ онд 8 орчим хувьд тогтворжихоор байна.
Биткойны рекорд эвдсэн өсөлтийн буухиа өдөр бүр 1,500 гаруй "сая долларын хэтэвч" бий болгож байна.
Бодлогын өндөр хүүгийн нөлөөлөл хаана, хэрхэн очиж байгааг энэ дугаарт онцлов.

Үйл явдлын өрнөл

Зарах уу, хаалгаа барих уу? АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим TikTok-ийг хориглох хуулийн төсөл баталлаа. Эзэмшигч ByteDance компани видео хуваалцдаг тус аппыг худалдахгүй бол энэхүү хориг үйлчлэх нөхцөлтэй аж. Ийнхүү компани лобби хийсэн ч үр дүн гарсангүй. Одоо Сенат ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.
Биткойны ханш $73,000 давлаа. Ийнхүү 6 өдрийн дотор 4 удаа бүх цаг үеийн дээд ханшаа шинэчлэн тогтоолоо.
Эртэдсэнээс хожимдсон нь дээр үү?
Энэ онд дэлхий даяар бодлогын хүүгийн буурах цикл давамгайлж, төв банкнуудын бодлогын хүү нийт 128 нэгж хувиар буурахаар байгааг Bloomberg Economics тооцоолжээ. Холбооны нөөцийн банк, Европын Төв банк, мөн Монголбанк инфляц тогтвортой буурах замдаа бат орсон эсэхийг нягталж, өнгөрсөн оны дунд үеэс хойш бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалж байна. Тэгвэл 2022 оноос эхэлсэн энэхүү өсөлтийн циклийн нөлөөлөл хаана, хэрхэн очиж байгааг товчхон дүгнэе.
Нөлөөлөл удаж гарна
Мөнгөний бодлогын хэрэгсэл нь эдийн засгийн идэвхжил, инфляцад тодорхой хугацааны хоцролттой нөлөөлдөг ч энэ онд төсөв 20 орчим хувиар тэлж, инфляцыг дахин хөөргөдөх эрсдэлтэй байгаа нь Монголбанк өнгөрсөн оны бодлогын хүүгээ 13 хувьд барьж, энэ онд ч үргэлжлүүлэн харзнаж буйн шалтгаан. Төсвийн тэлэлт, тодотгол нь инфляц, дотоодын эрэлтэд хараахан нөлөөлж эхлээгүй, мөн нөлөөлөл нь хаана саармагжих тодорхойгүй байгаа нь Төв банканд “эртэдсэнээс хожимдсон нь дээр” гэх бодлогыг баримтлах шаардлага үүсгэжээ.
Байгууллагын зээл олголт эрс саарсан нь хүүгийн өндөр түвшний эхний нөлөөлөл болж байна. 2023 оны эцсийн байдлаар иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оноос 32.4 хувиар өссөн байхад байгууллагад олгосон зээлийн өсөлт 13 хувь байжээ.

Монголбанкны зорилтот түвшин рүү орж саараад байгаа инфляц цаашид тогтворжвол энэ ондоо багтаан бодлогын хүүгээ 1-2 нэгж хувиар бууруулах орон зай бийг дотоодын болон олон улсын шинжээчид хэлж байна. Мөн инфляцын бүтцийг харвал уламжлалт мөнгөний бодлогоор шийдэхэд хэцүү зүйлс бас бий аж. Нийлүүлэлт, зардлын шалтгаантай, Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн өсөлтөөр өдөөгдсөн инфляцын эсрэг бодлогын хүүгээр тэмцэнэ гэдэг бодох л асуудал гэдгийг АХБ-ны Ахлах эдийн засагч С.Болд анхааруулж байлаа.
“Монголын мөнгөний бодлогын шилжих механизм нь бусад орнуудтай харьцуулахад тийм ч хүчтэй нөлөөтэй байдаггүй. Учир нь Монголд олон зээлийн хөтөлбөрүүд байдаг. Мөн ипотекийн зээлийн дундаж хүү нь эрсдэлгүй хүүгийн түвшнээс бага. Тэгэхээр бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх нөлөө бага зэрэг хязгаарлагдмал” хэмээн Fitch-ийн шинжээч Крисжанис Крустинс бидэнд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.
Fitch агентлагийн төсөөллөөр Монгол Улсын инфляц энэ онд 8 орчим хувьд, ирэх онд 7 орчим хувьд тогтворжиж, оны сүүлээр 6 хувь руу буухаар байна. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ энэ онд 200 орчим суурь нэгжээр, ирэх онд мөн 200 суурь нэгжээр бууруулах буюу Холбооны нөөцийн банкнаас илүү хурдацтай бууруулж магадгүй гэж үзжээ.
Бодлогын өндөр хүү дэлхийг хэрхэн өөрчилж байна?

Инфляцыг оруулж тооцвол бодит утга нь сөрөг бодлогын хүүгийн мөчлөгт бид олон жил амьдарлаа. Ийм үед хадгаламж эзэмшигчид бус зээлдэгчид илүү өгөөж хүртдэг. Харин одоо энэ нь эсрэгээрээ эргэж, хадгаламж эзэмшигчдийн өгөөж эерэг үзүүлэлттэй болж байна. Шинээр зээл авч буй хэн бүрд өртөг хүнд тусна. Гол нь энэ ЗГ-уудад ч хамаатай. Хөгжиж буй олон орнууд бодлогын хүү өсөж эхлэхээс ч өмнө өрийн үйлчилгээний дарамтад орчихсон байсныг санах хэрэгтэй.

Хүмүүсийн дийлэнх нь жижиг компаниудад ажиллаж байгаа. Мөнгөний бодлого чангарах тусам нөлөөлөлд нь өртөх жижиг компаниудын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулалт болон ажиллах хүчид нь нөлөөлөх болно. Гэхдээ энэ нь ажилгүйдлийн түвшин огцом өснө гэсэн үг биш. Бодлогын хүү маш доогуур, эсвэл 0-тэй тэнцүү үе эргэн ирвэл би лав гайхна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх үеэс арай бага, инфляц арай өндөр байх нь цаашид хэвийн байдал болохоор байна.
Малчдын зээл
ЗГ-ын мэдээлснээр улсын хэмжээнд 190 мянган малчнаас 141 мянга нь 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа аж. Иймд зудын гамшигт нэрвэгдэж, банкнууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
Харин хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаах, сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг холбогдох яамны сайд нарт даалгажээ.
Технологийн парк
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсныг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон мэдээллээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 762 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр байгаа бөгөөд эхний ээлжид жилд 124.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал суурилагдах юм байна.
Дөнгөж эхлэл
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялалт байгуулж, гоморхол, өширхлөөр өдөөгдсөн улс төрийн гайхалтай эргэн ирэлтийг хийснээр тус улсын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж, хамгийн өндөр зардал гаргахаар байгаа сонгуулийн өрсөлдөөнд албан ёсоор орж байна.
Мягмар гарагт тэрбээр Бүгд найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэгийг авсныг Associated Press мэдээлжээ. Ингэснээр Трамп тус намын улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, Ерөнхийлөгч Жо Байдентай дахин өрсөлдөхөд бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа юм.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол төрийн албанд гүнзгий өөрчлөлт хийж, хууль бус цагаачлалыг зогсоож, худалдааны протекционист бодлого баримтлах замаар АНУ-ын дэлхийн тавцанд хүлээх үүргийг багасгахаа амласан юм.
Сая долларын хэтэвч
Биткойны рекорд эвдсэн өсөлтийн буухиа өдөр бүр 1,500 гаруй "сая долларын хэтэвч" бий болгож байгааг крипто шинжилгээний Kaiko Research компани тооцоолжээ. Өөрөөр хэлбэл 1 сая ам.доллароос дээш орлоготой цахим хэтэвчийн тоо өдөрт 1,500 орчмоор нэмэгдэж байгаа аж. Дэлхийн хамгийн том криптовалютын ханш он гарсаар 70 гаруй хувиар өсөөд буй нь АНУ-д Биткойны биржээр арилжаалагддаг сангууд нэгдүгээр сард зөвшөөрлөө авснаас хойш эрэлт нь асар өндөр байгаатай холбоотой.
Хэдий тийм боловч "сая долларын хэтэвч"-ийн өсөлтийн хурд 2021 оны сүүлийн огцом өсөлтийн мөчлөгтэй харьцуулахад удаан байгаа аж. Тухайн үед өдөр бүр 4,000 гаруй цахим хэтэвч сая долларын босгыг давж байжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ₮11 тэрбумыг зарцуулна
Сингапур: Эдийн засгийн тодорхойгүй байдал үл хөдлөх хөрөнгийн салбарт нөлөөлж эхэлнэ
Ачаа тээврийн зардал буурснаар БНХАУ-д нүүрсний импортын өртөг буурлаа
Онцлох чарт
Хятадын аварга эдийн засаг удааширч байна. Орон сууцны зах зээлийн сунжирсан хямрал хэдэн жил үргэлжилсэн ковидын хатуу хязгаарлалттай хавсарсан нь тус улсын хэрэглэгчдийн итгэлд том толбо үлдээжээ. Үүн дээр нэмээд дэлхий дахины сул эрэлт, хүн амын насжилт, үнийн уналт зэргийг дурдах нь илүүц. Эдгээр бүгд нь хэдхэн жилийн өмнө хаа сайгүй яригдаж байсан Хятад улс яваандаа АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэх төсөөлөл биелэх эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.
Гэхдээ Ши Жиньпин үүнд тийм ч их санаа зовохгүй байгаа бололтой. Түүний уриа болох “өндөр чанартай хөгжил” нь өрөнд суурилсан огцом тэлэлт бус, харин дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд түшиглэсэн тогтвортой өсөлтийг нэгдүгээрт тавих бодлоготой уялддаг юм.
Эцэст нь товчхон
ҮСХ: Улаанбаатар хотод хоёрдугаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 11 хувиар өслөө. Шинэ орон сууцны үнийн өсөлт жилийн 11.7 хувьтай, хуучин орон сууцных 10.4 хувьтай гараад байна.
СЯ: Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Өнөөдрийн онцлох зураг
Рамадан сарын үеэр Индонезийн Аль-Макмур сүмд Коран судар уншиж буй эр - Банда Ачех хот, Индонез
Chaideer Mahyuddin/AFP/Getty
