- Business newsletter
- Posts
- 2024/03/13
2024/03/13
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Дотоодод инфляц үргэлжлэн саарч, II сарын байдлаар 7 хувьтай гарлаа.
2023 оны байдлаар Монгол Улс сав, баглаа боодлын жилийн нийт хэрэгцээнийхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Алтан медальтай программистууд өөрсдийнх нь ажлыг хийж өгдөг хиймэл оюун бүтээж байна.
Суурь судалгаагүйгээр урагшлахгүй
Дэлхий нийт магадгүй сүүлийн 2,000 жилийн турш олборлож, ашигласантайгаа дүйцэхүйц хэмжээний металл, ашигт малтмалыг дараагийн 25 жилийн хугацаанд олборлож, ашиглахаар байгааг Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан тэргүүн Майкл Стэнли бидэнтэй ярилцахдаа хэлж байлаа. Шилжилтүүдийн эринд эрдэс баялгийн өрсөлдөх чадвараа сайжруулахад түшиц болох хайгуул, геологийн суурь судалгааны нөхцөл байдал дэлхийд болон Монголд ямар түвшинд байгааг харцгаая.
Сонирхол өндөр, санхүүжилт бага
Чухал ашигт малтмалд хөрөнгө оруулагчдын сонирхол огцом нэмэгдэж буй ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар хайгуул, геологийн судалгааны үйл ажиллагаа, санхүүжүүлэлт багассаар байна. Өнгөрсөн онд хайгуулын ажилд 12.8 тэрбум орчим ам.доллар зарцуулагдсан нь 10 гаруй жилийн өмнө 20 тэрбум ам.доллар давж байсан түүхэн дээд үзүүлэлттэй харьцуулахад бага дүн болохыг S&P Global Commodity Insights мэдээлж байв.
Хайгуулын салбарт дийлэнх санхүүжилт олон жилийн настай хуучны төслүүдэд чиглэж, “greenfield” буюу цоо шинэ төслүүдэд бага хувь нь ногдож буй тул шинэ томоохон орд илрүүлэхэд маш хүндрэлтэй болох нь дамжиггүй аж. Мөн зөвхөн санхүүжилтийн хэмжээ бус, харин санхүүжилт хаашаа чиглэж байна гэдэг нь дутахгүй санаа зовоох хүчин зүйл болохыг тус компанийн Судалгаа хариуцсан захирал Кевин Мурфи PDAC 2024-ийн үеэр бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Тухайлбал зэсийн шинэ төслийг хөгжүүлэх дундаж хугацаа өдгөө 10-аас дээш жил болсныг CRU-ийн судалгаа харуулжээ. Тиймээс улам бүр өсөж байгаа өртгийг нөхөхөөс гадна цаашдын эрсдэлийг удирдах талд давуу байдал олгох хүчин зүйл нь эхлээд сайн мэдээлэлтэй байх явдал болж байна.
Судалгаа нэгдүгээрт
Өдгөө Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.3 хувийг ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбай буюу хайгуулын талбай эзэлж байна. Харин геологийн суурь судалгаа болох 1:50000 масштабтай зураглал хийгдсэн талбайн эзлэх хувь 45 орчим хувьтай байна. Гэхдээ тус зураглалыг 1970 оноос хойш хийсэн бөгөөд чанар нь 20-30 жилийн өмнө хийгдсэн зураглалтай харьцуулахад ялгаатай, хоцрогдолтойг “Mining Insight” сэтгүүлд дурджээ.
“Хайгуулын суурь судалгааны төсөлд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Ийм хэмжээний төсвөөр дараагийн Оюутолгой, Тавантолгойг олох ямар ч боломжгүй” хэмээн Монголын Геологийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одхүү өнгөрсөн онд сануулж байлаа. Одоогоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн суурь судалгааны 45 төсөл хэрэгжиж байгаагаас яг ашигт малтмалын хайгуул, эрлийн чиглэлээр хэрэгжиж буй 7 төсөл байгаа аж.
Иймд геологийн нэмэлт мэдээлэл цуглуулж, суурь судалгааг богино хугацаанд технологийн дэвшлээр сайжруулж чадвал маш олон боломж гарч ирэхээр байна. Суурь судалгааны төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн бөгөөд цаашдаа ч энэ бодлого хадгалагдахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлж байлаа.
Тэгвэл 2024 онд төсөвт 40 тэрбум төгрөгийг хайгуулын зардалд суулгаж, туршилтын шугамаар 3 тэрбум төгрөгийн хайгуулын суурь судалгаа хийх тендер зарлаад байгаа юм. Тус тендерт агаарын геофизикийн судалгаагаар Австралийн Xcalibur компани шалгарчээ.
Xcalibur-ийн явц
Тус компани Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрийг хамарсан 954 км.кв талбайд геофизикийн дэвшилтэт судалгааны хэд хэдэн арга, аргачлалаар цогц судалгаа хийж байна. Төслийн талбай Оюу Толгойтой ойрхон оршдог учраас хайгуулын хувьд маш ирээдүйтэй гэж харж байгаагаа Xcalibur-ийн Бизнес хөгжлийн ахлах менежер Мэтт Бломфилд PDAC 2024-ийн үеэр бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Шинэ технологи ашигласан дата мэдээлэл цуглуулах ажил нь IV сарын сүүлээр дуусах төлөвтэй бөгөөд Засгийн газрын хувьд энэ оны дундуур төслийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа мөн илэрхийлж байв.
Түншлэлээ тэлэв
Jade Gas компани стратегийн гол хөрөнгө оруулагч болох UB Metan-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгээ сайжрууллаа. Шинэчилсэн санамж бичгийн хүрээнд талуудын хамтын ажиллагаа UB Metan компанийн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх станцад төвлөрөх юм байна. Өөрөөр хэлбэл Jade Gas-ийн төслийн талбайгаас 10 км-ийн зайд байрладаг энэхүү станцад тус компани байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Ингэснээр ОХУ-аас импортолсон дизель түлшнээс өндөр хамааралтай Өмнөговь аймгийн хамаарлыг бууруулж, байгалийн хий нийлүүлэх дотоодын шинэ эх үүсвэр болно гэж Jade Gas-ийн зүгээс онцолжээ.
Удаан харагдаагүй алдагдал
Нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 86 сая ам.долларын алдагдалтай гарснаар сүүлийн жил гаруйн турш сарын дүнгээр тасралтгүй ашигтай гарч байсан цуврал зогсов. Алдагдалд урсгал дансны тэнцэл 309.65 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ.
Нүүрсний экспортын түүхэн үзүүлэлтийн ачаар 2023 онд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн билээ.
Сав баглаа боодлыг дотооддоо
2023 оны байдлаар Монгол Улс сав, баглаа боодлын жилийн нийт хэрэгцээнийхээ 50 хувийг дотоодод үйлдвэрлэж байгааг Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэв.
Өнгөрсөн онд 300 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бэлэн бүтээгдэхүүн импортолсноос 90 хувийг нь БНХАУ-аас, үлдсэн хувийг ОХУ болон бусад улсаас татан авчээ. Дотоодын үйлдвэрлэгчдийн 59 хувь нь хуванцар, 38 хувь нь цаасан сав, баглаа боодол үйлдвэрлэж байгаа аж.
Rio-ийн хувьцааг авах цаг уу?
3-р сарын 11-ний мэдээллээр Rio Tinto компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 3.2 хувиар буурч, сүүлийн 10 сарын доод түвшинд очлоо. Ийнхүү компанийн хувьцаа арилжааны таван өдөрт зургаан хувиар, сүүлийн 30 хоногт 11 хувиар унаад байна. Bloomberg-ийн датанаас харвал 9 шинжээч тус компанийн хувьцааг худалдан авахыг зөвлөж байгаа бол 6 шинжээч хадгалж үлдэх нь зүйтэй гэж үзжээ.
Нохойн дуу ойртов
Жилийн эцсийн дүнгээр 2023 оны IV улиралд Японы эдийн засаг 0.4 хувиар тэлж, уналтаас зайлсхийж чадсан тайлан гарснаар тус улсын Төв банк дэлхийд цор ганц үлдээд байгаа хасах утгатай мөнгөний бодлогоо удахгүй дуусгавар болгох хүлээлт эрс нэмэгдэж байна. Bloomberg-ийн судалгаанд оролцсон 50 эдийн засагчийн 54 хувь нь дөрөвдүгээр сараас Японы Төв банк бодлогын хүүгээ өсгөж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байсан ч энэ алхам хамгийн эртдээ ирэх долоо хоногт ч хийгдэж магадгүй гэдэгт тэдний бараг 90 хувь нь санал нэгджээ.
Хятадын уурхайн осол
Даваа гарагт Хятадын нүүрсний уурхайнуудад гарсан хоёр ослын улмаас багадаа 12 хүн амь эрсэджээ. Бээжингээс олборлогч компаниудад гарцаа нэмэгдүүлэх шахалт үзүүлэхтэй зэрэгцэн тус улсад уурхайн ослын давтамж ихсэж, амиа алдагсдын тоо ч нэмэгдсээр байна. Аньхуй муж дахь Huaihe Energy Group-ийн уурхайд дэлбэрэлт болсны улмаас 7 хүн амиа алдаж, 2 хүн нурангид дарагдсаныг Xinhua мэдээлсэн бол Шаньси мужид нүүрсний бункер нурснаар 5 ажилчин амиа алдаж, 2 ажилчин сураггүй болсныг Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны II сарын мэдээллээс харвал өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын тоо 24 хувиар өсөж, 1 сая тонн нүүрсний гарц тутамд 0.094 нас баралт бүртгэгдсэн байна. Энэ нь 2023 онд ойролцоогоор 438 хүн уурхайн ослоор амиа алдсан гэсэн үг болохыг Fenwei фирм тооцоолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“Xiaomi” компани “SU7” цахилгаан автомашинаа энэ сараас зах зээлд нийлүүлнэ
“Hallyu”-ийн нөлөөгөөр БНСУ-ыг зорих жуулчид залуужиж байна
Онцлох чарт
Он гарснаас хойш Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд гаруй ам.доллароор өсөөд байна. Энэ нь Уоррен Баффетын Berkshire Hathaway-ийн одоогийн зах зээлийн нийт үнэлгээнээс ч өндөр дүн юм.
2023 онд 239 хувиар өсөж, энэ онд ч шуургалсан өсөлтөө хадгалж буй Nvidia-ийн хувьцааг Goldman Sachs “дэлхий дээрх хамгийн чухал хувьцаа” гэж тодорхойлж байв.
Эцэст нь товчхон
УУХҮЯ: Энэтхэг улс зэс хайлуулах үйлдвэрүүддээ зэсийн баяжмалын тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг тус улсын Уул уурхайн яамны нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Монгол Улсын инфляц үргэлжлэн саарч, гурав дахь сардаа дараалан Төв банкны зорилтот түвшинд хадгалагдлаа. II сард инфляцын түвшин 7 хувьтай гарсан нь өмнөх сараасаа 0.6 нэгж хувиар буурсан үзүүлэлт болов.
Өнөөдрийн онцлох зураг
Бельгийн нийслэл Брюссель хот дахь NATO-ийн төв байрны гадна Швед улсын төрийн далбааг мандуулж байна
AP Photo/Geert Vanden Wijngaer