- Business newsletter
- Posts
- 2024/03/12
2024/03/12
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Дэлхийн “нарлаг” зах зээлүүдэд Хятадын эдийн засгийн удаашрал “аадрын үүл” болж байна.
Өнгөрсөн 7 хоногт АПУ ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигдаж, арилжааны дүн ₮1.5 тэрбум давсан байна.
МҮХАҮТ: “Булган мах маркет” компани монгол адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлнэ.
Хятад найтаахад…
БНХАУ-ын эдийн засгийн дуусашгүй хүндрэл өдгөө өсөлтийн мөчлөгтөө яваа дэлхийн бусад зах зээлүүдэд цохилт өгөх эрсдэл учруулж буйг Bloomberg Markets Live Pulse-ийн сүүлийн судалгаа харууллаа.
АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, хиймэл оюуныг тойрсон халуурал нь дэлхийн хувьцаануудын ханш дээд түвшиндээ дөхөхөд нөлөөлж, мөн Энэтхэг, Индонез зэрэг хөгжиж буй орнуудын тэлэлт нь тус өсөлтийн эрчийг алдуулахгүй хадгалж байгаа юм. Гэтэл дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд үл хөдлөхийн зах зээлийн хямрал, гүнзгийрсэн дефляц, геополитикийн зөрчил гээд санаа зовоох асуудлууд бишгүй байна.
Дефляцын экспорт
MLIV Pulse-ийн судалгаанд оролцсон 238 эдийн засагчийн ¾ нь энэ онд тус улсын асуудлууд бусад томоохон эдийн засгууд руу халина гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Хятадын эдийн засгийн хүндрэлүүд, мөн бодлогын хариу арга хэмжээ хомс байдал нь дэлхийн хөрөнгө оруулалт, хэрэглээний циклд сөргөөр нөлөөлөхөөс хөрөнгө оруулагчид хамгийн их болгоомжилж буй.
Хятадын эдийн засгийн хэмжээ, бусад эдийн засгуудад үзүүлэх нөлөөлөл нь энэ бүгдийг ойшоолгүй өнгөрөхөд хэцүү болгож байна. Тус улс дефляцаа бусад орнууд руу экспортолж магадгүйг Pictet Wealth Management-ийн Ахлах стратегич Дон Чэнь анхааруулжээ. Тэр дундаа Хятадын компаниуд үнээ огцом буулгаж байгаа нарны хавтан, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэрэг салбаруудыг тэрбээр онцлон авч үзсэн бөгөөд дэлхий даяарх үйлдвэрлэлд нөлөөлөх боломжтойг дурджээ.
Эрсдэл эсрэгээрээ ч байж магадгүй
“Хятадын сул үзүүлэлттэй байгаа секторууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог бүс нутгийн бүхий л компанид сөрөг нөлөөлөл ирнэ” хэмээн Abrdn фирмийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Нг Шинь-Яао онцолж байна. ANZ Group-ийн мэдээлснээр Хятадын гангийн үйлдвэрлэлийн гарцын 37 хувь нь өдгөө уналттай байгаа орон сууцны салбарт, 60 гаруй хувь нь барилга угсралт, бүтээн байгуулалтад зориулагддаг аж.
Иймд гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс экспортолдог Монгол Улс урд хөршийнхөө сэргэлтийг нүд салгалгүй ажиглах шаардлага гарч ирж байна.
Харин хөрөнгийн захад тус улсын жишиг CSI 300 индекс гурван жил үргэлжилсэн уналтын дараа эргэн сэргэж байгаа. Хэдий сүүлийн сар гаруйн хугацаанд ногоон бүсэд арилжаалагдаж байгаа ч тус улсын хувьцаанууд ёроолдоо хүрсэн эсэх нь маргаантай сэдэв байсаар байна. MLIV Pulse-ийн судалгаанаас харвал ирэх 12 сарын хугацаанд өөрийн багц дахь Хятад хувьцаануудыг нэмэгдүүлэх болон бууруулах төлөвлөгөөтэй хөрөнгө оруулагчдын тоо бараг тэнцүү байжээ.
Ши Жиньпиний ЗГ Хятадын өрөнд суурилсан өсөлтийн циклийг зогсоож, эдийн засгаа тогтвортой байдлаар тэлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар 5 хувийн өсөлтийн зорилт тавьж, урт хугацаатай ЗГ-ын бонд гаргах гэх мэт арга хэмжээнүүд зарласан нь олон улсын хөрөнгө оруулагчдыг санааг амрааж чадаагүй байна. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь тус хурлын үр дүн сарын дараа гэхэд ач холбогдолгүй болно гэдэгт санал нэгджээ.
Иймд бодлогын дорвитой хурдасгуур арга хэмжээгүйгээр Хятадын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн зам тийм ч дардан биш байх нь.
Нээлттэй банк
Монголбанкны мэдээлснээр төлбөр тооцооны цахимжилт 98 хувьд хүрч, дотоодын банкнууд аппликейшнээр дамжуулан банкны үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлсэн нь технологийн эринд том ахиц болсон. Тэгвэл хөгжлийн дараагийн шатанд тус тусдаа ажиллаж байгаа системүүд хоорондоо тоон технологиор дамжуулан мэдээлэл солилцож, нэгдэж ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлага байгааг Монголын банкны холбооноос зохион байгуулсан хэлэлцүүлгээр хөндлөө. Олон улсад үүнийг Нээлттэй банкны үзэл баримтлал гэдэг аж.
Махны экспортын шинэ гарц
“Булган мах маркет” компани монгол адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсныг МҮХАҮТ мэдээллээ. Тус компани нь Иран, БНХАУ, Казахстан зэрэг улсууд руу адуу, хонь, ямаа, үхрийн мах экспортолдог байна. Оны эхний хоёр сарын байдлаар компани БНХАУ руу 900 мянга орчим ам.долларын 200 гаруй тонн дулааны аргаар боловсруулсан хонь ямааны мах, түүхий адууны мах экспортолжээ.
Алт цойлоход юу нөлөөлөв?
Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрсний гол өдөөгч хүчин зүйл нь АНУ-ын Холбооны нөөцийн банк удаан хугацааны эцэст мөнгөний бодлогоо сулруулж эхлэх хүлээлттэй холбоотой байж магадгүй ч рекорд өсөлтийн суурь нь Хятадад тавигджээ.
БНХАУ тэргүүтэй хөгжиж буй орнуудын төв банкнууд өнгөрсөн оноос эхлэн алт худалдан авалтаа үлэмж хэмжээнд нэмэгдүүлсэн нь өнөөгийн өндөр эрэлтийг тайлбарлаж байна. Үүгээр зогсохгүй Хятадын жирийн хэрэглэгчид улсынхаа хувьцаа, үл хөдлөхийн зах зээлийн уналтаас хөрөнгөө хамгаалах зорилгоор алтан зоос, гулдмай, үнэт эдлэл их хэмжээгээр авч хураажээ.
Алтны үнэ гурван жилд 25 орчим хувиар өсөж, ялангуяа сүүлийн саруудад 2,000 ам.долларын түвшнээс буухгүй байгаа ч Монголын алтны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцаа тус өсөлтийг төдийлөн дагахгүй байна. Гэхдээ алтны өндөр үнэ салбарын хувьцаануудад эергээр нөлөөлж эхэлнэ гэсэн хүлээлттэй байж болох бөгөөд хувьцаанууд бодит үнээсээ харьцангуй доогуур ханшаар арилжаалагдаж буйг Steppe Gold компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Саут PDAC чуулганы үеэр бидэнд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байлаа.
Ногдол ашгаар дэмжинэ
Газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Saudi Aramco компани 31 тэрбум ам долларын ногдол ашиг хувaaрилахаар болжээ. Эрчим хүчний үнэ болон үйлдвэрлэл буурч, Саудын Арабын төсвийн алдагдал тэлж байгаа энэ үед Aramco-ийн тус шийдвэр томоохон дэмжлэг болох төлөвтэй байна.
Тус компани ийнхүү ногдол ашиг хуваарилах замаар Саудын Арабын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлж байгаа юм. Саудын Арабын удирдагчид эдийн засгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ өндөр өртөгтэй төслүүдэд анхаарч байгаа юм. Мөн спортын лигүүдэд хувь эзэмшин, од тоглогчидтой гэрээ байгуулж буй энэ үед “Saudi Aramco”-ийн ногдол ашиг улам бүр чухал болж байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Кевин Мурфи: Хайгуулын төсөв үргэлжлэн буурах хүлээлттэй байна. Энэ бол яах аргагүй санаа зовоох асуудал
Хелен Миррен, Кайли Миноуг зэрэг алдартнууд өөрсдийн дүр бүхий Барбитай болов
Ричард Буанган: Монгол Улс, АНУ-ын хоорондох шууд нислэг 2025-2026 оноос эхэлнэ гэж найдаж байна
Онцлох чарт
Дэлхийг байлдан дагуулж, бокс-оффист томоохон амжилт үзүүлсэн дэлгэцийн бүтээлүүд тухайн жилийнхээ Оскарын шууд дамжуулалтын үзэгчийн тоог тэр чинээгээр өсгөдөг зүй тогтол тус наадмын түүхийн дийлэнх үед ажиглагдсаар ирсэн юм.
Харин сүүлийн жилүүдэд Холливудын эзэнт гүрнээс гадуур бүтээгдсэн кинонууд наадмын хамгийн нэр хүндтэй номинацуудад ноёлох болоод буй. Тухайлбал 2023 он хүртэлх 10 жилд Оскарын шилдэг уран бүтээлийн төрөлд ялалт байгуулсан бүх кино 25 сая ам.доллароос бага зардлаар бүтээгдсэн бөгөөд тэдгээрээс хамгийн амжилттай нь болох 2018 оны Green Book 320 сая ам.долларын ашиг олсон нь тухайн жилийн блокбастеруудтай харьцуулахад тун бага дүн.
Энэ мэтээр бокс-оффисын аваргууд Оскарт гавихаа больсон нь наадмын шууд дамжуулалтын үзэлтийн тоо жил ирэх тусам буурахтай давхацжээ. Өнгөрсөн онд АНУ-д 18.7 сая хүн Оскарыг үзсэн нь 2013 онд 40.4 сая хүн үзэж байсантай харьцуулахад талд нь ч хүрэхээргүй үзүүлэлт юм. Тэгвэл энэ онд үзэгчдийг театрт буцаан авчирсан “Барбенхаймер” Оскарын наадамд дээрх байдлыг эргүүлэх хүчийг өгсөн байх боломжтой аж. Атомын бөмбөгийн зохион бүтээгчийн тухай намтарчилсан уран бүтээл Oppenheimer өчигдөр болсон наадамд 7 төрөлд ялалт байгуулсны дотор Шилдэг уран бүтээл, Шилдэг найруулагчийн шагналууд багтсан юм.
Эцэст нь товчхон
БШУЯ: Нэг сурагчийг сургах хувьсах зардал 910 мянган төгрөг байсныг 2-3 дахин нэмэгдүүллээ
БиДиСЕК ХК ногдол ашиг олгох өдрөө 2024 оны VII.30-ны дотор байсныг IV.30-ны дотор болгон өөрчилжээ.
Голомт банк ХК: IV сарын 15-нд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2023 оны санхүүгийн тайлан болон бусад асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдрийн онцлох зураг
Oppenheimer киноны баг Оскарын наадмын Шилдэг уран бүтээлийн шагналыг гардаж авч буй нь
Kevin Winter/Getty Images