2024/03/11

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Ричард Буанган: Ойрын хоёр жилдээ багтаж АНУ, Монголын хооронд шууд нислэг эхэлнэ гэж найдаж байна

  2. Оны эхний хоёр сард импортолсон суудлын автомашины тоо 2023 оны мөн үеэс 3.3 дахин өсжээ.

  3. БНХАУ-ын технологийн компаниудыг АНУ дахин онилж байна. Энэ удаад ChangXin Memory тэргүүтэй 6 компанид хориг тавихаар судалж байгаа аж.

Америк, Монголын харилцаа

Дэлхийн эдийн засгийн тогтолцоонд хуваагдал, хагарал газар авч буй нь хөгжиж буй орнуудад ихээхэн нөлөөлөхөөр байгаа энэ үед Монгол Улс болон АНУ хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар тэлэх хүчин чармайлтууд гаргаж байна.

Өнгөрсөн онд АНУ болон Монгол Улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Сүүлд Илон Маскийн Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Монголд идэвхэжсэн нь тус улсын хувийн хэвшилтэй хийх түншлэлд томоохон ахиц болов.

Гэхдээ ирээдүйд энэ мэт ахицуудын суурь болж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд таатай нөхцөлийг бүрдүүлэх Ил тод байдлын хэлэлцээртэй холбоотой “техникийн шинжтэй” асуудал байсаар байгааг АНУ-ын Элчин сайд Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө хэлж байлаа.

Дор хаяж ойрын хоёр жилд

Өнгөрсөн оноос эрчээ авсан таатай мэдээллүүдийн нэг нь дэлхийн хамгийн том эдийн засагтай орон руу шууд нислэг үйлддэг болоход тун ойртсон явдал байлаа. “Нээлттэй тэнгэр” бодлогын хүрээнд тус улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, МИАТ компани ч АНУ руу хийх нислэгт ашиглах Boeing 787-9 хөлгөө хүлээн аваад байгаа юм. ЗТХЯ-наас сүүлд мэдээлснээр 2024 оны II улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно гэж буй.

Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган энэ ажил 2025-2026 онд бодитоор хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Дэд бүтэц, аюулгүй байдлын үнэлгээ, шалгалт зэрэг өмнө нь гүйцэтгэх тодорхой алхмууд байдаг тул багагүй хугацаа зарцуулагдахыг тэрбээр дурдаж байлаа. АНУ-ын нутаг дэвсгэрт нислэг үйлдэхэд олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын тавьдаг стандартуудаас илүү өндөр түвшний стандартууд шаардагддаг байна.

Ил тод байдлын хэлэлцээр юун дээр гацав?

2013 онд хоёр тал гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон Монгол, АНУ хоорондын Ил тод байдлын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Р.Буанган мөн мэдээлэл өгөв. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн суурийг сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү хэлэлцээрийн бүрэн хэрэгжилтийг хангахад Монголын талаас хууль тогтоомжийн орчуулга хийх техникийн боломж бололцоо, хүний нөөц, ур чадварын зарим асуудлууд тулгарсан аж.

Энэ ажиллагааг хөнгөвчлөх арга замууд олоход хугацаа шаардагдахыг ЗГ-аас илэрхийлсэн бөгөөд орчуулгын асуудлууд шийдэгдэх хүртэл худалдааны харилцааг ойртуулах дараа дараагийн алхмуудыг авахад хүндрэлтэй болохыг тэрбээр онцолсон юм.

Дараагийн УЦС

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийсэн айлчлалаар 18 жил яригдсан Биокомбинат ТӨК-ийг шинэчлэх төслийг зогсоож, түүнээс үүсэх зээлийн эх үүсвэрээр Байдрагийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулах санал тавив. Ингэснээр Баянхонгор аймагт орших 50 мВт-ын хүчин чадалтай тус усан цахилгаан станцад Унгарын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 56 сая ам.долларын санхүүжилт хийх боломж үүсэж байгааг Сангийн сайд онцолсон юм.

Үүний зэрэгцээ айлчлалын үеэр Унгар улстай Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, тус улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрджээ.

Импорт өслөө

Оны эхний хоёр сард экспортын нийт үнийн дүн өмнөх оны мөн үеийн түвшинд хэвээр хадгалагдсан бол импортын үнийн дүн 33.2 хувиар өсөж, 1.59 тэрбум ам.доллар болсон байна. Нийт импортын 23 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 11.5 хувийг суудлын автомашин худалдан авсан үнийн дүн бүрдүүлжээ. Тэр дундаа импортолсон суудлын автомашины тоо хэмжээ 24 мянга давж, 2023 оны эхний хоёр сартай харьцуулахад 3.3 дахин өссөн аж.

Чипийг нутагтаа

Apple, Nvidia компаниудын гол чип нийлүүлэгч TSMC Аризона муж дахь чипийн үйлдвэрийн төсөлдөө 5 тэрбум гаруй ам.долларын ЗГ-ын буцалтгүй санхүүжилт авахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений баталсан CHIPS актын хүрээнд чип үйлдвэрлэгчдийг Америкийн нутагт үйлдвэрлэлээ явуулахыг нь дэмжих зорилгоор шууд санхүүжилт олгоход 39 тэрбум ам.долларыг төсөвлөсний томоохон хэсэг нь дээрх санхүүжилт болж байна.

Тэгвэл БНХАУ мөн чип үйлдвэрлэлдээ 27 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгох явцыг эхлүүлснийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Энэ нь АНУ-ын хориг, хязгаарлалтыг сөрж, дэвшилтэт технологийн хөгжүүлэлтээ эрчимжүүлэх чиглэлд Хятад улсын өнөөг хүртэл татан төвлөрүүлсэн хамгийн өндөр дүнтэй хөрөнгө нь болохоор байна.

Нааштай шинж тэмдгүүд

Зээл, санхүүжилтийн өртөг буурахыг хүлээж буй хэн бүхэнд итгэл өгсөн мэдээллүүд Өрнөдөөс ирлээ. Европын Төв банк шинэ төсөөлөлдөө инфляцын түвшин ирэх онд зорилтот 2 хувийн түвшинд орно гэж үзсэн тул ирэх зургаадугаар сараас эхлэн бодлогын хүүгээ бууруулж эхлэх боломжтойг мэдэгджээ. Харин АНУ-д Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүгээ бууруулж эхлэхэд шаардлагатай итгэлийг олж авахад ойртсоноо Сенатын хуралдааны үеэр илэрхийлсэн байна.

Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр илүү сайжрах хэрэгтэй байгааг Ж.Пауэлл мөн хэлсэн бөгөөд баасан гарагт танилцуулагдсан АНУ-ын II сарын ажилгүйдлийн түвшин яг түүний хүсээд байгаа үзүүлэлтүүдийг харуулжээ. Тус улсын ажилгүйдлийн түвшин 3.9 хувь буюу сүүлийн хоёр жилийн дээд түвшиндээ хүрсэн ч шинээр бий болсон ажлын байр 275 мянга болж, цалингийн өсөлт саарсан нь инфляцыг өдөөдөг хөдөлмөрийн захын халалт багасаж буйн дохио болжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Али Хажи: Монголд литийн арвин нөөц байна гэхэд дэлхийн бараг тал нь бидэнд итгээгүй

  • “Victoria's Secret” борлуулалтаа $6 тэрбум хүрнэ гэж төсөөлөв

  • "Эмэгтэй эзэнтэй" бизнесүүдэд сорилт мундахгүй ч санхүүжилтийн талд ямар давуу талууд байна вэ

Онцлох чарт

Хятадад цөмийн эрчим хүч эдийн засгийн хувьд үр ашигтай сонголт болсны цаана бүтээн байгуулалтын бага зардал, ашиглалтын өндөр түвшин, эрчим хүчний хангалттай өндөр тариф гэсэн хүчин зүйлс байгаа аж. Тус улсад атомын цахилгаан станцын урт хугацааны, татварын өмнөх дундаж үйл ажиллагааны ашгийн маржин мВт-хоног тутамд 793-952 ам.доллар байгаа нь ашгийн маржин нь дийлэнхдээ хасах утгатай байдаг барууны орнуудынхаас харьцангуй өндөр үзүүлэлт болохыг BNEF тооцоолжээ.

Эцэст нь товчхон

  • МХБ: Сэндли ББСБ ХК ногдол ашгийн бүртгэлийн өдрөө 3-р сарын 22, тараах өдрөө 4-р сарын 3 болгон өөрчлөв.

  • Mongolian Mining Corporation: 2023 оны ашиг ойролцоогоор $220-$240 сая байх төлөвтэй байна. Энэ нь 2022 оны ашгаас 270%-300% өндөр үзүүлэлт болох бөгөөд энэхүү өсөлтөд угаасан коксжих нүүрсний борлуулалт өссөн нь нөлөөлж байна.

Өнөөдрийн онцлох зураг

SUV ангиллын Rivian R2 цахилгаан автомашиныг АНУ-ын Калифорнид болсон арга хэмжээгээр танилцуулж байгаа нь

Kyle Grillot/Bloomberg