2024/03/07

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Нүүрсний экспортын өсөлт энэ оны эхний хоёр сард үргэлжилж, төвлөрүүлсэн орлого 1.3 тэрбум ам.долларт хүрчээ.

  2. PDAC: Монгол Улс геологийн суурь судалгааны тал дээр бусад орнуудаас хоцорч байна

  3. Жером Пауэлл: Бодлогын хүүг бууруулах тал дээр яаравчлахгүй ч ‘энэ оны аль нэг үед’ бууруулах нь тохиромжтой байж магадгүй.

Эмэгтэй энтрепренерууд ба санхүүжилт

МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байна. Харин эдийн засагт үзүүлэх бодит хувь нэмэр сайтай, хөдөлмөр ихээр шингээдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэсэн тоо гарчээ.

Энэ мэтээр Монголд төдийгүй дэлхий дахинд эмэгтэй үүсгэн байгуулагч, удирдлагатай бизнесүүд нэмэгдэж, өргөжин тэлэх орон зай ихээр бий болж буй ч эмэгтэй энтрепренеруудад чиглэсэн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа юм.

Pitchbook-ийн судалгаагаар 2022 онд АНУ-д нийт 238.3 тэрбум ам.долларын венчур хөрөнгө оруулалт хийгдсэнээс ердөө 1.9 хувь эмэгтэй үүсгэн байгуулагчтай стартапуудад зориулагджээ. Манай улсад мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй гол бэрхшээл нь санхүүжилт, барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаатай холбоотой асуудал болохыг МҮХАҮТ онцолж байв.

Тэгвэл олон улсын байгууллагаас санхүүжилт татсан эмэгтэй удирдагчтай зарим бизнесүүдийг харцгаая.

Гоёл кашмер

Анх 2005 онд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Гоёл кашмер” өдгөө жилд 200 мянга гаруй бүтээгдэхүүн экспортод гаргадаг, 300-аад хүнийг ажлын байраар хангадаг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. 2003 онд “Гоёл”-ын борлуулалт дотоод болон гадаад зах зээлд 56 хувиар өссөнийг компанийн Үүсгэн байгуулагч Б.Ариунаа мэдээлсэн юм.

Тус компани Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА гэх зэргээр олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдээс урт, богино хугацаат санхүүжилтүүдийг тогтмол авч иржээ. Тэр дундаас баялаг бүтээгч эмэгтэй удирдлагатай бизнесийн онцлогийг нь илүүтэй тодотгож санхүүжилт олгосон нь АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорац байсныг Б.Ариунаа мөн онцолж байлаа.

Комбуча Монголиа

Энэ оноос комбуча ундааг Японд экспортлох зөвшөөрлөө аваад байгаа “Комбуча Монголиа” ХХК нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байх боломжтой эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэлийн цөөн төлөөлөгчдийн нэг. Тус компани мөөг үржүүлгийн талбайтай, саяхан шинэ үйлдвэрээ нээсэн төдийгүй өдөрт 8-10 мянган ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай. Зах зээл жижиг ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд энэ онд компанийн борлуулалт өмнөх оноос 10 дахин өсжээ.

“Комбуча Монголиа” үйл ажиллагаагаа эхлүүлээд Азийн хөгжлийн банкны зээлийн батлан даалтын сангийн зээлд хамрагдсанаар бүрэн автомат тоног төхөөрмж худалдан авах санхүүжилтээ шийджээ. Мөн Дэлхийн банкны экпортыг дэмжих төслийн зээлийг авч байсныг компанийн Гүйцэтгэх захирал О.Алтантуул бидэнд мэдээлсэн юм.

PDAC хөшгөө хаав

Уул уурхайн салбарын 1,200 гаруй хөрөнгө оруулагч цугласан PDAC 2024 чуулган өнөөдөр өндөрлөж байна. PDAC-тай хэвлэл, мэдээллийн түншээр хамтран ажиллаж, чуулганыг Канадын Торонто хотоос сурвалжилж буй Bloomberg TV Mongolia салбарын чиг хандлага, анхаарал татаж буй төслүүдийн талаар нэр хүндтэй зочидтой тусгай ярилцлагууд хийлээ.

Монгол Улс хайгуулын төслүүдийн хувьд дэлхийн бусад орнуудаас төдийлөн онцгойрохгүй ч суурь судалгааны тал дээр бусад орнуудаас ихээхэн хоцорч байгааг бидний сүүлд ярилцсан S&P Global Commodity Insights компанийн Уул уурхай, металлын судалгаа хариуцсан захирал Кевин Мурфи онцолж байлаа.

Чуулганаас бэлтгэсэн нэг цагийн тусгай хөтөлбөрийг өнөөдөр 20:00 цагаас хүлээн авч үзээрэй.

Эрч саараагүй

2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гол жин дарсан нүүрсний экспортын өсөлт оны эхний хоёр сард үргэлжиллээ. Энэ хугацаанд Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг ГЕГ мэдээлж байна. Ийнхүү нүүрсний экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байгаа аж.

Харин төмрийн хүдрийн экспорт 1.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн бол зэсийн баяжмалын экспорт 2023 оны мөн үеэс 16.1 хувиар өсөж, 445.2 сая ам.долларын орлого олжээ.

Шинэ станцын ажил

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 мВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байгааг ЗГ мэдээллээ. Төслийн эхний үе шат 150 мВт-ын блокыг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 мВт-ын блокыг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Тус цахилгаан станцын төслийг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэгжүүлж буй.

Говь, АХБ-ны хамтрал

Говь ХК Азийн хөгжлийн банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үндсэн 4 зорилгын хүрээнд 2029 он хүртэл үргэлжлэх тус төсөлд малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох зэрэг ажлууд багтаж байна. Төсөл хэрэгжсэнээр тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход нэг шатаар ойртоно хэмээн төслийн багийнхан онцолжээ.

Дараагийн раунд

Жо Байден, Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нүүр тулах нь ерөнхийдөө тодорхой болсон ч үүнд сэтгэл хангалуун байгаа Америкчууд тийм ч олон биш болохыг Bloomberg бичжээ. Нам доторх сунгааны дийлэнх нь явагддаг Super Tuesday-ээр Байден, Трамп нар бараг бүх мужид тэргүүлжээ. Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Никки Хэйли “цэнхэр” муж Вермонтод л Трампыг илүүрхэж чадсан байна. Харин Байдентай дөхөж өрсөлдөхүйц улс төрч Ардчилсан намын сунгаанд байгаагүй гэж хэлж болно.

Хоёр ч дайны гал дүрэлзэхийн хажуугаар эдийн засгийн бодлогод нь сэтгэл хангалуун бус Америкчууд олон байгаа энэ үед 81 настай Жо Байден АНУ-ыг үргэлжлүүлэн удирдаж чадах эсэх талаар эргэлзээ их байна. Нөгөө талд Трампын орооцолдсон хууль шүүхийн асуудлууд, мөн нийгмийн цөөнх, цагаачдын талаар хурц мэдэгдлүүд нь боломжит сонгогчдыг үргээх эрсдэлтэйг онцолжээ.

Нүүрсний компаниудыг “чангалах” уу?

БНХАУ-ын коксжих нүүрсний салбарт төрийн оролцоо, хамгаалалт илүү их хэрэгтэй байгааг тус улсын хамгийн том олборлогч компанийн тэргүүн мэдэгджээ. Shanxi Coking Coal Energy-ийн ТУЗ-ийн дарга Жао Жяньзэгийн үзэж байгаагаар Бээжингээс олборлох үйл ажиллагаанд хяналт тавьж, гарцыг хязгаарлахын зэрэгцээ “замбараагүй өрсөлдөөнийг хумихын тулд” жижиг олборлогч компаниудыг төрийн өмчит компаниудад нэгтгэх хэрэгтэй аж.

Олон хүний аминд хүрсэн уурхайн осол удаа дараалан гарснаас сүүлийн саруудад тус улсын коксжих нүүрсний компаниуд томоохон хүндрэлүүдтэй тулгарч, улмаар үйл ажиллагаа нь тасалдаж, нийлүүлэлт нь буураад байсан юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Кристиан Полак: Ураныг зах зээлд зөв цагтаа гаргаж чадсанаар Монголын хөгжилд цоо шинэ үүд хаалга нээгдэнэ

  • Боб Айгер: Энэ оны IV улирлаас стриминг үйлчилгээний бизнес ашигтай ажиллаж эхэлнэ

Онцлох чарт

Bloomberg-ийн тооцооллоор энэ оны II сард олон улсын хэмжээнд арилжаалагдсан ногоон бондын үнийн дүн 54.7 тэрбум ам.долларт хүрсэн нь тус зах зээлд 2017 оноос хойших хамгийн идэвхжил өндөртэй II сард тооцогдож байна. Мөн I сард ногоон бондын арилжаа 83.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны ижил саруудаас дээд үзүүлэлт болжээ.

2024 онд дэлхийн хэмжээнд ногоон бонд гаргах үйл явц улам эрчимжинэ гэж S&P Global үзсэн бөгөөд АНУ болон Европт зээлийн хүү буурч, хөрөнгө оруулагчид, үнэт цаас гаргагчдад өрийн хэрэгслийн зах зээлийн таатай нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг онцолжээ.

Эцэст нь товчхон

  • ОБЕГ: Зуднаар хорогдсон малын тоо сүүлийн байдлаар 3.89 сая болжээ. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад хамгийн их малын хорогдолтой байна.

  • Монцамэ: Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлнэ.

Өнөөдрийн онцлох зураг

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ордны гадна харуулд зогсож буй цагдаа - Бээжин, БНХАУ

Qilai Shen/Bloomberg