- Business newsletter
- Posts
- 2024/03/06
2024/03/06
Powered by:
Гурван өгүүлбэрээр
PDAC-ийн Ерөнхийлөгч: Дэлхийд өдгөө явагдаж буй хоёр чухал шилжилтэд хоёуланд нь их хэмжээний зэс шаардлагатай.
Гадаад валютын албан нөөц II сарын байдлаар жилийн өмнөхөөс 46.4% өсөж $4.97 тэрбум болов.
Эдийн засгаа 5 хувиар өсгөх Хятадын зорилтыг "Төлөвлөгөөгүй зорилт" гэж үзэж байна
Биднийг амрах хойгуур
Хэт өндөр үнэлгээтэй холбоотой болгоомжлол зах зээлд үүсээд буй энэ үед технологийн компаниудын хувьцааны ханш уруудсанаар АНУ-ын биржүүдэд уналт давамгайллаа. Тус улсын эдийн засгийн зарим үзүүлэлт ч тааруу гараад буй юм.
Tesla-ийн хувьцааны 2 өдрийн уналт улам эрчээ авч уналтын хувь хэмжээ 11 болсон бол бүх цаг үеийн дээд түвшин болох $69,000-ын босгыг даваад байсан биткойны ханш хэсэг зуур $60 мянгаас доош орж ирэв. Харин алтны үнэ өсөж дээд түвшиндээ хүрсэн ч өсөлтийнх нь эрч саарсан байна.
Уул уурхайн томчуудын яриа
Канад улсын Торонто хотноо үргэлжилж буй PDAC чуулганыг Bloomberg TV Mongolia-ийн баг шууд сурвалжилж, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүд, томоохон компаниудын төлөөллүүдтэй тусгай ярилцлага хийж байна. Чухал түүхий эдүүдийн төлөв, анхаарал татаж буй төслүүдийн талаар ярьсан онцлох зочдын байр сууриас хүргэе.
Аль болох дотооддоо
Дэлхийд өдгөө явагдаж буй хоёр чухал шилжилтэд хоёуланд нь их хэмжээний зэс шаардлагатай болохыг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо буюу PDAC-ийн Ерөнхийлөгч Рэймонд Голди бидэнтэй ярилцахдаа тодотгов. Зэсийн тал дээр томоохон потенциалтай Монгол улсын хувьд эрчим хүчний шилжилт болон дижитал шилжилтээс бий болох боломжийг илүү анхаарах нь зүйтэйг тэрбээр сануулж байв.
Мөн орд илрүүлсэн тохиолдолд аль болох дотооддоо боловсруулахад анхаарах нь уул уурхайн салбарын давуу талаа ашиглаж уул уурхайн бус салбараа дэмжих чухал арга зам болохыг тэрбээр дурдсан юм.
АЦС яагаад болохгүй гэж?
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, шинэ төрлийн цөмийн реакторууд анхаарал татах хэрээр зах зээлд уранд чиглэсэн сонирхол улам нэмэгдэж, үнэ нь өсөхөд нөлөөлж байна. Тиймээс ураны үнэ ерөнхийдөө шинэ уурхайн төсөл хэрэгжүүлэхэд яг тохиромжтой цэгтээ ирээд байна гэж үзэж болохыг Orano Mining компанийн Ахлах зөвлөх Кристиан Полак онцолж байлаа.
Мөн тэрбээр Монголд бага оврын атомын цахилгаан станц барих тал дээр болохгүй зүйл үгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Уурхайн насжилт хэдхэн арван жил үргэлжилдэг бол бага оврын реакторуудын ажиллагаа ч ойролцоо хугацаанд үргэлжилдэг байна. Иймд атомын цахилгаан станц нь уул уурхайн салбарт тун тохиромжтой байдаг аж. “Эдгээр реакторууд нь CO2 ялгаруулдаг болон ялгууралдаггүй уурхайн аль алинд нь тохиромжтой. Алслагдмал бүсийн уурхайнуудыг эрчим хүчээр хангахын тулд хэдэн мянган км-ийн цахилгаан шугам сүлжээ татах шаардлагагүй болох юм” хэмээн К.Полак дурдлаа.
Литийн хайгуулын өөдрөг ирээдүй
Канадын ION Energy компани Монголд анхны литийн хайгуулын төслийг хэрэгжүүлж, одоогоор “Баавгай уул”, “Ургах наран” гэсэн хоёр төслийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. “Баавгай уул” талбайд геофизикийн судалгаа, гүн хэсгийн өрөмдлөг хараахан явуулаагүй ч литиг ууршуулалтын аргаар гарган авна гэдгээрээ онцлог төсөл болох аж.
Харин “Ургах наран” талбайд өрөмдлөг хийхэд Хойд Америк дахь литийн цорын ганц уурхай болох Невадагийн Silver Peak уурхайнхаас 3 дахин өндөр агууламжтай гэж гарсныг ION Energy-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Али Хажи бидэнтэй ярилцахдаа мэдээлсэн. Мөн ирэх улирлуудад багтаан төслийн стратегийн түнш, хамтын ажиллагаагаа зарлах хүлээлттэй байгаа аж. Монгол Улсын хувьд литийн хайгуулын талбарт ирээдүй өөдрөг, мөн үйлдвэрлэлээ удахгүй эхлүүлнэ гэж найдаж байгаагаа тэрбээр онцолж байлаа.
Эдгээр болон бусад нэр хүндтэй эрхмүүдийн ярилцлагыг багтаасан PDAC 2024 тусгай хөтөлбөрийг пүрэв гарагийн 20:00 цагт Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Хөлсгүй хөдөлмөр
Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 51.5 хувь байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 15 орчим хувиар доогуур үзүүлэлт болохыг Монфемнет үндэсний сүлжээ мэдээллээ. Энэ нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах зэрэг асрахуйн ажлуудтай холбоотой гэдгийг тодотгож байна. Монголд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад асрахуйн хөдөлмөрт гурав дахин илүү цаг зарцуулж байгаа аж.
Амбицтай зорилт
Эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэж, батлан хамгаалахын зарцуулалтаа нэмэгдүүлэх нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы эхний өдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяны зарласан онцлох зорилтууд байлаа. Үл хөдлөхийн зах зээлийн уналт, гүнзгийрсэн дефляцын дарамтад ороод буй эдийн засагт нь хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлийг сайжруулахын төлөөх энэхүү амбицтай зорилтыг биелүүлэхэд томоохон сорилтууд тулгарна гэдгийг Ли Цян хурлыг нээж хэлсэн үгэндээ хүлээн зөвшөөрсөн юм.
Bloomberg-ийн судалгаанд оролцсон шинжээчид энэ онд тус улсын эдийн засаг 4.6 хувиар тэлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа бөгөөд үүнд эдийн засагтаа томоохон дэмжлэгийн арга хэмжээ авахаас цааргалж буй эрх баригчдын өмнө тулгарсан сорилтууд нөлөөлөхийг тодотгожээ.
Түүнчлэн инфляцын түвшнийг 3 хувьд хүргэж, батлан хамгаалах салбарын зарцуулалтыг 7.2 хувиар буюу сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлж, мөн 1 их наяд юанийн дүн бүхий ЗГ-ын урт хугацаатай бондууд нэмж гаргах зорилтуудыг БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлаас зарласан байна.
Хүн төрөлхтний тусын тулд
OpenAI, Salesforce зэрэг технологийн компаниуд хиймэл оюуны хүн төрөлхтөнд үзүүлэх ашиг тусыг нэмэгдүүлж, аюул эрсдэлийг бууруулахын төлөө ажиллаж, хамтран хариуцлага хүлээхээ амласан албан захидалд гарын үсэг зурсан байна. “Хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хиймэл оюун гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг байна” хэмээн OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн тодотгожээ. Тус захидалд Hugging Face, Scale AI зэрэг бусад стартапууд, технологийн компаниуд гарын үсэг зурж, нэгдэхээ мөн илэрхийлсэн байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Арьс ширний салбарт түүхий эдийн чанар муу, хүний нөөц дутагдалтай байна
СЭЗИС: Уул уурхайн салбарт ГШХО-ын талаар тогтсон бодлого, үзэл баримтлал төлөвшөөгүй
Онцлох чарт
2024 оны эхний 6 долоо хоногт Apple-ийн iPhone-ийн борлуулалт БНХАУ-д 24 хувиар буурснаар тус зах зээл дэх гар утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнд дөрөвдүгээр байр руу ухарчээ. Харин Huawei компанийн зах зээлд эзлэх хувь 16.5 болсныг Counterpoint-ийн дата мэдээлэл харуулж байна. Эрэлтийг өдөөх зорилгоор Apple нэгдүгээр сард цахим дэлгүүртээ ховорхон хямдрал зарласнаас гадна албан ёсны эрхтэй борлуулагчид нь iPhone-ийг 180 хүртэлх ам.доллароор хямдруулах болжээ.
Үүний зэрэгцээ Spotify зэрэг салбарын өрсөлдөгч компаниудын зах зээлийн боломжийг хязгаарласан асуудлаар Европын холбоо Apple-д 2 тэрбум ам.долларын торгууль ногдуулаад байгаа. Энэ нь Европын холбооноос нэг компанид оногдуулсан хамгийн өндөр дүнтэй торгууль болж байна.
Эцэст нь товчхон
Өнөөдрийн онцлох зураг
Темз мөрний урд эрэг дэх Ковидоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх хана - Лондон, Их Британи
Justin Tallis/AFP/Getty