2024/03/05

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. ХБҮЦ болон компанийн бондын арилжаа татарснаар II сард хөрөнгийн захын арилжааны дүн өмнөх сараасаа 2.6 дахин буурчээ.

  2. Монгол Улс, АХБ боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

  3. “Алтан виз”-ийн чансаагаар Португалыг гүйцэх улс гарч ирээгүй байна.

Биднийг амрах хойгуур

Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах дөхсөн гэсэн хүлээлт арилжаанд оролцогчдын дунд үүсээд буй энэ үед алтны спот үнэ унц нь $2,100 давж, 12-р сарын эхээр хүрч байсан дээд түвшин болох $2,135.39-д дөхлөө. TD Securities-ийн стратегич Райн Маккейгийн үзэж буйгаар бол алтны үнэ дахин өсөх орон зай байгаа аж.

PDAC-аар хэн юу хэлэв?

“Уул уурхайн Давос” гэгддэг PDAC чуулган Канад улсын Торонто хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы эхний өдөр хөрөнгө оруулагчдад Монгол Улсыг сурталчлах Mongolia Day арга хэмжээ зохион байгуулагдаж, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй эрхмүүд илтгэл тавив.

Ямартай ч Монгол Улс бодлогын хувьд чухал мессеж өгөх тал дээр сул байлаа.

Чуулганы үеэр манай сурвалжлах баг Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан тэргүүн Майкл Стэнлитэй ашигт малтмалын салбарын засаглал ба менежмент, хөгжиж буй орнуудын ирэх 25 жилийн уул уурхайн төлөв зэрэг сэдвүүдээр тусгай ярилцлага хийсэн юм. Мөн бид PDAC-ийн Ерөнхийлөгч Рэймонд Голди, Orano Mining-ийн Ахлах зөвлөх Кристиан Полак, S&P Global Commodity Insights-ийн Судалгаа хариуцсан захирал Кевин Мурфи тэргүүтэй зочидтой ярилцахаар төлөвлөөд байна.

Хөрөнгийн захад

  • Хоёрдугаар сард хөрөнгийн захаар 26.4 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх сараасаа 2.6 дахин буурсан үзүүлэлт болсныг МХБ мэдээлэв. Нэгдүгээр сард идэвхтэй байсан ХБҮЦ болон компанийн бондын арилжаа өнгөрсөн сард татарсан нь үнийн дүн буурахад голлон нөлөөлжээ.

  • Премиум Нэксус (CUMN) ХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Ганхуяг томилогдлоо.

“Алтан виз”-ийн аварга

Орон орны "Алтан виз" хөтөлбөрийг нарийвчлан судалж, эрэмбэлсэн шинэ индекс гарчээ. Эрэмбэд Португал улс хамгийн таатай нөхцөл бүхий "алтан виз"-тэй орноор дахин шалгарсан байна.

Тус улс зардал багатай атлаа өндөр чанартай амьдрах орчноор хангахын сацуу Европын бусад орнууд руу хялбар нэвтэрч, Европын Холбооны иргэншлийг авах үүд хаалга болдгийг Henley & Partners-ийн гаргасан индекст онцолжээ. Иргэншил авахад шаардагдах хугацаа, татвар, зардал, нэр хүнд зэрэг үзүүлэлтийг гол шалгуур болгосон тус индексийн хоёрдугаар байрт Австри, Грек улсууд тэнцсэн байна.

Уоррен Баффетын 4 хичээл

Олон арван жилийн турш хөрөнгө оруулагчид Уоррен Баффетын хувьцаа эзэмшигчдэдээ жил бүр илгээдэг захидлыг нүд салгалгүй уншиж, домогт хөрөнгө оруулагчийн мэргэн ухаанаас өөртөө бага ч болов шингээж авахыг эрмэлзсээр ирсэн юм. Түүнийг зүгээр ч нэг "Омахагийн зөнч" гэж нэрлээгүй болохыг Bloomberg Opinion онцолж байна.

Гэхдээ компанийн ТУЗ-ийнхэн, Гүйцэтгэх захирлууд ч Баффетын зөвлөгөөг анхааралтай сонсох хэрэгтэй. Түүний захидал компанийг хэрхэн удирдах, хөрөнгө оруулагчдаа хэрхэн менежмент хийх тухай хичээлүүдээр дүүрэн.

Өндөр ашиг заавал өндөр эрсдэл дагуулах албагүй.

Цахиурын хөндийн стартап соёлд та бүхнээ дэнчин тавихгүй л бол өндөр өгөөж хүртэхгүй гэж байнга номлодог. Баффетын Berkshire Hathaway-д бол үүний яг эсрэг зарчмаар явна. Тус компани эдийн засгийн “цөвүүн цаг”-т үргэлж бэлтгэлтэй байдаг бөгөөд “төсвийн хэт сахилга баттай зарчим бол компанийн өмнөө тавьсан амлалт” болохыг Баффет бичжээ. Энэ нь тийм ч таатай арга барил биш боловч Berkshire-ийг АНУ-ын ямар ч компанийн хүрч байгаагүй хамгийн их хөрөнгөтэй компани болоход саад болоогүй юм.

Юу ч хийхгүйгээр мөнгө олох боломж их бий

1942 онд Баффет Dow Jones-т анх хөрөнгө оруулсан өдөр тус индекс 100 нэгжээс доошилж унаж байв. Харин өнөөдөр Dow Jones 39 мянган нэгж орчимд хэлбэлзэж байна. “Америк бол хөрөнгө оруулагчдын хувьд үнэхээр гайхалтай орон байсаар ирсэн. Тэд хэнийг ч сонсохгүй, чимээгүй суугаад хүлээхэд л хангалттай” хэмээн тэрбээр бичжээ.

АНУ-д бооцоо тавих нь хэзээд буруудахгүй

Эх оронч үзэл өнөөдөр хоцрогдсон байж магадгүй ч Berkshire-ийн хамгийн том хөрөнгө оруулалтуудын заримынх нь хөдөлгөгч хүч болсон юм. Жишээлбэл тус компанийн бараг 30 хувийг нь эзэмшдэг Occidental Petroleum компанийн газрын тос, байгалийн хийн төслүүд болон агаараас нүүрстөрөгч шүүх санаачилгууд нь “улсынхаа ашиг сонирхлын төлөө” болохыг Уоррен Баффет онцолжээ.

Залгамжлагчаа сонгосон бол нээлттэй зарла

Залгамжлалын төлөвлөгөө заавал улсын нөөц байх албагүй бөгөөд тэр дундаа СEO-ийн албаа хүлээлгэж өгөх явцыг аль болох уйтгартай байлгахыг Баффет зөвлөдөг. Тэрбээр 2021 онд өөрийн залгамжлагчаар Грег Абелийг сонгож, “маргааш ч Berkshire-ийн CEO болоход бэлэн хүн” болохыг нь хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа сануулж байв.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • АНУ зудын эсрэг хариу арга хэмжээний тусламжийг нэмж 2000 малчин өрхөд олгохоор болов

  • Ураны үнэ өссөнөөр хаагдаад байсан уурхайнууд үйл ажиллагаагаа сэргээж эхлэв

  • БНХАУ 2024 оны ДНБ-ий өсөлтөө 5 хувьд хүргэх зорилт тавиад байна

Онцлох чарт

Өнгөрсөн долоо хоногт 1989 оноос хойших дээд цэгтээ хүрээд байсан Nikkei 225 индексийн шуургалсан өсөлт үргэлжилж, анх удаагаа 40 мянган нэгжийн босгыг давлаа. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Tokyo Electron зэрэг технологийн компаниудын өсөлт нь индексийн сүүлийн өсөлтийг өдөөжээ. Nikkei 225 сүүлийн нэг сард 11 хувиар, жилийн хугацаанд 43.8 гаруй хувиар өсөөд байгаа нь бусад голлох зах зээлүүдээс хол давуу үзүүлэлт болоод буй.

Эцэст нь товчхон

  • СЗХ-ны ээлжит хуралдаан өчигдөр болж, нэг компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэжээ.

  • Монголбанк 2024 оны хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.3 тонн үнэт металл худалдан аваад байна.

  • ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсaд айлчилна. Айлчлал 3-р сарын 5-8-нд үргэлжилнэ.

Өнөөдрийн онцлох зураг

NASA-ийн болон ОХУ-ын сансрын нисэгчид ням гарагт АНУ-ын Кеннеди сансрын баазаас Олон улсын сансрын станцыг зорихоосоо өмнө

Joe Raedle/Getty