- Business newsletter
- Posts
- 2024/03/01
2024/03/01
Powered by:
Гурван өгүүлбэрээр
MICC: 2024 онд онд инфляцын сааралт өмнөх жилийнхээс бага байж, аялал жуулчлалын салбарын өсөлт эдийн засагт түлхэц болох төлөвтэй.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮1.5 тэрбумаар тогтоожээ.
Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж 8% давлаа. Хэдхэн сарын дараа сонгууль болохоос өмнө танилцуулагдсан энэ үзүүлэлт эдийн засагчдын бүх таамгаас давжээ.
Юу болов?
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин NATO-д хандан Украинд туслалцаа үзүүлэх зорилгоор цэрэг илгээвэл цөмийн зөрчилдөөнд хүргэх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн барууны орнууд дахь байг устгах чадалтай зэвсэг бидэнд бий хэмээн мэдэгджээ. Зэвсгийн хангамжаа нэмэгдүүлэхгүй бол ОХУ-ын арми энэ зун гэхэд хамгаалалтыг нь сэтлэн орж ирэх магадлалтай байгааг Киев анхааруулаад байгаа юм.
Метро руу нэг алхам, гэхдээ…
Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлагдлаа.
Tендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны 9-р сар гэхэд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг НЗДТГ мэдээлээд байна. Улаанбаатар хотод байгуулах метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт үргэлжлэх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоолол гарсан байна.
Яагаад одоо гэж…
“Сонгууль болох гэж байгаа билүү, өмнө нь ийм зүйл бид харсан билүү, зөвхөн нүдээр харсны дараа л итгэнэ” хэмээн “Mongoljin” компанийн Дэд ерөнхийлөгч Тоби Филпотт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр метроны төсөл бодитоор хэрэгжинэ гэдэгт ихээхэн эргэлзэж байгаагаа хэлж байлаа.
Ногоон автобусны асуудал иргэдийг бухимдуулсан, LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл хэрэгжээгүй зэрэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн томоохон шинэ төсөлд эргэлзэх эргэлзээг нэмэгдүүлээд байгаа юм.
Өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам.доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаараад энэ үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр метро бол манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй хэмээн хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах судалгааны багийн ахлагч, Б.Даваасүрэн хэлж байжээ.
Хөрөнгийн захад
“Монноос" ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны компанийн цэвэр ашгаас нийт 22.8 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна. Нэгж хувьцаанд 65 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сэнтрал экспресс Си Ви Эс" ХК-ийн оноосон нэрийг "Премиум нэксус" ХК болгон өөрчиллөө. Тус компанийн борлуулалтын орлого 50 орчим хувиар өсөөд байна.
Jade Gas, MMC-ийн хамтрал
Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Jade Gas Holdings компани Хонгконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Mongolian Mining Corporation компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Талууд байгалийн хийн бүтээгдэхүүнийг уурхайн үйл ажиллагаа болон тээврийн чиглэлд ашиглахад хамтрахаар тохиролцсон байна.
Цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зардлаа бууруулж, байгаль орчинд илүү ээлтэй байхад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Мөн энэ алхам нь Jade Gas-ийн хувьд байгалийн хийн олборлолт, борлуулалт хийхэд томоохон түлхэц болохоор байна гэж тайландаа дурджээ..
$10 тэрбумын босго
Rolex компани зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж, борлуулалт нь анх удаа 10 тэрбум ам.доллар давж өслөө. Энэ нь 2022 оныхоос 11 хувиар өссөн дүн болсныг Morgan Stanley болон Швейцарын Luxe-Consult-ийн тайлангаас харж болохоор байна. Rolex-ийн хувьд 2023 онд 1.24 сая бугуйн цаг үйлдвэрлэсэн бөгөөд борлуулалт нь Cartier, Omega, Patek Philippe зэрэг бугуйн цагны томоохон таван компанийн нийт борлуулалтаас давжээ.
Мартсанаас
Азийн хамгийн чинээлэг эрхэм нүсэр үдэшлэг зохион байгуулах гэж байна. Мукеш Амбани өөрийн бага хүү Анант Амбанигийнхаа хуримыг энэ оны 7-р сард хийхээр төлөвлөснийг Guardian мэдээлж буй. Энэхүү тансаг хуримыг угтсан арга хэмжээ Баасан гарагт эхлэх бөгөөд Билл Гэйтс, Марк Закерберг, Иванка Трамп зэрэг зочид уригдсанаас гадна дуучин Рианна уран бүтээлээ толилуулна гэсэн мэдээлэл цацагджээ.
“Уул уурхайн Давос" гэгддэг PDAC чуулган Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 3-нд эхлэх гэж байна. PDAC чуулганаар хөндөгдсөн гол сэдвүүд, оролцогчдын онцлох байр суурийг багцалсан тусгай хөтөлбөрийг гуравдугаар сарын 7-нд Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Японы компаниуд засаглалаа сайжруулж, Nikkei 225 "баатарлагаар" эргэн ирсний цаана...
"Малчдаа дэмжих" аяны хүрээнд ₮1.4 тэрбумын мөнгөн хандив, ₮773 саяын бараа материалын хандив цуглаад байна
Эцэст нь товчхон
БШУЯ: “Боловсрол-Их өгөгдөл” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийг нээлээ. Салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлээд байна.
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем “Боловсрол-Их өгөгдөл” төслийн зөвлөх Др.Ражу Варанаситай хийсэн ярилцлагыг бид удахгүй хүргэх болно.